2010–2019
“Надтай хамт алхагтун”
2017 оны 4-р сар


18:21

“Надтай хамт алхагтун”

Ах нар аа, бидний санваарын томилгоо бол Түүнтэй хамт алхах, Түүний хийдгийг хийх, Түүн шиг үйлчлэх Их Эзэний урилга юм.

Хайрт санваартан ах нар минь, миний өнөөдрийн зорилго бол санваарын үйлчлэлд тань та нарыг магтан сайшааж, хүслийг тань бадраах явдал билээ. Энэ нь зарим талаараа “мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ?” гэж асуусан баян залуутай уулзах үед Аврагчид байсан байх гэж төсөөлдөг зорилготой төстэй юм. (Maтай 19:16) Уг залуу Аврагч дээр ирсний адил та нар хангалттай сайн үйлчилж байгаа эсэхээ мэдэхийн тулд энэ чуулганд ирсэн байж болно. Мөн хийх зүйл их байгааг, магадгүй дэндүү их байгааг та нар мэдэрч байж болох юм. Би та бүхний хийсэн үйлчлэлд Их Эзэний сайшаалыг уламжлахын сацуу Түүний ариун санваарыг атгагчдын хувьд та нарын Түүний тусламжтай хийж чадах зүйлсийг цухасхан ч болов харуулахын төлөө залбирч байна.

Баян залуу Аврагчийг дагахын тулд байгаа бүх эд хөрөнгөө зараад, ядууст өгөх хэрэгтэй болсон. Ирээдүйн өсөлт хөгжил та нараас үүнийг шаардахгүй ч гэлээ тодорхой хэмжээний золиослолыг шаардах болно. Юутай ч миний захиас та нарыг энэ залуу шиг “гунигтайгаар холдон [явахад]” хүргэхгүй гэж би найдаж байна. (Maтай 19:20–22-ыг үзнэ үү.) Харин та нар сайжрах хүсэлтэй мөн чадна гэдэгтээ итгэлтэй байгаа учраас “замаараа баясан [одно]” (С ба Г 84:105) гэдэгт би итгэлтэй байна.

Их Эзэний бидэнд өгсөн дуудлагын талаар бодох үед тодорхой хэмжээгээр хангалтгүй гэдгээ мэдрэх нь хэвийн зүйл. Хэрэв та нар өөрсдийгөө санваарын үүргээ биелүүлэх хангалттай чадвартай гэж хэлсэн бол та нарыг тэдгээрийг сайн ойлгодоггүй юм байна гэж миний санаа зовох байсан. Харин та нар үүрэг хариуцлагууд чадвараас тань хэтэрсэн учир бууж өгмөөр санагдаж байна гэж хэлсэн бол би Их Эзэн Өөрийнхөө санваар атгагчдыг ганцаараа хэзээ ч хийж чадахгүй зүйлийг хийхэд нь хэрхэн чанаржуулж, хүчирхэгжүүлдгийг ойлгоход тань туслах болно.

Энэ нь та нарын болон миний дуудлага дээр ажиглагддаг зүйл юм. Бидний хэн маань ч зөвхөн өөрсдийн мэргэн ухаан, авьяас билигт тулгуурлан санваарын ажлыг сайн хийж чадахгүй. Яагаад гэвэл энэ бол бидний ажил биш харин Түүний ажил юм. Учир нь энэ бол бидний биш, Их Эзэний ажил. Тиймээс та нар ариун ёслолын сүнслэг хүчийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шинээр дуудагдсан дикон эсвэл таньж мэдэхгүй болон таны хайр, үйлчлэлийг хүлээж авах дургүй гэр бүлд хайр, үйлчлэл үзүүлэхээр Их Эзэнээр томилогдсон залуу гэрийн багш эсвэл хатуу ширүүн, дайсагнасан дэлхийд цаг хугацаатай уралдан өсөж буй хүүхдүүдтэй мөн гэртээ зөв шударгаар тэргүүлэх ёстойгоо мэдэж байгаа ч яаж хийхээ төдийлөн сайн ойлгохгүй байгаа эцгийн аль нь ч байсан амжилтад хүрэх цорын ганц арга бол Түүнд найдах явдал билээ.

Иймд хэрэв та нар бага зэрэг зүрхшээж байгаа бол энэ чинь сайны илрэл. Энэ нь Бурханы та нарт хүлээлгэсэн итгэл найдварын ач холбогдлыг ойлгож байгааг харуулдаг. Энэ нь та нар санваар гэж яг юу болох талаар бага зэрэг ойлголттой байна гэсэн үг.

Дэлхий дээр ийм ойлголттой хүн маш цөөн бий. Санваарын талаар боломжийн тодорхойлолт хэлдэг хүмүүс хүртэл үүнийг ойлгодоггүй байж болно. Ариун санваарт үзүүлэх хүндлэл бишрэлийг маань нэмэгдүүлж чадах Сүнслэг хүч чадал агуулсан хэд хэдэн судар байдаг. Тэдгээрээс дурдаж байна.

“… Мелкизедек санваарын хүч хийгээд эрх мэдэл нь сүмийн сүнсний бүх адислалуудын түлхүүрүүдийг атгах нь болой

Тэнгэрийн хаант улсын нууцуудыг хүлээн авах онцгой боломжтой байх, тэнгэрийг тэдэнд нээлгэх, ерөнхий хуралдай хийгээд Ууган Хүүгийн сүмтэй харьцах, мөн Бурхан Эцэг, мөн шинэ гэрээний зууч Есүстэй харьцаж мөн сэтгэл ханамжтай байх нь болой.

… Аароны санваарын хүч хийгээд эрх мэдэл бол тэнгэр элчүүдийн тохинууллын түлхүүрүүдийг атгах … нь болой” (С ба Г 107:18–20).

“Тиймийн тул, [санваарын] ёслолуудад бурханлиг чанарын хүч илэрхийлэгддэг.

Учир нь үүнгүйгээр хүмүүн Бурханы, бүр Эцэгийн нүүрийг үзэж, мөн амьдарч чадах нь үгүй” (С ба Г 84:20, 22).

“Энэхүү дээд санваар [бол] дэлхийн үүслээс байсан жаяг болох [Бурханы] Хүүгийн жаягийн дагуу билээ; эсвээс өөр үгсээр бол, өдрүүдийн эхлэл буюу жилүүдийн төгсгөлгүйгээр бүх зүйлийг зөгнөх мэдлэгийнх нь дагуу, үүрд мөнхөөс бүх үүрд мөнхөд бэлтгэгдсэн билээ” (Aлма 13:7).

“Энэхүү жаяг ба дуудлагын дагуу томилогдсон хүн бүр итгэлээр уулсыг нураах, тэнгисийг хуваах, усыг хатаах, усны урсгалыг эргүүлэх;

үндэстнүүдийн армийг ялан дийлэх, газар дэлхийг хуваах, хүлээс бүрийг тасчих, Бурханы оршихуйд зогсон, бүх зүйлийг түүний хүсэл, зарлигын дагуу хийж, вант улсууд эсвээс хүчнүүдийг эрхшээлдээ оруулах хүчтэй байх бөгөөд энэ нь дэлхийн сууринаас өмнө байсан Бурханы Хүүгийн хүслийн дагуу билээ” (Иосеф Смит Орчуулга, Эхлэл 14:30–31 [Библийн хавсралтад]).

Санваарын хүч чадлын ийм биширмээр дүрслэлийг сонсоод, тэдгээр нь бидэнд боломжгүй зүйл гэж бодож болно. Өөр нэг хариу үйлдэл бол нухацтай асуултуудыг өөрсдөөсөө асуух явдал юм. Жишээлбэл, тэнгэр надад нээгдэхийг би хэзээ нэгэн цагт мэдэрч байсан уу? Хэн нэгэн хүн миний санваарын үйлчлэлийг “тэнгэр элчүүдийн тохинуулал” гэдэг үгсээр дүрслэх болов уу? Би үйлчилдэг хүмүүсийнхээ амьдралд “бурханлиг чанарын хүчийг” авчирдаг уу? Би Бурханы хүслийг биелүүлэхийн тулд шууд эсвэл шууд бус утгаар ч атугай уулыг нурааж, армийн эсрэг зогсон, хэн нэгний хүлээсийг тасчиж эсвэл дэлхийн хүчнүүдийг эрхшээлдээ оруулж байсан уу?

Ингэж өөртөө дүгнэлт хийх нь биднийг Их Эзэний үйлчлэлд илүү ихийг хийж чадна гэсэн мэдрэмжийг үргэлж дагуулдаг. Энэ нь түүнчлэн та нарт илүү ихийг хийн, Их Эзэний гайхамшигт ажилд илүү бүрэн дүүрэн оролцохыг хүсэх мэдрэмжийг төрүүлнэ гэж найдаж байна. Ийм мэдрэмж нь санваарын үйлчлэлийн үр дүнд бий болох ёстой хүн болоход дөхөх анхны алхам юм.

Дараагийн алхам нь Иехова, Енох хоёрын харилцан ярианд дүрслэгдсэн байдаг. Бид Енохыг агуу ёс бус байдал дунд Сионыг байгуулсан хүчирхэг бошиглогч гэдгээр нь мэднэ. Гэвч Енох хүчирхэг бошиглогч болохоосоо өмнө өөрийгөө “залуу, … ярихдаа удаан,” бүх хүнд үзэн ядагдсан гэж үздэг байжээ (Moсе 6:31). Еноход урам зориг өгөхийн тулд Их Эзэний хэлсэн үгсийг сонс. Эдгээр нь түүнчлэн санваартнуудын хувьд бусдад тохинуулахаар дуудагдсан та нарт хандсан Түүний үг мөн. Тухайлбал:

“Мөн Их Эзэн Еноход хэлэв: Урагш одож мөн чамд миний зарлигласанчлан үйлдэгтүн, мөн хүмүүн чамайг цоо хатгах нь үгүй. Амаа нээ, мөн энэ нь дүүргэгдэх болно, мөн би чамд үгийг өгөх болно, учир нь бүх махан бодь миний гарт байдаг, мөн надад сайн санагдсанаар бибээр үйлдэх болно.

Болгоогтун миний Сүнс чам дээр байна, иймийн тул, чиний бүх үгсийг бибээр зөвтгөх болно; мөн уулс чиний өмнө зугтах болно, мөн гол мөрнүүд голдрилоосоо эргэх болно; мөн чибээр надад, мөн би чамд орших болно. Тиймийн тул надтай хамт алхагтун” (Moсе 6:32, 34).

Ах нар аа, бидний санваарын томилгоо бол Түүнтэй хамт алхах Их Эзэний урилга юм. Их Эзэнтэй хамт алхах гэдэг нь ямар утгатай вэ? Энэ нь Түүний хийдгийг хийж, Түүн шиг үйлчилнэ гэсэн үг юм. Тэр тусламж хэрэгтэй хүмүүсийг адислахын тулд өөрийн тав тухыг умартсан учраас бид ч бас үүнийг хийхийг хичээдэг. Тэрээр үл тоомсорлогдсон, тэр ч байтугай нийгмээр гадуурхагдсан хүмүүсийг онцгой анхаардаг байсан учраас бид ч бас үүнийг хийхийг хичээх хэрэгтэй. Эцэгээсээ хүлээн авсан үнэн сургаалыг гэрчлэх нь хэцүү байсан ч гэсэн Тэр үүнийг зоригтойгоор, хайраар хийсэн учраас бид ч бас үүнийг үйлдэх ёстой. Тэр бүх хүнд “Над руу ир” (Maтай 11:28) хэмээн хэлсэн бөгөөд бид бүх хүнд “Түүнд ирэгтүн” гэж хэлдэг. Санваартнууд бидний хувьд бид Түүний төлөөлөгчид. Бид өөрсдийн төлөө бус харин Түүний төлөө үйлддэг. Бид өөрсдийн бус харин Түүний үгсийг ярьдаг. Үйлчилдэг хүмүүс маань бидний үйлчлэлийн ачаар Түүнийг таньж мэддэг.

Биднийг “надтай хамт алхагтун” гэсэн Их Эзэний урилгыг хүлээн зөвшөөрсөн даруйд бидний санваарын үйлчлэлийн мөн чанар өөрчлөгддөг. Бид ганцаараа биш гэдгээ мэдсэнээр энэ нь илүү эрхэм дээд, илүү хийж болохуйц болдог. Есөн жилийн өмнө одоогийн дуудлагадаа үйлчилж эхлэхэд ерөнхийлөгч Томас С.Монсонг толгой дээр минь гар тавих үед би үүнийг хамгийн хүчтэй мэдэрсэн. Уг адислалыг өгч байхдаа тэрээр Аврагчийн “Та нарыг хэн ч хүлээн авлаа гэсэн, тэнд би тэрчлэн байх болно, учир нь би та нарын нүүрний өмнө явах болно. Би та нарын баруун гар талд мөн та нарын зүүнтээ байх болно, мөн миний Сүнс та нарын зүрх сэтгэлд, мөн миний тэнгэр элчүүд та нарыг дэмжихийн тулд та нарын эргэн тойронд байх болно” (С ба Г 84:88) хэмээх үгсийг эш татсан.

Би энэ амлалтад олон удаа найдаж байсан бөгөөд 72 жилийн санваарын үйлчлэлийнхээ турш олон арга замаар биелэхийг нь харсан. Энэ нь намайг ариун ёслол түгээх үүрэг авсан шинэхэн Аароны санваартан байхад тохиолдсон. Би алдаа гаргахаас маш их айсан учир цуглаан эхлэхээс өмнө сүмийн байрны гадаа гарч, Бурханаас тусламж хүсэн залбирч билээ. Хариулт нь ирсэн бөгөөд Их Эзэн надтай хамт байгааг би мэдэрсэн. Түүнийг надад итгэж байгааг мэдэрсэн учраас Түүний ажил дахь өөрийн үүргийг хийж чадахаа мэдэрсэн.

Энэ нь намайг бишопоор үйлчилж байхад бас мэдрэгдсэн. Ноцтой алдаа гаргаад, хүндхэн мөн амьдрал өөрчлөхүйц шийдвэр гаргах болсон нэг эгч над руу залгасан юм. Түүнтэй уулзах үед би асуудлынх нь хариултыг мэдэж байсан боловч түүнд хариултыг хэлж болохгүй бөгөөд тэр үүнийг өөрөө олж авах ёстой гэсэн хүчтэй мэдрэмж төрсөн. Би түүнд “хэрэв та Бурханаас асуувал Тэр танд юу хийхийг хэлэх болно” гэж хэлэв. Тэр Түүнээс асуусан бөгөөд хариулт нь ирсэн гэдгийг хожим хэлсэн юм.

Намайг бишоп байхад өөр нэгэн тохиолдолд цагдаагийн газраас над руу залгав. Нэгэн согтуу жолооч машинаараа банкны байр руу цонхыг нь хагалан орсон байв. Сандарсан жолооч буу шагайсан хамгаалалтын ажилтанг хараад, “Битгий буудаач! Би мормон хүн!” гэж хашгирчээ.

Энэ хөлчүү жолооч саяхан баптисм хүртсэн манай тойргийн гишүүн болж таарав. Би түүнтэй ярилцахаар бишопын өрөөнд хүлээж суухдаа түүнд гэрээгээ зөрчиж, Сүмийг ичгэвтэр байдалд оруулсандаа гэмших зүйл хэлэхээр төлөвлөж байлаа. Гэвч түүний өөдөөс хараад суух үед нэгэн дуу хоолой “би чамд түүнийг миний нүдээр харах боломж олгож байна” гэж хэн нэгэн надтай ярих мэт тов тодорхой хэлэхийг сонсов. Ингээд маш богино хугацаанд миний нүдэнд түүний төрх байдал өөрчлөгдөв. Би балмагдсан залуу эрэгтэйг бус харин Бурханы нэгэн ухаалаг, эрхэмсэг хүүг олж харсан юм. Би гэнэт Их Эзэний түүнийг хайрлах хайрыг мэдэрсэн. Энэ үзэгдэл бидний ярилцлагыг өөрчилсөн бөгөөд намайг ч бас өөрчилсөн.

Би Их Эзэний ажлыг хийхдээ Түүнтэй хамт алхсан эдгээр туршлагаас чухал сургамж олж авсан. Би тэдгээрийн гурвыг нь та бүхэнтэй хуваалцмаар байна. Эхнийх нь Бурхан хамгийн шинэ, залуу диконыг ч анзаарч мөн дэмждэг гэсэн санаа юм. Та нар хэзээ ч өөрсдийгөө хэт өчүүхэн эсвэл чухал бус гэж, мөн Тэр та нарыг болон Түүний нэрээр хийж буй үйлчлэлийг тань анзаардаггүй гэж бодох хэрэггүй.

Хоёр дахь нь Их Эзэний ажил бол зөвхөн асуудлуудыг шийдэх бус харин хүмүүсийг хөгжүүлэх явдал гэсэн сургамж юм. Та нар санваарын үйлчлэлд Түүнтэй хамт алхахдаа, зарим тохиолдолд хамгийн үр дүнтэй санагдсан шийдлүүд хүмүүст өсөж хөгжих боломж олгодоггүй учраас Их Эзэний сонгосон шийдэл байдаггүй гэдгийг олж мэдэж болно. Хэрэв та нар сонсох юм бол Тэр Өөрийн арга замуудыг та нарт заана. Бурханы ажил ба алдар суу нь зүгээр нэг үр дүнтэй байгууллагыг удирдах биш харин “үхэшгүй байдал хийгээд мөнх амьдралыг хүмүүнд тохиолгон авчрах” (Moсe 1:39) явдал гэдгийг санаарай. Ийм учраас л Тэр та бидэн шиг алдаа дутагдалтай мөнх бус хүмүүст санваарын эрх мэдлээ өгч мөн биднийг Түүний ажилд оролцоход урьдаг юм. Бидний өсөлт хөгжил бол Түүний ажил!

Гурав дахь сургамж: Санваарын үйлчлэлд Аврагчтай хамт алхах нь бусдыг харах өнцгийг тань өөрчилнө. Тэрээр танд бусдыг Өөрийнх нь нүдээр харж сурахыг заах болно. Энэ нь гаднах байдлыг биш харин зүрх сэтгэлийг харна (1 Самуел 16:7-г үзнэ үү) гэсэн үг юм. Ийм учраас л Аврагч Симоныг түргэн зантай загасчин бус харин Түүний Сүмийн хад мэт бат бөх ирээдүйн удирдагч Петр гэдгээр нь харж чадсан (Лук 5:1–11-ийг үзнэ үү). Мөн Тэр Закхайг бусдын адил авлигад идэгдсэн татвар хураагч бус харин Абрахамын үнэнч шударга хүү гэдгээр нь харж чадсан (Лук 19:1–9-ийг үзнэ үү). Хэрэв та нар Аврагчтай хамт хангалттай удаан алхвал хүн бүр өнгөрсөн түүхээсээ үл хамааран хязгааргүй чадавхтай гэдгийг харж сурах болно. Мөн та нар Аврагчтай хамт алхсаар байвал Түүнд байдаг бас нэг бэлэг болох хүмүүст өөрсдөдөө буй чадавхаа олж харан мөн наманчлахад нь туслах чадварыг эзэмших болно.

Хүндэт санваартан ах нар минь, бид олон талаараа Христийн амилсны баярын анхны ням гарагт Еммау хүрэх зам дээр алхаж явсан хоёр шавьтай адил юм. Энэ нь амилалтын өглөө байсан боловч тэд амилалт болох эсэхийг мөн амилалт гэдэг нь ямар утгатай болохыг ч баттай мэдэхгүй байсан. Тэд “[Назарын Есүс] Израилийг аврах гэж байсан Нэгэн мөн гэж найдаж” байсан ч амилалтын тухай судруудын заасан бүх зүйлд “итгэхдээ хойрго” байсан юм. Тэднийг ийнхүү ярьж хэлэлцэн явтал “Есүс Өөрөө тэдний дэргэд ирээд, цугтаа алхав. Гэвч тэдний нүд халхлагдаж, Түүнийг таньсангүй. (Лук 24:13-32-ийг үзнэ үү.)

Биднийг санваарын үйлчлэлийн замаар алхах үед Аврагч Есүс Христ бидэнтэй хамт явдаг бөгөөд энэ бол Түүний арга зам гэдгийг би гэрчилж байна. Түүний гэрэл бидний замыг гэрэлтүүлдэг бөгөөд Түүний тэнгэр элчүүд бидний эргэн тойронд байгаа. Санваар гэж юу болох эсвэл үүнийг хэрхэн Түүн шиг ашиглах талаар бид багахан ойлголттой байж болно. Гэвч бид зүрх маань “бидний дотор шатаж” (Лук 24:32) буй мэт мөчүүдэд онцгой анхаарал хандуулбал бидний нүд нээгдэж, амьдрал болон үйлчлэлдээ Түүний мутрыг үзэх болно. Бид Бурханы хүүхдүүдэд аврал авчрах агуу ажилд Түүнтэй хамт ажиллаж мөн үйлчилснээр Түүнийг хамгийн сайн таньж мэддэг гэдгийг би гэрчилж байна. “Учир нь өөрийн үйлчилж байгаагүй, өөрийн танихгүй нэгэн болох, мөн зүрх сэтгэлийн бодол хийгээд зорилтоос нь хол байх эзнээ хүн хэрхэн мэдэх билээ?” (Мозая 5:13). Есүс Христ бол бидний Багш. Энэ бол Түүний Сүм. Бид Түүний санваарыг атгадаг. Бид бүгд Түүнтэй хамт алхахыг болон Түүнийг хэрхэн бидэнтэй хамт алхдаг талаар мэдэж авахыг сонгох болтугай.

Би та бүхэнд Есүс бол Христ, бидний амилсан Их Эзэн мөн болохыг гэрчилж байна. Түүний бидэнд итгэл хүлээлгэн өгсөн санваар бол Түүний нэрээр ярьж мөн үйлдэх хүч гэдгийг би гэрчилж байна. Бид бол залбирлуудыг маань сонсож, хүлээж авсан санваарын үүрэг бүрд маань биднийг хүчирхэгжүүлэхээр Ариун Сүнсийг илгээдэг хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд билээ. Иосеф Смит Эцэг, Хүү хоёрыг харсан. Тэрээр ерөнхийлөгч Томас С.Монсонг хүртэл дамжуулагдан ирсэн мөн түүний өнөөдөр ашиглаж буй санваарын түлхүүрүүдийг хүлээн авсан. Би энэ бүхнийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.