Эргэж очоод, хүлээн ав
Түүний оршихуйд эргэн очиж, гэрээнүүдийг хийж мөн сахиснаар ирдэг мөнхийн адислалуудыг хүлээн авах нь бидний тавьж болох хамгийн чухал зорилгууд юм.
Ах эгч нар минь, одоо надад та нарт хандан ярих, та нарт намайг сонсох үүрэг оногдоод байна. Би та бүхнийг удаан чилээхгүй байхыг хүсэж байна. Би чадлаараа хичээх болно.
Энэ дэлхий дээр хамгийн ихийг хийж бүтээдэг хүмүүс амьдралдаа алсын хараатай, үүндээ анхаарал төвлөрүүлэх зорилготой мөн тэдгээрийг биелүүлэх төлөвлөгөөтэй байдаг гэдгийг би олон жилийн хугацаанд ажиглаж мэдсэн юм. Хаашаа явж байгаагаа мөн тэнд хэрхэн очихоо мэдэх нь амьдралд утга учир, зорилго, ололт амжилт авчирдаг.
Зарим хүнд зорилго бол зорьсон газар буюу эцсийн зогсоол, төлөвлөгөө нь тэнд хүрэх маршрут гэдгийг ойлгож мэдэх хүртлээ зорилго, төлөвлөгөө хоёрын ялгааг ойлгоход бэрх байдаг. Жишээлбэл, бидэнд сайн мэдэхгүй газарт очих зорилго байж болно. Эрчүүд бид ихэвчлэн очих замаа мэднэ гэж боддог ч “би мэдэж байна аа, одоо ойрхон байх ёстой” гэж хэлдгийг эгч нарын зарим нь мэдэж байгаа. Эхнэр минь инээмсэглэж байгаа даа. Зорилго тодорхой байсан боловч зорьсон газартаа хүрэх сайн төлөвлөгөө байхгүй бол ийм зүйл болно.
Зорилго тавих гэдэг нь чухамдаа “төгсгөлөө тооцоолж эхлэх” явдал юм. Төлөвлөх гэдэг нь уг төгсгөлд хүрэх арга замаа боловсруулахыг хэлдэг. Аз жаргалд хүрэх нэг түлхүүр бол ямар эцсийн зогсоол хамгийн чухал болохыг ойлгож мөн тэнд гарцаагүй хүргэх арга замыг бүрдүүлдэг зүйлүүдэд цаг зав, хичээл зүтгэл, анхаарлаа зориулах явдал юм.
Бурхан Тэнгэрлэг Эцэг маань бидэнд зорилго тавьж, төлөвлөгөө гаргах төгс жишээг харуулсан. Түүний зорилго бол “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” бөгөөд үүнийг гүйцэлдүүлэх Түүний арга нь авралын төлөвлөгөө юм.
Хайрт Тэнгэрлэг Эцэгийн маань төлөвлөгөө бидэнд өсөж хөгжих, соригдох, суралцах боломжийг болон мөнх бус байдлыг өгдөг бөгөөд бид эдгээрээр дамжуулан Түүнтэй илүү адил болох боломжтой. Мөнхийн сүнсээ бие махбодоор хувцаслах, Түүний Хүү, Их Эзэн Есүс Христийн сургаал, зарлигуудын дагуу амьдрах, мөнхийн гэр бүл бий болгох зэрэг нь Аврагчийн Цагаатгалаар дамжуулан Бурханы хүүхдүүдийнхээ үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг тохиолгон авчрах, тэдэнтэй хамт селестиел хаант улсдаа амьдрах зорилгыг биелүүлэх боломжийг бидэнд олгодог.
Зорилгоо ухаалаг тавихын тулд богино хугацааны зорилго нь тодорхой ойлгогдсон урт хугацааны зорилго руу чиглэж байвал л үр дүнтэй байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Аз жаргалд хүргэх нэг чухал түлхүүр бол хувийнхаа зорилго, төлөвлөгөөг Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөтэй нийцүүлж сурах явдал гэдэгт би итгэдэг. Хэрэв бид мөнхийн энэ замаас хазайхгүй явбал Түүний оршихуйд эргэж очиход тэнцэх нь дамжиггүй юм.
Ажил мэргэжил, боловсрол, тэр ч байтугай гольф тоглохдоо ч зорилготой байх нь сайн хэрэг. Түүнчлэн гэрлэлт, гэр бүл, Сүмийн зөвлөлүүд болоод дуудлагадаа зориулан зорилго тавих нь чухал. Энэ нь ялангуяа номлогчдод хамаатай. Гэхдээ бидний хамгийн агуу бөгөөд чухал зорилгууд Тэнгэрлэг Эцэгийн мөнхийн төлөвлөгөөнд тохирсон байх ёстой. Есүс “Харин та нар эхлээд Бурханы хаант улсыг мөн түүний зөв шударгыг эрэлхийл, мөн эдгээр бүх зүйл та нарт нэмэгдэн өгөгдөх болно” хэмээн хэлсэн.
Зорилго нь илүү энгийн, ойлгомжтой байх тусмаа илүү нөлөөтэй байдаг гэж энэ тал дээр мэргэшсэн хүмүүс хэлдэг. Бид зорилгоо тодорхой ганц дүр зураг эсвэл ганц хоёр хүчирхэг бөгөөд бэлгэ тэмдгийн чанартай үгсээр багасган тодорхойлбол уг зорилго нь бидний нэг хэсэг болж, бидний бодол, үйлдэл бүрийг удирдан чиглүүлнэ. Бурханы бидний төлөөх зорилго болоод өөрсдийн маань хамгийн чухал зорилгуудыг төлөөлсөн хоёр үг байдаг гэдэгт би итгэдэг. Энэ нь эргэн очих ба хүлээн авах хоёр юм.
Түүний оршихуйд эргэн очиж, гэрээнүүдийг хийж мөн сахиснаар ирдэг мөнхийн адислалуудыг хүлээн авах нь бидний тавьж болох хамгийн чухал зорилгууд юм.
Бид Түүний гавьяанд “бүрэн дүүрнээр даатган, [Их Эзэн Есүс Христэд] хэлбэрэлтгүй итгэлтэйгээр … найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүсийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн … урагш тэмүүлэн, Христийн үгнээс зооглон, мөн эцсээ хүртэл тэвчих аваас” эргэн очиж, хүлээн авч чадна.
Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд эргэн очиж мөн Түүний адислалуудыг хүлээн авах боломжийг бидэнд олгодог төлөвлөгөөг Люсифер хүлээн зөвшөөрөөгүй юм. Чухамдаа, тэрээр бослого гаргаж, Эцэгийн маань төлөвлөгөөг бүрэн өөрчилж, Бурханы алдар суу, хүндэтгэл, хүч чадлыг өөртөө авахыг хүссэн. Үр дүнд нь тэр дагагчидтайгаа хамт Бурханы оршихуйгаас хөөгдөж, “Сатан, тийм ээ, бүр чөтгөр, хүмүүнийг мэхлэн мөн харалган болгох, мөн тэднийг, бүр [Их Эзэний] дуу хоолойг үл сонсох болгоныг таалалдаа боолчлон хөтлөх бүх худал хуурмагийн эцэг болсон билээ.”
Дэлхийн өмнөх амьдралд хийсэн сонголтоосоо болж Сатан эргэн очиж бас хүлээн авч чадахгүй. Түүнд үлдсэн ганц зүйл бол биднийг хорлож, өөртэйгөө адил зовлонт болгохын тулд боломжтой бүх уруу таталтыг ашиглан, Эцэгийн төлөвлөгөөг эсэргүүцэх явдал юм. Түүний бузар зорилгоо биелүүлэх төлөвлөгөө нь бүх хувь хүн, үе удам, соёл, нийгэм рүү чиглэсэн байдаг. Эргэн очиж, хүлээн авахын тулд хийх ёстой “бүх зүйлийг” үзүүлж чадах Ариун Сүнсний намуун зөөлөн дуу хоолойг давамгайлахыг эрэлхийлдэг чанга дуу хоолойг Сатан ашигладаг.
Энэ дуу хоолой нь сайн мэдээг үл тоомсорлож, ёс суртахуунгүй байдал, хүчирхийлэл, бохир хэл яриа, бузар булайг сэтгэл татам байдлаар харуулахын тулд интернэт, олон нийтийн сүлжээ, радио, телевиз, кино дэлгэцийг ашигладаг мөн биднийг мөнхийн зорилго, төлөвлөгөөнөөс маань холдуулдаг хүмүүсээс ирдэг.
Энэ дуу хоолой нь Бурханы оршихуйд эргэн очиж “Эцэгт [маань] байгаа [бүхнийг]” хүлээн авахыг хичээж байгаа хүмүүсийн итгэлийг үгүй хийж, мөнхийн зорилгыг нь будлиулахыг эрэлхийлдэг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дэлхийн гүн ухаанаар харалган болсон сайн санаатай хүмүүсээс ч ирж болно.
Эргэн очих ба амлагдсан адислалуудыг хүлээн авах хоёр дээр төвлөрсөн чигээрээ байхын тулд би өөрөөсөө “Би хэр сайн байна вэ?” гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн.
Энэ нь өөрөө өөртэйгөө ганцаарчилсан ярилцлага хийхтэй төстэй юм. Хэрэв энэ сонин сонсогдож байвал энэ дэлхий дээр та нарыг өөрсдөөс тань илүү сайн мэдэх хүн байгаа эсэхийг бодоод үз. Та нар өөрсдийн бодол санаа, бусдын нүднээс далд үйлдэл, хүсэл мөрөөдөл, зорилго, төлөвлөгөөгөө мэднэ. Та нар эргэн очиж, хүлээн авах зам дээр хэрхэн өсөж хөгжиж байгаагаа хэнээс ч илүү сайн мэднэ.
Ийм ганцаарчилсан хувийн ярилцлагын үеэрээ би Алмагийн тавдугаар бүлэгт гардаг өөрийгөө дүгнэж цэгнэх асуултыг уншиж, тунгаан бодох дуртай. Энэ бүлэгт Алма “Та нар сүнслэг байдлаараа Бурханаас төрсөн үү? Та нар түүний дүр төрхийг царай төрхөндөө хүлээж авсан уу? Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?” хэмээн асуусан. Алмагийн асуултууд нь эргэн очиж, хүлээн авахын тулд бидний зорилго, төлөвлөгөөнд юу багтсан байх ёстойг бидэнд сануулдаг.
Аврагчийн “Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая.
Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно” хэмээх урилгыг сана.
Бидний нүглийг уучилж, төгс бус харилцааг засаж, өсөлтөд чөдөр тушаа болсон сүнслэг шархыг анагааж, Христийн зан чанаруудыг хөгжүүлэхэд биднийг хүчирхэгжүүлж мөн чадваржуулах замаар бодгальд маань амралт өгдөг Их Эзэн Есүс Христийн хүч чадалд итгэх итгэлээ нэмэгдүүлснээрээ бид Их Эзэн Есүс Христийн Цагаатгалын ач холбогдолд илүү их талархах болно.
Ирж буй долоо хоногуудад амьдралын зорилго, төлөвлөгөөгөө дүгнэж цэгнэх цаг гаргаж мөн тэдгээр нь бидний аз жаргалын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн агуу төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг нягтлан үз. Хэрэв та нар наманчилж, өөрчлөгдөх хэрэгтэй бол үүнийг хийх талаар бодож үзээрэй. “Бурханы алдар суугийн төлөө бүхнээ [зориулахад]” та нарт туслах ямар өөрчлөлт хийх хэрэгтэй байгаагаа залбирч бодох цаг гарга.
Бид Есүс Христийн сургаал, Түүний сайн мэдээг зорилго, төлөвлөгөөнийхөө төвд байлгах ёстой. Түүнгүйгээр ямар ч мөнхийн зорилго биелэх боломжгүй бөгөөд мөнхийн зорилгуудаа биелүүлэх төлөвлөгөө маань гарцаагүй бүтэлгүйтнэ.
Өөр нэг нэмэлт тусламж бол 2000 оны 1-р сарын 1-нд Сүмд танилцуулагдсан “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” юм. Үүний нэг хувийг нүдэнд харагдах газар байрлуулж, Христийн онцгой гэрчүүдийн гарын үсэг бүхий Түүний тухай энэ илчлэлтээр ирсэн гэрчлэлд буй мэдэгдэл бүрийг давтан унших цаг гарга.
Би та нараас үүнтэй хамт “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг судлахыг хичээнгүйлэн хүсэж байна. Бид гэр бүлийн тунхгийн тухай олонтоо ярьдаг ч гэлээ үүнийг Амьд Христийн аврах хүч чадалтай холбон уншихыг санаарай. Амьд Христийн тусламжгүйгээр бидний хамгийн их хүсэн хүлээдэг зүйлүүд биелэхгүй. Гэр бүлийн тунхагт дурдсанчлан “Аз жаргалын тэнгэрлэг төлөвлөгөө нь насан эцэслэсний дараа ч гэр бүлийн холбоог мөнхжүүлдэг. Ариун сүмийн ёслолууд болон гэрээнүүд нь хувь хүнд Бурханы оршихуйд эргэн очих, гэр бүлүүдэд мөнхөд нэгдэх боломжийг олгодог.”
Амьд Христ бол цагаатгагч Аврагч, дэлхийн Гэтэлгэгч учраас л энэ нь боломжтой юм.
Үүнтэй холбоотойгоор, мөн та нар “Амьд Христ” дотор агуулагдаж буй тодорхой үнэний тухай ойлголтоо тэлэхийн тулд судруудыг судлах талаар бодож үзэж болох юм.
“Амьд Христ”-ийг залбирч унших нь яг л Матай, Марк, Лук, Иохан нарын болон Мормоны Номын бошиглогчдын гэрчлэлийг уншихтай адил байдаг. Энэ нь та нарын Аврагчид итгэх итгэлийг нэмэгдүүлж, мөнхийн зорилгодоо хүрэхийн тулд төлөвлөгөөгөө дагах үедээ Түүн дээр төвлөрөхөд тань тусална.
Бидэнд алдаа, дутагдал, гэм нүгэл байдаг хэдий ч Есүс Христийн Цагаатгал бидэнд наманчилж,эргэн очиж, селестиел хаант улсын хамгийн дээд зэрэглэлд Эцэг, Хүү хоёртой үүрд хамт амьдрах Бурханы амласан зүйрлэшгүй адислалыг хүлээн авах боломжийг олгодог.
Үхлийг хэн ч тойрч гарахгүй гэдгийг та нар бүгд мэднэ. Тиймээс бид Тэнгэрлэг Эцэгтээ эргэн очихдоо хүн нэг бүрд өгөхөөр төлөвлөсөн Түүнд буй бүхнийг хүлээн авна гэсэн нь урт хугацааны зорилго ба төлөвлөгөө маань байх ёстой.
Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ болон хайрт Аврагч, Их Эзэн Есүс Христтэй үүрд хамт амьдрахаас илүү эрхэм зорилго мөнх бус амьдралд байхгүй гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ энэ нь бидний зорилгоос ч илүү бас Тэдний зорилго юм. Тэд биднийг төгс хайрладаг бөгөөд энэ нь бидний ухаарч чадахаас илүү хүчирхэг хайр юм. Тэдний сэтгэл бүхэлдээ үүрд бидний төлөө байдаг. Бид бол Тэдний ажил мөн. Бидний алдар суу бол Тэдний алдар суу юм. Тэд биднийг гэртээ эргэн очиж, Тэдний оршихуйд мөнхийн аз жаргалыг хүлээн аваасай хэмээн юу юунаас ч илүү хүсдэг.
Хүндэт ах, эгч нар минь ээ, нэг долоо хоногийн дараа бид Дал модны ням гараг буюу Христ Иерусалим руу ялгуусан байдалтай залран орсныг тэмдэглэх болно. Хоёр долоо хоногийн дараа бид үхлийг ялсан Аврагчийн ялалт болох Христийн амилсны ням гаргийг тэмдэглэнэ.
Бид энэ хоёр онцгой ням гарагт Аврагч дээр анхаарлаа төвлөрүүлэхдээ Түүнийг дурсан санаж мөн Түүний зарлигуудыг сахих насан туршийн амлалтаа шинэчилцгээе. Бид өөрсдийн амьдрал руу сайтар өнгийн харж, зорилго, төлөвлөгөөгөө эргэн очиж, хүлээн авах онцгой боломж руу хөтлөн удирдах Бурханыхтай нийцүүлэх болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр даруухнаар залбирч байна, амен.