Таны бурханлаг шинж чанар ба мөнхийн хувь тавилан
Би та нарыг амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлж, Залуу эмэгтэйчүүдийн уриан дахь суурь үнэнүүдийг санаж яваарай хэмээн урьж байна.
Хайрт эгч нар аа, та нарыг энд байгаад би баяртай байна. Ерөнхий чуулганы энэхүү эмэгтэйчүүдийн хуралдаанд оролцож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Надад заримдаа Залуу эмэгтэйчүүдийн ангид суух онцгой завшаан тохиодог. Гэхдээ би залуу биш, бас би эмэгтэй хүн биш гэдгээ онцолмоор байна. Залуу эмэгтэйчүүдийн хамт Залуу эмэгтэйчүүдийн уриаг давтан хэлбэл, би энд харьяалагддаггүй гэсэн мэдрэмжийг арай бага мэдэрнэ гэдгийг ухаарсан юм. Залуу эмэгтэйчүүдийн урианд1 заадаг гүн гүнзгий сургаал нь залуу эмэгтэйчүүдэд чухал ч залуу эмэгтэй биш хүмүүст ч бас хамаатай.
Залуу эмэгтэйчүүдийн уриа “Би тэнгэрлэг Эцэг, Эхийн хайртай охин бөгөөд бурханлаг шинж чанар, мөнхийн хувь тавилантай”2 гэж эхэлдэг. Энэ мэдэгдэл дөрвөн чухал үнэнийг агуулдаг. Нэгдүгээрт, та бол хайрлагдсан охин. Таны хийдэг эсвэл хийдэггүй ямар ч зүйл үүнийг өөрчилж чадахгүй. Бурхан танд хайртай, учир нь та Түүний сүнсэн охин. Заримдаа бид Түүний хайрыг мэдрэхгүй байж магадгүй ч тэр хайр үргэлж байдаг. Бурханы хайр төгс юм.3 Харин тэрхүү хайрыг мэдрэх бидний чадвар төгс биш.
Бурханы хайрыг бидэнд дамжуулахад Сүнс чухал үүрэг гүйцэтгэдэг.4 Гэсэн хэдий ч Ариун Сүнсний нөлөөг “уур, үзэн ядалт, … [эсвэл] айдас … гэх мэт хүчтэй сэтгэл хөдлөл давамгайлж болох юм. Ийм нөлөөтэй байх нь усан үзмийн сайхан амтыг гашуун чинжүү идэх үедээ амтлахыг хичээж байгаатай адил. … [Нэг амт] нөгөөгөө зайлшгүй давамгайлдаг.”5 Гэм нүгэл зэрэг Ариун Сүнснээс биднийг холдуулдаг зүйлс Бурханы биднийг гэсэн хайрыг ойлгоход бидэнд төвөгтэй болгодог.6
Үүний адилаар, хүнд хэцүү нөхцөл байдал, биеийн эсвэл сэтгэцийн өвчин, бусад зүйл Бурханы хайрыг мэдрэх бидний мэдрэмжийг дардаг. Энэ бүх тохиолдолд итгэл даасан удирдагчдын эсвэл мэргэжилтнүүдийн зөвлөгөө заримдаа ач тустай байдаг. Бид мөн өөрсдөөсөө “Бурханыг би байнга хайрладаг уу эсвэл надад сайхан үед би Бурханыг хайрлаад муу өдөр тохиолдоход тийм ч их хайрлахгүй байна уу?” гэж асуун, Бурханы хайрыг хүлээж авах чадвараа сайжруулахыг хичээж болно.
Хоёр дахь үнэн бол бид тэнгэрлэг эцэг, эхтэй гэсэн үнэн.7 Тэнгэрлэг Эхийн талаарх сургаал илчлэлтээр ирдэг бөгөөд хожмын үеийн гэгээнтнүүдийн дунд энэ нь онцгой итгэл үнэмшил юм. Энэхүү үнэний ач холбогдлын талаар ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Манай шашны номлол тэнгэрлэг эцэг, эхээс эхэлдэг. Тэдэнтэй адилхан болох нь бидний хамгийн дээд тэмүүлэл билээ”8 хэмээн тайлбарлажээ.
Хэдийгээр тэнгэр дэх Эхийн тухай багахан илчлэгдсэн ч бидний мэддэг зүйлийг Сайн мэдээний номын сан аппликэйшны Сайн мэдээний сэдвүүд хэсэгт хураангуйлсан байдаг.9 Тэнд байгаа зүйлийг та нар уншчихвал энэ сэдвийн талаар миний мэддэг бүх зүйлийг мэдэх болно. Би илүү ихийг мэддэг ч байсан болоосой. Та нарт ч бас хариулт хүссэн асуултууд байсаар байгаа байх. Илүү их ойлголтыг хайх нь сүнслэг өсөлт хөгжлийн чухал хэсэг мөн ч гэсэн бид болгоомжтой байх хэрэгтэй. Учир шалтгаан нь илчлэлтийг орлож чадахгүй.
Онолын учир шалтгаан нь биднийг агуу сүнслэг мэдлэг рүү хөтөлдөггүй. Харин энэ нь хууран мэхлэгдэхэд хүргэж эсвэл бидний анхаарлыг илчлэгдсэн зүйлээс холдуулдаг.10 Аврагч шавь нартаа “та нар миний нэрээр Эцэгт үргэлж залбирах ёстой”11 хэмээн заасан. Бид энэхүү загварыг дагаж, Христийн нэрээр Тэнгэрлэг Эцэгээ шүтэн биширдэг бөгөөд Тэнгэрлэг Эхэд хандан залбирдаггүй.12
Бурхан бошиглогчдоо томилсноос хойш тэд Түүний нэрийн өмнөөс ярих эрхтэй байсаар ирсэн. Гэхдээ тэд “[өөрсдийн]хөө оюунд”13 зохиосон сургаалыг ярьдаггүй буюу илчлэгдээгүй зүйлийг заадаггүй. Моабын тусын тулд израилчуудыг хараалгахаар Хуучин Гэрээний бошиглогч Балаамд авлига санал болгосон ба түүний хэлсэн үгийг эргэцүүлэн бодоорой. Балаам “Хэрэв [Моабын хаан] надад алт мөнгөөр дүүрэн гэрээ өгсөн ч би өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг зөрчин их, бага ямар ч зүйлийг хийж чадахгүй”14 хэмээн хэлжээ. Хожмын үеийн бошиглогчдоос мөн адил зүйл шаардагддаг. Бурханаас илчлэлт шаардах нь бардамнасан бас үр дүнгүй хэрэг юм. Үүний оронд, бид Их Эзэнийг болон Түүний Өөрийнх нь тогтоосон арга замаар дамжуулан Өөрийнхөө үнэнийг илчлэх цаг хугацааг нь хүлээдэг.15
Залуу эмэгтэйчүүдийн урианы эхний догол мөрөн дэх гурав дахь үнэн бол бид “бурханлаг шинж чанартай” гэх үнэн. Энэ бол бидний хэн бэ гэдгийг тодорхойлсон чухал хэсэг юм. Энэ бол тэнгэрлэг эцэг, эхээс өвлөсөн сүнслэг “ген”16 бөгөөд биднээс хүчин чармайлт шаарддаггүй. Энэ бол бидний өөрсдийнхөө хэн гэдгийг хэрхэн сонгодгоос үл шалтгаалах хамгийн чухал мөн чанар юм. Энэхүү гүн гүнзгий үнэнийг ойлгох нь хүн болгоны хувьд, ялангуяа түүхийн явцад үл тоомсорлогдсон, дарлагдсан эсвэл эрхшээлд орсон бүлэгт харьяалагддаг хувь хүмүүст чухал билээ. Таныг хамгийн их онцлох шинж чанар бол Бурханы хүүхдийн хувьд таны бурханлаг мөн чанар юм гэдгийг санаарай.
Дөрөв дэх үнэн бол бид “мөнхийн хувь тавилантай” гэх үнэн. Ийм хувь тавилан бидэн дээр хүчээр заяагддаггүй. Нас барсныхаа дараа бид шаардлагыг нь хангасан зүйлсийг л хүлээн авах бөгөөд бидний мөнхийн хувь тавилан бидний сонголтоос хамаардаг гэдгийг ухаарч, “[бид] [зөвхөн] хүлээн авахад бэлэн түүнийгээ эдлэх”17 болно. Мөнхийн хувь тавилангаа олж мэдэх нь бидний сонголтоос шалтгаалдаг. Энэ нь ариун гэрээнүүдийг байгуулж, сахихыг шаарддаг. Гэрээний энэхүү зам нь бидний Христэд хүрэх зам бөгөөд туйлын үнэн, үүрдийн, өөрчлөгдөшгүй хуульд тулгуурладаг. Бид өөрсдийн замыг гаргаад, Бурханы амласан үр дүнг хүлээж болохгүй. Урьдчилан зөгнөсөн мөнхийн хуулиудыг дагаагүй атлаа Түүний адислалуудыг хүлээх нь18 төөрөлдсөн хэрэг бөгөөд халуун пийшинд хүрчхээд, түлэгдэхгүй байхыг “шийдэх”-тэй адил юм.
Намайг зүрхний дутагдалтай өвчтөнүүдийг эмчилдэг байсныг та нар мэдэх байх. Практикт тогтсон, нотолгоонд суурилсан эмчилгээний дараах төлөвлөгөөгөөр тэд хамгийн сайн үр дүнд хүрдэг байлаа. Үүнийг мэддэг хэдий ч зарим өвчтөн эмчилгээний өөр төлөвлөгөөгөөр эмчлүүлэх гэж оролддог байв. “Би ийм олон эм уумааргүй байна” эсвэл “Дараа нь ийм олон тест шинжилгээнд орохыг хүсэхгүй байна” гэж тэд хэлдэг байсан. Мэдээж, өвчтөнүүд өөрсдөө сонгох нь чөлөөтэй ч хэрэв тэд тохиромжтой эмчилгээний төлөвлөгөөг дагаагүй бол үр дүн нь хэцүүддэг. Зүрхний дутагдалтай өвчтөнүүд муу эмчилгээний курсийг сонгоод, гарах үр дүндээ зүрхний эмчийг буруутгаж болохгүй.
Энэ нь бидний хувьд ч мөн адил үнэн юм. Тэнгэрлэг Эцэгийн заасан зам мөнхийн хамгийн сайн үр дүнд хүргэдэг. Бидний сонгох нь чөлөөтэй хэдий ч бид илчлэгдсэн замыг дагаагүйнхээ үр дагаврыг сонгож чадахгүй.19 “Хууль зөрчигч, мөн хуулийг мөрддөггүй атлаа өөрөө өөртөө хууль бий болгохыг эрэлхийлдэг, … тэр нь хуулиар ч, мөн нигүүлслээр ч, шударга ёсоор ч, мөн шүүлтээр ч ариусгагдаж чадах нь үгүй”20 хэмээн Их Эзэн айлдсан. Бид Тэнгэрлэг Эцэгийн замаас хазайчхаад, гарсан муу үр дүнгийн төлөө Түүнийг буруутгаж болохгүй.
Залуу эмэгтэйчүүдийн урианы хоёр дахь догол мөрд “Есүс Христийн шавийн хувьд би Түүнтэй адил болохыг хичээдэг. Би хувийн илчлэлт эрэлхийлэн, үүндээ тулгуурлан үйлддэг. Мөн би Түүний ариун нэрээр бусдад тохинуулдаг” гэж бичсэнийг бид уншдаг. Бид итгэлээрээ үйлдэн, Есүс Христийн талаарх гэрчлэлээ хөгжүүлж чадна.21 “Есүс Христ бол Бурханы Хүү, мөн тэрээр дэлхийн нүглүүдийн төлөө цовдлогдсон гэдгийг мэдэх” сүнслэг бэлгийг бид нотолж чадах буюу өөрсдөө мэдэх хүртлээ мэддэг22 хүмүүсийн үгэнд итгэх бэлгийг хүлээн авч чадна. Бид Аврагчийн заасан зүйлсийг дагаж, бусдыг Түүн рүү ирэхэд тусалж чадна. Бид ийм арга замаар Түүний ажилд Түүнтэй нэгддэг.23
“Би ямар ч цагт бүх зүйлд хаана ч Бурханы гэрчлэгч болж зогсдог” хэмээн Залуу эмэгтэйчүүдийн уриа цааш үргэлжилдэг. Хэдийгээр төлөөлөгч, далын ахлагчид Христийн нэрийн онцгой гэрч байх үүрэгтэй25 ч Сүмийн бүх гишүүн Бурханы гэрч байх хэрэгтэй.24 Зөвхөн хаалгач нь хаалгаа хамгаалдаг хөл бөмбөгийн тэмцээнийг төсөөл дөө. Багийн бусад тоглогчийн тусламжгүйгээр хаалгач хаалгыг хангалттай хамгаалж чадахгүй бөгөөд багаараа байнга хожигдох болно. Иймээс Их Эзэний багт хүн бүр хэрэгтэй байна.26
“Би өргөмжлөлд тэнцэхийг хичээн, наманчлалын бэлгийг хүндлэн дээдэлж, өдөр бүр сайжрахыг эрэлхийлдэг” гэж Залуу эмэгтэйчүүдийн урианы сүүлийн догол мөр эхэлдэг. Аврагчийн гэтэлгэгч золиосын ачаар бид наманчилж, алдаанаасаа суралцаж, тэднээр буруушаагдахгүй байх боломжтой. “Маш олон хүн наманчлалыг шийтгэл … гэж үздэг. Гэхдээ шийтгэгдэнэ гэсэн мэдрэмж Сатанаас ирдэг юм. Биднийг эдгээж, өршөөн, цэвэршүүлж бас хүчирхэгжүүлэн, ариусгахыг хүсэж, найдаж байдаг Есүс Христийг мутраа дэлгэн байгааг харах харааг маань халхлахыг тэр оролддог …”27 гэж ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон заасан.
Биднийг чин сэтгэлээсээ наманчлах үед юу ч хийсэн бай, хэчнээн ноцтой байсан ч бай эсвэл хэчнээн олон удаа бид үүнийг давтан үйлдсэн ч байсан ямар ч сүнслэг шарх үлддэггүй.28 Бид ойр ойрхон наманчилж, үнэн сэтгэлээсээ өршөөл эрэлхийлснээр өршөөгдөх боломжтой.29 Энэ нь бидний Аврагч, Есүс Христийн ер бусын гайхамшигтай бэлэг юм!30 Ариун Сүнс биднийг өршөөгдсөн гэдгийг баталж чадна. Биднийг баяр баясгалан, амар амгаланг мэдрэх үед31 гэмшил сарнидаг32 бөгөөд гэм нүглийнхээ улмаас бид цаашид шаналж тарчлахгүй.33
Гэсэн ч бид чин сэтгэлээсээ наманчилсныхаа дараа ч эргэлзэж магадгүй юм. “Эргэлзэх” гэдэг нь хангалтгүй наманчилсан гэсэн үг биш, ердөө л хүмүүний сул доройг харуулж байгаа хэрэг юм. Их Эзэн сул дорой байдлыг эсэргүүцлээс өөрөөр авч үздэг. “Их Эзэн сул дорой байдлын тухайд үргэлж нигүүлсэнгүйгээр ярьдаг”34 учраас сул дорой тал дээр маань туслах Аврагчийн чадварт бид эргэлзэх хэрэггүй гэдгийг мэдэх нь ямар их тайвшруулам хэрэг вэ.
“Би итгэлтэй байж, гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэн, ариун нандин гэрээг байгуулж, сахин, ариун сүмийн ёслол, адислалуудыг хүлээн авна” хэмээн Залуу эмэгтэйчүүдийн уриа төгсдөг. Гэр орон, гэр бүлээ хүчирхэгжүүлэх гэдэг нь итгэлтэй байдлын гинжний эхний хэлхээг гагнаж, итгэлийн өвөө тээж явах эсвэл үүнийг сэргээх гэсэн утгатай байж болно.35 Үүнээс гадна, хүч нь Есүс Христэд итгэж, ариун нандин гэрээ байгуулснаар ирдэг.
Ариун сүмд бид өөрсдийнхөө хэн гэдгийг болон хаана байсан талаараа мэдэж авдаг. Ромын философич Цезарь “Төрөхөөсөө өмнө юу болсныг үл тоомсорлох нь хүүхдээрээ мэт үлдэх явдал юм”36 гэж хэлжээ. Мэдээж тэрээр орчин үеийн дэлхийн түүхийн талаар ярьж байсан ч түүний энэхүү ухаалаг ажиглалтыг дэлгэрүүлэн ойлгож болно. Бид ариун сүмд олж авсан мөнхийн талаас нь харах хараагаа үл тоомсорловол, насан туршдаа хүүхэд мэт амьдардаг. Тэнд бид Их Эзэнд өсөж хөгжин, Ариун Сүнсийг бүрэн хүлээн авч,37 Аврагчийн шавийн хувьд илүү бүрэн хариуцлагатай болдог.38 Бид гэрээнүүдээ дагах үедээ амьдралдаа Бурханы хүчийг хүлээн авдаг.39
Би та нарыг амьдралаа Есүс Христ дээр төвлөрүүлж, Залуу эмэгтэйчүүдийн уриан дахь суурь үнэнүүдийг санаж байгаарай хэмээн урьж байна. Хэрэв та нар хүсэлтэй байх аваас Ариун Сүнс та нарыг удирдан чиглүүлэх болно. Тэнгэрлэг Эцэг маань та нарыг Өөрийнх нь өв залгамжлагчид болж, Өөрт нь байгаа бүхнийг хүлээн аваасай хэмээн хүсдэг.40 Тэрээр та нарт дахиад илүүг санал болгож чадахгүй. Тэрээр та нарт дахиад илүүг амлаж чадахгүй. Тэрээр та нарыг мэддэгээс тань илүү хайрладаг бөгөөд та нарыг энэ амьдралд болон ирэх амьдралд аз жаргалтай байгаасай хэмээн хүсдэг. Есүс Христийн нэрээр, амен.