Ирээд, Намайг дага
Дотны хэн нэгэн маань нас барахад би хэрхэн тайтгарлыг олж авч болох вэ?


Дотны хэн нэгэн маань нас барахад би хэрхэн тайтгарлыг олж авч болох вэ?

Үхэл бол авралын төлөвлөгөөний чухал хэсэг нь юм. Тэнгэрлэг Эцэгтэйгээ адилхан болохын тулд бид үхэж, төгс хийгээд амилсан биеийг хүлээн авах ёстой. Үхэл бол Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд Есүс Христ Өөрийн Цагаатгалаар дамжуулан үхлийг ялсан гэдгийг ойлгосноор бид хайртай нэгнээ нас барахад найдвар, амар амгаланг хүлээн авч чаддаг.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Үхлийн дараах амьдралын тухай мэдлэг нь таны амьдралыг хэрхэн адисалсан бэ? Үхлийн дараа юу тохиолдохыг ойлгоход ямар судрууд танд тусалсан бэ?

Зарим залуу эмэгтэйчүүд хайртай нэгнээ нас барахыг аль хэдийн харж, мэдэрсэн байж болно. Хэзээ нэгэн өдөр тэдэнд бүгдэд нь ийм зүйл тохиолдох болно. Тэдэнд тусалж болох юуг тэд мэдээсэй хэмээн та хүсч байна вэ?

Эдгээр судар болон материалыг залбирч судлаарай. Таны заадаг залуу эмэгтэйчүүдэд юу тусална гэж та бодож байна вэ?

1 Коринт 15:22 (Амилуулалт нь бүх хүн төрөлхтөнд өгөгдсөн Христийн бэлэг юм)

Мозая 16:7–8 (Есүс Христийн амилалт үхлийн өргөсийг авч хаяна)

Мозая 18:8–10 (Бид тайтгарал хэрэгтэй тэдгээр хүмүүсийг тайтгаруулдаг)

Алма 11:42–45 (Аврагчийн Амилалтын ачаар бид бие махбодоо эргүүлэн авах болно)

Алма 28:12; С ба Г42:45–46 (Бид нас барсан хүмүүсийнхээ хойноос гашууддаг ч Их Эзэнд нас барсан тэдний хувьд үхэл нь амттай байх болно)

Алма 40:11–14 (Биднийг нас барсны дараа ч сүнс маань амьдарсаар байна)

D&C 137:5–10 (Иосеф Смит өөрийн ах Алвин болон бяцхан хүүхдүүд мөн бусад хүнийг селестиел хаант улсад харжээ)

С ба Г 138 (Сүнсний дэлхийн талаарх ерөнхийлөгч Иосеф Ф.Смитийн үзэгдэл)

Томас С.Монсон, “Хатагтай Паттон—түүх үргэлжилж байна,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 11-р сар, 21–24; мөн “Биднийг дахин уулзтал” видео бичлэгийг үзнэ үү

Рассэл М.Нэлсон, “Үхлийн хаалгууд,” Ensign, 1992 оны 5-р сар, 72–74

Шэйн М.Бөүэн, “‘Би амьд учраас та нар ч мөн амьд,’” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 11-р сар, 15–17

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч хүмүүсээс тунгаан бодож, гүнзгий мэдрэмж төрүүлэх асуултууд асуудаг байсан. Та хэрхэн тунгаан бодож, илчлэлт хүлээн авахаар эрэлхийлэхэд залуу эмэгтэйчүүдийг урьж чадах вэ? Та хэрхэн хувийн мэдрэмжүүдээ чөлөөтэй хуваалцдаг байхад нь тэдэнд тусалж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцдаа олж авсан сэтгэгдлээ хуваалцах, заах болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар нөлөөтэй болохыг олж харахад туслах юм.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд дараах санаануудаас ашигла эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Та эсвэл өөр хэн нэгэн нь хайртай хүнээ нас барсны дараа хэрхэн амар амгаланг олсон тухай туршлагаасаа хуваалц. Залуу эмэгтэйчүүдийг туршлагаасаа хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг хайртай нэгнээ алдахад тохиолдсон туршлагаасаа хуваалцахад урь. Цагаатгал болон авралын төлөвлөгөөний тухай мэдлэг хэрхэн тайтгарлыг олоход тэдэнд тусалсан бэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр залуу эмэгтэйчүүдэд үхлийн дараах амьдралын тухай сурахад тусална. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Залуу эмэгтэйчүүдийг үхлийн тухай асуулт, бодол, айдсуудынхаа тухай бичин, хариултыг нь энэ тоймд санал болгосон судруудаас эсвэл ахлагч Рассэл М.Нэлсоны “Үхлийн хаалгууд” хэлсэн үгээс хайхад урь. Үхлийг ялахад туслах Аврагчийн үүргийг тодотгосон судар болон мэдэгдлүүдийг тэмдэглэж авахад тэднийг урамшуулан дэмж. Тэднээс сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Аврагчийн бидний төлөө хийсэн зүйлийн талаарх сэтгэгдлээ хуваалцахад тэднийг урь.

  • “Тэр чамд тусламжийг өгнө” видео бичлэгийг үзүүлж, юу тэдний сэтгэлийг хөдөлгөсөн талаар хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Хэрэв хүн бүр видео бичлэг дээрх залуу хөвгүүний олж мэдсэн зүйлийг мэддэг байсан бол энэ дэлхий ямар өөр байж болох байсан тухай төсөөлөхийг залуу эмэгтэйчүүдээс хүс. Энэ мэдлэг хэрхэн бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг вэ? Нэг залуу эмэгтэйг үхлийн дараах амьдрал хийгээд түүнд юу найдвар өгдөг талаар гэрчлэлээ хуваалцахад урь.

  • Ерөнхийлөгч Томас С.Монсоны “Хатагтай Паттоны түүх үргэлжилж байна” хэлсэн үгээс хатагтай Паттоны тухай түүхийг хуваалцаж эсвэл “Биднийг дахин уулзтал ” видео бичлэгийг үзүүл. Залуу Томас Монсоноос хатагтай Паттоны асуусан асуултад залуу эмэгтэйчүүд хэрхэн хариулах байсныг асуу. Ангиараа Мозая 18:8–10-ыг унш. Хайртай нэгнээ алдсан гэр бүлүүдэд тайтгарал, тусламж болон бусад үйлчлэл үзүүлэх үүрэг хариуцлагынхаа талаар ярилц. Та энэ ярилцлага дээр Халамжийн Нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүнийг оролцуулахад урих талаар бодож болно.

  • Ангийн нэг хэсгийг ахлагч Шэйн М.Бөүэний “‘Би амьд учраас та нар ч мөн амьд’” хэлсэн үгээс Рамирэз эгчийн тухай, харин нөгөө хэсгийг нь ахлагч Бөүэний хүү Тайсоны тухай түүхийг уншихад урь. Тэд хайрладаг байсан хэн нэгнээ нас барахад хэрхэн тайтгарлыг олж мөн бусдыг хэрхэн тайтгаруулах талаар юу сурснаа хуваалцахыг тэднээс хүс. Хайртай нэгнээ алдах үед тохиолдсон ямар нэгэн туршлагаасаа хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Цагаатгал болон авралын төлөвлөгөөний тухай мэдлэг нь хэрхэн тайтгарлыг олоход тэдэнд тусалсан бэ? Тохиромжтой бол өөрт тохиолдсон туршлагаасаа хуваалц.

  • Ангиа хоёр бүлэг болгон хуваарил. Нэг бүлгээр нь Сургаал ба Гэрээ 137:5–10-ыг мөн нөгөө бүлгээр нь Сургаал ба Гэрээ 138:57–58-ыг уншуул. Эдгээр сударт бид нас барсны дараа болдог зүйлсийн талаар юу зааж байгааг бүлэг бүлгээрээ ярилцахад залуу эмэгтэйчүүдийг урь. Дараа нь ангиараа дотны хүнээ алдсан хэн нэгэнд энэхүү мэдлэг нь хэрхэн тусалж болох талаар ярилц. Энэ мэдлэг нь хэрхэн гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлыг хийх бидний үүрэг хариуцлагатай холбогдох вэ?

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд дотны хэн нэг хүн нь нас барахад хэрхэн тайтгарлыг олж болохоо ойлгосон уу? Тэд ямар бодол сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуулт байна уу? Энэ сургаал дээр илүү цаг зарцуулах шаардлагатай байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс хайртай хүнээ алдсан хэн нэгэнд хэрхэн нинжин сэтгэлээр хандаж болох тухай асуу. Тойрогт нь болон таньдаг хүмүүсийнх нь дунд тусламж хэрэгтэй, бэлэвсэн хүмүүс байна уу?

Дараагийн долоо хоногт тэд юу сурах талаар залуу эмэгтэйчүүдтэй хуваалцаарай. Хичээлдээ бэлтгэхийн тулд тэд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой зүйлсийг уншиж, видео бичлэг үзэж, судар судалж болно.

Хэвлэх