Та нарын дундах хамгийн агуу нь
Бурханы хамгийн агуу шагнал шан харамж харахгүй үйлчилдэг хүмүүст очдог.
Хайрт ах нар, найз нөхөд минь ээ, би энэхүү сүнслэгээр өдөөгдсөн дэлхий даяар болж буй санваарын хуралдаанд та бүхэнтэй хамт байгаадаа ямар их баяртай байна вэ. Ерөнхийлөгч Монсон, таны захиас, адислалд баярлалаа. Бид таны чиглүүлэг, зөвлөгөө, мэргэн ухааны үгийг зүрх сэтгэлдээ үргэлж тээж явах болно. Бид танд хайртай бөгөөд таныг дэмжин, таны төлөө үргэлж залбирдаг. Та үнэхээр Их Эзэний бошиглогч,бидний ерөнхийлөгч билээ. Бид таныг дэмждэг мөн танд хайртай.
Бараг хориод жилийн өмнө Испанийн Мадрид ариун сүмийг онцгойлон адисалсан бөгөөд Их Эзэний ариун өргөө болж, ашиглалтад орж эхэлсэн юм. Харриэт бид хоёр Европын бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилж байсан учраас энэ үйл явдлыг маш тод санаж байна. Бусад олон хүний хамт бид онцгойлон адислах үйл явдлыг төлөвлөх, зохион байгуулах нарийн ширийн асуудлыг зохицуулах гэж олон цагаар ажилласан билээ.
Товлосон өдөр ойртох үед үйл ажиллагаанд оролцох урилга хүлээн аваагүй гэдгээ би анзаарав. Энэ нь санаанд багтамгүй явдал байлаа. Учир нь би Бүсийн ерөнхийлөгчийн хувиар ариун сүмийн төслийг хэрэгжүүлэхэд оролцож, зарим нэг бага сага ажил үүргийг хүлээсэн байсан юм.
Урилга хүлээн авсан эсэхийг Харриэтээс асуухад тэрээр үгүй гэв.
Өдөр хоног өнгөрөх тусам миний санаа улам их зовж байлаа. Бидний урилга алга болчихсон юм биш байгаа, буйдангийн хаа нэгтээ орчихов уу гэх мэтээр би бодож эхлэв. Хэрэггүй шуудантай хамт холилдоод, хаягдчихсан байж магадгүй байв. Манай хөршийнх нэг саваагүй мууртай байсан юм. Надад бүр тэр муур нь хүртэл сэжигтэй санагдаж эхэлсэн шүү.
Сүүлдээ, намайг уриагүй юм байна гэсэн бодит байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болсон юм.
Гэхдээ ийм зүйл яаж байж болдог байна аа? Би ариун сүмийн онцгойлон адислах үйл явдлыг зохион байгуулж байсан хүмүүсийг гомдоох ямар нэгэн зүйл хийчихсэн байсан юм болов уу? Биднийг тэр ариун сүмээс алс хол амьдардаг гэж хэн нэгэн нь бодсон юм болов уу? Намайг мартчихсан юм болов уу?
Ийм зүйл бодоод байх нь хүсээд байхааргүй тийм нөхцөл байдалд аваачих юм байна гэдгийг аажимдаа би ухаарсан юм.
Харриэт бид хоёр ариун сүмийг онцгойлон адислах үйл ажиллагаа зөвхөн бидэнд зориулсан зүйл биш гэдгийг өөрсдөдөө сануулж байлаа. Энэ нь уригдах ёстой эсвэл уригдах ёсгүй хүмүүсийн ч асуудал биш байсан юм. Энэ нь бид юу мэдэрч байгаатай эсвэл онцгойлон адислах үйл ажиллагаанд очих эрхтэй холбоотой ч асуудал биш байсан юм.
Энэ бол ариун нандин барилга байгууламж, Бүхнээс Дээд Бурханы ариун сүмийн асуудал байлаа. Энэ бол Испани дахь Сүмийн гишүүдийн хувьд баясах өдөр байсан юм.
Хэрвээ би уригдсан байсан бол их баяртай очих байлаа. Гэхдээ намайг уриагүй байсан ч би баяр баясгалангаар дүүрэн байх байсан юм. Харриэт бид хоёр найз нөхөд, хайртай дотны ах, эгч дүүстэйгээ алсаас баясан баярлах байсан. Бид энэ гайхамшигтай адислалынх нь төлөө Мадридаас юм шиг л Франкфурт дахь гэрээсээ Бурханыг урам зоригтой магтан дуулах байлаа.
Аянгын хөвгүүд
Есүсийн дуудан, томилсон арван хоёр төлөөлөгчийн дунд Иаков, Иохан хэмээх ах дүү хоёр байв. Түүний тэдэнд өгсөн хоч нэрийг та нар санаж байна уу?
Хүнд хоч нэрийг ямар ч далд утгагүйгээр зүгээр нэг өгдөггүй. Энэ хоч нэрийг өгсөн шалтгааны талаарх тайлбар судруудад хангалттай байдаггүй нь харамсалтай. Гэхдээ бид судраас Иаков, Иохан хоёрын зан чанарыг цухас мэдэж авдаг. Тэр хоёр бол өөрсдийг нь хот руу уриагүй учраас Самарийн тосгон руу тэнгэрээс гал буулгахыг гуйх санал гаргаж байсан тэр ах дүү юм.
Иаков, Иохан хоёр загасчид байсан. Тэд зах ирмэгийг нь засаж янзлаагүй эрдэнийн чулуу шиг л байсан байх. Гэхдээ тэд байгалийн хүчин зүйлүүдийн талаар их зүйл мэддэг байсан байх. Мэдээж, тэд үйлдэл хийдэг хүмүүс байв.
Нэг удаа Аврагчийг Иерусалим руу явах эцсийн аялалдаа бэлтгэж байх үед Иаков, Иохан хоёр хоч нэрнийхээ дагуу нэгэн онцгой хүсэлттэйгээр Түүн дээр иржээ.
Тэд “Бид юу ч гуйсан, түүнийг маань бидэнд хийж өгөхийг Танаас хүсэж байна” гэв.
Есүсийг “Та нарт юу хийж өгөхийг Надаас хүсэж байгаа юм бэ?” хэмээн хэлэхдээ тэдэн рүү инээмсэглэж байсан гэж би төсөөлөн боддог.
“Тэд Түүнд—Таны сүр жавхлан дотор бидний нэгийг Өөрийн баруун гар талдаа, нөгөөг маань Өөрийнхөө зүүн талд суулгаач гэв.”
Аврагч тэднийг гуйж байгаа зүйлийнхээ талаар илүү тунгаан бодоосой гэж, “Харин Миний баруун, зүүн талд суух нь Миний өгөх юм биш. Энэ нь хэний төлөө бэлтгэгдсэн байна, тэдэнд өгөгдөнө” хэмээн айлдав.
Өөрөөр хэлбэл, та кампанит ажил явуулаад ч тэнгэрийн хаант улс дахь алдар хүндийг олж авч чадахгүй. Та “найр тавин хоолонд оруулснаараа” мөнхийн алдар сууд хүрэх замаа зулгуйдан авах боломжгүй.
Аянгын хөвгүүдийн ийм хүсэлтийн талаар сонссон бусад арван төлөөлөгч нэг их баяр хөөртэй байгаагүй. Есүс Өөрийнх нь цаг бага байгааг мэдэж байсан бөгөөд Өөрийнх нь ажлыг үүрэх хүмүүсийн дунд санал зөрөлдөөн байгааг хараад санаа нь зовсон байх даа.
Тэрээр Арван хоёрт хүч чадлын мөн чанарын талаар болон энэ нь үүнийг эрэлхийлдэг хийгээд атгадаг хүмүүст хэрхэн нөлөөлдөг тухай ярьжээ. “Харь үндэстнүүдийн захирагчид гэж тооцогдсон хүмүүс ард олноо ноёрхдог” хэмээн Тэрээр айлдав.
Би Аврагчийг тэдгээр итгэлтэй, найдвар бүхий шавь нарынхаа нүүр рүү төгсөшгүй хайраар харж байснаар төсөөлдөг. “Харин та нарын дунд тийм юм байж болохгүй. Хэн та нарын дунд агуу болохыг хүснэ, тэр хүн та нарын зарц болог. Мөн хэн та нарын дунд тэргүүнд байхыг хүснэ, тэр хүн бүгдийн боол болог” хэмээн хэлсэн Түүний дуу хоолой надад бараг л сонсогддог.
Бурханы хаант улсад агуу байх, удирдагч байх гэдэг нь Бурхан хүмүүсийг хэрхэн харж байгаагаар үнэнхүү харж, тэдэнд гар сунган тусалж, тэдэнд үйлчлэх гэсэн утгатай. Мөн энэ нь аз жаргалтай нэгэнтэй хамт баясах, гашуудах нэгэнтэй хамт уйлах, гутарсан нэгнийг зоригжуулах, Христ биднийг хайрласны адил хөршөө хайрлах гэсэн утгатай юм. Аврагч нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, арьс өнгө, шашин, хэл, улс төрийн чиг баримжаа, үндэс угсаа, ямар нэгэн бүлгэмээс үл хамааран Бурханы бүх хүүхдийг хайрладаг. Бид ч мөн ингэх ёстой!
Бурханы хамгийн агуу шагнал шан харамж харахгүй үйлчилдэг хүмүүст очдог. Энэ шагнал олон нийтийн зүгээс магтаал урамшуулал авахгүйгээр үйлчилдэг, бусдад туслах арга замыг чимээгүйхэн эрэлхийлдэг, Бурханд болон Бурханы хүүхдүүдэд хайртай л учраас бусдад үйлчилдэг хүмүүст очдог.
Хүмүүний магтаал сайшаалаар бүү амьсгал
Ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдсаны минь дараахан надад гадас шинээр зохион байгуулахаар ерөнхийлөгч Жэймс И.Фаустыг дагалдан явах завшаан гарсан юм. Биднийг үзэсгэлэнт Өмнөд Ютад даалгавраа гүйцэлдүүлэхээр автомашинаар явж байх үед ерөнхийлөгч Фауст надад зааж сурган сайхан сэтгэл гаргаж байлаа. Би түүний заасан нэгэн сургамжийг хэзээ ч мартахгүй. Тэрээр “Энэ Сүмийн гишүүд ерөнхий эрх мэдэлтнүүдэд их өгөөмөр ханддаг. Тэд чамтай сайхан харьцаж, чиний талаар сайхан зүйл ярих болно” гэж хэлэв. Тэгээд хэсэг зуур дуугүй байснаа “Дийтр, ийм зүйлд үргэлж талархалтай бай. Гэхдээ ийм зүйлээр хэзээ ч бүү амьсгал” хэмээн хэлэв.
Сүмийн үйлчлэлтэй холбоотой энэ чухал сургамж Сүмийн бүх чуулгын санваар атгагч болгонд хамаатай. Энэ нь Сүмд буй бид бүгдэд хамаатай.
Ерөнхийлөгч Бага Ж.Рүбэн Кларк Сүмийн эрх мэдэлтэй албанд байдаг хүмүүст зургаа дахь дүрмийг санаж байхыг зөвлөжээ.
Хэн ч “Зургаа дахь дүрэм гэж юу вэ?” хэмээн асуух нь зайлшгүй.
Тэрээр “Хэтэрхий хүндээр өөртөө бүү тусгаж ав” гэж хэлдэг байв.
Мэдээж, “Нөгөө таван дүрэм нь юу вэ?” гэсэн асуулт араас нь гарч ирнэ.
Ерөнхийлөгч Кларк сэтгэл хангалуун харцаар харан, “Өөр дүрэм байхгүй” хэмээн хариулдаг байж.
Сүмийн үр дүнтэй удирдагч байхын тулд бид Сүмд удирдах гэдэг нь бусдад нэг их зааварлаад байх хэрэг биш бөгөөд энэ нь бусдад туслахдаа Бурханы заавраар удирдуулах хүсэлтэй байх тухай юм гэсэн энэ чухал сургамжаас суралцах ёстой.
Дуудлага бол үйлчлэх боломж
Хамгийн Дээд Бурханы гэгээнтнүүд бид “Мөн ядуус хийгээд гачигдагсад, өвчтөнүүд хийгээд зовж шаналагсдыг бүх зүйлд санаж байгтун, учир нь үүнийг үл хийдэг тэрээр, мөнхүү тэр нь миний шавь биш бөлгөө.” Сайныг үйлдэхээр явах болон бусдад үйлчлэх боломж хязгааргүй. Бид тийм боломжийг хамт олон, эргэн тойрноосоо, салбар, тойрог тэгээд мэдээж гэр орноосоо олох болно.
Нэмж хэлэхэд, үйлчлэх албан ёсны тодорхой боломжууд Сүмийн гишүүн бүрд байдаг. Бид эдгээр боломжийг биднийг үйлчлүүлэхээр хэн дууддагийг сануулдаг үг болох “дуудлага” гэж үздэг. Бид дуудлагууддаа Бурханд үйлчлэх мөн итгэл, даруу байдлаар бусдад үйлчлэх боломж гэж хандвал үйлчлэлийн үйлдэл бүр шавь байх зам руу хөтлөх алхам байх болно. Ийм арга замаар Бурхан зөвхөн Өөрийн Сүмийг байгуулаад зогсохгүй, үйлчлэгчдээ хүчирхэгжүүлдэг. Сүм биднийг Христийн үнэн бөгөөд итгэлтэй шавь, Бурханы сайн бөгөөд нэр төртэй охид, хөвгүүд байхад туслах зорилготой. Энэ нь зөвхөн цуглаанд очиж, хэлсэн үгсийг сонсоход тохиолддог зүйл биш юм. Харин гадагш гаран, үйлчлэх үед тохиолддог. Ийнхүү бид Бурханы хаант улсад “агуу” болдог юм.
Бид дуудлагаа ач ивээл, даруу байдал, талархалтайгаар хүлээн авдаг. Эдгээр дуудлагаасаа чөлөөлөгдөх үедээ бид мөн ач ивээл, даруу байдал, талархалтайгаар ханддаг.
Бурханы мэлмийд хаант улсын аль ч дуудлагын нэг нь нөгөөгөөсөө илүү чухал биш. Бидний хийсэн том, жижиг ямар ч үйлчлэл бодгалийг маань цэвэршүүлэн, тэнгэрийн цонхыг нээн, бидний үйлчилдэг хүмүүст болон бидэнд Бурханы адислалуудыг буулгадаг. Мөн бид бусдад гараа сунган туслах үедээ Бурхан бидний үйлчлэлд дэмжлэг, сайшаалаар ханддаг гэдгийг даруухан итгэлээр мэдэх боломжтой. Тэрээр бидний чин сэтгэлээсээ энэрэл хайраар бусдад үйчлэхэд ялангуяа бусдын хараагүй, анзаараагүй үед үйлчлэхийг санал болгох үед инээмсэглэж байдаг.
Бид өөрсдийгөө бусдад зориулах бүрдээ, бүхнээ бидний төлөө өгсөн Нэгэн болох Аврагчийн сайн бөгөөд жинхэнэ шавь болоход нэг алхам илүү ойртдог.
Тэргүүлэх үүргээс жагсаалын цэвэрлэгчийн үүрэг хүлээсэн нь
Солт Лэйкийн хөндийд анхдагчид ирсний 150 жилийн ойн тэмдэглэлт үйл явдлын үеэр Майрон Ричинс ах Ютагийн Хэнэфэрт гадасны ерөнхийлөгчөөр үйлчилж байжээ. Тэмдэглэлт арга хэмжээний үеэр хотын дундуур анхдагчдын цувааг дүрслэн харуулах хэсэг оруулсан аж.
Ерөнхийлөгч Ричинс уг арга хэмжээг төлөвлөхөд оролцож, ерөнхий эрх мэдэлтнүүдтэй болон бусад хүнтэй зохиогдох үйл явдлын талаар ярилцах олон удаагийн хуралд очдог байв. Тэр бүрэн утгаар нь оролцдог байлаа.
Үйл явдал яг болохын өмнө ерөнхийлөгч Ричинсийн гадсыг дахин зохион байгуулан, түүнийг ерөнхийлөгчийн дуудлагаас нь чөлөөлжээ. Дараагийн ням гарагт түүнийг тойргийн санваарын цуглаандаа оролцож байх үед удирдагчид нь хүмүүсээс уг арга хэмжээг тэмдэглэхэд туслан, сайн дурын үйлчлэл хийхийг хүсжээ. Ерөнхийлөгч Ричинс бусад хүнтэй хамт гараа өргөхөд түүнд ажлын хувцастай ирж, тэргэнцэр, хүрзээ авчрахыг даалгав.
Эцэст нь томоохон үйл явдал тохиох өглөө ерөнхийлөгч Ричинс сайн дурын үйлчлэлээ хийхээр очжээ.
Хэдхэн долоо хоногийн өмнө тэрээр тэрхүү чухал үйл явдлын төлөвлөлтөд даацтай нөлөө үзүүлэгч, хянан хариуцагч байсан билээ. Харин тэр өдөр тэрээр жагсаалын морьдыг даган, хомоолыг нь цэвэрлэх ажилтай байв.
Ерөнхийлөгч Ричинс ажлаа хийхдээ баяртай, жаргалтай байсан.
Тэрээр нэг үйлчлэл нөгөөгөөсөө дээр биш гэдгийг ойлгодог байсан.
Аврагчийн хэлсэн “та нарын дундах хамгийн агуу нь зарц болог” хэмээх үгсийг тэр мэддэг байсан бөгөөд амьдралдаа хэрэгжүүлжээ.
Шавь байхдаа зөв зүйл хийх нь
Заримдаа Аянгын хөвгүүдийн адил бид чухал байр суурьтай байхыг хүсдэг. Бид хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө зүтгэдэг. Удирдан чиглүүлж, мартагдашгүй хувь нэмэр оруулахыг эрэлхийлдэг.
Их Эзэнд үйлчлэхийн төлөө хүсэлтэй байхад ямар ч буруу зүйл байхгүй ч хүмүүний сайшаал магтаал, бахархлыг хүлээн авахын тулд өөрсдийнхөө төлөө Сүмд нөлөөлөл олж авахыг эрэлхийлбэл тэр нь бидний шагнал болдог. Бид бусдаас ирдэг магтаал сайшаалаар “амьсгалах” үед тэрхүү магтаал сайшаал бидний нөхөн олговор болно.
Сүмийн хамгийн чухал дуудлага юу вэ? Энэ бол одоо танд байгаа дуудлага юм. Хэчнээн даруу эсвэл чухал мэт санагдахаас үл хамааран, одоо танд байгаа дуудлага бол бусдыг өргөөд зогсохгүй Бурханы ямар хүн байхаар бүтээгдсэн тэр хүн нь болох боломж олгох тэр дуудлага юм.
Эрхэм хүндэт найз нөхөд, санваартан ах нар аа, байгаа байгаа газраа өргө!
Паул филиппойчуудад “Юуг ч өрсөлдөх сэтгэлээр, эсвэл бардам зангаар бүү хий. Харин даруухнаар бие биеэ өөрөөсөө дээр гэж үзэж, хүн бүр зөвхөн хувийн ашиг сонирхлыг бус, харин бусдын ашиг сонирхлыг хар” хэмээн заажээ.
Нэр төртэй үйлчлэх нь
Сүмд нэр хүнд, алдар нэрийг бусдын төлөө үнэн бөгөөд даруу үйлчлэлийн үнээр эрэлхийлэх нь Есавын эрх дарх юм. Бид энэ дэлхийн шагналыг хүлээн авч магадгүй, гэхдээ энэ нь тэнгэрлэг сайшаалыг алдах асар их үнэ цэнээр ирдэг.
Хүмүүний магтаалыг бус, харин Эцэгийнхээ хүслийн дагуу хийхийг эрэлхийлсэн дөлгөөн, даруу Аврагчийн үлгэр жишээг дагацгаая.
Бусдад үйлчлэхдээ эрч хүч, талархал, нэр төртэй даруу байцгаая. Бидний үйлчлэлийн үйлдэл даруу, энгийн эсвэл үнэ цэн багатай байсан ч бусдад сайхан сэтгэл, өрөвч зөөлөн байдлаараа гар сунган хүрч үйлчилдэг хүмүүс нэг л өдөр Бүхнийг Чадагч Бурханы мөнхийн бөгөөд адислагдсан ач ивээлээр үйлчлэлийнхээ үнэ цэнийг мэдэх болно.
Хайрт ах нар, найз нөхөд минь ээ, “Та нарын дундах хамгийн агуу нь зарц болог” хэмээх Сүмийн удирдлагын мөн санваараар удирдахуйн энэхүү дээд зарчмын талаар бид бясалгаж, ойлгож, үүний дагуу амьдрах болтугай. Энэ бол Багш, Гэтэлгэгчийн ариун нэрээр үлдээх миний залбирал, адислал юм. Есүс Христийн нэрээр, амен.