Ариун сүмд гэрлэх нь яагаад чухал вэ?
Тэнгэрлэг Эцэгийн маань аз жаргалын төлөвлөгөөгөөр өргөмжлөлийг хүртэх цорын ганц зам бол селестиел гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр дамжих явдал юм (С ба Г 131:1–3-ыг үзнэ үү). Эрэгтэй, эмэгтэй хоёр бие биетэйгээ ариун сүмд энэ амьдрал хийгээд үүрд мөнхөд лацдан холбогдох үедээ хэрэв гэрээнүүддээ үнэнч байх аваас тэдний харилцаа үүрд үргэлжлэх болно гэсэн баталгааг хүлээн авдаг. Тэднийг юу ч, бүр үхэл ч салгаж чадахгүй гэдгийг тэд мэддэг.
Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ
Эдгээр судар болон бусад материалыг залбирч, судал. Залуу эмэгтэйчүүдэд ариун сүмийн гэрлэлтийн ач холбогдлыг ойлгож мөн хэзээ нэгэн өдөр ариун сүмд гэрлэх шийдвэрээ өсгөхөд нь ямар материалууд туслах вэ?
С ба Г 49:16–17 (Гэрлэлт бүтээлтийн зорилгыг гүйцэлдүүлэхэд тусалдаг)
С ба Г 131:1–4; 132:15–21 (Өргөмжлөл хүртэхэд мөнхийн гэрлэлт шаардагддаг)
“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 10-р сар, 129
Л.Том Пэрри, “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?,” Ensign эсвэл 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 23–26
Хэнри Б.Айринг, “Гэрээнд орсон гэр бүлүүд,” Ensign эсвэл 2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 69–73
Ричард Г.Скотт, “Гэрлэлтийн мөнхийн адислалууд,” Ensign эсвэл 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 94–97
“Бидний ариун сүмийн гэрлэлт юунаас ч илүү үнэ цэнэтэй байсан,” Лиахона, 2010 он, 10-р сар, 69–70
“Гэрлэлт,” Итгэлдээ үнэнч байх нь (2004), 74–75
Туршлагаасаа хуваалц
Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.
Сургаалыг танилцуул
Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа эдгээр санаанаас сонгох эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой:
-
Залуу эмэгтэйчүүдийг ангид орж ирэхээс өмнө самбар дээр “Ариун сүм дэх гэрлэлт яагаад чухал байдаг вэ?” гэсэн асуултыг бич. “Бидний ариун сүмийн гэрлэлт нь юунаас ч илүү үнэ цэнэтэй байсан” хэсгийг унших үедээ тэднийг энэ асуултын талаар бодоход урь. Энэ түүх дээр гарч буй хос хоёрт ариун сүмд гэрлэх нь яагаад чухал байсан бэ? Өөрсдийн бодлуудаа хуваалцахад нь залуу эмэгтэйчүүдийг урамшуулан дэмж.
-
Боломжтой бол ариун сүмд лацдан холбогдсон өдрийнхөө зургийг үзүүлэн, мэдэрсэн мэдрэмж болон тэр үед төрж байсан бодлоо ярь (эсвэл ариун сүмийн өмнө зогсож буй сүйт залуу, сүйт бүсгүйн зургийг үзүүл [Сайн мэдээний уран зургийн ном 120-ийг үзнэ үү]). Залуу эмэгтэйчүүдээс ариун сүмд гэрлэх нь чухал гэдэгт яагаад итгэж байгааг нь асуу.
Хамтдаа суралц
Дараах үйл ажиллагаа бүр нь яагаад ариун сүмийн гэрлэлт чухал болохыг мэдэж авахад залуу эмэгтэйчүүдэд тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:
-
Залуу эмэгтэйчүүдийг иргэний энгийн гэрлэлтийн оронд яагаад ариун сүмд гэрлэх зорилго тавьдгийг нь гайхдаг нэг найзтай гэж төсөөлөн бодоход урь. Энэ тоймд санал болгосон судруудыг эсвэл Итгэлдээ үнэнч байх нь номын “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ”-г (75-р хуудас) уншиж, найздаа захидал бичихдээ ашиглаж болох үгсийг хайж олохыг тэднээс хүс. Мөнхийн гэрлэлтийн ач холбогдлыг захидалдаа тайлбарлаж бичихэд тэднийг урамшуулан дэмж. Захидалдаа бичсэн зүйлсээ ангийхантайгаа хуваалцахад тэднийг урь.
-
Өөр өөр эдэлгээний (жишээ нь хуванцар халбага ба метал халбага) чанарыг харуулж буй хоёр эсвэл гурван зүйлийг (эсвэл зургийг нь) авчир. Удаан эдэлгээтэй зүйл нь эдэлгээ багатай зүйлээс яагаад илүү сайн байдгийг ярилцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Энэ нь гэрлэлттэй ямар хамаатай байж болох вэ? Ахлагч Л.Том Пэрригийн “Яагаад гэрлэлт ба гэр бүл дэлхийн хаана ч чухал байдаг вэ?” хэлсэн үгийн хэсгүүдийг уншиж, үзэж эсвэл сонсохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Залуу эмэгтэйчүүдээс яагаад ариун сүмд гэрлэхийг хүсдэгийг нь асуу.
-
Ахлагч Ричард Г.Скоттын “Гэрлэлтийн мөнхийн адислалууд” хэлсэн үгийн хуулбарыг залуу эмэгтэй бүрд өг. Ахлагч Скотт өөрийнхөө мөнхийн ханийн талаар юу гэж боддог байсан бэ? Түүний эхнэртэйгээ харьцдаг харилцааны юу нь залуу эмэгтэйчүүдэд гүн сэтгэгдэл төрүүлж байна вэ? Скотт ах, эгч хоёрынх шиг харилцаатай болохын тулд юу хийх шаардлагатайг тунгаан бодохыг тэднээс хүс.
-
Ангиараа С ба Г 131:1–4 ба Итгэлдээ үнэнч байх нь номын “Гэрлэлтийн шинэ бөгөөд үүрдийн гэрээ”-г (75-р хуудас) уншаад, “яагаад ариун сүмд гэрлэх нь чухал вэ?” хэмээх асуултын хариултыг олж мэдэхийг хүс. Шаардлагатай бол залуу эмэгтэйчүүдэд танил бус үгс эсвэл хэллэгүүдийг олж тогтооход тусал. Залуу эмэгтэйчүүдэд ариун сүмд гэрлэхэд саад болж болох зарим зүйлийг жагсаан бичихийг ангийнхнаас хүс. Тэд ариун сүмд гэрлэхээ бататгахын тулд одоо юу хийж болох вэ?
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд ариун сүмд гэрлэхийн ач холбогдлыг ойлгож байна уу? Тэд ямар бодол эсвэл сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр нэмэлт асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү их хугацаа зарцуулах шаардлагатай юу?
Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар
Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээ нь, тэд:
-
Хуримынхаа өмнө нээж унших нэгэн захидал өөртөө зориулан бичиж болно. Захидалдаа ариун сүмд гэрлэх нь чухал болохыг мөн энэ зөв зорилгодоо хүрэх одоогийн хүслээ илэрхийлж болно.
-
Өөрсдөө байнга харж болохуйц газар ариун сүмийн зургийг тавьж болно. Зургийн хажууд ариун сүмд гэрлэх зорилго болон шийдвэрээ илэрхийлэн бичсэн үгээ байрлуулж болно.