2010
Ариун сүмүүдийн түүх
2010


Ариун сүмүүдийн түүх

Эрт дээр үед Их Эзэний гэрээт хүмүүс ариун сүм барихыг өөрсдийнх нь онцгой шаардлагатай хөдөлмөр гэж үздэг байсан нь өнөө үед ч хэвээр байна.

Онцгойлон адислах газар

Ариун сүмийн тухай хамгийн чухал ойлголт бол энэ нь үргэлж ариун үйлчлэлд онцгойлон адислагддаг газар бөгөөд явцуу ойлголтоор бол зөвхөн эрхэм ариун ёслолууд гүйцэтгэхэд зориулан барьсан барилга юм.

Темплюм гэсэн латин үг еврей хэлний вет Элохим буюу Бурханы өргөө гэсэн үгтэй адил утгатай юм. Иймээс энэ үгийн жинхэнэ утга нь Их Эзэний өргөө юм.

Ийм барилгуудыг хиймэл шүтээн шүтэгчид, үнэн бөгөөд амьд Бурханыг дагагчид аль аль нь олон эрин зуунд барьсаар иржээ. Гадна талаар нь хэрмээр хүрээлсэн ариун сүмүүдийг ерөнхийдөө олон түмэн цуглаж, ёслол үйлдэхэд ашигладаг байв. Эдгээр барилгуудын дотор талын байгууламжид зөвхөн ариулан адислагдсан санваартнууд орж болдог байв. Энд бурхан өөрийгөө үзүүлдэг гэдэг байжээ. Ариун сүмүүд хэзээ ч энгийн олон түмний цуглах газар байгаагүй, харин хамгийн хүндэтгэлтэй шүтлэг бишрэлийн газар болох ариулан адислагдсан ариун барилга байгууламж гэж үздэг байв.

Эртний Израилын табернекл

Эртний Израилын табернекл

Эрт үед Израилын ард түмэн амьд Бурханы нэрээр ариун газрууд барих талаар бусад үндэстнүүдээс ялгардаг байлаа. Израилын ард түмнээс энэхүү үйлчлэлийг Иехова онцгойлон шаарддаг байв. Тэд өөрсдийгөө түүнд үйлчлэх ёстой гэдэг байлаа. Израил үндэстний түүх нь Египетээс гарсан үеэс эхэлдэг билээ. Тэд Египетийн хиймэл шүтээний орчноос холдон салснаас хойш удалгүй Иехова Өөрийгөө тэдэнд харуулж, хүсэл тааллаа мэдүүлэх ариун газар бэлтгэх шаардлагатай болж, Түүнийг өөрсдийн хүлээн зөвшөөрөгдсөн Их Эзэн, Хаан гэж тунхаглажээ.

Табернекл нь Израилын хувьд Иеховагийн ариун газар байлаа. Энэ нь илчлэгдсэн төлөвлөгөө болон тусгай шаардлагуудын дагуу баригдсан байлаа (Eгипетээс Гарсан нь 26–27-г үз). Табернекл нь авсаархан, тэр үед хүмүүсийн эзэмшиж байсан хамгийн үнэтэй материалуудаар дээд зэргийн ур гаргаж хийсэн, өндөр үнэтэй майхан байлаа. Энэхүү онцгой чанар нь Израил үндэстнээс Их Эзэнд өргөсөн өргөл байв. Энэ нь бүх талаараа тэр үеийн хүмүүсийн өгч чадах охь манлай болсон зүйл байсан бөгөөд Иехова Өөрийн бурханлиг хүлээн авалтаараа ариусган, бэлэг болгон өгсөн ажээ.

Израил амлагдсан нутагт төвхнөсний дараа, цөлд дөрвөн жил бэдрэн амьдарсны дараа, гэрээт хүмүүс Канааныг өөрсдийнх болгож эзэмшсэн үед табернекл Шилод амрах газар болон өгөгдөж, тэр үеэс хойш овгууд Бурханы хүсэл болон үгийг мэдэхээр энд ирдэг болжээ (Иошуа 18:1; 19:51; 21:2; Шүүгчид 18:31; 1 Самуел 1:3, 24; 4:3–4-ийг үз). Дараа нь табернеклыг Гибеонд шилжүүлэв (Шастирын Дээд 21:29;  Шастирын Дэд 1:3-ыг үз) мөн хожим нь Давидын хот буюу Сионд (2 Самуел 6:12;  Шастирын Дэд 5:2-ыг үз).

Соломоны Ариун сүм

Соломоны Ариун сүм

Израилын хоёр дахь хаан Давид хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майханд байх нь зохимжгүй гэж үзэн, Их Эзэнд зориулан өргөө барихыг хүсч, төлөвлөв (2 Самуел 7:2-ыг үз). Гэвч Израилын хаан Давид олон талаараа Бурханых лугаа адил зүрх сэтгэлтэй хүн байсан ч, нүгэл үйлдсэн бөгөөд нүгэл нь өршөөгдөөгүйг Их Эзэн бошиглогч Натаны амаар хэлүүлжээ (2 Самуел 7:1–13;  Шастирын Дээд 28:2–3-ыг үз). Гэсэн ч Их Эзэний өргөөнд зориулан материал цуглуулахыг Давидад зөвшөөрч, барилгыг тэр өөрөө биш хүү Соломон нь барих ёстой байв.

Соломон хаан ширээнд суусныхаа дараахан ариун сүмийг бариулж эхэлжээ. Тэрээр хаанчлалынхаа дөрөв дэх жилд суурийг нь тавиулж, барилгын ажил долоон жил хагас болсны дараа дууссан ажээ. Соломон хаан Ариун сүм бариулсан нь зөвхөн Израилын түүхэнд төдийгүй, дэлхийн түүхэнд шинэ эрин үеийг эхлүүлсэн үйл явдал болжээ.

Нийтийн баримталдаг он тооллоор МЭӨ 1005 оны орчимд ариун сүм дууссан байна. Уран барилга болон барилгын ажил, дизайн, үнэ өртгийн талаасаа энэ нь түүхэн дэх хамгийн гайхамшигтай барилгуудын нэг болжээ. Онцгойлон адислах ёслол нь долоо хоног үргэлжилж, Израилд ариун баярын долоо хоног болжээ. Тахилчдыг гарч ирэхэд ариун танхимыг дүүргэсэн үүлэн дотор Их Эзэн ариун сүмийг баяртайгаар хүлээж авчээ. Учир нь “ЭЗЭНий цог жавхлан Бурханы өргөөг дүүргэсэн байлаа” ( Шастирын Дэд 5:14; мөн Eгипетээс Гарсан нь 40:35;  Шастирын Дэд 7:1–2).

Соломоны ариун сүмийг гутаан доромжилсон нь

Энэхүү сүр жавхлан төгс барилга богинохон настай байжээ. Ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш гучин дөрвөн жилийн дараа, Соломоныг нас барснаас тавхан жилийн дараа түүний доройтол эхэлж, удалгүй дээрэм тонуулд өртөн, эцэстээ гутаан доромжлогдсон ажээ. Соломон бөө шүтэгч зальт эмэгтэйчүүдээр удирдагдан замаа алдаж, түүний зоргоороо авирлагч зан Израилд шударга бус явдал цэцэглэн хөгжихөд нэрмээс болжээ. Ариун сүм удалгүй ариун байдлаа алдаж, Иехова ариун биш болсон энэ газраас хамгаалалтаа татан авсан юм.

Хүмүүс Египетчүүдийн боолчлолоос чөлөөлөгдсөн ч, Израилыг дарлахыг тэдэнд дахин зөвшөөрчээ. Египетийн хаан Шишак Иерусалимыг эзэлж, “ЭЗЭНий өргөөний эрдэнэсийг олзлон авчээ” (Хаадын Дээд 14:25–26). Ариун сүмийг гутаан бузарлах ажил олон зууны турш үргэлжилсэн ажээ. Египетчүүд бузарласнаас хойш хоёр зуун арванзургаан жилийн дараа Иудагийн хаан Ахаз тахилын ширээг шилжүүлж, баптисмын сан болон нэгэн цагт ариун сүм байсан байшин үлджээ (Хаадын Дэд 16:7–9, 17–18; мөн  Шастирын Дэд 28:24–25-ыг үз). Хожим нь Вавилоны хаан Небухаднеззар тус ариун сүмийг бүрмөсөн бузарлаж, гал тавин шатаасан аж (Шастирын Дэд 36:18–19; мөн  Хаадын Дэд 24:13; 25:9-ийг үз).

Зеруббабелын Ариун сүм

Зеруббабелын Ариун сүм

Тийнхүү Их Эзэнийг дэлхийд ирэхээс 600 орчим жилийн өмнө Израил ариун сүмгүй болсон. Хүмүүс бүгдээрээ хиймэл шүтээн шүтдэг, ёс бус болж, Их Эзэн тэднээс болон тэдний ариун байдлаас татгалзжээ. 12 овгоос ойролцоогоор 10-аас нь бүрдэж байсан Израилын хаант улс МЭӨ 721 оны орчимд Ассирийн эрхшээлд орж, зуун жилийн дараа Иудагийн хаант улсыг вавилончууд эзэлжээ. Тэр цагаас хойш иудейчүүд хэмээн нэрлэгдэх болсон Иудагийн хүмүүс угтан хэлсэн ёсоор 70 жилийн турш боолчлолд байв (Иеремиа 25:11–12; 29:10-ыг үз).

Дараа нь Кореш (Eзра 1, 2), Дариус (Eзра 6-г үз) нарын найрсаг хаанчлалын үед иудейчүүдийг Иерусалимд буцаж очин, итгэл бишрэлийнхээ дагуу ариун сүмийг дахин барихыг зөвшөөрчээ. Сэргээн барьсан ариун сүмийг түүхэнд Зеруббабелын Ариун сүм хэмээн нэрлэх болсныг уг ажлын удирдагчийн дуртгалд өгүүлсэн ажээ. Энэ ариун сүм Соломоны тансаг Ариун сүмтэй харьцуулахад ур хийц, засал чимэглэл, тавилгаар доогуур зиндаанд байсан ч тухайн үеийн хүмүүсийн барьж чадах хамгийн сайн өргөө байсан учир түүнийг Их Эзэн Өөрийн гэрээт хүүхдүүдийн хайр, бие сэтгэл бүхнийг төлөөлсөн өргөл хэмээн үзэж хүлээн авсан ажээ.

Херодын Ариун сүм

Есүс хөвгүүн Ариун сүмд

Христийг төрөхөөс 16 орчим жилийн өмнө, Иудейн Хаан Херод I, хуучирч муудан, бараг нурах шахсан Зеруббабелын Ариун сүмийг шинэчлэн бариулах ажлыг эхэлжээ. Тэр барилга таван зууныг элээсэн болохоор ихэнх хугацаанд балгас болон хаягдсан байсан нь эргэлзээгүй.

Аврагчийн дэлхий дээрх амьдралын олон үйл явдал Херодын Ариун сүмтэй холбоотой юм. Ариун сүмд байх ёстой ариун байдлыг энэ сүм зөрчиж, гутаан, түүнийг худалдаа арилжааны зорилгоор ашиглаж байсныг Христ эсэргүүцэхийн хамт ариун сүмийн ариун мөн чанарыг хүлээн зөвшөөрснийг судрууд нотолдог билээ. Ариун сүм ямар ч нэртэй байлаа гэсэн энэ нь Түүний хувьд Их Эзэний өргөө байлаа.

Их Эзэн дэлхийд амьдарч байх үедээ энэ ариун сүм бүрэн устгагдахыг угтан хэлсэн юм (Maтай 24:1–2; Maрк 13:1–2; Лук 21:6-г үз). МЭ 70 онд Титийн удирдсан ромчууд Иерусалимыг эзэлж, түймэр тавихад ариун сүм бүрэн нурж унасан ажээ.

Эртний Америк дахь ариун сүмүүд

Есүс Христ эртний Америкт хүрч ирсэн нь

Херодын Ариун сүм эрт дээр үед Дэлхийн зүүн хагаст баригдсан сүүлчийн ариун сүм байлаа. Тэрхүү агуу барилгыг устгаснаас хойш 19-р зуунд Христийн Сүм үндэслэгдэн байгуулагдах хүртэлх хугацаанд ариун сүм барьж байсан тухай ганцхан цэдэг Мормоны Номонд байдаг. Уг цэдэгт эдүгээ Америк тив хэмээн нэрлэгддэг нутагт ариун сүмүүд баригдаж байсныг нотолдог бөгөөд дэлхийн баруун хагаст оршиж байсан тэдгээр ариун сүмүүдийн барилга болон тэнд гүйцэтгэгдэж байсан ёслолуудын тухай зарим тодорхой мэдээлэл бидэнд байдаг. Дэлхийн баруун хагаст хүмүүс нэг ариун сүмийг МЭӨ 570 оны орчимд барьсан бөгөөд үүнийг Соломоны ариун сүмийн маягаар барьсныг бид мэддэг. Гэвч энэ ариун сүм тэрхүү тансаг, сэтгэл татам сайхан, асар өндөр өртөгтэй барилгатай харьцуулахад зиндаа үлэмж доогуур байжээ (2 Нифай 5:16-г үз).

Амилсан Их Эзэн дэлхийн баруун хагаст нифайчууд дээр хүрч ирсэн үедээ тэднийг нөгөөх ариун сүмийн дэргэд цугласан байхыг харжээ (3 Нифай 11:1–10-ыг үз).

Гэвч Иерусалим дахь ариун сүм устгагдсан үеэс хойших ариун сүмүүдийн тухай Мормоны Номонд дурдсан зүйл байдаггүй. Түүнээс гадна Нифай үндэстэн Христээс дөрвөн зууны хойно мөхсөн билээ. Тиймээс дэлхийн баруун, зүүн хагас аль алинд нь ариун сүм Урвалтын эхэн үед оршин тогтнохоо больсон бөгөөд ариун сүм бол шашны бусад барилгуудаас өвөрмөц ялгаатай газар гэдэг ойлголт хүн төрөлхтний ой санамжаас үгүй болсон ажээ.

Урвалт ба Сэргээлт

Олон зууны туршид Их Эзэнд зориулан ариун барилга байгууламж барьсангүй. Чухамдаа ийм хэрэгцээ ч байсангүй. Ихэнх нь өндөр өртөгтэй, агуу том олон барилга байгууламж баригдаж байсан нь үнэн юм. Эдгээрээс заримыг нь Петр, Паул хоёрт, Иаков, Иохан нарт, бусдыг нь Магдалын Мариа, Онгон бүсгүй Мариад зориулсан ч, нэг ч барилгыг Христ болох Есүсийн эрх мэдэл, нэрээр Түүнд зориулан барьсангүй. Мөргөлийн үй олон сүм, дуган, өдий төдий шүтээний байруудын дотор Өөрийн хэмээн нэрлэх ганц ч газар Хүний Хүүд байсангүй.

19-р зуунд сайн мэдээ эрт үеийн хүч, онцгой боломжуудтайгаа сэргээгдэж, ариун санваар хүмүүний дунд тунхаглагдах хүртэл ийм газар байсангүй. Түүнчлэн Бурханы нэрээр ярих болон үйлдэх эрх мэдэл нь ариун сүмд зайлшгүй хэрэгтэйг, ариун сүм нь санваарын ариун эрх мэдэлгүйгээр ямар ч хүчгүйг санах ёстой. Иосеф Смитээр дамжин эртний сайн мэдээ дэлхийд сэргээгдэж, эртний хууль дахин бий болсон билээ. Цаг хугацааны өрнөлд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм Бошиглогчийн үйлчлэлээр зохион байгуулагдаж, бурханлиг хүчний илэрхийллээр үндэслэгдэн байгуулагдсан юм.

Хожмын үеийн ариун сүмүүд

Көртландын Ариун сүмийг барьсан нь

Энэ Сүм түүхийнхээ бүр эхний өдрүүдэд ариун сүм барьж эхэлсэн билээ (Сургаал ба Гэрээ 36:8; 42:36; 133:2-ыг үз). 1833 оны 6-р сарын эхний өдөр Их Эзэн Бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтэндээ, нэгэн ариун өргөөг тэр даруй барих удирдамж өгчээ. Уг өргөөнд Тэрээр сонгогдсон үйлчлэгчдэдээ хүч, эрх мэдлийг олгохоор амласан ажээ (Сургаал ба Гэрээ 95-ыг үз). Хүмүүс тэрхүү уриалгыг чин сэтгэлээсээ, халуун дотноор хүлээн авсан юм. Туйлын ядуу зүдүү байдалд, зогсоо зайгүй мөрдлөг хавчлагын дунд өргөө барих ажил дуусч, 1836 оны 3-р сард Огайогийн Көртландад орчин үеийн анхны ариун сүм онцгойлон адислагдав (Сургаал ба Гэрээ 109-ийг үз). Онцгойлон адислах ёслол нь эрт дээр үеийн анхны ариун сүмийг онцгойлон адисалсантай харьцуулахад бурханлиг илэрхийллээр онцгой ялгарч байсан бөгөөд тэнгэрлэг хүмүүн биес хүмүүнд өгсөн бурханлиг илчлэлтүүдийг авчран, ариун сүм дотор үзэгджээ. Тэр газарт Их Эзэн Есүс дахин үзэгдэж, дуу нь сонсогдсон ажээ (Сургаал ба Гэрээ 110:1–10-ыг үз).

Көртландын Ариун сүмийг онцгойлон адисалснаас хойш хоёр жилийн дотор, барьсан хүмүүс нь үүнийг орхиж явсан юм. Тэд мөрдлөг хавчлагын улмаас албадуулан хөөгдсөн бөгөөд тэднийг явахад ариун сүм ердийн нэг байшин болсон юм.

Хожмын Үеийн Гэгээнтгүүд эхлээд Миссури уруу хожим нь Иллинойн Науву уруу дүрвэсэн билээ. Тэднийг шинэ нутагт дөнгөж суурьшаад байтал Бурханы нэрээр ариун өргөө барихад хүмүүсийг дуудсан дуудлага дахин сонсогджээ.

Хэдийгээр хүмүүс дахин албадуулан хөөгдөх нь тодорхой болж, бүр ариун сүмийг дуусгангуут удалгүй орхин явах нь гэдгийг мэдэж байсан ч, тэд барилгыг дуусгах, тэгэхдээ ном ёсоор нь дуусгахын тулд нөр их хүч хөдөлмөр, хичээл зүтгэл гарган ажиллаж байлаа. Ариун сүмийг 1846 оны 4-р сарын 30-нд онцгойлон адисалсан ч, барилгыг бүр дуусахаас өмнө хүмүүс дүрвэн нүүж эхэлсэн байлаа.

Ариун сүмийг ядуу тарчиг байдалд, золиослол хийж барьсан хүмүүс бас л орхин явжээ. 1848 оны 11-р сард энэ ариун сүм санаатайгаар тавьсан түймэрт шатжээ. Утаанд харласан үлдэгдэл ханануудыг 1850 оны 5-р сард хар салхи нураасан аж.

1847 оны 7-р сарын 24-нд Мормоны анхдагчууд эдүгээ Солт Лейк хот байгаа газарт суурьшсан юм. Бошиглогч, удирдагч Бригам Янг хэд хоногийн дараа битүү шарилж ургаж хатаж гандсан хоосон газрыг таягаараа хатгаж “Энд бидний Бурханы ариун сүм байх болно” гэж хэлсэн гэдэг. Эдүгээ энэ газарт эргэн тойронд нь хот сүндэрлэн боссон үзэсгэлэнт сайхан Ариун Сүмийн барилга байна. Солт Лейкийн Ариун сүм 40 жил баригдсан бөгөөд 1892 оны 4-р сарын 6-нд оройн чулууг нь тавьж, жилийн дараа онцгойлон адислагджээ.

Бурханлиг итгэмжлэл

Мексикийн Тампико Ариун сүм

Гэрээт хүмүүс эртний болон орчин үеийн алинд ч ариун сүмүүд барих нь тэдний хийх шаардлагатай онцгой ажил гэж үзсээр иржээ. Ариун сүм нь цуглааны байр болон сүмээс, синагог болоод шүтээний дуганаас илүү чухал зүйл; энэ бол Их Эзэний өргөө сүндэрлэх, Их Эзэн, ариун санваар хоёрыг хамгийн нягт холбодог, хамгийн ариун бөгөөд эрхэм дээд ёслолуудад зориулсан барилга юм. Түүнээс гадна ариун сүм нь үнэхээр Бурхан хүлээн зөвшөөрч, Түүгээр хүлээн авагдсан Түүний өргөө байхын тулд шаардах өргөл байх ёстой, иймээс бэлэг, түүнийг өгөгч хоёр хоёул зохистой байх ёстой.

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээр сэргээгдсэн ариун санваарыг эзэмшигч, үнэн бөгөөд амьд Бурханы нэрээр, Түүнд үйлчлэх ариун сүмүүдийг барьж, ажиллуулан, үр дүн нь газар дээр болон үхлийн дараа аль алинд нь лацдан холбох санваарын ёслолуудыг тэнд гүйцэтгэх бурханлиг итгэмжлэлийг хүлээгч мөн гэдгийг тунхаглаж байна.

Көртландын Ариун сүмийн дотоод байдал. Гэрэл зургийг 20-р зууны эхээр авчээ.

Мосе Аароныг табернеклд тахилчаар үйлчлүүлэхээр тосолж байгаа нь.

Израилыг цөлд бэдрэн амьдарч байх үед табернекл нь авсаархан ариун сүм болдог байжээ.

МЭӨ 1005 онд дууссан Соломоны Ариун сүм түүхэн дэх хамгийн гайхамшигтай барилгуудын нэг байлаа.

Соломоны Ариун сүмийн онцгойлон адислах ёслол долоо хоног үргэлжилж, Израилд баярын ариун долоо хоног болжээ.

Вавилоны боолчлолын үед Иерусалимд буцаж очин, ариун сүмийг дахин барихыг иудейчүүдэд зөвшөөрсөн ажээ.

Аврагчийн дэлхий дээрх амьдралын олон үйл явдал Тэрээр ариун сүмийн ариун байдлыг хүлээн зөвшөөрснийг харуулдаг.

Амилсан Аврагч Америк тивд хүрч ирэхдээ ариун сүмд очиж үзжээ.

Урвалтын урт удаан он жилүүдийн дараа ариун сүмийн шүтлэгт хэрэгтэй байсан эрх мэдэл Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн юм.

Хожмын үеийн анхны ариун сүм 1836 оны 3-р сард Огайогийн Көртландад онцгойлон адислагдав.

Солт Лейкийн хөндийд хүрч ирснээс хойш удалгүй Бригам Янг “Энд ариун сүм барина” гэж мэдэгджээ.

1893 оноос хойш өнөөдрийг хүртэл дэлхий даяар 130 гаруй ариун сүм барьж, онцгойлон адислаад байна.

Мексикийн Тампико Ариун сүм. 2000 оны 5-р сарын 20-нд онцгойлон адислагджээ.

Самаогийн Апиа Ариун сүм. 1983 оны 8-р сарын 5-нд онцгойлон адисалсан ажээ. 2005 оны 9-р сарын 4-нд дахин онцгойлон адислагдав.

Испаний Мадридын Ариун сүм. 1999 оны 3-р сарын 19-нд онцгойлон адислагджээ.