Итгэлийн залбирлууд
Бид итгэлтэйгээр залбирвал Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэж буй энэ үед бид Түүний ажлын чухал хэсэг болох болно.
Ерөнхий чуулганы энэхүү эхний хуралдааныг нээж хэлсэн ахлагч Мэйнсийн залбирлын хариу ирж байна. Гайхамшигтай захиас, сайхан дуу хөгжмөөр дамжуулан бидэнд сүнслэг өдөөлт ирлээ. Энэ чуулган дурсамжтай болно гэсэн ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны амлалт аль хэдийн биелж эхлээд байна.
Ерөнхийлөгч Нэлсон энэ жилийг “Бурхан Эцэг, Түүний Хайрт Хүү Есүс Христ хоёрын Иосеф Смитэд үзэгдсэнээс хойших 200 жилийн ойг тэмдэглэх” жил болгон зарласан билээ. Ерөнхийлөгч Нэлсон биднийг энэхүү түүхэн чуулганд өөрсдийгөө бэлтгэх хувийн төлөвлөгөө гаргахад урьсан бөгөөд энэхүү тэмдэглэлт чуулганыг “Сүмийн түүхэнд өөрчлөлтийн чухал цэг болох бөгөөд та нарын оролцоо маш чухал”1 гэж хэлсэн.
Та түүний захиасыг сонсоод, өөрөөсөө “Миний оролцоо яагаад чухал юм бол?” хэмээн миний адил асуусан байж магад. Та Сэргээлтийн үйл явдлуудын талаар уншиж, залбирсан байж болох юм. Магадгүй та Бурхан Эцэг Өөрийн Хайрт Хүүг танилцуулсан цөөхөн тохиолдлуудын талаарх түүхийг урьд урьдынхаасаа илүү уншсан болов уу. Аврагч Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүдэд хандан ярьсан жишээнүүдийг та уншсан байж магад. Би энэ бүгдээс гадна өөр олон зүйл хийсэн.
Би унших явцдаа Бурханы санваар болон эрин үеийн нээлтийн талаарх эшлэлүүдийг олсон. Би энэ чуулганд бэлтгэж байгаа маань миний хувийн түүхэнд өөрчлөлтийн чухал цэг болж байгааг ухаараад дарууссан юм. Би зүрх сэтгэлдээ өөрчлөлт гарахыг мэдэрсэн. Би талархлын шинэ мэдрэмжийг авсан. Үргэлжилж буй Сэргээлтийг тэмдэглэн өнгөрүүлэх энэхүү үйл явдалд оролцохоор уригдсандаа би баяр баяслаар дүүрсэн.
Би бусад хүнийг хүчин чармайлт гарган бэлтгэсэн учир илүү баяр хөөр, өөдрөг байдал болон Их Эзэнд хэрэгтэй байгаа ямар ч ажилд үйлчлэх илүү шийдэмгий байдлыг мэдэрч байгааг нь төсөөлж байна.
Бидний хүндэтгэн дурсаж байгаа гайхамшигт үйл явдлууд нь бошиглогдсон эцсийн эрин үеийн эхлэл байсан бөгөөд энэ үед Их Эзэн Өөрийн Сүмийг мөн Өөрийг нь хүлээн авахаар Өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн Өөрийн хүмүүсийг бэлтгэж байгаа. Өөрийг нь ирэхэд бэлтгэх бидний бэлтгэлийн нэг хэсэг болгож, Тэр бидний хүн нэг бүрийг өргөх бөгөөд тэгснээр бид дэлхийн түүхэнд урьд өмнө гарч байгаагүй сүнслэг бэрхшээлүүдийг сөрөн зогсож, боломжуудыг ашиглаж чадах болно.
1840 оны 9-р сард бошиглогч Иосеф Смит ба Тэргүүн Зөвлөл дэх түүний зөвлөхүүд дараах мэдэгдлийг хийжээ. “Эдгээр эцсийн өдрүүд дэх Их Эзэний ажил бол мөнх бус хүмүүсийн хувьд туйлын өргөн цар хүрээтэй, тэдний ойлголтоос бараг хэтэрсэн зүйл мөн. Үүний алдар суу болон сүр жавхланг нь төсөөлж, үгээр дүрслэхийн аргагүй юм. Энэ нь дэлхийн бүтээлтээс эхлэн өнөө үеийг хүртэлх үе үеийнхнийг дамжин бошиглогчид болон зөв шударга хүмүүсийн зүрх сэтгэлд оршсоор ирсэн сэдэв юм. Энэ нь үнэхээр тэнгэрт ч, газар дээр ч бүх зүйлс Христ Есүс дотор оршиж, Түүний дотор нэгдэн, дэлхийн эхлэлээс хойш бүх ариун бошиглогчдын хэлсээр ирсэн бүх зүйл сэргээгдэх цаг хугацааны бүрэн байдлын эрин үе мөн. Учир нь энэ эрин үед эцгүүдэд хийсэн амлалтууд ялгууснаар гүйцэлдэн, Бүхнээс Дээдийн хүчний илэрхийлэл аугаа, алдар суутай, сүр жавхлантай байх болно.”
Тэд үргэлжлүүлэн ийн хэлжээ. “Бид хаант улсыг байгуулахын төлөө мөн хаант улс болон санваарыг бүрэн байдал хийгээд бүрэн алдар суугаар нь үндэслэн байгуулахад урагш ахиж, эрч хүчээ нэгтгэн цэгцэрч байна гэж санагдана. Эцсийн өдрүүдэд гүйцэлдүүлэх ёстой ажил нь туйлын чухал бөгөөд энэ нь бошиглогч [Даниел]-ийн дүрсэлснээр алдар суу болон сүр жавхлантайгаар урагш ахихын тулд гэгээнтнүүдээс эрч хүч, ур дүй, авьяас билэг, чадвараа ашиглахыг шаардах болно [Даниел 2:34–35, 44–45-ыг үзнэ үү]. Ийм өргөн цар хүрээтэй, аугаа ажлыг гүйцэлдүүлэх нь анхаарал, хүч чармайлтаа байнга төвлөрүүлэхийг гэгээнтнүүдээс шаардана.”2
Илчлэгдэж байгаа Сэргээлтэд бидний юу хийх, хэзээ хийх талаар олон тодорхой мэдээлэл хараахан илэрхий болоогүй байгаа. Гэсэн хэдий ч Тэргүүн Зөвлөл эхэн үеийн тэр өдрүүдэд ч Их Эзэний бидний өмнө тавьсан ажил хэр өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий болохыг мэдэж байсан. Тохиолдоно гэж бидний мэдэж байгаа зүйлсийн цөөн хэдэн жишээг дурдъя.
Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдээр дамжуулан Өөрийн сайн мэдээний бэлгийг “бүх үндэстэн, ястан, хэлтэн мөн хүмүүст”3 боломжтой болгох болно. Хүч чадал болон өсөн нэмэгдэх итгэлтэйгээр тохинуулдаг “хүмүүсийн загасчид”4 болох хувь хүмүүсийн адил технологи болон гайхамшгууд үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэх болно.
Бүлэг хүмүүсийн хувьд бид өсөн нэмэгдэж байгаа зөрчилдөөн дунд илүү нэгдмэл болох болно. Бид сайн мэдээний гэрлээр дүүрсэн гэр бүлүүдэд болон бүлгүүдийн сүнслэг хүч чадлаар цугларах болно.
Бүр үл итгэгч дэлхийнхэн хүртэл Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг мэддэг болж, үүн дээрх Бурханы хүчийг ухаарах болно. Итгэлтэй, зоригтой шавь нар өдөр тутмын амьдралдаа айж эмээлгүйгээр, даруухнаар мөн ил тодоор Христийн нэрийг өөрсөд дээрээ авах болно.
Тэгвэл бидний хүн нэг бүр ийм агуу, сүр жавхлант энэхүү ажилд хэрхэн оролцож чадах вэ? Ерөнхийлөгч Нэлсон хэрхэн сүнслэг хүчинд өсөх талаар бидэнд заасан. Бид Есүс Христэд өсөн нэмэгдэх итгэлийнхээ улмаас наманчлалыг баяр хөөртэй боломж гэж үзэх үедээ болон Тэнгэрлэг Эцэг залбирал болгоныг маань сонсдог гэдгийг ойлгож, итгэх үедээ, мөн зарлигуудыг сахиж, тэдгээрийн дагуу амьдрахаар хичээх үедээ үргэлжлэн ирэх илчлэлтүүдийг хүлээн авах хүч чадалдаа өсөн нэмэгддэг. Ариун Сүнс бидний байнгын хамтрагч байж чадна. Биднийг хүрээлэн буй дэлхий улам харанхуй болсон ч гэрлийн мэдрэмж бидэнтэй байж чадна.
Ийм сүнслэг хүч чадалд хэрхэн өсөн нэмэгдэж болохын жишээ бол Иосеф Смит юм. Итгэлийн залбирал нь Бурханаас илчлэлт авах түлхүүр гэдгийг тэр бидэнд үзүүлсэн. Тэрээр Бурхан Эцэг түүний залбиралд хариулна гэсэн итгэлтэйгээр залбирсан. Тэр зөвхөн Есүс Христээр дамжуулан өөрийн нүглийн төлөөх гэмшлээс чөлөөлөгдөж чадна гэсэн итгэлтэйгээр залбирсан. Тэр тэрхүү өршөөлийг авахын тулд Есүс Христийн үнэн Сүмийг олох хэрэгтэй гэсэн итгэлтэйгээр залбирсан.
Иосеф Смит бошиглолын тохинууллынхаа туршид илчлэлтийг үргэлжлүүлэн авахын тулд итгэлийн залбирал хийдэг байсан. Бид өнөөдөр болон хойшид ирэх бэрхшээлүүдтэй тулгарах үедээ үүнтэй адил загварыг дагах хэрэгтэй болно. Ерөнхийлөгч Бригам Янг “Бурханаар удирдуулан чиглүүлэгдэхийн тулд хожмын үеийн гэгээнтнүүдэд алхам тутамдаа залбирахаас өөр арга зам байхгүй”5 гэж хэлсэн байдаг.
Ариун ёслолын залбирлын “үргэлж түүнийг санана” хэмээх үгс бидний өдөр тутмын амьдралыг тодорхойлох үгс байх хэрэгтэй. “Түүнийг” гэдэг нь Есүс Христийг хэлж байгаа юм. Үүний дараагийн үгс болох “Мөн түүний зарлигуудыг дагах” гэдэг үгс Түүнийг санах гэдэг нь юу гэсэн утгатай болохыг заадаг.6 Бид Есүс Христийг үргэлж дурсан санах үедээ, “Тэр надаар юу хийлгэмээр байна вэ?” гэж чимээгүйхэн залбираад асууж болох юм.
Есүс Христэд итгэх итгэлтэйгээр хэлсэн ийм залбирал энэхүү хожмын үеийн сэргээлтийг эхлүүлсэн билээ. Мөн энэ нь үргэлжлэн илчлэгдэж байгаа энэ үйл явцад бид бүхний оролцох хэсгийн төвд байх болно. Би та нарын адил ийм залбирлын гайхамшигт жишээнүүдийг олсон.
Эхний хүн нь Иосеф Смит. Тэр өөрөөр нь юу хийлгэхийг хүсэж байгааг Их Эзэнээс хүүхдийнх шиг итгэлээр асуусан. Түүний хариулт дэлхийн түүхийг өөрчилсөн билээ.
Иосеф залбирахаар сөхрөн суухдаа Сатаны дайралтад үзүүлсэн хариу үйлдэл миний олж авсан чухал сургамж юм.
Сатан болон түүний зарц нар бидэнд залбирах ёсгүй гэж бодуулахыг хичээж байдгийг би өөрийн туршлагаас мэднэ. Иосеф Смит өөрийг нь хүлэхээр оролдож байгаа хүчнээс чөлөөлж өгөхийг Бурханаас бүх хүчээ дайчлан гуйх үед, тусламж хүссэн залбирлынх нь хариу ирж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр үзэгджээ.
Иосефын залбирал маш чухал байсан учраас Сэргээлтийн эхлэлийг зогсоох гэсэн Сатаны оролдлого их хүчтэй байсан. Та бидэнд үргэлжилж буй Сэргээлтэд гүйцэтгэх үүрэг бий. Гэсэн ч Сэргээлтийн дайсан бидний залбирахыг зогсоохыг оролдох болно. Иосефын итгэл, тууштай байдлын жишээ нь шийдэмгий байхад биднийг хүчирхэгжүүлж чадна. Энэ бол миний залбирлуудад Иосеф Смитийн төлөө Тэнгэрлэг Эцэгт талархах талархал багтдаг олон шалтгааны нэг юм.
Үргэлжилж байгаа Сэргээлтэд өөрийн үүргийг гүйцэтгэхийг хичээх зуур Мормоны Ном дахь Инос надад итгэлийн залбирлын өөр нэгэн жишээ болдог. Таны оролцоо юу ч байлаа гэсэн, та ч мөн түүнийг хувийн зөвлөгчөө гэж үзэж болох юм.
Инос Иосефын адил итгэлтэйгээр залбирсан. Тэрээр энэ туршлагаа дараах байдлаар дүрсэлжээ.
“Мөн бодгаль минь өлссөн байв; мөн намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гуйлтаар түүнээс гуйсан; мөн бүхэл өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө ирэхэд би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө.
Мөн тэгтэл нэгэн дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Инос нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно хэмээв.
Мөн би, Инос Бурхан худал хэлж эс чадахыг мэднэ; иймийн тул, миний гэм зайлуулагдсан бөлгөө.
Мөн би хэлэв: Их Эзэн, энэ хэрхэн бүтэв?
Мөн тэрээр надад хэлэв: Чи урьд нь хэзээ ч сонсож бас хараагүй, Христэд итгэлтэйн чинь учир буюу. Мөн тэрээр өөрийгөө бие махбодид үзүүлэхээс өмнө олон жил улирч одно; иймийн тул, яв, итгэл чинь чамайг эдгээлээ.”7
“Чи урьд нь хэзээ ч сонсож бас хараагүй, Христэд итгэлтэйн чинь учир буюу” хэмээх үгс бол намайг адисалсан сургамж үгс билээ.
Иосеф Христэд итгэж байсан учраас ойн цоорхойд очиж, Сатаны хүчнээс чөлөөлж өгөхийг гуйн залбирсан. Тэр Эцэг, Хүү хоёрыг хараахан хараагүй байсан ч зүрх сэтгэлийнхээ бүх хүчээр итгэлтэйгээр залбирсан.
Иносын туршлагаас би бас ийм эрхэм сургамжийг авсан юм. Намайг итгэлтэйгээр залбирах үед Эцэгийн өмнө Аврагч миний өмгөөлөгч болдог бөгөөд залбирлууд маань тэнгэрт хүрч байгааг би мэдэрдэг. Хариултууд ирдэг. Адислалуудыг хүлээн авдаг. Хэцүү цаг үед ч амар амгалан, баяр хөөрийг мэдэрдэг.
Би Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хамгийн шинэ гишүүн байхдаа, ахлагч Дэвид Б.Хэйттэй хамт залбирахаар өвдөг сөхрөн сууснаа санадаг. Тухайн үед тэр одоогийн миний насан дээр байсан бөгөөд туулж байгаа бэрхшээлүүдийг маань туулж байсан. Түүний залбирч байх үеийн дуу хоолойг би санаж байна. Би харах гэж нүдээ нээгээгүй ч, тэр инээмсэглэж байгаа мэт сонсогдож байсан. Түүнийг Тэнгэрлэг Эцэгтэй ярьж байхад дуу хоолой нь баяр хөөртэй байсан.
“Есүс Христийн нэрээр” гэж хэлэх үед нь түүний баяр хөөрийг би оюун санаандаа сонссон. Яг тэр мөчид Эцэгт хандан залбирсан зүйлийг нь Аврагч бататгаж байгааг ахлагч Хэйт мэдэрч байгаа мэт надад сонсогдсон юм. Түүний үгсийг инээмсэглэн хүлээн авах болно гэдгийг би баттай мэдэж байсан.
Есүс Христийг өөрсдийн Аврагч, Тэнгэрлэг Эцэгийг өөрсдийн хайрт Эцэг хэмээн итгэх итгэлдээ биднийг өсөх үед үргэлжилж байгаа гайхамшигт Сэргээлтэд чухал хувь нэмэр оруулах бидний чадавх нэмэгдэх болно. Бид итгэлтэйгээр залбирвал Их Эзэн Өөрийн Хоёр дахь ирэлтэд дэлхийг бэлтгэж буй энэ үед бид Түүний ажлын чухал хэсэг болох болно. Тэрээр бидний хүн нэг бүрийг хийхэд урьдаг ажлыг гүйцэлдүүлэх үедээ бид бүгдээрээ баяр хөөрийг олох болтугай гэж би залбирч байна.
Би Есүс Христ амьд гэдгийг гэрчилж байна. Энэ бол дэлхий дээрх Түүний Сүм, Түүний хаант улс. Иосеф Смит бол Сэргээлтийн бошиглогч. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон бол дэлхий дээрх Их Эзэний өнөө үеийн бошиглогч юм. Тэрээр Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн санваарын бүх түлхүүрийг атгадаг. Есүс Христийн нэрээр, амен.