Ирээдүйн төлөө сайн суурь тавь
Ирэх хэдэн жилд Солт Лэйкийн ариун сүмд хийгдэх засвар сайжруулалт бидний сэтгэлийг хөндөж, сүнсээр өдөөх болтугай.
Солт Лэйк ариун сүмийн түүх
1847 оны 7-р сарын 24-ний үдээс хойш хоёр цагийн үед бүгчим халуун байлаа. Сүмийн 148 гишүүнтэйгээр Өрнөд рүү хийсэн анхны бүлгийн хүнд бэрх 111 өдрийн аяллын дараа хачигт халдвар өвчнөөс болоод өвдөж, ядарсан Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч асан Бригам Янг Солт Лэйкийн хөндийд хүрч ирэв.
Хоёр өдрийн дараа эдгэрч байх явцдаа Бригам Янг Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын хэдэн гишүүнийг өөр хэдэн хүний хамт авч экспедицэд гарав. “Хуарангаас хойш 1.2 км орчим яваад бид тэгш сайхан, баруун тийшээ үл ялиг хэвгий газар ирсэн”1 хэмээн Виллиам Клэйтон тэмдэглэсэн байдаг.
Бригам Янг хүмүүстэй хамт газар үзэж явж байгаад гэнэт зогсож, “Энд Бурханы ариун сүм сүндэрлэнэ” хэмээн уулга алдан, таягаараа газар хатгажээ. Түүний хамтрагчдын нэг болох ахлагч Вилфорд Вүдрафф энэ мэдэгдлийг сонсоод, [биеэр нь] цахилгаан гүйх мэт болж, тэр ерөнхийлөгч Янгийн таягаараа тэмдэглэсэн газар тэмдэг тавихаар нэг мөчир тавьсан хэмээн хэлсэн. Ариун сүмд 40 акр (16 га) газар сонгон авч, хотыг ариун сүмийг голлуулан “төгс дөрвөлжин байдлаар урагшаа, & хойшоо мөн баруун, & зүүн”2 тийшээ төлөвлөх шийдвэр гаргав.
1851 оны 4-р сарын Ерөнхий чуулган дээр Сүмийн гишүүд “Их Эзэний нэрээр”3 ариун сүм барих саналыг санал нэгтэй дэмжжээ. Үүнээс хоёр жилийн дараа буюу 1853 оны 2-р сарын 14-нд Хибэр С.Кимбалл энэ газрыг олон мянган гэгээнтэн оролцсон олон нийтийн ёслолын ажиллагаан дээр онцгойлон адисалж, Солт Лэйк ариун сүмийн суурийг тавихаар хөндсөн юм. Хэдхэн сарын дараа буюу 4-р сарын 6-нд ариун сүмийн томоохон булангийн чулуунуудыг тавьж, онцгойлон адисалсан ба Сүмийн удирдагчид хуучин табернеклаас ариун сүмийн газар хүртэл хүндэт харуул, хамтлагийнхныг болон жагсаалыг удирдан явж, дөрвөн чулуу болгоны дээр үг хэлж, залбирчээ.4
Газар хөндөх ёслол дээр ерөнхийлөгч Янг, тэд анх хөндийн хөрсөн дээр судалгаа хийж байгаад, уг газар анх хөл тавьмагцаа л “Би тэр үед одоо мэдэж байгаа шигээ ариун сүм барих газар миний өмнө байгааг мэдэж авсан” хэмээн үзэгдэл үзсэнээ дурссан байдаг.”5
Бригам Янг 10 жилийн дараа 1863 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр “Би мянган жилийн турш тэсэж үлдэхүйц байдлаар баригдсан ариун сүм харахыг хүсэж байна. Бид зөвхөн энэ ариун сүмийг бариад зогсохгүй олон зуун ариун сүм барьж, Их Эзэнд онцгойлон адислах болно. Энэ ариун сүмийг хожмын үеийн гэгээнтнүүд уулсын дунд баригдсан анхны ариун сүм гэдгээр нь мэддэг болно. … Би энэ ариун сүмийг Бурханы гэгээнтнүүдийн итгэл, тэсвэр тэвчээр, нөр их хөдөлмөрийн бахархалт дурсгал болоосой гэж хүсэж байна”6 хэмээх бошиглолоо хуваалцаж байжээ.
Энэ товч түүхийг дүгнэхэд, би Бригам Янгийг нэгдүгээрт, тухайн цаг үе, газарт байсан барилгын аргуудыг боломжтой хэмжээгээр ашиглан, Солт Лэйкийн ариун сүмийг Мянган жилийн турш тэсэж үлдэхүйц байдлаар баригдах болно хэмээн баталсанд, хоёрдугаарт дэлхий даяарх ирээдүйн ариун сүмүүдийг бүр хэдэн зуугаараа өсөн нэмэгдэнэ хэмээн бошиглосонд үзмэрчийнх нь хувьд гайхан биширдэг.
Солт Лэйк ариун сүмийн шинэчлэлт
Бригам Янгтай адил өнөөгийн бошиглогчид ч гэсэн Солт Лэйкийн ариун сүмд болон бусад ариун сүмд маш их анхаарал тавьдаг. Тэргүүн Зөвлөл олон жилийн турш цаг ямагт Тэргүүлэх бишопын зөвлөлд Солт Лэйкийн ариун сүмийн суурь бат бөх байгаа эсэхэд анхаарал тавихыг зөвлөсөөр ирсэн. Би Тэргүүлэх бишопын зөвлөлд үйлчилж байхдаа Тэргүүн Зөвлөлийн хүсэлтээр Солт Лэйк ариун сүмийн барилга байгууламжийн ерөнхий үнэлгээ, түүний дотор газар хөдлөлтийн зураг төсөл, барилгын техникийн чиглэлээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт үнэлгээг хийсэн юм.
Тухайн үед Тэргүүн Зөвлөлөөс өгсөн тайлбарын хэсгийг энд дурдъя: “Солт Лэйкийн ариун сүмийн дизайн, барилгын ажилд хамгийн сайн инженерчлэл, чадварлаг ажиллах хүч, барилгын материал, тоноглолыг болон тухайн үед боломжтой байсан бусад эх үүсвэрийг ашигласан байдаг. 1893 онд онцгойлон адислагдсанаасаа хойш энэ ариун сүм бат оршин тогтнож, хүмүүст итгэл, найдварын гэрэлт цамхаг болсоор ирсэн. Мөн ариун сүмийг ажиллуулах, цэвэрлэх, арчилж тордох тал дээр маш их анхаарал хандуулсаар ирсэн. Боржин чулуун гадна, дотор талын шалны тулгуур ба дам нуруу зэрэг нь хэвийн нөхцөлд байгаа. Сүүлийн үеийн судалгаагаар Бригам Янгийн сонгосон ариун сүмийн газар маш сайн хөрс, маш сайн нягтаршилтай болох нь батлагдаад байна.”7
Энэхүү дүгнэлтээр ариун сүмд тухайлбал гадна талын тавцан, гадаргуугийн талбай, хуучирсан хэрэглээний систем, баптисмын талбай зэргийг шинэчилж, засварлахын тулд ердийн засвар, сайжруулалт шаардлагатай гэж үзжээ. Гэвч ариун сүмийн сууриас эхлээд дээшээ газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар хийгдэх илүү иж бүрэн шинэчлэлтийг тусад нь авч үзэх нь зүйтэй гэж санал болгосон байна.
Ариун сүмийн суурь
Та нарын санаж байгаачлан, ерөнхийлөгч Бригам Янг өөрөө ариун сүмийн суурийг тавих нарийн ширийн ажилд анхнаасаа оролцож байсан нь ариун сүмийн барилга баригдсанаас хойш 127 жилийн дараа ч сайн нөлөөгөө үзүүлсээр байна. Ариун сүмд шинээр зориулсан газар хөдлөлтийн шинэчлэлтийн багц нь угсралтын үед огт төсөөлөгдөөгүй байсан газар доорх тусгаарлах технологийг ашиглах явдал юм. Үүнийг газар хөдлөлтөөс хамгаалах хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт инженерчлэл гэж үздэг.
Саяхнаас хөгжиж байгаа энэ технологи нь ариун сүмийн бүр сууриас эхэлж, газар хөдлөлтөөс үүсэх эвдрэлээс найдвартай хамгаалдаг. Энэ нь үндсэндээ ариун сүмийн эргэн тойрон газар хөдлөлтийн чичирхийлэлд өртсөн ч ариун сүмийг бүтцийн хувьд тогтвортой байлгаж бэхжүүлдэг.
Тэргүүн Зөвлөл энэ технологийг ашиглах ариун сүмийн шинэчлэлийн ажлыг өнгөрсөн жил зарласан. 2020 оны 1-р сард буюу хэдхэн сарын өмнө Тэргүүлэх бишопын зөвлөлийн удирдлаган доор явагдах барилгын ажил эхлээд байна. Энэ ажлыг дөрөв орчим жилийн дараа дуусгахаар тооцоолжээ.
Өөрийн хувийн суурийг бэхжүүлэх нь
Энэ үзэсгэлэнт, эрхэмсэг, өргөмжлөгдсөн, сэтгэл догдлуулсан Солт Лэйк ариун сүмийг сэргээн засварлах ирэх дөрвөн жилийн талаар би бодож үзэхдээ үүнийг хаалгаа барьж буй цаг хугацаа гэхээсээ илүүтэй шинэчлэлтийн цаг үе гэж хардаг! Үүнтэй адил бид “Солт Лэйк ариун сүмийн энэ томоохон шинэчлэлт бидэнд өөрийн сүнслэг байдлын шинэчлэлт, сэргээн босголт, дахин төрөлт эсвэл сэргээлтийн үйл явцаар ороход маань хэрхэн сүнслэгээр нөлөөлж болох вэ?” хэмээн өөрсдөөсөө асууж болно.
Ингэж өөрийгөө шинжих нь бид ч гэсэн гэр бүлийнхэнтэйгээ зарим шаардлагатай засвар, шинэчлэлийн ажлаа, бүр цаашлаад газар хөдлөлтийг тэсвэрлэх шинэчлэлтээ хийснээр ашиг тус хүртэж болно гэдгийг харуулж болох юм. Бид дараах асуултуудыг тавьж, үйл явцаа эхлүүлж болно.
“Миний суурь ямархуу байна вэ?”
“Гэрчлэл маань оршин тогтнодог, хувийн суурийн нэг хэсэг болсон зузаан ханатай, найдвартай, бат бөх булангийн чулууг юу бүрдүүлж байна вэ?”
“Надад болон манай гэр бүлийнхэнд амьдралд зайлшгүй тохиолдох хүчит, аймшигт газар хөдлөлтийн үйл явдлуудад тууштай, хөдөлшгүй байж бүр тэсэж үлдэх боломж олгож чадах миний сүнслэг болон сэтгэл санааны хүч чадлын чухал суурийн хэсгүүд нь юу вэ?”
Газар хөдлөлттэй төстэй эдгээр тохиолдлыг урьдчилан таамаглахад хэцүү бөгөөд асуулт, эргэлзээтэй тэмцэх, зовлон зүдгүүр, бэрхшээлтэй тулгарах, Сүмийн удирдагчид, гишүүд, сургаалд юм уу баримталж буй бодлогод гомдох гээд янз бүрийн эрчээр ирдэг. Эдгээр худал хуурмагийн эсрэг хамгийн сайн хамгаалалт бол бидний сүнслэг суурь юм.
Бидний хувийн болон гэр бүлийн амьдралын булангийн чулуунууд юу байж болох вэ? Эдгээр нь гэр бүлээрээ залбирах, Мормоны Ном зэрэг судруудыг судлах, ариун сүмд орох болон Ирээд, Намайг дага хөтөлбөр, гэр бүлийн үдшээр дамжуулан сайн мэдээнээс судлах зэрэг сайн мэдээгээр амьдрах энгийн, тодорхой, үнэ цэнтэй зарчмууд байж болно. Таны сүнслэг суурийг хүчирхэгжүүлэх бусад ашиг тустай эх сурвалжид Итгэлийн тунхаг, гэр бүлийн тунхаг, “Амьд Христ” зэрэг нь орж болно.
Миний хувьд ариун сүмийн эрхийн бичиг авахад ярилцдаг асуултууд, ялангуяа эхний дөрвөн асуултад орсон зарчмууд нь сүнслэг суурийн бат бөх үндэс суурь болж өгдөг. Би эдгээрийг сүнслэг булангийн чулуунууд гэж үздэг.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон эдгээрийг сүүлийн Ерөнхий чуулган дээр нэг бүрчлэн уншиж өгсөн болохоор бид аль хэдийн мэдэж байгаа.
-
Та Бурхан, Мөнхийн Эцэг, Түүний Хүү Есүс Христэд болон Ариун Сүнсэнд итгэдэг үү? Мөн Тэдний талаар гэрчлэлтэй юү?
-
Та Есүс Христийн Цагаатгалын талаар мөн таны Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаар гэрчлэлтэй юү?
-
Танд Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар гэрчлэл бий юү?
-
Та Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ерөнхийлөгчийг бошиглогч, үзмэрч, илчлэгч, түүнчлэн санваарын бүх түлхүүрийг ашиглах эрх мэдэл бүхий дэлхий дээрх цорын ганц хүн хэмээн дэмжин баталдаг уу?8
Та эдгээр асуултыг өөрийн хувийн суурийг тавьж мөн бэхжүүлэхэд туслах үнэ цэнтэй элемент болгон хэрхэн авч үзэж болохыг харж чадаж байна уу? Паул ефесчүүдэд “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ. Түүний дотор бүх барилга холбогдон Эзэн доторх ариун сүм болохоор өсөж байгаа”9 сүмийн талаар заасан.
Миний амьдралын хамгийн том баяр баясгалан бол дэлхий даяарх Сүмийн гишүүдтэй танилцаж, Есүс Христэд болон Түүний сайн мэдээнд итгэж, үлгэр дуурайл болж амьдардаг хүмүүсээс урам авах явдал юм. Тэдний хувийн үндэс суурь бат бөх тул энэ нь сэтгэл зовниж, өвдөн шаналж байсан ч гуйвшгүй ойлголттойгоор газар хөдлөлтийг сөрөн зогсох боломж олгодог.
Үүнийг хувь хүн дээр авч үзье. Би саяхан нэгэн үзэсгэлэнтэй, эрч хүчтэй, залуухан эхнэр бас эх хүний (бас манай гэр бүлийн найз) оршуулга дээр үг хэлсэн юм. Тэрээр шүдний эмчээр суралцаж байсан нөхөртэйгөө танилцаж, гэрлэх үедээ хөлбөмбөгийн шилдэг багт тоглодог нэгэн байв. Тэд хөөрхөн, хэрсүү охиноор адислагдсан юм. Тэр хорт хавдрын янз бүрийн байдалтай зоригтой тэмцэж хүндхэн зургаан жилийг туулжээ. Тэр өөрт тохиолдсон сэтгэл санааны болон бие махбодын байнгын зовлон шаналлаас үл хамааран, хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгтээ итгэдэг байсан бөгөөд түүний олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх дагагчид нь түүний “Бурхан бүх зүйлд байгаа” гэсэн алдартай үгийг байнга ашигладаг байсан юм.
Хэн нэгэн түүнээс эргэн тойронд нь ийм их сэтгэлийн зовлон дунд яаж ийм итгэлтэй хэвээр байдаг талаар асуусан тухай тэр олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх постдоо оруулжээ. “Би итгэлээр л энэ харанхуй мөчүүдийг даван туулж байна шүү дээ. Итгэлтэй байна гэдэг нь муу зүйл тохиолдохгүй байна гэсэн үг биш. Итгэлтэй байх нь дахиад гэрэл байгаа гэдэгт итгэх боломжийг надад олгодог. Би харанхуйд алхаж үзсэн болохоор л гэрэл илүү тод болдог. Олон жил асар их харанхуйг туулсан ч гэлээ илүү их гэрлийг харах боломж надад олдсон юм. Би гайхамшгуудыг харсан. Би тэнгэр элчүүдийг мэдэрсэн. Тэнгэрлэг Эцэг намайг үүрээд явдаг байсныг би мэднэ. Амьдрал амар хялбар байсан бол би эдгээр зүйлийг мэдрэхгүй байх байсан шүү дээ. Энэ амьдралын ирээдүй тодорхойгүй байгаа ч миний итгэл тийм биш. Хэрэв би итгэлгүй байхыг сонговол зөвхөн харанхуйд алхахыг сонгох болно. Учир нь итгэлгүй бол харанхуй л үлдэнэ”10 хэмээн зоригтой хариулсан юм.
Түүний үг, үйлдлээрээ харуулдаг байсан Их Эзэнд итгэх итгэлийн гуйвшгүй гэрчлэл нь бусдад урам зориг өгдөг байв. Бие нь сул дорой байсан ч тэр бусдыг илүү хүчтэй болгодог байв.
Би энэ эгчтэй адил дайчин, өдөр бүр итгэлээр алхаж, бидний Аврагч Есүс Христийн үнэнч, мохошгүй шавь болох гэж хичээдэг Сүмийн бусад олон гишүүний тухай боддог. Тэд Христийн тухай суралцдаг. Тэд Христийн тухай номлодог. Тэд Түүнийг даган дуурайхыг хичээдэг. Тэдний амьдрал тогтвортой, тогтворгүй газарт байгаа эсэхээс үл хамааран тэдний сүнслэг суурь нь хүчтэй бас хөдөлшгүй байдаг.
Тэд бол “Та бүхний итгэл бат бөх суурьтай билээ” хэмээх дууны үгийн гүн гүнзгий утгыг ойлгосон, “хоргодох газар хайж Аврагч дээр ирсэн” гайхалтай бодгалиуд юм.11 Гэгээнтнүүд гэж дуудуулах зохистой сүнслэг суурийг бэлтгэн, амьдралын янз бүрийн үймээн самууныг даван туулах хүчтэй, хангалттай бэлтгэгдсэн хүмүүсийн дунд алхаж байгаадаа би талархаад баршгүй.
Бид амьдралдаа ийм бат бөх суурийн ач холбогдлыг онцлоод баршгүй гэж боддог. Хүүхдийн хэсгийн хүүхдүүд багаасаа энэ үнэний тухай дуулж байхдаа үүнийг заалгаж байжээ.
Мэргэн хүн бат бөх хадан дээр байшин барьжээ
Бороо ихээр орлоо. …
Аадар бороо цутгаж аюулт үер буухад
Хадан дээр барьсан байшин үлджээ.12
Судар нь энэхүү суурь сургаалыг бататгаж өгдөг. Аврагч Америк тивийн хүмүүст ийн заасан юм:
“Мөн хэрэв та нар эдгээр зүйлийг үргэлж үйлдэх аваас адислагдах болой та нар, учир нь та нар миний хадан дээр барьж босгогдсон билээ.
Гэвч та нарын дундаас үүнээс илүүг эсвэл дутууг үйлдэх хэн боловч тэд миний хадан дээр барьж босгоогүй, харин элсэрхэг суурин дээр барьж босгосон ажгуу; мөн бороо цутгаж, бас үер бууж, тэгээд салхи үлээж, мөн тэднийг цохиход, тэд унах болно.”13
Сүмийн удирдагчид Солт Лэйк ариун сүмийн чухал шинэчлэлт нь Бригам Янгийн “мянган жилийн турш тэсэж үлдэхүйц байдлаар баригдсан ариун сүмийг” харах хүслийг гүйцэлдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт чин сэтгэлээсээ найдаж байна. Ирэх хэдэн жил Солт Лэйкийн ариун сүмд хийгдэх эдгээр сайжруулалт нь хувь хүн, гэр бүлүүдийн хувьд биднийг ч гэсэн зүйрлүүлж хэлбэл “мянган жил тэсэж үлдэхүйц байдлаар баригдахад” биднийг хөдөлгөж, урамшуулах болтугай.
Бид “ирээдүйн төлөө [өөрсдөдөө] сайн суурь тавьж, жинхэнэ аминаас зуурах” 14 төлөөлөгч Паулын өгсөн үүргийг гүйцэлдүүлснээр үүнийг хийж чадна. Бидний сүнслэг суурь бат бөх, ганхашгүй байж, Есүс Христийн Цагаатгалын болон бидний Аврагч, Гэтэлгэгчийн хувьд Түүний үүргийн талаарх гэрчлэл маань бидний булангийн чулуу болох болтугай хэмээн би хамаг хүчээрээ залбирч байна.