Ирээд, Намайг дага
Сүмийн удирдагчдаа дэмжинэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?


Сүмийн удирдагчдаа дэмжинэ гэдэг нь юу гэсэн утгатай вэ?

Бид Сүмийн гишүүдийн хувьд Их Эзэн үйлчлэл хийлгэхээр дуудсан тэдгээр хүнийг дэмжих боломжтой байдаг. Бид Ерөнхий эрх мэдэлтнүүд, сүмийн албан тушаалтнууд болон Залуу эмэгтэйчүүдийн ангийн ерөнхийлөгчийн зөвлөлийг оролцуулан тойрог, гадсан дахь удирдагч бүрийг дэмжиж байгаагаа илэрхийлж гараа өргөдөг. Удирдагчдаа дэмжинэ гэдэг нь зөвхөн гар өргөх төдий зүйл биш бөгөөд тэднийг дэмжин тусалж, тэдний төлөө залбиран, тэдний өгөх үүрэг даалгавар хийгээд дуудлагыг хүлээн авч, тэдний зөвлөгөөг дуулгавартай даган, тэднийг шүүмжлэхээс зайлсхийнэ гэсэн үг юм.

Сүнслэг байдлын хувьд өөрийгөө бэлтгэ

Та Сүмийн удирдагчдыг дэмжихийн тулд юу хийдэг вэ? Үүнийг хийснээрээ та хэрхэн адислагдсан бэ? Та удирдагчийн хувьд, залуу эмэгтэйчүүдийг хайрладгийг тань мэдрэхэд тэдэнд хэрхэн тусалж чадах вэ?

Та залуу эмэгтэйчүүд ангийнхаа ерөнхийлөгчийн зөвлөлийн гишүүд зэрэг Сүмийн удирдагчдыг дэмжиж байгааг хэзээ харсан бэ? Тэд бие биентэйгээ ямар туршлагуудаас хуваалцаж болох вэ?

Эдгээр судар, материалыг залбирч судлаарай. Залуу эмэгтэйчүүдийг сүмийн удирдагчдаа дэмжихэд ямар зүйл урамшуулан дэмжих вэ?

Eгипетээс Гарсан нь 17:8–12 (Aaрoн, Хур хоёр Мосегийн гарыг өргөсөн нь)

С ба Г 21:1–6; 124:45–46 (Их Эзэний үйлчлэгчдийн дуу хоолойг сонсдог хүмүүс адислагдах болно)

1 Нифай 18:8–20; С ба Г 84:23–25 (Удирдагчдаа эсэргүүцсэн хүмүүсийн жишээ)

Хаадын дээд 17:8–16; Хаадын дэд 5:1–14 (Их Эзэний үйлчлэгчдийн зөвлөгөөг дагасан хүмүүсийн жишээ)

Хэнри Б.Айринг, “Бурханаас дуудагдаж, хүмүүсээр дэмжигдсэн,” Ensign эсвэл Лиахона, 2012 оны 6-р сар, 4–5

Рассэлл М.Нэлсон, “Бошиглогчдыг дэмжин батлах нь,” Ensign эсвэл Лиахона, 2014 оны 11-р сар, 74-77

Жэймс И.Фауст, “Дуудагдагсад ба сонгогдогсод,” Ensign эсвэл Лиахона, 2005 оны 11-р сар, 53–55

Аврагчийн арга барилаар заах нь

Аврагч Өөрийнх нь Сүмийг удирдан, чиглүүлэх удирдагчдыг дуудаж, томилон адисалсан (Maтай 10:1-5-ыг үзнэ үү). Та өөрсдөд нь үйлчилж, туслахаар дуудагдсан хүмүүст баярлаж, талархах сэтгэлийг мэдрэхэд нь залуу эмэгтэйчүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Туршлагаасаа хуваалц

Хичээл бүрийн эхэнд залуу эмэгтэйчүүдийг өнгөрсөн долоо хоногт сурсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлэх явцад төрсөн сэтгэгдлээ ярих, заах санаа болон гэрчлэлээ хуваалцахад уриарай. Энэ нь хувийн хөрвөлтийг дэмжих бөгөөд залуу эмэгтэйчүүдэд өдөр тутмынх нь амьдралд сайн мэдээ хэрхэн хамаатай болохыг олж харахад туслах болно.

Сургаалыг танилцуул

Энэ долоо хоногийн хичээлийг заахын тулд эдгээр санаанаас сонго эсвэл өөрийн санааг ашиглаарай:

  • Энэ хичээлийн нэрийг самбар дээр бичээд, дэмжих гэдэг үгтэй ижил утгатай үгсийг бодож олохыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Дараа нь тэднийг Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсэг зэрэг тойргийнхоо удирдагчдын нэрсийг самбар дээр жагсааж бичихэд урь. Залуу эмэгтэйчүүд эдгээр хүнийг дэмжихийн тулд юу хийж байна вэ?

  • Залуу эмэгтэйчүүдээс Египетээс гарсан нь 17:8–12-ыг хувиараа уншихыг хүсч, тэдний нэгийг уг түүхийг өөрийн үгээр товчхон дүгнэхэд урь. Энэ түүх нь бид сүмийн удирдагчдадаа дэмжихтэй хэрхэн холбогдож байна вэ? Бид ангийнхаа ерөнхийлөгчийг болон бусад удирдагчийг дэмжихдээ хэрхэн Аарон, Хур хоёртой адилхан байдаг вэ?

Хамтдаа суралц

Дараах үйл ажиллагаа бүр Сүмийн удирдагчдыг дэмжихийн утга учрыг ойлгоход залуу эмэгтэйчүүдэд туслах болно. Сүнсний удирдамжийг даган, ангидаа тохирох нэг юм уу, түүнээс дээш үйл ажиллагааг сонго:

  • Хичээл эхлэхийн өмнө залуу эмэгтэйчүүдээс ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоний “Бошиглогчдыг дэмжин батлах нь” үгийг уншаад, ерөнхийлөгч Томас С.Монсонг дэмжин батлахад Сүнслэгээр нөлөөлсөн ямар нэг зүйлийг хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.

  • Ангийг бүлгүүдэд хувааж, бүлэг бүрд ерөнхийлөгч Жэймс И.Фаустын хэлсэн “Дуудагдагсад ба сонгогдогсод” үгээс, эсвэл Сургаал ба Гэрээ, 124:45–46-аас хуваарилж өг. Тэднээс удирдагчдаа дэмждэг хүмүүст амлагдсан амлалтыг болон дэмждэггүй хүмүүст өгсөн анхааруулгыг олж уншихыг хүс. Тэднийг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Хэрвээ тэд уг хэлсэн үгийг уншвал, тэднээс эдгээр адислал, сэрэмжлүүлгийг харуулсан түүхээс хуваалцахыг хүс.

  • Залуу эмэгтэйчүүдийн заримыг Лемен, Лемүел хоёр (1 Нифай 18:9-14-ийг үзнэ үү), эсвэл Израилийн хүүхдүүд (С ба Г 84:23-25-ыг үзнэ үү) гэх мэт удирдагчаа эсэргүүцсэн хүмүүсийн жишээг судраас олоход урь. Бусад залуу эмэгтэйгээс Зарефатын бэлэвсэн эхнэр (Хаадын Дээд 17:8-16-г үзнэ үү), эсвэл Нааман (Хаадын Дэд 5:8-14-ийг үзнэ үү) гэх мэт Их Эзэний үйлчлэгчдийг дагасан хүмүүсийн жишээг олохыг хүс. Тэднийг олсон түүхээсээ хуваалцаж, Сүмийн удирдагчдаа хүндэтгэх юм уу, эсэргүүцэхийн үр дагаврын талаар юу зааж байгааг тайлбарлахыг хүс.

  • Залуу эмэгтэйчүүдийг ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Бурханаас дуудагдаж, хүмүүсээр дэмжигдсэн нь” нийтлэлийг уншиж, Сүмийн удирдагчдаа дэмжих арга замын жишээнүүдийг олоход урь. Сүмийн сэтгүүлүүд авчран, Сүмийн удирдагчдаа дэмжиж байгааг харуулсан зургийг олж, хуваалцахыг залуу эмэгтэйчүүдээс хүс. Хэрвээ хэн нэгэн хүн тэдний удирдагчийг шүүмжилж байгааг сонсвол залуу эмэгтэйчүүд юу гэж хэлж болох вэ? Тэд ангийнхаа ерөнхийлөгчийн зөвлөл зэрэг удирдагчдаа дэмжихийн тулд юу хийдэг вэ? Дуудлагынхаа болон үйлчилж буй залуу эмэгтэйчүүдийнхээ талаар сэтгэгдлээ хуваалцахад ангийн ерөнхийлөгчийг урь.

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлээсээ хуваалцахыг хүс. Тэд Сүмийн удирдагчдыг дэмжихийн утга учрыг ойлгосон уу? Тэдэнд ямар мэдрэмж, сэтгэгдэл төрсөн бэ? Тэдэнд өөр нэмэлт асуултууд байна уу? Энэ сургаал дээр илүү их цаг зарцуулах шаардлагатай юу?

Сурч байгаа зүйлийнхээ дагуу амьдар

Залуу эмэгтэйчүүдээс өнөөдөр сурсан зүйлсийнхээ дагуу хэрхэн амьдрах талаар бодохыг хүс. Жишээлбэл, тэд:

  • Сүмийн удирдагчдынхаа төлөө залбирах.

  • Дуудлагаа эрхэмлэн биелүүлэхэд нь тусалсан сүмийн удирдагчид талархлаа илэрхийлэх.

Залуу эмэгтэйчүүдтэй дараагийн долоо хоногт юу сурах талаар нь хуваалцаарай. Тэд хичээлдээ бэлтгэхийн тулд юу хийж болох вэ? Жишээлбэл, тэд дараа долоо хоногийн хичээлтэй холбоотой хэлсэн үгийг уншиж, видео бичлэгийг үзэж, судраас суралцаж болно.

Хэвлэх