2010–2019
Дуулсан ба дуулаагүй дуунууд
2017 оны 4-р сар


14:33

Дуулсан ба дуулаагүй дуунууд

Би та бүгдийг найрал дуундаа итгэлтэй бөгөөд гуйвшгүй байгаасай хэмээн хүсэж байна.

Элайза И.Хюит “Сэтгэл минь өнөөдөр нартай байна, мандах нарнаас ч гэрэлтэй байна. Учир нь Есүс миний гэрэл шүү дээ” хэмээн бичжээ. Нот бүрдээ гэрэл шингээсэн Христийн шашинтнуудын хуучны энэхүү дууллыг үнэндээ инээмсэглэхгүйгээр дуулах боломжгүй. Гэвч би өнөөдөр аялан дуулмааргүй, инээмсэглэхэд ч хэцүү, “амар тайван аз жаргалтай мөчүүд” “үргэлжлэн” тохиохгүй байгаа өдрүүдэд энэхүү дууллын ганц л мөр бидэнд хэрхэн тусалж болох талаар ярья. Хэрэв та нар бусдын дуулж байгаа баяр хөөртэй дууг сонсоод, даган дуулах боломжгүй нөхцөлд байвал “Есүс таны дуулж чадахгүй дууг хүртэл сонсож байдаг” гэсэн энэ дууллын мөрөөс бат бөх зууран бариасай хэмээн хүсэж байна.

Унасан дэлхийд амьдарч буй Бурханы хүүхдүүдийн хувьд хэр итгэлтэй мөн хэр сэтгэлийн хаттайг шалгах зовлонт өдрүүд бол бидэнтэй нүүр тулдаг бодит байдлын нэгээхэн хэсэг юм. Эдгээр сорилт бидний болон бусдын дутагдлаас болж эсвэл зүгээр л амьдралын эрхээр ирдэг бөгөөд ямар ч шалтгаантай бай, бидний дуулахыг хүсдэг дууллуудыг дээрэмдэж, Элайза Хюитийн дууны нэг мөрөнд гардаг “сэтгэлд ирэх хавар цагийн” амлалтыг харанхуйлдаг билээ.

Ийм цаг тулгарахад бид юу хийдэг вэ? Юутай ч бид төлөөлөгч Паулын “бид харахгүй байгаа зүйлдээ найд[аж], түүнийгээ тэвчээртэйгээр хүлээдэг” гэсэн үгийг эрхэмлэдэг. Бид баярласан дуу хоолой гаргаж чадахаа болих үедээ хэсэг зуур дуугаа хураан, бусдыг сонсож, эргэн тойрондоо байгаа хөг аялгууны гайхамшгаас хүч чадал олж авах шаардлагатай болж болно. “Дуулахдаа тааруухан” бидний олон хүн илүү хүчтэй бөгөөд илүү тогтсон хоолойтой хүмүүсийн дэргэд зогсон дуулахдаа өөртөө итгэлтэй болж, дуулах чадвар маань эрс сайжирдаг. Бид мөнх амьдралын сүлд дууллыг дуулахдаа туйлын төгс авиа гаргагч дэлхийн Аврагч, Гэтэлгэгчийн дэргэд хүмүүний ёсоор аль болох ойр зогсох ёстой нь гарцаагүй. Ингэснээр бид дуугүй байхад маань ч сонсож чаддаг Түүний чадварт зоригжиж, аялгуу төгс авралын өмгөөлөлд найддаг. Үнэхээр “Их Эзэн бидэнтэй ойр” байгаа үед л “энхийн тагтаа зүрх сэтгэлд минь дуулж, ач ивээлийн цэцэгс дэлбээлдэг” юм.

Бид дуулахдаа өнгөө алдсан мэт санагдаж, дэргэдэх хүмүүсээсээ арай дор харагдах юм уу сонсогдох мэдрэмж төрөх өдрүүдэд би та бүхэнд, ялангуяа Сүмийн өсвөр үеийнхэнд хандан, тэнгэрлэг төлөвлөгөөгөөр бол Бурханы найрал дуун дахь хоолой бүр өөр өөр байдаг гэдгийг санаасай хэмээн уриалж байна. Баян тансаг хөгжим зохиохын тулд сопрано, альто, баритон, басс зэрэг өөр өөр өнгө шаардлагатай болдог. Хожмын үеийн гэгээнтэн хоёр эмэгтэйн хөгжилтэй ярианаас эш татсанаар “Найрал дуунд Бурханы бүх амьтан дуулж болно.” Бид ханаж цадахаа үл мэдэх хэрэглэгчийн зах зээлийг тодорхойлох хуурамч хэв маяг болон үүнийг хэт дөвийлгөх олон нийтийн мэдээллийн сүлжээний ертөнцөөс ирэх зураглалд баригдан, өөрсдийн ялгаатай байдлыг нуух юм бол дэлхийг өвөрмөц өөр өөр зүйлээр бүрдүүлэн бүтээсэн Бурханы баялаг өнгө болоод хөгийг алдаж байгаа хэрэг болно.

Энэ нь энэхүү тэнгэрлэг найрал дуунд хүн бүр өөр өөрийнхөө хүссэнээр гоцлоод хашгирч эхэлж болно гэсэн үг биш. Олон янзын зүйл цугтаа байх нь бие биетэйгээ үл авцалдах шуугиан гаргахыг хэлэхгүй. Ахлагч Хэйлс, найрал дуунд дэг журам буюу өнөөдрийн сэдэвтэй уялдуулан хэлэхэд дагалдагч шаардлагатай гэж би хэлмээр байна. Биднийг дэлхийн үүслээс өмнө зохиогдсон мөнхийн илчлэгдсэн үгсийг болон оркестрийн хөг аялгууг хүлээн зөвшөөрсний дараа Тэнгэрлэг Эцэг маань биднийг хэн нэгний бус, харин өөр өөрийн гэсэн дуу хоолойгоор дуулахад баярладаг юм. Өөртөө итгэ мөн Түүнд итгэ. Өөрсдийн үнэ цэн, оролцоог битгий дутуу үнэл. Хамгийн чухал нь найрал дуун дахь өөрийнхөө байрыг хэзээ ч бүү орхи. Яагаад? Яагаад гэвэл та давтагдашгүй бөгөөд орлуулшгүй юм. Бидний мөнх бус агуу найрал дуунаас нэг л хоолой алдагдах юм бол бусад бүх дуучинд нөлөөлдөг төдийгүй энэ нь өөрсдийгөө нийгмийн болон Сүмийн зах хавиар байгаа хэмээн боддог, алдагдсан хүмүүст ч ялгаагүй адил.

Хэдийгээр би та бүгдийг дуулахад хэцүү дуунуудыг дуулах итгэлтэй байхад урамшуулж байгаа ч надад ч бас янз бүрийн шалтгаанаар дуулах ёстой боловч хараахан дуулаагүй байгаа хэцүү дуунууд байдгийг нуулгүй хэлье.

Дэлхийн эдийн засгийн тэгш бус байдал тогтворгүй байгааг хараад, хатагтай Хюиттэй хамт “Дээр хадгалах аз жаргалын тухай мөн яг одоо [Бурханы] надад өгч буй адислалын” тухай дуулахад надад гэмшил төрдөг. Бид ядууст нэр төртэйгөөр туслах хүртэл энэ мөрийг бүрэн утгаар нь, итгэлтэй дуулж чадахгүй. Эдийн засгийн гачигдал нь жилээс жилд, үеэс үед дамжин ирдэг зүхэл юм. Энэ нь биеийг гэмтээж, сэтгэлийг гутааж, гэр бүлийг сүйтгэж, мөрөөдлийг хөсөрдүүлдэг. Хэрэв бид Есүсийн ахин дахин тушаасны дагуу ядуурлыг багасгахын тулд илүү ихийг хийж чадвал дэлхийн эд баялгаар хомс зарим нэг маань амьдралдаа анх удаа “Сэтгэл минь өнөөдөр нартай байна” хэмээн хааяахан амандаа аялж болох юм.

Мөн бидний эргэн тойронд маш олон хүн сэтгэл зүйн болоод сэтгэцийн мөн бусад хүнд өвчнөөр шаналж байхад нарлаг, хөгжилтэй дууны үгсийг аялах хэцүү байдаг. Харамсалтай нь, олон төрлийн халамжийн туслалцааг, тэр дундаа гэр бүлийн гишүүдэд харамгүй үзүүлж, зоригтой хүчин чармайлт гаргаж байгаа ч ийм ачаа дарамт байсаар байна. Бид Бурханы эдгээр хүүхдийг зовлонд нь чимээгүй орхихгүйн төлөө мөн тэдний дуулж чадахгүй байгаа дууг сонсох Түүний чадвараар адислагдахын төлөө залбирч байна.

Би хэзээ нэгэн өдөр даян дэлхийн найрал дуу бүх арьс өнгө, үндэстэн ястны шугамыг гатлан хоршиж, буу зэвсэг, доромжлол, ёж үгс хүмүүний үл ойлголцлыг шийдэх арга зам биш гэдгийг тунхаглах болно гэж найддаг. Нийгмийн нарийн түвэгтэй асуудлуудыг нэг мөр сайнаар шийдэх цорын ганц арга зам бол Бурханыг хайрлаж, зарлигуудыг дагаснаар бие биенээ хөршийн ёсоор хайрлаж, үүрдийн авралын замын хаалгыг нээх явдал гэдгийг тэнгэрийн тунхгууд бидэнд уриалдаг. Бошиглогч Ифер бидэнд “илүү сайн дэлхий”-н төлөө найдах хэрэгтэй хэмээн заажээ. Дайн, хэрцгийлэлд туйлдсан Моронай үүнийг 1000 жилийн дараа уншаад, Есүс Христийн сайн мэдээ үргэлж “илүүтэй онцгой зам” байх болно гэдгийг дэлхийд тунхагласан.

Ийм сорилтын дундуур үе үе ямар нэг шалтгаанаар бидний дуулж чадахааргүй өөр нэг төрлийн дуунууд гарч ирэхэд бид хэчнээн их талархалтай байдаг вэ. Бидний мэдэрч байгаа мэдрэмж үгээр илэрхийлж чадамгүй эсвэл боломжгүй тийм гүн гүнзгий, хувийн чанартай мөн ариун байхад энэ нь тохиолддог бөгөөд Шекспирийн нэгэн зохиолын баатар Корделиагийн аавыгаа хайрлах хайрыг “Миний хайр бол үг хэлээр илэрхийлж чадахаас илүү. … Би зүрхээ амандаа гулгиж гаргаж чадахгүй” хэмээсэнтэй адил юм. Бидний мэдэрдэг ариун эдгээр мэдрэмж нь үгээр тайлбарлан хэлэхийн аргагүй сүнслэг байдаг бөгөөд нифайчуудын хүүхдүүдийн төлөөх Есүсийн залбирал лугаа адил юм. Тэрхүү үйл явдлын гэрч болсон хүмүүс ийнхүү цэдэглэжээ:

“… Эцэгт хандан Есүсийн ярьсныг бид харж мөн сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлүүд урьд нь нүдэнд хэзээ ч үзэгдээгүй, бас чихэнд хэзээ ч сонсогдоогүй бөлгөө.

Мөн Есүсийн ярьсныг бидний харж бас сонссон шиг тийм агуу хийгээд гайхамшигт зүйлсийг хэлээр хэлэх аргагүй, бас ямар ч хүмүүнээр бичигдэх аргагүй, бас хүмүүн зүрх сэтгэлдээ төсөөлөхийн аргагүй.”

Иймэрхүү ариун нандин мөчүүдийг үгээр илэрхийлэх аргагүй байдаг. Үгээр илэрхийлэх боломжтой бол энэ нь гутаан доромжлох мэт байдаг.

Ах эгч нар аа, бид мөнх бус дэлхийд амьдарч байгаа бөгөөд бидэнд дуулж чадаагүй эсвэл хараахан дуулаагүй олон дуу байна. Гэхдээ би та бүгдийг найрал дуундаа итгэлтэй бөгөөд гуйвшгүй байж, дуу дуунаас хамгийн үнэ цэнтэй сүлд дуулал болох “гэтэлгэх хайрын дуунд” үүрд баясаасай хэмээн хүсэж байна. Аз болоход, үүнийг дуулахад оролцох хүмүүсийн суудлын тоо хязгааргүй юм. Өөр өөр нутагт амьдардаг, өөр өөр хэл, соёлтой хүмүүст суудал байна. Гэрлэсэн, гэрлээгүй, өнөр өтгөн болон үр хүүхэдгүй гэр бүлүүдэд ч суудал байна. Итгэлийнхээ талаар асуулттай явсан, одоо ч асуулттай байдаг хүмүүст суудал байна. Мөн хүйсийн өөр өөр чиг хандлага бүхий хүмүүст ч суудал байна. Товчхон хэлэхэд, Бурханыг хайрлаж, Түүний зарлигуудыг хүмүүний үйлдлээ хянах өөрчлөгдөшгүй хэмжүүр хэмээн хүндэтгэдэг хүмүүст бүгдэд нь суудал байгаа. Бурханыг хайрлах нь бидний хамтдаа дуулах дууны ая юм бол Түүнд дуулгавартай байх бидний нэгдмэл зорилго нь үүний орлуулшгүй хоршил байх нь лавтай. Итгэл ба хайр, наманчлал ба энэрэнгүй сэтгэл, үнэнч байдал ба уучлал зэрэг тэнгэрлэг шинж чанарыг агуулдаг энэхүү найрал дуунд хүссэн хүн болгонд суудал бий. “Байгаагаараа л хүрээд ир” хэмээн хайрт Эцэг минь биднийг дууддаг бөгөөд харин “Байгаагаараа харин үлдэж болохгүй” хэмээн нэмж хэлдэг билээ. Бид инээмсэглэн, Бурхан биднийг боддогоос маань илүү болгохоор шийдсэн гэдгийг санадаг.

Бид авралын маань төлөө зохиогдсон Түүний төлөвлөгөөнд буюу энэхүү агуу том найрал дууны тоглолтод Удирдаачийн дохиурыг даган, даруухнаар дуулж чадаагүй болон дуулж эхлээгүй байгаа дуунууддаа бэлдсээр эцэст нь “Хаандаа магтаалын дуу”-гаа өргөх болтугай. Нэгэн өдөр бидний хайртай сүлд дуулалд гардаг шиг

“Бид тэнгэрийн армитай хамт магтан дуул[ж}

Хозанна, хозанна, Бурхан хурга хоёр …

… тэнгэрээс Есүс гал сүйхээр залран ирнэ.”

Бидний Мөнхийн Эцэг Бурхан Өөрийн Төрсөн Ганц Хүүг энэ удаа Хаадын Хаан болгон үүрд захируулахаар дэлхийд дахин илгээх цаг ирнэ гэдгийг би гэрчилж байна. Энэ бол Түүний сэргээсэн Сүм бөгөөд Түүний сургаал, сайн мэдээний аврах ёслолуудыг бүх хүн төрөлхтөнд авчрах хөлөг гэдгийг би гэрчилж байна. Түүний захиас “тив болгонд нэвтэрч, нутаг бүрд зочлох” үед Есүс тийн “инээмсэглэх” болно. Тэр өдөр олон бодгальд мөнхийн нар гийх болно. Би энэхүү ирэх амлагдсан цагийг тэсэн ядан хүлээн, Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эшлэлүүд

  1. “There Is Sunshine in My Soul Today,” Hymns, д. 227. (Сэтгэл минь өнөөдөр нартай байна).

  2. Hymns, д. 227.

  3. Hymns, д. 227.

  4. Ром 8:25.

  5. Hymns, д. 227.

  6. Лаурел Татчер Улрих ба Эмма Лоу Тэйн, All God’s Creatures Got a Place in the Choir (1995), 4-өөс Билл Стэйнс, “All God’s Critters Got a Place in the Choir”-ийг үзнэ үү.

  7. Hymns, д. 227.

  8. Ифер 12:4, 11-ийг үзнэ үү.

  9. Вилльям Шекспир, Лир хаан, 1-р үзэгдэл, тайз 1, 79–80, 93–94-р мөрүүд.

  10. 3 Нифай 17:16–17; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  11. Aлма 5:26;Aлма 26:13-ыг үзнэ үү.

  12. 2 Нифай 26:33-ыг үзнэ үү.

  13. Hymns, д. 227.

  14. “Бурханы Сүнс,” Сүмийн дуулал болон хүүхдийн дуу, 28.

  15. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит(2007), 59.

  16. Hymns, д. 227.