Нэг санаагаар
Бид тэнгэрлэг хувь заяандаа хүрэхийн тулд нэг нэгэндээ хэрэгтэй төдийгүй нэгдмэл байх хэрэгтэй.
Дэлхий дээрх хамгийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг бол хаан эрвээхий юм. Нөхрийнхөө гэр бүлтэй хамт Христийн мэндэлсний баярыг тэмдэглэхээр Мексикт очсон үедээ бид сая сая хаан эрвээхийний өвөлждөг газарт очиж үзсэн билээ. Тэр гайхамшигтай дүр зургийг харан, Бурханы эдгээр бүтээлийн нэгдмэл байдал, тэнгэрлэг хуульд дуулгавартай байгаа жишээг эргэцүүлэн бодоход биширмээр санагдсан.
Хаан эрвээхий бол чадварлаг хөтөч юм. Тэд хааш явах ёстойгоо мэдэхийн тулд нарны чигийг дагадаг. Хавар болгон тэд Мексикээс Канад хүртэл хэдэн мянган километр аялдаг бөгөөд намар болоход Мексик дэх ариун нандин гацуур моддоор дүүрэн тэрхүү ой руугаа буцдаг. Тэд туяхан далавчаа дэвэн дэвсээр жилээс жилд ийнхүү нүүдэллэдэг. Тэд аялж явахдаа шөнө дөлөөр өөрсдийгөө хүйтнээс, араатан амьтдаас хамгаалахын тулд модон дээр бөөгнөрөн цуглардаг.
Ийм эрвээхийнүүдийн бүлгийг калейдоскоп гэж нэрлэдэг юм. Үнэхээр сайхан дүр зураг биш гэж үү? Калейдоскоп дахь эрвээхий бүр өвөрмөц бөгөөд өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Мөн хайраар дүүрэн Бүтээгч хэврэг мэт санагдах эдгээр бүтээлийг амиа аргацаах, аялах, өсөж үржих, цэцэгнээс цэцэг дамжин тоосонцроо цацсанаар амьдралаа цэцэглүүлэн авч явах чадвартай бүтээсэн юм. Эрвээхий бүр нэг нэгнээсээ ялгаатай мөртлөө дэлхийг илүү үзэсгэлэнтэй, үржил шимтэй газар байлгахаар хамтдаа хөдөлмөрлөдөг.
Бид хаан эрвээхийтэй адил Тэнгэрлэг Эцэг эхтэйгээ эргэн нэгдэхийн тулд тэнгэрлэг гэр рүүгээ буцахаар хамтдаа аялж байгаа. Эрвээхийн адил бид “бүтээлтийнхээ хэмжүүрийг дүүр[гэхийн]” тулд амьдрал дундуур биднийг удирдах тэнгэрлэг чадавхтай төрсөн. Хэрэв бид тэдэн шиг зүрх сэтгэлээ нэгтгэвэл Их Эзэн “тахиа дэгдээхийнүүдээ далавчин дороо цуглуулдаг шиг” биднийг хамгаалж, үзэсгэлэнт калейдоскоп болгоно.
Охид, хөвгүүд, залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, ах, эгч нар аа, бид энэ аяныг хамтдаа хийж байгаа. Бид тэнгэрлэг хувь заяандаа хүрэхийн тулд нэг нэгэндээ хэрэгтэй бөгөөд нэгдмэл байх хэрэгтэй. Их Эзэн бидэнд “Нэг байгтун, мөн хэрэв та нар нэг байхгүй аваас, та нар минийх биш болой” хэмээн зарлигласан.
Есүс Христ бол Эцэгтэйгээ хэрхэн нэгдмэл байхын төгс жишээ юм. Тэд зорилго, хайр, ажил үйлсээрээ нэгдэж, “Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтах бөлгөө.”
Бид Эцэгтэйгээ нэгдмэл байх Их Эзэний төгс үлгэр жишээг хэрхэн дагаж, Тэдэнтэй болон нэг нэгэнтэйгээ хэрхэн илүү нэгдмэл байх вэ?
Нэгэн урам зориг өгөхүйц жишээ Үйлс 1:14 дээр гардаг. “[Эрэгтэйчүүд] хэсэг эмэгтэйчүүдийн хамт нэг санаагаар байнга өөрсдийгөө залбиралд зориулж байлаа.”
Үйлс номон дээр хэд хэдэн удаа давтагдсан байдаг “нэг санаагаар” гэсэн хэллэг үнэхээр чухал гэж би боддог бөгөөд тэндээс бид Есүс Христийн дагалдагчид Түүнийг амилсан биетэйгээр тэнгэр рүү дээшлэн одсоны дараа юу хийсэн мөн хичээл зүтгэлийнхээ ачаар ямар адислал хүлээж авсан тухай уншдаг. Мөн Их Эзэний айлчилж, тохинуулсан Америк тив дэх итгэлтнүүдийн дундаас үүнтэй төстэй загварыг олж харах нь чухал юм. “Нэг санаагаар” гэдэг нь санал нэгтэй, нэгдмэл байж, хамтдаа нэгдэн нийлэх гэсэн утгатай.
Итгэлтэй гэгээнтнүүд Есүс Христийн тухай гэрчлэх, Бурханы үгийг хамтдаа судлах, нэг нэгэндээ хайраар тохинуулах зэргийг уг хоёр газарт хоёуланд нь нэгдмэл байдлаар хийсэн.
Их Эзэний дагалдагчид зорилго, хайр, ажил үйлсээрээ нэгддэг байлаа. Тэд хэн гэдгээ, юу хийх ёстойгоо мэддэг байсан бөгөөд үүнийг Бурханыг болон нэг нэгнээ хайрлах хайраар хийсэн. Тэд нэг санаагаар урагшилж буй гайхамшигт калейдоскопын нэг хэсэг байсан юм.
Ариун Сүнсээр дүүрэх, гайхамшгуудыг үзэх, Сүмийн өсөлт хөгжил, ард түмний дундах ямар ч зөрчилдөөнгүй байдал ба Их Эзэн тэднийг бүх зүйлд адисалсан зэрэг нь тэдний хүлээн авсан зарим адислал байв.
Их Эзэнийг хувь хувьдаа мэддэг байсан учраас тэд тийм их эв нэгдэлтэй байсан гэж бид бодож болно. Тэд Түүнтэй маш ойр дотно байсан бөгөөд Түүний тэнгэрлэг номлол, гүйцэтгэсэн гайхамшгууд болон Амилалтын гэрчүүд байсан. Тэд Түүний мутар болон хөлөн дэх сорвийг харж, мэдэрсэн бөгөөд Түүнийг амлагдсан Мессиа, дэлхийн Гэтэлгэгч гэдгийг баттай мэдэж байсан юм. Тэд “Түүнийг бүхий л эдгэрэл, амар амгалан, мөнхийн өсөлт хөгжлийн эх сурвалж” гэдгийг мэддэг байв.
Хэдийгээр бид Аврагчийг нүдээрээ хараагүй ч амьдардаг гэдгийг нь мэдэж чадна. Бид Түүн рүү ойртохын хэрээр мөн Түүний тэнгэрлэг номлолын талаар Ариун Сүнснээс хувийн илчлэлт хүлээн авахыг эрэлхийлэхийн хэрээр зорилгоо илүү сайн ойлгодог болно. Бурханы хайр бидний зүрхэнд оршин, гэр бүл, тойрог, нийгмийнхээ калейдоскопт нэгдмэл байх шийдвэр гаргаснаар бид нэг нэгэндээ “илүү шинээр, илүү сайхнаар” үйлчлэх болно.
Бурханы хүүхдүүд тусламж хэрэгтэй нэгэндээ туслахаар Сүнсээр хамтдаа удирдуулах үед гайхамшиг тохиодог.
Бид гай зовлон учирсан хүмүүст үзүүлсэн нөхөрсөг хайрын тухай олон түүхийг сонсож байсан. Жишээлбэл, өнгөрсөн жил Хьюстон хотод их үер болоход хүмүүс өөрсдийнхөө хэрэгцээг умартан, бусдыг аврахаар явцгаасан билээ. Ахлагчдын чуулгын ерөнхийлөгч сүмийнхнээс тусламж хүсэхэд хүмүүс 77 завь бүхий бүлгийг тэр даруй зохион байгуулав. Аврагчид үерт автсан хэсгээр явж, гэр бүлүүдийг бүхэлд нь цуглааны байр руу зөөн аваачиж, хоргодох байр болон бусад нэн хэрэгцээт зүйлсээр хангасан юм. Гишүүд болон гишүүн бус хүмүүс зорилго нэгтэй хамтдаа ажилласан.
Чилийн Сантьягод Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Гаитигаас орон нутагт нь ирсэн цагаачдад туслахыг хүсжээ. Тэр санваарын удирдагчидтайгаа зөвлөлдсөнөөр бусад удирдагчийн хамт цагаачдад шинэ нутагтаа илүү сайн дасан зохицоход нь туслахаар испани хэлний хичээл заах санаа дэвшүүлжээ. Бямба гаргийн өглөө бүр номлогчид суралцах чин хүсэлтэй суралцагчидтайгаа уулздаг. Тэрхүү байшин доторх нэгдмэл байдлын мэдрэмж өөр өөр нөхцөл байдалтай ч нэг санаагаар үйлчилж буй хүмүүсийн урам өгөхүйц жишээ юм.
Мексикт зуу зуун гишүүн хоёр томоохон газар хөдлөлтийн хохирогчдод туслахаар олон цаг аялжээ. Тэд багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авчирсан ба хөршөө хайрлах сэтгэл өвөрлөн ирсэн байв. Сайн дурынхныг манай цуглааны байранд заавар авахаар цугласан байх үед Исуатан хотын дарга тэднээс “Христийн цэвэр хайрын” илэрхийллийг хараад, нулимс дуслуулан уйлсан гэдэг.
Их Эзэн одоо бидэнд санваарын чуулга, Халамжийн нийгэмлэгтээ хамтдаа зөвлөлдөх боломжийг сар бүр олгож байгаа бөгөөд ингэснээр бид өөрсдийн таарч тохирдог, бидний хэрэгцээ байдаг газар болох тойрог, салбарынхаа калейдоскоп дахь илүү идэвхтэй оролцогч байж чадна.
Бидний зам харгуй өөр өөр ч гэлээ, бид хамтдаа аялж байгаа. Бидний явж буй зам бидний юу хийсэн эсвэл хаана байснаас биш, харин нэгдмэл байснаар хаашаа явж мөн хэн болж байгаагаас шалтгаална. Бид Ариун Сүнсээр удирдуулан хамтдаа зөвлөлдөх үедээ хаана байгаагаа мөн хаана байх хэрэгтэйгээ мэдэж чадна. “Илчлэлт бидний дунд тархсан” учраас Ариун Сүнс бидэнд эгэл нүдээрээ харах боломжгүй алсын харааг өгдөг бөгөөд бид хүлээн авсан илчлэлтээ нэгтгэж, нэгэн бүхэл болгосноор илүү тодорхой харж чадна.
Бид нэгдмэл байдлаар ажиллах үедээ Их Эзэний хүсэл тааллыг эрэлхийлж, үйлдэхэд зорилгоо чиглүүлж, Бурханыг болон хөршөө хайрлах хайрыг хөдөлгөгч хүчээ, “шаргуу хөдөлмөрийг” хамгийн агуу хүслээ болгох ёстой. Ингэснээр бид Аврагчийн алдар суутай ирэх замыг бэлтгэж чадна. Бидний үүнийг хийж чадах цорын ганц арга зам бол “нэг санаатай” байх явдал билээ.
Хаан эрвээхийн адил бид бүгд өөр өөрийн зан байдал, хувь нэмрээр энэ дэлхийг илүү үзэсгэлэнтэй, үржил шимтэй газар байлгахын төлөө жижиг жижиг алхмаар, нэг зорилготойгоор, Бурханы зарлигуудыг даган аяллаа үргэлжлүүлэх болтугай.
Их Эзэн Есүс Христ биднийг Өөрийнх нь нэрээр хамтдаа цугласан үед бидний дунд байх болно гэж амласан. Тэрээр амьд бөгөөд өнөөдрийнх шиг хаврын сайхан өглөө амилсан гэдгийг би гэрчилж байна. Тэрээр бүхий л хаадын дээрх хаан бөгөөд “хаадын Хаан, эздийн Эзэн” билээ.
Бид Ариун Сүнсээр удирдуулан Эцэг болон Түүний Төрсөн Ганц хүү дотор нэг байх болтугай хэмээн би даруухнаар залбирч байна. Есүс Христийн нэрээр амен.