Ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү?
Сүмийг үндэслэн байгуулахын тулд Иосеф, Хайрум Смит хоёрын болон өөр олон итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүдийн төлсөн төлөөсийг бид ямагт санаж байх ёстой.
Ерөнхийлөгчөө, гайхалтай сайхан нээлт хийсэнд баярлалаа. Ах эгч нар аа, 215 жилийн өмнө Нэгдсэн Улсын зүүн хойд хэсэгт байрлах Шинэ Англи хэмээх бүс нутгийн Вермонтод Иосеф, Люси Мак Смит хоёрын гэрт нэгэн бяцхан хүү төржээ.
Иосеф, Люси Мак хоёр Есүс Христэд итгэдэг, ариун судраас суралцдаг, чин сэтгэлээсээ залбирдаг, Бурханд итгэх итгэлийнхээ дагуу амьдарч, үйлддэг хүмүүс байв.
Тэд дөнгөж төрсөн бяцхан хүүгээ Бага Иосеф Смит хэмээн нэрлэжээ.
Смитийн гэр бүлийн талаар Бригам Янг ийн хэлсэн байдаг. “Их Эзэн түүнийг, мөн эцгийг нь, мөн эцгийнх нь эцгийг, мөн эцэг өвгөдөөс нь Абрахам хүртэл, Абрахамаас үер хүртэл, үерээс Енох хүртэл, Енохоос Адам хүртэл харж хандаж байсан. Тэрбээр энэ гэр бүлийг, энэ удмынхныг, тэрчлэн энэ хүнийг төрүүлсэн удам угсааных нь олон үеийг дээрээс харж байжээ. [Иосеф Смит] үүрд мөнхөд урьдчилан томилогдсон байв.”1
Гэр бүлийнхнийхээ хайрыг татсан Бага Иосеф өөрийг нь төрөхөд зургаан настай байсан ах Хайрумтайгаа бусдаас илүү ойр дотно байжээ.
Өнгөрсөн 10-р сард, Иосефын төрсөн Вермонтын Шерон дахь Смитийн жижигхэн байшингийн зуухны доорх чулуун хавтан дээр суух боломж надад олдсон юм. Би Иосефыг гэх Хайрумын хайрыг мэдэрч, түүнийг нялх дүүгээ тэвэрч, хөлд ороход нь тусалж байсан байх даа гэж бодож суув.
Иосефын аав, ээж хоёр нь хувийн асуудлаас болж Нью-Инглэндийг орхиж, Нью-Йорк мужийн баруун зах руу нүүх зоримог шийдвэр гаргах хүртлээ гэр бүлээрээ олон удаа нүүж байжээ.
Гэр бүл нь эвтэй найртай байсан тул тэд эдгээр бэрхшээлийг даван гарч, Нью-Йоркийн Палмиратай ойролцоо орших Манчестерийн зуун акр (0.4 км2) ой модтой том эдлэн газарт бүхнийг шинээр эхлүүлэх хүндхэн ажилд хамтдаа ханцуй шамлан орсон юм.
Газраа цэвэрлэх, цэцэрлэгжүүлэх, тариа тариалах, дүнз модоор жижигхэн байшин болон фермийн бусад байгууламжийг барих, өдрийн хөлсний ажил хийх, гэрээрээ бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн хотод оруулж зарах гэх мэт Смитийн гэр бүл амьдралаа шинээр эхлүүлэхдээ ямар их биеийн болон сэтгэл санааны зовлон бэрхшээлтэй тулгарч байсныг бидний ихэнх нь төсөөлж ч чадахгүй байх.
Тэдний гэр бүлийг баруун Нью-Йоркт ирэх үеэр тухайн бүс нутагт Хоёр дахь их сэрэлт гэх шашны хөдөлгөөн өрнөж байв.
Шашны бүлэглэлүүдийн дунд хэлэлцүүлэг, хэрүүл тэмцэл өрнөж байсан энэ үеэр Иосеф орчин үед Анхны үзэгдэл хэмээн нэрлэгддэг гайхамшигт үзэгдлийг харсан билээ. Бидэнд энэ талаар өгүүлсэн дөрвөн үндсэн тэмдэглэл байдаг ба би тэдгээрээс энд эш татна.2
Иосеф “Энэхүү [шашны] их үймээний үед миний оюун буурь суурьтай бясалгал хийгээд их хүндрэлд учраад байв; хэдийгээр миний бодол санаа гүн гүнзгий хийгээд хурц байсан хэдий ч, хэдийгээр би тэдний зарим нэг цуглаануудад их төлөв тохиолдлын байдлаар оролцдог байсан ч гэсэн, би эдгээр бүх бүлгүүдээс өөрийгөө хол байлгадаг байлаа. … [Гэвч] шашны янз бүрийн бүлгүүдийн дундах будлиан хийгээд сөргөлдөөн тийм их байсан нь, хүмүүс болон юмстай төдийлөн танилцаж амжаагүй миний мэт залуу хүний хувьд, хэнийх нь зөв, бас хэнийх нь буруу байсан тухайд ямар нэг тодорхой дүгнэлт хийх боломжгүй байв”3 хэмээн бичсэн байдаг.
Иосеф Смит асуултынхаа хариултыг олж авахаар Библи рүү хандсан ба Иаков 1:5 дээр “Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүй өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно”4 гэснийг уншив.
Тэрээр “Судрын ямар ч хэсэг надад энэ цаг үед орж ирсэн шиг ийм хүчтэй хүмүүний зүрх сэтгэлд орж байгаагүй. Энэ нь миний зүрх сэтгэлийн бодол болгонд агуу хүчтэйгээр нэвтрэн орох мэт санагдаж билээ. Би энэ талаар дахин дахин тунгаан бодсон”5 хэмээн цохон тэмдэглэжээ.
Библид амьдралын бүх асуултын хариулт байхгүй, харин энд асуултынхаа хариултыг залбирлаар дамжуулан, Бурхантай харилцсанаар олж авах боломжтой гэдгийг эрэгтэй, эмэгтэй хүмүүст заасныг Иосеф ухааран ойлгосон юм.
Тэр цааш нь “Ийнхүү, үүнийг Бурханаас асуухаар би нэгэнтээ шийдсэний дагуу би оролдоод үзэхээр ой уруу очив. Энэ бол нэг мянга найман зуун хорин оны хаврын нэгэн сайхан, цэлмэг өдрийн өглөө байлаа”6 хэмээн нэмж бичжээ.
Энэ явдлаас хойш удалгүй Иосеф “Мөнөөх гэрэл над дээр тогтоход гялалзсан өнгө хийгээд алдар сууг нь дүрслэхийн аргагүй хоёр Хүн миний дээр агаарт зогсож байхыг би харав. Тэдний нэг нь надтай ярьж, намайг нэрээр минь дуудан мөн нөгөөх уруугаа зааж хэлэв—[Иосеф,] Энэ бол Миний Хайртай Хүү. Түүнийг сонс!7 гэсэн” гэж хэлжээ.
Аврагч дараа нь “Иосеф, хүү минь нүглүүд чинь өршөөгдсөн. Өөрийн замаар явж, тогтоолуудыг маань сахиж, тушаалуудыг минь дага. Харагтун, би бол алдар суугийн Их Эзэн. Би дэлхийн төлөө цовдлогдсон бөгөөд миний нэрэнд итгэгч бүгд мөнх амьдралыг хүртэж болно”8 хэмээн хэлсэн юм.
Иосеф цааш нь “Тиймийн тул, удалгүй, би биеэ эзэмдэж, тийнхүү ярих чадалтай болоод, бүх урсгалуудаас аль нь зөв болохыг, … миний дээр гэрэл дотор зогсож байсан Хүмүүсээс асуув.”9
Тэрээр “Тэд надад бүх шашны бүлгүүд буруу сургаалд итгэдэг ба аль нь ч Бурханаар Түүний сүм эсвэл хаант улс хэмээн зөвшөөрөгдөөгүй байсныг хэлсэн. Сайн мэдээний бүрэн байдал ирээдүйд надад илчлэгдэх болно гэсэн амлалтыг би хүлээн авсан байлаа”10 хэмээн дурсан ярьжээ.
Иосеф мөн “Би энэ үзэгдэлд олон тэнгэр элчийг харсан”11 хэмээн цохон тэмдэглэжээ.
Алдар суут үзэгдэл үзсэнийхээ дараа Иосеф “Бодгаль минь хайраар дүүрч, би олон өдөр агуу их баяр баясгаланг мэдэрсэн. … Их Эзэн надтай хамт байв”12 хэмээн бичсэн байна.
Тэр Ариун ойн цоорхойгоос Бурханы бошиглогч болох бэлтгэлээ эхлүүлэхэд бэлэн гарч ирсэн.
Иосеф эртний бошиглогчдын нэгэн адил нүд үзүүрлэгдэн, эсэргүүцэл, хавчлагатай тулгарч эхэлсэн юм. Иосеф өөрийн харсан, сонссоныг шашны сэргэлтийн явцад идэвхтэй оролцож байсан нэгэн тохинуулагчтай хуваалцсанаа дурсжээ. Тэрээр:
“Түүний ааш авирт би нэн их гайхав; тэр миний ярьсан зүйлд зөвхөн хөнгөмсөг хандсан төдийгүй; эдүгээ үед үзэгдэл буюу илчлэлт мэтийн юмс байдаггүй, энэ мэтийн зүйлүүд төлөөлөгчдөөр дууссан, мөн тэдгээрээс аль нь ч цаашид хэзээ ч байхгүй байх болно хэмээн хэлж, харин ч бүр ихэд зэвүүцсэн байдалтай хандав.
Гэвч миний өгүүлж буй түүх сүсэг бишрэл тунхаглагчдын дунд миний эсрэг агуу атаа хорслыг дэвэргэж, мөн улам өсөн нэмэгдэж буй агуу мөрдлөг хавчлагын шалтгаан болж байсныг би төдөлгүй ойлгов”13 хэмээжээ.
Гурван жилийн дараа буюу 1823 онд эцсийн өдрүүдэд Есүс Христийн сайн мэдээг үргэлжлүүлэн сэргээх ажлын нэгэн хэсэг болж тэнгэр дахин нээгдсэн юм. Моронай гэгч тэнгэр элч түүнд үзэгдэн, “надад зориулсан хийх нэгэн ажил Бурханд бий гэдгийг, мөн … алтан ялтсууд дээр бичиглэгдсэн, … нэгэн ном хадгалагдсаныг,” түүнчлэн “[Америк тивүүдийн] эртний оршин суугчдад хүргэгдсэн үүрдийн Сайн мэдээний бүрэн байдал үүнд агуулагдсаныг”14 хэлсэн гэж онцлон дурджээ.
Эцэст нь Иосеф эртний цэдгийг авч, орчуулан, хэвлэн гаргасан бөгөөд үүнийг өнөөдөр Мормоны Ном гэдэг нэрээр мэднэ.
Түүнийг байнга дэмждэг, ялангуяа 1813 онд маш хүнд, аминд аюултай хөлний мэс засалд орсноос нь хойш түүнийг дэмжин тусалж байсан ах Хайрум нь алтан ялтаснуудыг гэрчлэх гэрчүүдийн нэг байсан юм. Тэр бас 1830 онд Есүс Христийн Сүмийг зохион байгуулагдахад байсан зургаан гишүүний нэг байв.
Амьдралынхаа туршид Иосеф, Хайрум хоёр халдлага, хавчлагыг хамтдаа туулж байв. Жишээлбэл, тэд 1838–1839 оны хүйтэн өвөл, таван сарын туршид Миссури дэх Либерти шоронд хамгийн хүнд нөхцөлд зовж байсан.
1839 оны 4-р сард Иосеф Либерти шорон дахь нөхцөл байдлаа эхнэр Эммадаа дүрслэн бичжээ. “Би ганцаардмал, харанхуй бохир шоронгийн дөрвөн хананы дунд өдөр шөнөгүй манах харуулын аймшигт харцан дор, сараалжин цонх, хяхнасан төмөр хаалганы цаана сууснаас хойш таван сар зургаан өдөр болж байна гэж би бодож байна. … Ямар ч байсан биднийг энэ [газраас] удахгүй нүүлгэх бөгөөд юу ч тохиолдсон байсан бид баяртайяа хүлээн авна. Бидэнд юу ч тохиолдсон бай эндээс муу газар луу орохгүй нь лавтай. … Миссуригийн Клей гүнлэгийн Либерти шорон руу дахин орохыг хүсэх юм биш. Энд өнгөрүүлсэн хугацаа насан туршид бидэнд хангалттай.”15
Хавчлагын үеэр Хайрум, хүсвэл дайснуудынхаа гараас мултарч чадна гэсэн Их Эзэний өгсөн амлалтад итгэж байгаагаа харуулж байсан юм. 1835 онд Иосеф Смитийн гараас хүлээн авсан адислалд Их Эзэн Хайрумд “Чамд дайсныхаа гараас мултрах хүч өгөгдөх болно. Чиний амийг хөнөөхөөр цуцалтгүй мөрдөж мөшгөх ч чи мултарч чадна. Хэрэв чиний таалалд нийцэж, мөн чи хүсэх аваас, Бурханыг алдаршуулахаар өөрийн хүслээр амиа өгөх хүч чамд байх болно”16 хэмээн амласан байдаг.
1844 оны 6-р сард Хайрумын өмнө, амьдрах уу эсвэл хайрт дүү Иосефтойгоо мөр зэрэгцэн Бурханыг алдаршуулахын тулд амиа өгч, “өөрийн гэрчлэлийг цусаар лацдах”17 уу гэсэн сонголт гарч ирсэн юм.
Танигдахгүйн тулд нүүрээ будаж, зэвсэглэсэн танхай бүлгийнхэнд харгис зэрлэгээр алуулахаар Картейж руу явах тэрхүү золгүй үйл явдал болохоос долоо хоногийн өмнө Иосеф “Би өөрийн ах Хайрумд гэр бүлээ аваад дараагийн усан онгоцонд суун, Цинциннати орохыг зөвлөсөн” гэж бичжээ.
Хайрум түүнд “Иосеф минь, би чамайг орхиж чадахгүй”18 гэж хариулсныг санахад өр зүрх минь эмтэрдэг.
Тиймээс Иосеф, Хайрум хоёр Картейж руу явж, тэндээ Христийн үйл хэрэг, нэрийн өмнөөс амиа өгсөн юм.
Алагдсан тухай албан ёсны мэдээнд дараах зүйлийг дурджээ. “Хорьхон жилийн богинохон хугацаанд тэрбээр Бурханы бэлэг хийгээд хүчээр өөрийн орчуулсан Мормоны Номыг урагш авчран, мөн үүнийг хоёр тивд хэвлүүлсэн арга хэрэгсэл нь болсон билээ; тэрбээр үүний агуулсан үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг дэлхийн дөрвөн хязгаарт илгээв; хүмүүний үрсийн ашиг тусын төлөө Сургаал ба Гэрээний энэ номыг бүрдүүлсэн илчлэлтүүд хийгээд зарлигууд мөн мэргэн ухааныг агуулсан бусад олон баримт бичиг хийгээд заавруудыг урагш авчрав; Хожмын үеийн мянга мянган Гэгээнтнүүдийг цуглуулан агуу хотыг үндэслэн байгуулж, мөн устгагдаж эс чадах алдар хийгээд нэрийг үлдээв. … Мөн Их Эзэний эрт дээр үеийн томилогдогсдын адил [Иосеф] өөрийн үүрэг зорилго хийгээд өөрийн ажлуудыг цусаараа лацадсан бөлгөө; мөн түүний ах Хайрум ч бас ингэсэн билээ.. Амьдралд тэд салсан нь үгүй, мөн үхэлд тэд тусдаа байсан нь үгүй!”19
Аллагын дараа Смитийн гэр бүлийнхэнд хайртай хүмүүсийг нь харуулахын тулд Иосеф, Хайрум хоёрын цогцсыг Наувуд эргүүлэн авчирч, угааж цэвэрлэн, хувцасласан байсан. Тэдний хайртай ээж “Би урт хугацааны туршид өөрийгөө хэр чадлаараа барьж, бодгалийнхаа хамаг хүчийг шавхан, Бурханы нэрийг дуудан өөрийгөө хүчирхэгжүүлэхийг хүссэн ч өрөө рүү орж, хоёрын хоёр хүүгээ алуулсан байхыг өөрийн нүдээр үзэн, мөн гэр бүлийнхнийхээ уйлж, орилохыг болон эхнэр, үр хүүхэд, ах эгч дүү нарынх нь амнаас гарах гашуудах дууг сонсоход үнэхээр хүнд байв. Би арагш суун, Их Эзэнд хандан гашуудах бодгалийнхаа гүнээс ‘Бурхан минь, Бурхан минь, юунд Та энэ гэр бүлийг орхив!’”20 хэмээн дурсжээ.
Уй гашуу, зовлонгийн тэрхүү мөчид тэр “Ээж ээ, бидний төлөө битгий уйл. Бид ертөнцийг хайраар ялж чадсан”21 хэмээн тэдний хэлэхийг сонссоноо дурссан байдаг.
Тэд үнэхээр ертөнцийг ялсан юм. Иосеф, Хайрум Смит хоёр Илчлэл номд “үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ. Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.
Тэд цаашид өлсөх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд шарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй.
Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бөгөөд амийн усны булгууд өөд хөтлөх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно”22 хэмээн цэдэглэгдсэн итгэлтэй гэгээнтнүүдийн адил байсан юм.
Бид баярт үйл явдал болох Анхны үзэгдлийн 200 жилийн ойн баярыг тэмдэглэхдээ, Сүмийг үндэслэн байгуулж, та бидэнд өнөөдөр олон адислалаас хүртэж, энэ бүх илчлэгдсэн үнэнүүдийг өгөхийн тулд Иосеф, Хайрум хоёрын болон өөр олон итгэлтэй эрэгтэй, эмэгтэй хүн болон хүүхдүүдийн төлсөн төлөөсийг ямагт санаж байх ёстой. Тэдний итгэлийг хэзээ ч мартах ёсгүй!
Яагаад Иосеф, Хайрум хоёр болон тэдний гэр бүлийнхэн тийм их зовлон шаналал амсах ёстой байсан юм бэ гэж би байнга боддог. Магадгүй тэд зөвхөн өөрсдийн зовлон шаналлаар л дамжуулан мэдэх боломжтой арга замаар Бурханыг таньж мэдсэн байж ч болох юм. Зовлонгоороо дамжуулан тэд Гетсаманид болон Аврагчийн загалмай дээрх зовлон шаналлын талаар тунгаан бодсон. Паул “Учир нь Христийн төлөө Түүнд зөвхөн итгэх бус, Түүний төлөө бас зовох нь та нарт соёрхогджээ”23 хэмээн хэлсэн.
Иосеф 1844 онд нас барахаасаа өмнө, нэгэн урам зориг хайрласан захидлыг гэгээнтнүүдэд бичжээ. Уг захидал нь өнөө үед ч Сүмд өгөгдсөөр байгаа үйлдэх уриа байсан юм.
“Ах [эгч] дүүс минь, ийм агуу учир шалтгааны төлөө бид урагш явахгүй гэж үү? Арагшаа биш, харин урагшаа явагтун. Зориглогтун, ах [эгч] дүүс минь тэгээд ялалт өөд ахь! …
… Тиймийн тул, бид сүм болон хүмүүсийн хувьд, мөн хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд Их Эзэнд зөв шударга байдалд өргөл өргөцгөөе.”24
Бид амралтын энэ өдрүүдэд 200 жилийн ойг тохиолдуулсан баярын үеэр Сүнсийг сонссоноор, ирэх өдрүүдэд зөв шударгаар Их Эзэнд ямар өргөл өгөхөө эргэцүүлэн бодоорой. Зоригтой бай. Итгэдэг хүнтэйгээ хуваалц. Хамгийн гол нь үүнийг хийхэд цаг зав гаргаарай.
Иосеф, Хайрум гэх гайхамшигтай хоёр ах дүүгийн болон бусад итгэлтэй гэгээнтний үнэнч шударга сэтгэлийн өргөлийг Аврагч таалсны адил биднийг сэтгэл зүрхнийхээ угаас, зөв шударга өргөлөө Түүнд өргөн барихад Тэрээр таална гэдгийг би мэднэ. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр чин сэтгэлээсээ гэрчилж байна, амен.