Ерөнхий чуулган
Өсвөр үеийнхнийг санваар хэрхэн адисалдаг вэ
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Өсвөр үеийнхнийг санваар хэрхэн адисалдаг вэ

Бид санваараар дамжуулан өргөгдөх боломжтой. Санваар нь бидний дэлхий ертөнцөд гэрэл авчирдаг.

Би энд байгаадаа талархалтай байна. Өнөөдөр та нарт хандан үг хэлэх боломжтой болсноо мэдээд, би маш их догдлохын зэрэгцээ үнэхээрдарууссанаа мэдэрсэн. Би юу хуваалцах талаараа их удаан бодсон. Мөн миний захиасаар дамжуулан Сүнс та нарт хүрээсэй гэж би найдаж байна.

Мормоны Номд Лихай нас барахаасаа өмнө хөвгүүддээ өөрсдийнх нь хүч чадал, мөнхийн чадавхыг харахад туслах адислалыг өгдөг. Би найман хүүхэдтэй айлын хамгийн бага нь бөгөөд ноднин анх удаа гэртээ ганцаараа үлдсэн байлаа. Ах, эгч нар маань дэргэд байхгүй, хамт байж байнга ярилцах хүнгүй болохоор надад хэцүү байв. Олон шөнө би ганцаардаж байсан. Надад туслах гэж байдаг чадлаараа хичээсэн аав, ээждээ би баярлаж явдаг. Үүний нэг жишээ бол яг хүнд хэцүү үед аав маань надад санваарын тайвшралын адислал өгөхийг санал болгосон явдал юм. Түүнийг адислал өгсний дараа бүх зүйл тэр дороо өөрчлөгдөөгүй ч би Тэнгэрлэг Эцэгээсээ мөн ааваасаа амар амгаланг болоод хайрыг мэдрэх боломжтой байсан. Лихай үр хүүхдүүдээ адисалсантай адил, надад хэрэгтэй үед санваарын адислалуудыг өгч чаддаг, хүч чадал, мөнхийн чадавхаа олж харахад минь тусалдаг, зохистой ааваар би адислагдсан.

Та нар нөхцөл байдал тань ямар байгаагаас үл хамааран санваарын адислалуудыг үргэлж авч чадна. Та нар гэр бүлийн гишүүд, найз нөхөд, тохинуулагч ах нар, санваарын удирдагчдаар болон та нарыг хэзээ ч орхихгүй Тэнгэрлэг Эцэгээр дамжуулан санваарын адислалуудыг авах боломжтой. Ахлагч Нийл Л.Андэрсэн, “Санваарын адислалууд нь энэ бэлгийг бусадтай хуваалцах ёстой хүнээс илүү агуу юм. … Биднийг зөв зохистой байх үед санваарын ёслолууд бидний амьдралыг баяжуулдаг”1 хэмээн хэлсэн.

Нэмэлт удирдамж хэрэгтэй болсон үед санваарын адислал хүсэхдээ бүү эргэлзээрэй. Бидний амьдралын хэцүү мөчид бидэнд хамгийн их тус болох Сүнс бидэнд хэрэгтэй байдаг. Төгс хүн гэж байдаггүй. Бид бүгдээрээ бэрхшээлтэй тулгардаг. Бидний зарим нь сэтгэлийн хямрал, гутрал, донтолтоос эсвэл өөрсдийгөө хангалттай биш гэж мэдрэх мэдрэмжээс болж зовж шаналдаг. Санваарын адислалууд нь эдгээр бэрхшээлийг даван туулж, ирээдүйд урагшлахад мөн амар амгаланг хүлээж авахад тусалж чадна. Эдгээр адислалыг хүлээн авахын тулд бид зохистой амьдрахыг хичээдэг хэмээн би найдаж байна.

Санваарын биднийг адисалдаг өөр нэгэн арга зам бол патриархын адислал юм. Би гуньсан эсвэл ганцаардсан үедээ патриархын адислалаа уншдаг болсон. Миний патриархын адислал өөрийнхөө чадавхыг мөн надад зориулсан Бурханы тодорхой төлөвлөгөөг ойлгоход тусалдаг. Энэ нь намайг тайвшруулж, дэлхийн хардаг өнцгөөс цаадахыг харах боломжийг надад олгодог. Энэ нь надад зөв зохистой амьдарсан тохиолдолд хүлээн авах бэлгийг болон адислалуудыг минь сануулдаг. Энэ нь надад хамгийн хэрэгтэй тэр үед Бурхан хариулт өгч мөн шинэ боломжуудын үүд хаалгыг нээн өгдөг гэдгийг санаж, амар амгаланг мэдрэхэд тусалдаг.

Патриархын адислал бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ хамт амьдрахаар буцаж очиход бэлтгэхэд тусалдаг. Патриархын адислал Бурханаас ирдэг бөгөөд сул дорой талуудаа хүчирхэг болгоход бидэнд тусалдаг гэдгийг би мэднэ. Энэ нь зөн билигтнээс ирж байгаа мессеж биш. Эдгээр адислал нь бидний сонсох ёстой зүйлүүдийг хэлдэг. Патриархын адислал нь бидний хүн нэг бүрийн хувьд Лиахона болдог. Бид Бурханыг нэн тэргүүнд тавьж, Түүнд итгэх аваас Тэр биднийг өөрсдийнхөө цөлөөр явахад удирдан чиглүүлэх болно.

Сайн мэдээний адислалууд сэргээгдэж болохын тулд Бурхан Иосеф Смитийг санваараар адисалсантай адил бид ч бас санваараар дамжуулан амьдралдаа сайн мэдээний адислалуудыг хүлээн авах болно. Долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх завшаан, боломж бидэнд байдаг. Энэхүү санваарын ёслолоор дамжуулан биднийг цэвэршүүлж, ариусгаж чадах Сүнс үргэлж бидэнтэй хамт байх боломжтой. Хэрэв та нар амьдралаасаа ямар нэг зүйлийг халах шаардлагатай гэж үзвэл зөв замаар явахад тань туслах итгэмжит удирдагчтай холбоо бариарай. Та нарын удирдагчид Есүс Христийн Цагаатгалын бүрэн хүчийг хүлээн авахад тань туслах болно.

Санваарын ачаар бид ариун сүмийн ёслолуудын адислалыг хүлээн авах боломжтой. Би ариун сүмд орох боломжтой болсноосоо хойш ариун сүмд тогтмол орохыг тэргүүн зорилгоо болгосон. Тэнгэрлэг Эцэгийн ариун өргөөнд Түүнтэй ойр байхын тулд цаг зав гаргаж, золиос хийснээр би амьдралын минь туршид надад үнэхээр тус болсон илчлэлт, сүнслэг өдөөлтийг хүлээн авах боломжоор адислагдсан.

Бид санваараар дамжуулан өргөгдөх боломжтой. Санваар нь бидний дэлхий ертөнцөд гэрэл авчирдаг. Ахлагч Робэрт Д.Хэйлс “Санваарын хүчгүйгээр ‘бүх дэлхий бүрмөсөн устгагдах болно’ (С ба Г 2:1–3-ыг үзнэ үү). Ямар ч найдвар, гэрэл гэгээгүй зөвхөн харанхуй байх байсан”2 хэмээн хэлсэн.

Бурхан биднийг урам зоригоор дэмжиж байна. Тэр биднийг Өөртөө буцаж ирээсэй хэмээн хүсэж байдаг. Тэр биднийг хувь хүнийх нь хувьд мэддэг. Тэр таныг хэн болохыг мэддэг. Тэр биднийг хайрладаг. Бид өөрсдийгөө үүнийг хүртэх ёсгүй хэмээн бодсон ч Тэр үргэлж бидэнд юу хэрэгтэйг мэддэг мөн биднийг адисалдаг. Тэрээр бидэнд хэзээ юу хэрэгтэйг мэддэг.

“Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.

Гуйдаг бүр авна, эрж хайдаг нь олно, тогшдогт нээгдэнэ” (Матай 7:7–8).

Хэрэв танд санваарын талаар гэрчлэл байхгүй бол та залбирч, түүний хүч чадлын талаар мэдэхийг хүсэж, дараа нь Бурханы үгийг сонсохын тулд судруудыг уншаарай. Хэрэв бид амьдралдаа Бурханы санваарын хүчийг мэдрэхийн тулд хичээх юм бол адислагдах болно гэдгийг би мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.

Эшлэлүүд

  1. Нийл Л.Андэрсэн, “Санваар дахь хүч,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгс, 106.

  2. Robert D. Hales, “Blessings of the Priesthood,” Ensign, Nov. 1995, 32.