Ирээд, Намайг дага
Би санваарын хүч ба адислалыг амьдралдаа хэрхэн хүлээн авах вэ?


Би санваарын хүч ба адислалыг амьдралдаа хэрхэн хүлээн авах вэ?

Бид санваараар дамжуулан баптисм, гишүүний баталгаа, бидний гэр бүлийг мөнхөд холбодог ариун сүмийн ёслолууд зэрэг авралын ёслолуудыг хүлээн авч чадна. Эдгээр ёслолтой холбоотой гэрээгээ сахих нь бидний амьдралд Бурханы хүч болох санваарын хүчийг авчирдаг. Бид чин сэтгэлээсээ наманчлан, өршөөл хүлээн авч, Ариун Сүнсний өдөөлт болон удирдамжиyд илүү мэдрэмтгий болж, сайн мэдээний ёслолуудаас хүч чадал авдаг болсноор уг хүч бидний амьдралд хэрэгжиж байгааг мэдрэх болно. Мөн бид санваараар дамжуулан эцгийн болон патриархын адислал зэрэг тайтгарал, эдгээлтийн онцгой адислалыг хүлээн авч чадна. Эдгээр адислал дахь амлалтууд нь бидний итгэлээр биеллээ олдог.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та гэрээнүүдээ сахиснаар санваарын хүч таны амьдралд нөлөөлж байгааг хэзээ мэдсэн бэ? Танд залуу эмэгтэйчүүдтэй хуваалцах ямар нэгэн туршлага байна уу?

Танай ангийн залуу эмэгтэйчүүд санваарын хүчээр хэрхэн адислагдсан бэ? Та тэдэнд өөрсдийн амьдрал дахь санваарын хүчийг таньж мэдэхэд туслахын тулд юу хийж болох вэ?

Залуу эмэгтэйчүүд өөрсдийгөө ямар нөхцөл байдалд байгаагаас үл шалтгаалан санваарын адислалыг хүлээн авч болно гэдгийг ойлгож байгаа эсэхийг баталгаажуул. Эдгээр адислал гэр бүлийн гишүүд, санваарын удирдагчид, гэрийн багш нараар дамжин ирж болно.

Та заахаар бэлтгэхдээ эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Та залуу эмэгтэйчүүдэд юу чухал гэж бодож байна вэ?

Maтай 3:1–6, 13–17; Үйлс 3:1–10; Moзая 18:7–18; 3 Нифай 18:1–5 (Санваар биднийг хэрхэн адисалдаг тухай)

Рассэлл М.Нэлсон, “Санваарын хүчний үнэ цэн,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 53-56

Даллин Х.Өүкс, “Гэр бүл ба Сүм дэх санваарын эрх мэдэл,” Ensign эсвэл Liahona, 2005 оны 11-р сар, 24–27

Нийл Л.Андэрсэн, “Санваар дахь хүч,Ensign эсвэл Liahona, 2013 оны 11-р сар, 92–95

Кэрол М.Стэфэнс, “Бид өөрсдөдөө байгаа зүйлээ мэддэг үү?Ensign эсвэл Liahona, 2013 оны 11-р сар, 12–14

“Бүгдийн төлөөх санваарын адислалууд: Санваарын салшгүй холбоо,” Миний хаант улсын охид: Халамжийн нийгэмлэгийн ажлын түүх (2011), 127–133

Видео бичлэг: ”Санваарын адислалууд“

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийн дагалдагчдыг Сүнс тэдний зүрх сэтгэлд нөлөөлсөн тохиолдлыг гэрчлэхэд урьдаг. Санваарын талаар бие биетэйгээ хуваалцаж болох ямар туршлага залуу эмэгтэйчүүдэд байдаг вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад төрсөн сэтгэгдлээ ярих, заах санаа болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ ямар хамааралтай болохыг олж харахад туслах болно.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахдаа дараах санаанаас сонго эсвэл өөрөө шинэ санаа бодож олоорой.

  • Хэрэв боломжтой бол хоосон ариун ёслолын тосгуурыг ангидаа авчир. Ариун ёслолын үеэр хийдэг гэрээ нь тэдний амьдрал болон гэр оронд санваарын хүчийг авчрахад нь хэрхэн тусалдаг талаар санал бодлоо хуваалцахад залуу эмэгтэйчүүдийг урь.

  • Нэг залуу эмэгтэйг самбарын өмнө гарч ирэн санваар түүнийг адисалсан арга замуудын нэгний тухай зураг зурах эсвэл нэг өгүүлбэр бичихэд урь. Санваараар дамжин ирдэг бусад адислалыг болон сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн зураг эсвэл өгүүлбэрүүдийг хичээлийн явцад залуу эмэгтэйчүүдээр нэмүүл.

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр нь санваар тэднийг хэрхэн адисалдгийг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу түүнээс дээш үйл ажиллагааг сонгоно уу.

  • Залуу эмэгтэй бүрд санваар хэрхэн биднийг адисалдаг болохыг харуулсан судрын түүх уншихыг даалга (Жишээ нь, энэхүү тоймд жагсаасан судрыг үзнэ үү). Түүнчлэн залуу эмэгтэйчүүд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний хэлсэн “Санваарын хүчний үнэ цэн” хэлсэн үгэн дэх хоёр бяцхан охины талаарх түүхийг харж болно. Залуу эмэгтэйчүүдээс эдгээр түүхийг өөрсдийн үгээр ярьж, санваараас ирдэг адислалыг тайлбарлахыг хүс. Тэднийг санваараар дамжуулан хүлээн авч байсан адислалынхаа тухай хувийн жишээнээсээ хуваалцахад мөн урамшуул. Залуу эмэгтэй бүрийг тэмдэглэлийн дэвтэртээ эсвэл Миний гэр бүл товхимол дээрээ санваар хэрхэн түүний гэр бүлийг адисалж байсан талаар түүхээ бичихэд урамшуул. Залуу эмэгтэйчүүд эцэг эх, гэр бүлийнхээ гишүүдээс тусламж хүсэж болно.

  • Хамгаалалтыг шүхэр гэх мэт зүйлээр төсөөлөн санваараар дамжин ирдэг адислалыг төлөөлсөн ямар нэгэн зүйлийг ангидаа авчир. Залуу эмэгтэйчүүдээс өөр ямар зүйлс санваарын адислалыг төлөөлж болохыг асуу. Ангиараа Кэрол М.Стэфэнс эгчийн “Бид өөрсдөдөө байгаа зүйлээ мэддэг үү?” хэлсэн үгээс Хондурас дахь эгч нар дээр зочилсон тухай унш. Эдгээр эгч болон тэдний гэр бүл ямар адислалд баясаж байсан бэ? Тэд санваараар дамжуулан ямар нэмэлт адислал авч болох вэ? Залуу эмэгтэйчүүд одоо гэр бүлдээ болон ирээдүйн гэр бүлдээ санваарын адислал авахын тулд юу хийж болох вэ?

  • Миний хаант улсын охид дахь “Бүгдийн төлөөх санваарын адислалууд: Санваарын салшгүй холбоо” бүлгийг хэсгүүдэд хуваан, залуу эмэгтэйчүүдийг санваарын хүчээр адислагдсан хүмүүсийн тухай түүхүүдийг олоход урь. Залуу эмэгтэйчүүдийг өөрсдөд нь утга учиртай санагдсан түүхийг ангийнхандаа хуваалцахад урь.

  • Залуу эмэгтэйчүүдийг “Санваарын адислалууд” видео бичлэгийг үзэж, ахлагч Хэйлсийн хэлсэн санваарын ёслолуудаар дамжин ирдэг адислалуудыг жагсааж бичихэд урь. Тэднээс жагсаалт болон өдөр бүр эдгээр адислалыг хүлээн авахын тулд юу хийж болох тухай хуваалцахыг хүс. Тэд санваарын хүч өөрсдийг нь байнга хүчирхэгжүүлдгийг харуулсан ямар туршлагаас хуваалцаж болох вэ?

  • Дараах үгсийг уншиж, санваар тэднийг адисалдаг арга замуудыг олохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. “Эгч нар аа, зарим хүн та нарыг санваарт томилогдоогүй учраас эрэгтэйчүүдийг бодвол цөөхөн адислал авах болно хэмээн итгүүлэхийг хичээх болно. Тэдний бодол буруу бөгөөд тэд Есүс Христийн сайн мэдээг ойлгодоггүй. Санваарын адислал зөв шударга эрэгтэй, эмэгтэй хүн бүрд боломжтой юм. Бид бүгд Ариун Сүнстэй байж, хувиараа илчлэлт хүлээн авч, ариун сүмд хувийн хишгээ хүртэж болно. Ийнхүү бид хувийн хишгээ хүртсэнээр ариун сүмээс хүч чадлаар “зэвсэглэн” гарч ирдэг. Санваарын хүч нь зөв шударга бүх хүнийг эдгээн, хамгаалж, хилэнцэт хүчний эсрэг хүч чадлыг нь нэмэгдүүлдэг. Хамгийн чухал нь Их Эзэний өргөөний хамгийн дээд ёслолуудыг агуулдаг санваарын бүрэн байдлыг эрэгтэй, эмэгтэй хүн гагцхүү хамтдаа хүлээн авч чадна” (Шэри Диү, Миний хаант улсын охид, 128). Өөрсдийнх нь эсвэл таньдаг хүмүүсийнх нь амьдралд ирсэн эдгээр адислалын жишээнээс хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээ хуваалцахыг хүс. Тэд санваар өөрсдийг нь хэрхэн адисалдгийг сайн ойлгож байна уу? Тэд ямар бодол, сэтгэгдэлтэй байна вэ? Тэдэнд өөр асуултууд байна уу? Энэ сургаалд илүү их цаг зарцуулах шаардлага байна уу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

  • Гэр бүлийнхээ гишүүд эсвэл найз нөхдөөсөө санваарын талаарх гэрчлэлээ хуваалцахыг мөн уг гэрчлэл нь тэдний гэр бүлийг хэрхэн адисалж, өдөр тутмын сонголтод нь нөлөөлдгийг асууж болно.

  • Санваарын хүч тэдний амьдралд хэрхэн хэрэгждэг талаар долоо хоногийн турш жишээ хайж болох юм.

  • Амьдралд нь сайн нөлөө үзүүлсэн санваартнуудад талархлаа илэрхийлж болно.

Залуу эмэгтэйчүүдтэй дараагийн долоо хоногт юу сурах талаар нь хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэг үзэн, судраас суралцаж болно.