Ерөнхий чуулган
Найдварын төгс гэрэл
2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган


2:3

Найдварын төгс гэрэл

Сэргээлт нь Бурхан энэ дэлхий дээр ажилладаг гэдэг суурь үнэнийг бидэнд дахин баталж өгсөн болохоор бид дааж давшгүй асуудалтай тулгарах үедээ ч найдаж чадна, найдах ч ёстой.

Өнгөрсөн 10-р сард ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг Есүс Христийн сайн мэдээг сэргээсэн Бурханы нөлөөллийн сүр жавхланг олж харахын тулд хүн бүрийг өөр өөрийн арга замаар эргэн судалж, 2020 оны 4-р сарын энэхүү чуулганд урьдчилан бэлдэхэд урьсан билээ. Холланд эгч бид хоёр бошиглогчийн энэхүү урилгыг чухалчлан хүлээн авсан. Бид хоёр өөрсдийгөө 1800-аад оны эхэн үед амьдран, тухайн үеийн шашны итгэлүүдийг харж байгаагаар төсөөлсөн. Уг төсөөлөл дотроо бид өөрсдөөсөө “Бидэнд юу дутагдаж байна вэ? Бидэнд юу байсан ч болоосой гэж бид хүсэж байна вэ? Сүнслэг хүсэлд маань Бурхан ямар хариу барина гэж бид найддаг вэ?” гэж асуусан.

Бидний ухаарсан нэг зүйл бол олон зуун дамжсан шашны алдаа, буруу ойлголтын цаана ихэнхдээ нуугдсан мэт байдаг, тэр үеийнхний ойлгодог байсан Бурханы тухай үзэл баримтлалаас илүү үнэн үзэл баримтлал сэргээгдээсэй гэсэн найдвар байсан юм. Тухайн үеийн шашны нэрт зүтгэлтэн Виллиам Эллэри Чаннингийн үгсээс сонговол “Христийн шашны анхны агуу сургаал” хэмээн үзэж байсан “Бурханы эцэг шинж чанар”-ыг бид хайх байсан.1 Ийм сургаал нь Бурханыг шударга ёсыг чанд сахидаг хатуу шүүгч эсвэл өмнө нь газар дэлхийн зүйлст анхаарал тавьдаг байснаа одоо ертөнцийн өөр нэг газарт санаа тавьдаг болсон газар түрээслүүлэгч гэхээсээ илүү Тэнгэр дэх халамжит Эцэг хэмээн хүлээн зөвшөөрөх явдал байсан юм.

Тийм ээ, 1820 оны бидний найдвар бол урьд байсан шигээ одоо үеийнхэнд нээлттэй хандан ярьдаг жинхэнэ Эцэг болох Бурханыг олох явдал байх байсан. Тэрээр цөөн хэдэн хүнийг аврах гэж урьдчилан сонгоод, дараа нь үлдсэн хүмүүст ял оногдуулдаг хүйтэн сэтгэлтэй, харгис дарангуйлагч биш гэдэг нь гарцаагүй. Тийм ээ, тэнгэрлэг тунхаглалаар бол Түүний үйлдэл бүр “энэ дэлхийн төлөө … учир нь тэрээр дэлхийг хайрладаг”2 мөн тэнд амьдардаг бүх хүнийг хайрладаг нэгэн билээ. Тэр хайр нь цорын ганц Хүү Есүс Христээ дэлхий рүү илгээх болсон Түүний эцсийн шалтгаан юм.3

Хэрэв бид 19-р зууны эхний жилүүдэд амьдарч байсан бол Есүсийн талаар авч үзэхдээ Аврагчийн амьдрал, Амилуулалтын бодит байдлын талаарх эргэлзээнүүд Христийн шашны ертөнц дотор хүчтэй нөлөөлж эхэлснийг түгшүүртэйгээр ухамсарлах байсан. Тиймээс бид Есүс бол Христ, Бурханы жинхэнэ Хүү, Альфа ба Омега, энэ дэлхийн мэдэх цорын ганц Аврагч мөн гэдэг библийн гэрчийг нотлох баталгаа бүх дэлхийд гарч ирнэ гэж найдах байсан. Түүний гайхамшигт төрөлт, гайхалтай тохинуулал, цагаатгах золиос, сүр жавхлант Амилалтын талаарх бидний мэдлэгийг өргөжүүлж, сайжруулах Есүс Христийн бас нэгэн гэрээ болох бусад судрын баталгаа гарч ирээсэй гэж бид чин сэтгэлээсээ найдах байсан. Үнэхээр ийм баримт нь “зөв шударга ёсыг тэнгэрээс доош [илгээсэн] болно… мөн дэлхийгээс үнэнийг [илгээсэн] болно.”4

Тэр үеийн Христэд итгэгчдийн ертөнцийг ажиглаад, бид баптисм хүртээж, Ариун Сүнсний бэлэг өгч, өргөмжлөлд шаардлагатай сайн мэдээний бүх ёслолыг гүйцэтгэж чадах үнэн санваарын эрх мэдэл бүхий Бурханаас эрх мэдэл өгөгдсөн хэн нэгнийг олох байх гэж найдах байсан. 1820 онд бид Их Эзэний сүр жавхлант өргөө эргэн ирэх тухай өгүүлсэн Исаиа, Мика, бусад эртний бошиглогчийн сайхан амлалтын биелэлтийг харна гэж найдах байсан.5 Бид Сүнс, ёслолууд, хүч чадал, мөнхийн үнэнүүдийг заах, хувь хүний шархыг эдгээх, гэр бүлүүдийг үүрд мөнхөд холбох зэрэг эрх мэдлийг агуулдаг ариун сүмүүд дахин байгуулагдахын сүр жавхланг хараад, үнэхээр баяр баясгалантай байх байсан. Би “үхэл та нарыг салгах хүртэл” гэдэг мартахын аргагүй хараалыг хэзээ ч сонсохгүй эсвэл хэзээ ч үүгээр зүхэгдэхгүй, харин миний хайрт Патришиа бид хоёрт бидний гэрлэлт үүрд мөнхөд лацдагдсан гэж хэлэх эрхтэй хэн нэгнийг олохын тулд бүх газраас, хаа сайгүй хайх байсан. Би “[бидний] Эцэгийн гэрт орон байр олон бий”6 гэдгийг мэднэ. Гэхдээ аль нэгийг нь өвлөн авах аз надад тохиосон ч уг өвийг Паттай болон хүүхдүүдтэйгээ хуваалцахгүй юм бол энэ нь миний хувьд нуран унаж буй овоохойноос ялгаагүй зүйл байх болно. Бидний зарим өвөг дээдэс Есүс Христийн нэрийг ч сонсолгүй нас барсан учир библийн хамгийн шударга, нигүүлсэнгүй үзэл баримтлал болох нас барсан төрөл төрөгсдийнхөө нэрийн өмнөөс авралын ёслол өргөх амьд хүмүүсийн үйлдэл сэргээгдэх байх гэж бид найдах байсан.7 Миний төсөөлж чадах ямар ч үйлдэл хэзээ амьдарч байсан эсвэл хаана нас барснаас үл хамааран газар дэлхий дээрх хүүхэд бүрдээ санаа тавих хайрт Бурханы зовнилыг үүнээс илүү сүр жавхаатайгаар харуулж чадахгүй.

Тэгэхээр 1820 оны найдваруудын жагсаалт үргэлжилж болох ч Сэргээлтийн хамгийн чухал мэдээ нь тэр найдварууд хий хоосон зүйлс биш байсанд оршино. Ариун ойн цоорхойгоос эхлээд энэ өдрийг хүртэл үргэлжилж байгаа тэр хүслүүд бодитой болж эхэлсэн ба төлөөлөгч Паулын болон бусад хүний зааснаар найдвартай, хөдөлгөөнгүй сэтгэлийн жинхэнэ зангуу болсон.8 Нэгэнтээ зөвхөн найдаж байсан зүйл одоо түүх болж үлдсэн байна.

Энэ мэтээр 200 жилийн турш дэлхийд өгсөн Бурханы сайн сайхныг эргэн харлаа. Харин бидний угтан харах зүйл юу вэ? Бидэнд хараахан биеллээ олоогүй байгаа итгэл найдварууд байсаар байна. Биднийг ярьж байх энэ үед, бид элсний ширхэгээс10 1 000 дахин жижиг вирусs9 хүн төрөлхтөнг болон дэлхийн эдийн засгийг бүхэлд нь өвдөг сөхрүүлж чадахыг харуулсан чухал сануулга болох КОВИД-19-тэй тулалдах дайнд “эрвийх дэрвийхээрээ” тэмцэж байгаа билээ. Энэ орчин үеийн тахалд хайртай хүнээ алдсан хүмүүсийн төлөө, одоо халдвар авсан хүмүүсийн төлөө бид залбирч байна. Мэдээж, бид ийм агуу эрүүл мэндийн халамж анхаарал үзүүлж байгаа хүмүүсийн төлөө залбирч байна. Бид үүнийг давах болно. Мөн даван гарах тэр үедээ бид дэлхийг өлсгөлөнгийн вирусээс, хөршүүдийг болон улс үндэстнийг ядуурлын вирусээс чөлөөлөхийн төлөө адилхан үүрэг хүлээх болтугай. Бид сурагчид нь зэвсэгт халдлагад өртөнө гэсэн айдасгүй сурч боловсрох сургууль бий болоосой, арьс өнгө, үндэс угсаа эсвэл шашны ямар нэгэн хэлбэрийн гадуурхалгүйгээр Бурханы хүүхэд нэг бүрийн хувийн нэр төр хүндлэгддэг байгаасай гэж найдсаар байдаг. Энэ бүхний үндэс суурь нь Бурханы зөвлөгөөг дагаснаар Түүнийг хайрлах мөн өрөвч нинжин сэтгэл гаргаж, тэвчиж, уучилснаар хөршөө хайрла хэмээх хамгийн агуу хоёр зарлигийг илүү хичээнгүй дагах гэсэн бидний найдвар байдаг юм.11 Энэ хоёр тэнгэрлэг удирдамж нь үр хүүхдүүдийнхээ одоо мэддэгээс илүү сайхан дэлхийг тэдэнд өгөх бидний цорын ганц бодит найдвар байсаар байгаа ба мөнхөд байх болно.12

Дэлхийг хамарсан эдгээр хүслээс гадна өнөөдөр энэ үзэгчдийн дунд гэрлэлтээ сайжруулах найдвар эсвэл заримд нь зүгээр л гэрлэх найдвар, донтолтоо ялан дийлэх найдвар, буруу замд орсон хүүхдээ буцаж ирээсэй гэх найдвар болон хэдэн зуун төрлийн бие махбод, сэтгэл зүйн өвчин зовлонг эдгээх найдвар гээд нэн хувийн чанартай найдварууд байгаа. Сэргээлт нь Бурхан энэ дэлхий дээр ажилладаг гэдэг суурь үнэнийг бидэнд дахин баталж өгсөн болохоор бид дааж давшгүй асуудалтай тулгарах үедээ ч найдаж чадна, найдах ч ёстой. Абрахам боломжгүй зүйлд найдварын дээд найдвараар итгэсэн13 гэдэг судар нь түүнд итгэхгүй байх бүх шалтгаан байсаар байтал тэрээр итгэж чадсан ба Сара тэр хоёрт ямар ч нөхцөл боломж байхгүй мэт санагдах тэр үед хүүхэдтэй болж чадна гэдэгт итгэсэн гэсэн утгатай юм. Тиймээс “Хэрэв бидний 1820 оны олон найдвар Нью-Йорк мужийн хойд талын хэсэг модон дотор өвдөг сөгдөн суусан энгийн нэгэн хүүгийн дээр тэнгэрлэг гэрэл ассанаар биеллээ олж эхэлсэн юм бол яагаад зөв шударга хүсэл, Христтэй адил болох тэмүүлэл маань гайхалтай, ер бусын байдлаар бүх найдварын Бурханаар хариулагдаж чадна хэмээн бид найдаж болохгүй гэж? хэмээн би асууя. Бидний зөв шударга хүсэл хэзээ нэгэн цагт, ямар нэг арга замаар, яаж ийж байгаад биелэх болно гэдэгт бид бүгдээрээ итгэх хэрэгтэй.

Ах, эгч нар аа, бид 19-р зууны эхэн үеийн шашны зарим дутагдалтай тал юу байсныг мэднэ. Түүнчлэн бид өнөөгийн шашны гачигдалтай зүйл бол бас л зарим хүний хүсэл, найдвар биелэхгүй үлддэг явдал гэдгийг мэднэ. Бид энэ олон төрлийн сэтгэл ханамжгүй байдал уламжлалт шашны байгууллагуудаас зарим хүнийг холдоход хүргэдэг гэдгийг ч мэднэ. Есүс Өөрийнхөө цаг үед асар их зүйлийг өгдөг байсан атал дэлхий дахинд илүү их зүйл хэрэгцээтэй болж байгаа мөн өсөж буй үеийнхэн илүү ихийг хүртэх зүй ёсны эрхтэй энэ үед, нэгэн бухимдсан зохиолчийн бичсэнчлэн, энэхүү доройтлыг засах гэж оролдож буй “[цаг үеийн] олон шашны удирдагчид юу хийхээ огт мэдэхгүй байгаа мэт санагддаг” бөгөөд тэдний авч буй хариу арга хэмжээ нь “идэвх зүтгэл шаарддаггүй итгэл үнэмшил, бэлгэдэл төдий активизм, сайхан үгээр чимэглэсэн тэрс үзэл, [эсвэл заримдаа зүгээр л] ямар ч сүнслэг урам үл өгөх утгагүй зүйл”14 байдаг гэдгийг бид бас мэднэ. Христийн шавь нарын хувьд бид өөрсдийн цаг үед “бидний яс хувхайрч, найдлага маань тасрав”15 гэж гашуудаж байсан эртний израилчуудаас дээгүүр гарч чадна. Үнэндээ, хэрэв бид эцэстээ итгэл найдвараа алдвал биднийг тэтгэгч сүүлчийн эзэмшлээ алддаг. Дивина Коммэдия зохиолд гардаг тамын хаалган дээр үүгээр дамжих бүх аялагчид зориулан “Үүгээр орох хүн бүр бүх итгэл найдвараа гээ”16 гэсэн анхааруулгыг Данте бичсэн байдаг. Үнэхээр итгэл найдвараа алдах үед бидэнд тал бүрээс дүрэлзэх тамын дөлөөс өөр зүйл үлдэхгүй.

Тиймээс сүмийн дуулалд өгүүлснээр, “бусад туслагчид бүтэлгүйтэж, тайтгарал зугтдаг” 17 гэдэг шиг хананд нуруугаараа шахагдах үед маань бидэнд зайлшгүй шаардлагатай сайн чанаруудын нэг нь бидний Бурханд итгэх итгэл, бусдыг энэрэх энэрэлтэй салшгүй холбогдсон итгэл найдварын энэ нандин бэлэг байх болно.

Энэхүү хоёр зуун жилийн ойгоор бидэнд өгсөн бүх зүйлийг эргэн харж, маш олон итгэл найдвар биелэгдсэнийг ухаарч баясахдаа би хэдэн сарын өмнө Иоханнесбургт нэгэн үзэсгэлэнтэй, буцаж ирсэн номлогч эгчийн бидэнд хандан, “[Бид] зөвхөн энэ хол ирэх гэж л энэ хол ирээгүй”18 гэж хэлснийг давтан хэлье.

Сударт бичигдсэн хамгийн их урам зориг өгдөг үдэлтийн үгийг би өөрийн үгээр, бошиглогч Нифайтай болон дээрх залуу эмэгтэйтэй хамт хэлье.

“… Хайрт ах [эгч] дүү нар минь, та нарыг [Сэргээлтийн анхны жимсийг хүлээн авсны] дараа, бүгд хийгдсэн эсэхийг би асууя? Болгоогтун, би та нарт хэлнэ, Үгүй.

… Та нар найдварын төгс гэрэлтэйгээр мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлэх ёстой. Хэрэв та нар ийн хийвээс … Эцэгийн ийн хэлсэнчлэн: Та нарт мөнх амьдрал байх болно.”19

Би бүх эрин үеэс хамгийн сүүлчийн мөн хамгийн агуу нь болох Есүс Христийн сайн мэдээ сэргээгдсэн энэ эрин үед өгөгдсөн бүх зүйлд талархаж байна. Энэ сайн мэдээнээс ирдэг бэлэг, адислалууд нь миний хувьд бүх зүйл минь болдог бөгөөд энэ бүх зүйлийн төлөө би Тэнгэр дэх Эцэгтээ хангалттай талархаж хэзээ ч чадахгүй юм. Би амласан “амлалтдаа хүрч, гvн нойрондоо автахын өмнө бээрийг туулах”20 хэрэгтэй. Бид одоо 200 жил замнаж буй ариун хүлээлгийн замыг гэрэлтүүлэх “найдварын төгс гэрэлтэйгээр”21 алхаж, зүрх сэтгэлдээ хайрыг агуулан урагш тэмүүлэх болтугай. Би ирээдүй маань өнгөрсөнтэй адил гайхамшгаар дүүрэн байж, өгөөмрөөр адислагдсан байх болно гэдгийг гэрчилж байна. Энэ бол Төгс Хүчит Бурханы ажил, энэ бол үргэлжилсэн илчлэлтийн Сүм, энэ бол хязгааргүй ач ивээл, энэрэнгүй үйлсийн сайн мэдээ учраас өмнө нь хүлээн авч байснаасаа илүү агуу адислалуудад найдах бүх шалтгаан бидэнд бий. Би энэ бүх үнэнийг болон үүнээс олон зүйлийг Есүс Христийн нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. “The Essence of the Christian Religion,” in The Works of William E. Channing (1888), 1004.

  2. 2 Нифай 26:24.

  3. Иохан 3:16–17-г үзнэ үү.

  4. Мосе 7:62.

  5. Исаиа 2:1–3; Езекиел 37:26; Мика 4:1–3; Малахи 3:1-ийг үзнэ үү.

  6. Иохан 14:2.

  7. 1 Коринт 15:29; Сургаал ба Гэрээ 128:15–17-г үзнэ үү.

  8. Еврей 6:19; Ифер 12:4-ийг үзнэ үү.

  9. Na Zhu and others, “A Novel Coronavirus from Patients with Pneumonia in China, 2019,” New England Journal of Medicine, Feb. 20, 2020, 727–733-ыг үзнэ үү.

  10. “Examination and Description of Soil Profiles,” in Soil Survey Manual, ed. C. Ditzler, K. Scheffe, and H. C. Monger (2017), nrcs.usda.gov-ийг үзнэ үү.

  11. Maтай 22:36–40; Maрк 12:29–33; Леви 19:18; Дэд хууль 6:1–6-г үзнэ үү.

  12. Ифер 12:4-ийг үзнэ үү.

  13. Ром 4:18-ыг үзнэ үү.

  14. R. J. Snell, “Quiet Hope: A New Year’s Resolution,” Public Discourse: The Journal of the Witherspoon Institute, Dec. 31, 2019, thepublicdiscourse.com/2019/12/59322/.

  15. Езекиел 37:11.

  16. Энэ хэлц үг их орчуулагдсан байдаг. Гэсэн хэдий ч жинхэнэ утга бүхий орчуулга нь “Энд орох хүн бүр бүх найдвараа гээ” гэх үгс юм(Данте Алигери, “Тамын төсөөлөл,“ Divine Comedy, Хэнри Францис Каригийн орчуулга [1892], III дуулал, 9-р мөр).

  17. “Abide with Me!” Hymns, no. 166.

  18. Жудит Махлангу (Өмнөд Африкийн Иоханнесбургийн ойролцоох олон гадасны чуулган, 2019 оны 11-р сарын 10), in Sydney Walker, “Elder Holland Visits Southeast Africa during ‘Remarkable Time of Growth,’” Church News, Nov. 27, 2019.

  19. 2 Нифай 31:19–20; онцлон тэмдэглэлт нэмэгдсэн.

  20. “Stopping by Woods on a Snowy Evening,” lines 14–16, The Poetry of Robert Frost: The Collected Poems, ed. Edward Connery Lathem (1969), 225.

  21. 2 Нифай 31:20.