Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь
Есүс Христийн сайн мэдээ Түүний хүчээр дүүрэн байдаг. Уг хүч нь үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх Бурханы охин, хөвгүүн бүрд боломжтой.
Хайрт ах, эгч нар минь, бид хамгийн хэцүү эрин үед амьдарч байна. Бидний эргэн тойронд хаа сайгүй сорилт бэрхшээл, зөрчил тэмцэл, хэцүү бэрх зүйлс байна. Аврагч энэхүү ороо бусгаа цаг үеийн талаар зөгнөн хэлсэн байдаг бөгөөд бидний өдрүүдэд дайсан хүмүүсийн зүрх сэтгэлийг ууранд өдөөн хатгаж, зайцуулан удирдах болно гэдгийг Аврагч Өөрөө сэрэмжлүүлсэн. Тэнгэрлэг Эцэг биднийг хувийн бэрхшээл, нийгмийн асуудлуудаа ганцаараа үүр гээд орхиогүй.
Бурхан бидэнд туслуулахаар Төрсөн Ганц Хүүгээ илгээх болтлоо дэлхийг хайрласан. Түүний Хүү Есүс Христ бидэнд бурханлаг хүч чадлыг буюу өнөө үеийн ачаа дарамт, саад бэрхшээл, уруу таталтыг давах хангалттай хүч чадлыг хүлээн авах боломж олгохын тулд бидний төлөө амиа өргөсөн билээ. Бид Их Эзэн, Багш, Есүс Христийнхээ хүчийг амьдралдаа хэрхэн татан авах тухай би өнөөдөр яримаар байна.
Биднийг Түүний талаар судлах үед энэ нь эхэлдэг. “Юу ч мэдэхгүйгээр аврагдах нь хүмүүний хувьд боломжгүй бөлгөө.” Бид Аврагчийн тохинуулал, номлолын талаар хэдий чинээ их мэдэж, сургаалыг болон бидний төлөө хийсэн зүйлийг нь хэдий чинээ их ойлгоно төдий чинээ амьдралд маань хэрэгтэй хүч чадлыг Тэр өгч чадна гэдгийг мэдэх болно.
Энэ жилийн эхээр би Сүмийн залуучуудаас жишиг бүтээлүүд дээрх Есүсийн хэлсэн, хийсэн бүх зүйлийг судлахад долоо хоног бүр тодорхой цаг зориулж байхыг хүссэн юм. Би тэднийг Topical Guide дээрх Есүс Христийн тухай судрын эшлэлүүдийг хувийн гол судлах материалаа болгоход урьсан.
Би үүнийг аль хэдийн өөрөө хийчихсэн учраас энэ урилгыг өгсөн бөгөөд Topical Guide дахь ерөнхий гарчиг, 57 дэд гарчгийн доор жагсаасан Есүс Христийн тухай эш татсан бүх шүлгийг уншиж, доогуур нь зурсан. Намайг энэ сэтгэл хөдөлгөм дасгалыг хийж дуусгахад эхнэр маань энэ нь надад ямар нөлөө үзүүлсэн талаар асуухад “Би өөр хүн болсон” гэж хэлж билээ.
Мормоны Номоос Аврагчийн мөнх бус амьдрал дахь номлолынхоо тухай хэлсэн хэсгийг нь дахин уншихдаа би Түүнд үнэнч, тууштай байх шинэчлэгдсэн хүслээ мэдэрсэн юм. Тэрээр:
“Эцэг минь намайг илгээсэн учир би дэлхийд ирсэн билээ.
Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд Эцэг минь намайг илгээсэн бөлгөө” хэмээн тунхаглажээ.
Бид хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд, бүх хүнд амилуулалтыг бодит болгосон бөгөөд нүглээ наманчлан, шаардлагатай ёслол, гэрээнүүдийг хүлээн авч, тэдгээрийг сахидаг хүмүүст мөнх амьдралыг боломжтой болгосон Есүс Христийн Цагаатгалыг Түүний номлол хэмээн авч үздэг.
Их Эзэний цагаатгагч золиослолыг “Цагаатгал,” “Цагаатгалын боломж олгогч хүч,” “Цагаатгалыг амьдралдаа хэрэгжүүлэх,” “Цагаатгалаар дамжуулан хүчирхэгжих” гэх мэт товч утгатай үгсээр төлөөлүүлэх нь сургаалын хувьд дутуу дулимаг юм. Эдгээр хэллэг нь Цагаатгалын үйл явдлыг Тэнгэрлэг Эцэгээс болон Түүний Хүү Есүс Христээс салангид, бие даасан, бодит зүйл гэж үзсэнээр бидний итгэлийг буруу замаар удирдах аюултай.
Эцэгийн агуу мөнхийн төлөвлөгөөний дагуу Аврагч Өөрөө зовж шаналсан. Үхлийн хүлээсийг Аврагч Өөрөө л тас татсан. Аврагч Өөрөө бидний нүгэл, зөрчлийн төлөөсийг төлж, наманчлах нөхцөлтэйгөөр тэдгээрийг арилгадаг. Мөн Аврагч Өөрөө биднийг бие махбодын болон сүнсний үхлээс чөлөөлдөг.
Тусламж, эдгэрэл, өршөөл, хүч чадал гуйж болох “Цагаатгал” хэмээх хэлбэр дүрсгүй биет гэж байдаггүй бөгөөд Есүс Христ эдгээр бүх зүйлийн эх үндэс билээ. Цагаатгал, Амилалт хэмээх ариун нандин нэр томьёонууд нь биднийг энэ амьдралд итгэл найдвараар амьдруулж мөн ирэх амьдралд мөнх амьдрал өвлүүлэхийн тулд Эцэгийн төлөвлөгөөний дагуу Аврагчийн хийсэн зүйлийг дүрсэлдэг. Бид бүх хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гол үйл явдал болох Аврагчийн цагаатгагч золиослолыг Өөртэй нь онцгойлон холбож ойлгох юм бол үүнийг хамгийн сайн ойлгож, талархан ханддаг болно.
“Манай шашны тулгуур зарчмууд бол Есүс Христийн талаарх, тухайлбал Тэрбээр егүүтгэгдэж, оршуулагдаад, гурав дахь өдрөө дахин босч ирэн, тэнгэрт дээшлэн одсон тухай төлөөлөгч, бошиглогчдын гэрчлэл юм. Иймд манай шашинд хамаатай бусад бүх зүйл нь зөвхөн уг гэрчлэлийн хавсралт төдий юм” хэмээн бошиглогч Иосеф Смит эрс шийдэмгий тунхаглаж, Аврагчийн номлолын ач холбогдлын талаар онцлон хэлсэн.
Энэхүү тунхаглалыг гаргасан уг бошиглогч 15 бошиглогч, илчлэгч, үзмэрчид Их Эзэний мэндэлсний 2000 жилийн ойг тэмдэглэхээр гэрчлэлээ нийтлэх, гарын үсэг зуран үлдээх сүнслэг өдөөлтийг төрүүлсэн юм. Энэхүү түүхэн гэрчлэлийг “Амьд Христ” гэж нэрлэдэг. Олон гишүүн энэ үнэнийг чээжилсэн байдаг ч зарим нь бараг байдаг үгүйг нь ч мэддэггүй. Есүс Христийн тухай илүү ихийг судлахаар хичээх явцдаа “Амьд Христ”-ийг судлаарай хэмээн би та нараас хүсэж байна.
Бид Аврагчийн болон Түүний цагаатгагч золиослолын тухай судлахад цаг гаргаснаараа Түүний хүчийг хүлээн авах өөр нэгэн чухал түлхүүрийг хэрэглэхийг хүсдэг. Энэ нь Түүнд итгэж, Түүнийг дагахыг сонгох явдал юм.
Есүс Христийн жинхэнэ шавь нар босож зогсоод, бодлоо хэлэн, дэлхийн хүмүүсээс өөр байхад бэлэн байдаг. Тэд мохошгүй, үнэнч, эр зоригтой хүмүүс байдаг. Би саяхан Мексикт томилолтоор явж байхдаа төрийн албан хаагчидтай болон өөр бусад шашны бүлгийн удирдагчидтай уулзан, ийм шавь нарын тухай сонссон юм. Тэд бүгдээрээ улс орондоо бат бөх гэрлэлт, гэр бүлийг бий болгон, хамгаалахын тулд гишүүдийн маань гаргадаг зоримог зан, амжилттай хичээл зүтгэлд талархлаа илэрхийлсэн билээ.
Ийм хүчирхэг шавь байх нь амар хялбар, аяндаа болдог зүйл биш. Бидний анхаарал Аврагчид болон Түүний сайн мэдээнд бат бэхлэгдсэн байх ёстой. Санаа бодол бүрдээ Түүн рүү харахын тулд оюун санаагаараа нэлээн хичээл зүтгэл гаргах ёстой байдаг. Гэхдээ ийнхүү үйлдсэн үед эргэлзээ, айдас маань арилдаг юм.
Би саяхан эр зоригтой залуу лоорелийн тухай сонслоо. Түүнийг гадасны Халамжийн нийгэмлэгийн цугларалтад очихоор амласан өдөр нь мужийн тэмцээнд ахлах сургуулиа төлөөлөн оролцохыг урьжээ. Тэр хоёр үйл ажиллагаа давхацсан болохыг мэдээд, нэгэн чухал цугларалтад очих ёстой учраас тэмцээнийг дуусгалгүй явах ёстой болсноо тэмцээний удирдлагад мэдэгдэхэд хэрэв явбал тэмцээнээс хасна гэж хариулжээ.
Энэ хожмын үеийн лоорел ямар шийдвэр гаргасан бол? Тэр амласан ёсоороо Халамжийн нийгэмлэгийн цугларалтад очсон. Ам өгсөн учраас мужийн тэмцээнээс ч бас хасагджээ. Түүнээс гаргасан шийдвэрийнх нь талаар асуухад тэр “Сүм илүү чухал биш гэж үү?” гэж шуудхан хариулсан юм.
Есүс Христэд итгэх итгэл бидэнд өөр ямар ч үед хийж чадахгүй байсан зүйлсийг хийх түлхэх хүч болдог. Биднийг үйлдэл хийхэд хөтөлдөг итгэл нь Түүний хүч чадлыг илүү ихээр авах боломж олгодог.
Бид ариун нандин гэрээнүүд байгуулж, гэрээнүүдээ яг таг сахисан үедээ өөрсдийн амьдрал дахь Аврагчийн хүч чадлыг нэмэгдүүлдэг. Гэрээнүүд маань биднийг Түүнтэй холбож, бидэнд бурханлаг хүч чадал авчирдаг. Бид итгэлтэй шавь нарын хувьд наманчлан, Аврагчийг дагаж, баптисмын ус руу ордог. Бид бусад чухал ёслолыг хүлээн авахын тулд гэрээний замаар үргэлжлүүлэн алхдаг билээ. Бурханы төлөвлөгөө нь мөнх бус амьдралдаа тэдгээр адислалыг хүлээн авах боломжгүй байсан өвөг дээдэст маань тэдгээрийг өгдөгт талархаад баршгүй.
Гэрээгээ сахидаг эрэгтэй, эмэгтэйчүүд Аврагчийн хүчийг хүлээн авах замдаа юуг ч саад болгуулахгүйн тулд өөрсдийгөө дэлхийд толбогүй байлгах арга замуудыг эрэлхийлдэг. Нэгэн итгэл дүүрэн эхнэр мөн ээж “Ярвигтай, аюултай цаг үе иржээ. Бидэнд авралын төлөвлөгөөний тухай илүү бүрэн дүүрэн мэдлэг байгаа нь мөн далайн шуурганаар завиа аюулгүй залахад туслах хайраар дүүрэн бошиглогч, төлөөлөгч, удирдагчид байгаа нь ямар их адислал вэ! Бид өглөө бүр радиогоо асаадаг байсан зуршлаа хаясан бөгөөд оронд нь өөрсдийгөө нэгэн шинэхэн өдөрт бэлтгэхийн тулд гар утсан дээрээсээ Ерөнхий чуулганы үгийг сонсдог болсон” гэж саяхан бичжээ.
Аврагчийн хүчийг амьдралдаа татан авчрах өөр нэгэн арга нь Түүн рүү итгэлтэйгээр тэмүүлэх явдал юм. Ийнхүү тэмүүлэхийн тулд шаргуу мөн анхааралтай хичээл зүтгэл гаргах ёстой.
12 жилийн турш хүч тамираа барсан асуудлаар зовж шаналсан нэгэн эмэгтэйн тухай библийн түүхийг санаж байна уу? Тэрээр Аврагчид агуу их итгэж байсан бөгөөд “Хэрэв би зөвхөн Түүний хувцсанд нь хүрвэл эдгэрнэ” гэжээ.
Энэ итгэлтэй, анхаарлаа төвлөрүүлж чаддаг эмэгтэй Аврагчийн хүчийг хүлээн авахын тулд урагшаа аль болох сайн тэмүүлэх ёстой байлаа. Түүний бие махбодын энэ тэмүүлэл сүнслэг тэмүүллийнх нь бэлгэдэл юм.
Бидний олон нь “Хэрвээ би сүнслэг байдлаараа Аврагчийн хүчийг амьдралдаа татан авахаар хангалттай сайн тэмүүлээд өгвөл зүрх эмтэлсэн асуудлаа хэрхэн шийдэхээ мэдэх болно. Би юу хийхээ мэдэх болно. Мөн хийж чадах хүч чадалтай байх болно” гэж энэ эмэгтэйн үгсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс арай өөрөөр хэлж байсан.
Усанд живж буй хүн гараа сунган, амьсгаа авах гэж тэмүүлж, хүч гаргадаг шиг та нар Их Эзэний хүчийг амьдралдаа авахаар тэмүүлэх үед Есүс Христийн хүч та нарынх байх болно. Аврагч Өөр рүү нь үнэхээр тэмүүлэхийг хүсэж байгааг мөн хүч чадлыг нь амьдралдаа татан авах нь зүрх сэтгэлийн тань хамгийн агуу хүсэл гэдгийг мэдэрсэн үед та яг юу хийх хэрэгтэйгээ Ариун Сүнсний удирдамжаар мэдэж авах болно.
Та сүнслэг байдлаараа урьд урьдынхаасаа ч илүү урагшаа тэмүүлбэл Аврагчийн хүч чадал танд ирэх болно. Тийн та “Бурханы Сүнс” хэмээх дуулалд гардаг үгсийн гүн утга учрыг ойлгоно.
Есүс Христийн сайн мэдээ Түүний хүчээр дүүрэн байдаг. Уг хүч нь үнэн сэтгэлээсээ эрэлхийлэх Бурханы охин, хөвгүүн бүрд боломжтой. Биднийг Аврагчийн хүчийг амьдралдаа татан авах үед Тэр ч мөн бид өөрсдөө ч баярлан бахдах болно гэдгийг би гэрчилж байна.
Би Түүний онцгой гэрчийн хувьд Бурхан амьд гэдгийг тунхаглаж байна. Есүс бол Христ. Түүний Сүм дэлхий дээр сэргээгдсэн. Өнөөдрийн дэлхий дээрх Бурханы бошиглогч бол ерөнхийлөгч Томас С.Монсон бөгөөд би түүнийг бүх зүрх сэтгэлээрээ дэмждэг. Би та бүхэнд хайртай гэдгээ илэрхийлж, адислалаа үлдээн, эдгээр зүйлийг гэрчиллээ. Есүс Христийн ариун нэрээр, амен.