2010
Ариун сүм
2010


Ариун Өргөө

Сүмийн гишүүд өөрсдийгөө тэнцэхээр болговол ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг, хүн төрөлхтөнд илчлэгдсэн гэтэлгэлийн хамгийн эрхэм дээд ёслолуудад оролцож чадна.

Бид ариун сүмүүдэд гэтэлгэлийн хамгийн чухал ёслолуудад оролцож чадна

Хүмүүс ариун сүмд орох олон учир шалтгаан бий. Ариун сүмийн гаднах үзэсгэлэн төгөлдөр байдал нь хүртэл гүнзгий сүнслэг нөлөө үзүүлдэг. Энэхүү сүнслэг нөлөө дотор талдаа бүр илүү их байдаг. Ариун сүмийн хаалганы дээд талд “Их Эзэнд ариуныг” гэсэн үгс бичсэн байдаг. Та онцгойлон адислагдсан аль нэг ариун сүмд орвол Их Эзэний өргөөнд орлоо гэсэн үг.

Сүмийн гишүүд өөрсдийгөө тэнцэхээр болговол ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг, хүн төрөлхтөнд илчлэгдсэн гэтэлгэлийн хамгийн эрхэм дээд ёслолуудад оролцож чадна. Тэнд ариун ёслолоор хувь хүмүүс угаагдаж, тослогдон, заавар хүлээн авч, хувийн хишгээ хүртэн, лацдан холбуулж болно. Бид өөрсдийнхөө төлөө эдгээр адислалуудыг авсны дараа ийм боломжгүйгээр нас барсан хүмүүсийг төлөөлөн ёслолуудыг хийлгэж болно. Ариун сүмүүдэд амьд хүмүүс, нас барагсад аль алиных нь төлөө эрхэм дээд ёслолуудыг гүйцэтгэдэг.

Ариун сүмд гүйцэтгэдэг ёслолууд энгийн, эрхэм сайхан, ариун нандин юм

Судруудыг анхааралтай уншвал, Их Эзэн хүмүүст бүх зүйлийг илчилж дуусаагүйг харуулдаг. Ариун мэдээллийг хүлээн авахаас өмнө хангавал зохих зарим шаардлага байдаг. Ариун сүмийн ёслолуудыг эдгээр зүйлсийн хүрээнд гүйцэтгэдэг.

Бид ариун сүмийн ёслолуудыг ариун сүмээс гадуур ярьдаггүй. Ариун сүмийн ёслолуудын тухай мэдлэг зохистой цөөн тооны хүмүүсээр хязгаарлагдаж, бусад хүмүүс ёслолуудын тухай огт мэдэхгүй байх нь хэзээ ч Бурханы зорилго байгаагүй, байх ч ёсгүй. Чухамдаа үүний эсрэг юм. Бид хүн бүрийг ариун сүмийн ёслолуудад бэлтгэн, тэнцэхээр байлгахын тулд их хүч чармайлт гаргахын төлөө байдаг. Ариун сүмд орсон хүмүүст бэлгэдлийн зүйлсийг заадаг. Нэгэн цагт амьд байгаа болон амьдарч байсан бүх хүмүүс сайн мэдээг сонсож, ариун сүмүүдийн санал болгодог зүйлийг хүлээн авах буюу няцаах боломжтой байх болно. Хэрэв энэхүү боломжоос татгалзлаа гэхэд энэ нь тухайн хүний л асуудал.

Ариун сүмийн ёслолууд нь энгийн бөгөөд эрхэм сайхан юм. Эдгээр ёслолууд ариун нандин юм. Бэлтгэгдээгүй хүмүүст өгөхгүйн тулд ёслолуудыг нууцалдаг. Сониуч зан бол бэлтгэл биш. Ганцхан гүнзгий сонирхол ч бэлтгэл биш. Ариун сүмд ёслолууд хүлээн авах бэлтгэл үе шатуудад: Их Эзэний өргөөнд уригдсан хүний итгэл, наманчлал, баптисм, гишүүний баталгаа, зохистой байдал, төлөвшилт болон нэр төрөө эрхэмлэдэг чанар орно.

Зохистой хүмүүс ариун сүмд орж болно

Зохистой бөгөөд бүх талаар шаардлага хангасан хүн бүр ариун ёслолуудыг хүлээн авахын тулд ариун сүмд орж болно.

Та ариун сүмийн адислалын ач холбогдол, үнэ цэнэ, тэнд гүйцэтгэгддэг ёслолуудын ариун мөн чанарыг ойлгодог бол ариун сүмд орохын тулд Их Эзэний тогтоосон өндөр жишгүүдэд эргэлзэх явдалгүй юм.

Та ариун сүмд орохыг зөвшөөрсөн хүчинтэй бичигтэй байх ёстой. Энэхүү зөвшөөрлийн бичигт Сүмийн холбогдох албан тушаалтнууд гарын үсэг зурсан байх ёстой. Зөвхөн зохистой хүмүүс ариун сүмд орох ёстой. Ариун сүмийн ёслолуудаа хүлээж авахаас өмнө зохистой байдлыг тань тодорхойлохын тулд асуултууд асууж ярилцлага хийх нь орон нутгийн бишоп, салбарын ерөнхийлөгчийн үүрэг юм. Энэ ярилцлага маш чухал юм. Учир нь энэ бол Их Эзэний томилогдсон үйлчлэгч амьдралын тань хэв маягийг тодорхойлох ярилцлага мөн. Хэрэв амьдралд чинь ямар нэг зүйл зөв биш байвал, үүнийг шийдвэрлэхэд бишоп туслах болно. Энэ үйл явцаар дамжуулан таныг Их Эзэний зөвшөөрлөөр ариун сүмд орохоор зохистойг тань тогтоох эсвэл та нарын зохиостой байдлыг бий болгоход туслах болно.

Ариун сүмийн зөвшөөрлийн бичиг олгох ярилцлагыг бишоп, ариун сүмд орох гэж байгаа гишүүнтэй ганцаарчлан хийнэ. Ярилцлагаар уг гишүүний биеэ авч явдаг болон зохистой байдал, Сүм болон түүний албан тушаалтнуудыг хэрхэн итгэлээр дагадгийг магадлан тогтоох асуултуудыг түүнээс асуудаг. Гишүүн ёс суртахууны хувьд цэвэр ариун бөгөөд Мэргэн Ухааны Үгийг дагадаг, аравны нэгээ бүрэн төлдөг, Сүмийн сургаалуудаар амьдардаг, урвагч бүлгүүдийг аливаа хэлбэрээр талархан дэмждэггүйгээ нотлон харуулах ёстой. Гишүүн бүртэй хийсэн ярилцлагын нууцыг хадгалах нь маш чухал болохыг бишопт зааварладаг.

Бишопын асуултуудад хариулсан боломжит хариултууд тухайн хүнийг ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаар зохистойг нотлох болно. Хэрэв хүсэлт гаргагч нь зарлигуудыг сахьдаггүй эсвэл залруулах ёстой ямар нэг зүйл амьдралд нь байгаа бол ариун сүмийн зөвшөөрлийн бичиг авахаас өмнө жинхэнэ ёсоор наманчилснаа харуулах шаардлагатай.

Бишоп ярилцлага хийсний дараа тухайн гишүүн ариун сүмийн ёслолууд хүлээн авахаас өмнө гадасны ерөнхийлөгч түүнтэй бас ярилцлага хийдэг.

Ариун сүмд заадаг зүйлс бэлгэдлийн шинжтэй юм

Анх удаа ариун сүмд орохын өмнө, тэр байтугай олон удаа орсны дараа ч, ариун сүмүүдэд заадаг зүйлс бэлгэдлийн шинжтэйг ойлгох нь танд туслах болно. Их Эзэн, Эзэн Багш Өөрийн зааврын ихээхэн хэсгийг ийнхүү бэлгэдлээр өгдөг билээ.

Ариун сүм бол агуу сургууль мөн. Энэ бол суралцахын өргөө мөн. Ариун сүм дэх уур амьсгал нь гүн гүнзгий сүнслэг асуудлуудаар заавар өгөхөд туйлын тохиромжтой байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч асан талийгаач Жон А.Видцөү бол их сургуулийн гарамгай ерөнхийлөгч, дэлхийд нэрд гарсан эрдэмтэн байлаа. Тэрээр ариун сүмийн ажилд гүн хүндэтгэлтэй ханддаг байсан бөгөөд нэг үйл явдлаар тохиолдуулан ийн хэлжээ:

“Ариун сүмийн ёслолууд нь Сүмийн үе үеийн удирдагчдын заасаар ирсэн авралын төлөвлөгөөг бүхэлд нь хамарч, ойлгоход хэцүү асуудлуудыг тодруулдаг. Ариун сүмийн сургаалуудыг авралын агуу төлөвлөгөөнд нийцүүлэх буюу тохируулах явдал байдаггүй. Ариун сүмийн хишгийн философийн үзэл баримтлал бол ариун сүмийн ёслолууд үнэн бодитой эсэх талаарх их маргааны нэг юм. Түүнээс гадна Сайн мэдээний төлөвлөгөөг цогц байдлаар бүрэн хамарч тайлбарладаг нь ариун сүмийн шүтлэг бишрэлийг сайн мэдээний бүтцийн тухай ой дуртгалыг сэргээн шинэчлэх хамгийн үр ашигтай аргуудын нэг болдог (“Temple Worship,” Utah Genealogical and Historical Magazine, 1921 оны 4-р сар, 58).

Хэрэв та ариун сүмд орж, тэнд заагддаг зүйлс бэлгэдлийн шинжтэйг санах юм бол ойлголт тань өсөн нэмэгдэхгүй, сэтгэл санаа, сүнслэг байдал чинь өргөгдөхгүй, сүнсний зүйлүүдийн талаарх мэдлэг тань өргөжин тэлэхгүйгээр тэндээс гарч явна гэж байхгүй. Заах төлөвлөгөө нь ер бусын, сүнслэг нөлөөтэй юм. Эзэн Багш, Их Эзэн Өөрөө сургаалт зүйрлэлүүд ашиглан, өөр байдлаар ойлгоход хэцүү зүйлсийг бэлгэдлээр төлөөлүүлэн шавь нартаа заадаг байлаа.

Ариун сүм чухамдаа өөрөө ч бэлгэдэл юм. Хэрэв та бүрэн гэрэлтсэн ариун сүмүүдийн нэгийг шөнийн цагаар харвал, ямар сэтгэгдэл төрүүлдгийг харах болно. Гэрэлд умбан, түнэр харанхуйгаас цойлон ялгарах Их Эзэний өргөө Есүс Христийн сайн мэдээний хүч, сүнслэг нөлөөний бэлгэдэл болон сүнсний харанхуй дахь гэрэлт цамхаг лугаа адил сүндэрлэн зогсдог билээ.

Та ариун сүмд ороод ердийн хувцсаа ариун сүмийн цагаан хувцсаар сольж өмсөнө. Хувцаслалтын өрөөнд хувцсаа солих бөгөөд хүн бүрийг хувцсаа хадгалах шургуулгатай шүүгээ, хувцаслах жижигхэн тасалгаагаар хангадаг. Ариун сүмд дээд зэргийн даруу байдлыг сахихад анхаарна. Та хувцсаа шүүгээнд хийж үлдээхэд өөрийн сэтгэл зовнил, анхаарал сарниулах зүйлс, элдэв асуудлаа тэнд хувцастайгаа орхин гардаг. Та хувцас солих энэхүү жижигхэн тасалгаанаас цагаан хувцсаар хувцаслан гарч ирэхдээ эргэн тойронд чинь байгаа бүх хүмүүс тантай яг адилхан хувцасласныг хараад тэдэнтэй нэгдмэл болсноо мэдрэх болно.

Ариун сүмийн гэрлэлт бол тэнд гүйцэтгэдэг ёслолуудын охь манлай нь юм

Ариун сүмийн гэрлэлт хийлгэхээр хүлээж байгаа хүмүүсийг хараад гэрлэлт чухам ямархуу байдалтай болдгийг мэдэх хүсэл танд аяндаа төрөх болно. Бид лацдан холболтын (гэрлэлтийн) ёслолын тухай ариун сүмээс гадуур ярьдаггүй ч, тэнд гүйцэтгэгддэг ариун ажлаар ариусгагдсанаар, лацдалтын үзэсгэлэнт сайхан өрөө, түүний зориулалтын тухай даруухан, хүндэтгэлтэйгээр дүрслэн өгүүлж болно.

Гэр бүлийн хос лацдан холболтын ёслол хийлгэхээр тахилын ширээнд хүрч ирэхээс өмнө залуу хост ёслол гүйцэтгэгч зөвлөгөө өгдөг. Лацдан холбуулж байгаа залуу хост хандан дараах зөвлөгөөг өгдөг.

“Өнөөдөр бол та хоёрын хуримын өдөр. Өрх гэрээ тусгаарлаж, гал голомтоо бадраах энгүй их хүсэл та хоёрыг эзэмдэж байгаа. Ариун сүмүүд бол яг үүнтэй адил ёслолуудыг гүйцэтгэхийн тулд баригддаг ариун газар юм. Бид ариун сүмд байгаа үедээ дэлхийд байдаггүй. Дэлхийн юмс энд байдаггүй бөгөөд энд бидний хийж байгаа зүйлд нөлөөлөх ёсгүй. Бид дэлхийгээс гарч, Их Эзэний ариун сүмд орж ирээд байна. Энэ өдөр та хоёрын амьдралд хамгийн чухал өдөр юм.

Та хоёр энэ дэлхийд уригдан, сүнс тань орших мөнх бус орон гэрийг бэлтгэсэн эцэг эхэд төрсөн билээ. Та хоёр хоёул баптисм хүртсэн байгаа. Ариун ёслол болох баптисм нь цэвэршилтийн бэлгэдэл, үхэл ба амилалтын болон шинэ амийн дотор явахын бэлгэдэл юм. Үүнд наманчлал, нүглийн уучлал орно. Их Эзэний Үдшийн зоогийн ариун ёслолоор баптисмын гэрээгээ шинэчилдэг бөгөөд хэрэв бид уг гэрээгээр амьдарвал, нүглээсээ уучлагдаж чадна.

“Сүйт залуу та санваарт томилогдсон байгаа. Танд эхлээд Аароны санваар олгож, дикон, багш, пристийн бүх албан тушаалд шат ахин дэвшсэн байгаа. Дараа нь та зохистой байснаар нэг өдөр Мелкизедек санваар авсан байгаа. Дээд санваар болох энэхүү санваарыг Бурханы ариун жаягийн дагуух эсвэл Бурханы Хүүгийн жаягийн дагуух Ариун санваар хэмээн нэрлэдэг (Aлма 13:18; Хиламан 8:18; Сургаал ба Гэрээ 107:2–4-ийг үз). Таныг санваарын албан тушаалд томилсон байгаа. Эдүгээ та бол ахлагч.

“Та хоёр хоёул хувийн хишгээ авсан байгаа. Энэхүү хувийн хишиг нь үүрд мөнхийн чадавхийг та хоёрт бий болгосон юм. Эдгээр бүх зүйл энэ амьдралд болон үүрд мөнхөд эхнэр, нөхөр болж, тахилын ширээний өмнө лацдан холбуулахад та хоёрт нэг талаар бэлтгэл болсон юм. Одоо та хоёр гэр бүл болж, амьдралаа төвхнүүлэн, дэлхийд үр хүүхдээ авчирч, өсгөн хүмүүжүүлэхийн төлөө бие сэтгэл бүхнээ зориулж, золиослол хийн, аюулгүйгээр мөнх бус амьдралын туршлага хуримтлуулахад нь тэдэнд тусалбал, нэгэн цагт өөрсдийнхөө адил ариун сүмийн эрхэм ариун ёслолуудыг хүлээн авахаар ирэхийг нь харах боломж та хоёрт тохиох болно.

“Та нар энд өөрсдийн хүслээр ирсэн бөгөөд та хоёрыг зохистой хэмээн тодорхойлсон билээ. Гэрлэлтийн гэрээгээр эхнэр, нөхөр болж байгаа нь агуу хариуцлага бөгөөд үүгээр хязгааргүй их адислал хүлээн авах болно.”

Лацдалтын хүч газар, тэнгэрт аль алинд нь холбодог

Хэрэв бид ариун сүмийн ажлын түүх, сургаалыг аль алийг нь ойлгохыг хүсвэл, лацдалтын хүч гэж юу болохыг ойлгох ёстой. Лацдалтын хүчний эрх мэдлийн түлхүүрүүдийг олгох нь яагаад шийдвэрлэгч ач холбогдолтойг бид ойлгох ёстой.

“Есүс Цезарь Филипийн нутагт очих үедээ шавь нараасаа, Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна? гэж асуув …

“Симон Петр, Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.

“Есүс түүнд хариуд нь, Бариона Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин Тэнгэр дэх Миний Эцэг илчилсэн юм.

“Би мөн чамд хэлье, Чи бол Петр. Энэ хадан дээр би өөрийн чуулганыг босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй.

“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрүүдийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь тэнгэрт холбогдоно. Газар дээр юуг тайлна, тэр нь тэнгэрт тайлагдах болно” (Maтай 16:19).

Петр түлхүүрүүдийг эзэмшдэг байлаа. Газар дээр холбох буюу лацдах эсвэл газар дээр тайлах хүч нь тэнгэрт мөн адил байдаг лацдан холболтын хүч, эрх мэдлийг Петр эзэмшдэг байлаа. Эдгээр түлхүүрүүдийг Сүмийн Ерөнхийлөгч, бошиглогч, үзмэрч болон илчлэгч эзэмшдэг. Лацдан холболтын энэхүү ариун хүч эдүгээ Сүмд байдаг. Энэхүү эрх мэдлийн ач холбогдлыг мэддэг хүмүүсийн үйлсээс илүү ариун зүйл гэж үгүй билээ. Өөр юу ч ийм эрхэм дотно биш юм. Лацдан холболтын энэхүү хүчийг итгэмжлэн даалгасан эрчүүд аль ч цаг үед дэлхий дээр харьцангуй цөөн байсан бөгөөд ариун сүм бүрд лацдан холболтын хүчийг өгсөн ах нар байдаг. Хэн ч энэ хүчийг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээтнүүдийн Сүмийн Ерөнхийлөгч, бошиглогч, үзмэрч, илчлэгчээс өөр хэнээс ч авч чадахгүй.

“Бид энэ бүх ёслолуудыг хүлээн авахгүй бол аврагдаж чадахгүй юү?” гэж түүнээс байнга асуудаг байсныг Бошиглогч Иосеф Смит ярьсан байдаг.“Үгүй ээ, авралын бүрэн байдлыг олж чадахгүй” гэж би хариулдаг байлаа. “Миний Эцэгийн өргөөнд олон байр бий. Иймээс би явж, та нарт зориулан байр бэлтгэе” гэж Есүс хэлсэн юм. [Иохан 14:15 -ыг үз).] Энд дурдсан өргөө гэдэг үгийг хаант улс гэж орчуулах ёстой. Хамгийн дээд харшид өргөмжлөгдөх ямар ч хүн селестиел хуулиар бүхлээр нь амьдрах ёстой (History of the Church, 6:184).

Ариун сүмийн ажил бол сүнслэг хүч чадлын эх сурвалж мөн

Ариун сүмүүд бол Сүмийн сүнслэг хүчний гол төв мөн. Биднийг энэхүү эрхэм ариун, сүнслэг нөлөө бүхий ажлыг хэрэгжүүлэх үед Сүм болон хувь хүмүүст дайсан саад учруулах гэж хичээх болно гэдгийг бид мэдэж байх ёстой. Ариун сүмийн ажил нь Хожмын Үеийн Гэгээнтнүүд болон нийт Сүмд сүнслэг хүчний эх сурвалж болдог учраас их эсэргүүцэлтэй тулгардаг.

Ютагийн Логаны Ариун сүмийн суурийн чулууг онцгойлон адислах үеэр Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч байсан Жорж К.Каннон ийн хэлжээ:

Ариун сүмийн суурийн чулуу тавигдах бүрд, Их Эзэний илчилсэн Түүний ариун Санваарын жаягийн дагуу Ариун сүм баригдаж дуусах бүрд дэлхий дээр Сатаны хүч хумигдаж, Бурхан болон Бурханлиг байдлын хүч өсч нэмэгдэн, бидний төлөө тэнгэрийн хүч хөдөлгөөнд орж, тэдэнтэй хамт оршдог Мөнхийн Бурхадын адислалуудыг бидэн дээр ирүүлэх болно” (“The Logan Temple,” Millennial Star, 1877 оны 11-р сарын 12, 743).

Сүмийн гишүүдэд асуудал бэрхшээл тохиолдох, чухал шийдвэр гаргахаар оюун санаанд нь ачаа дарамт учирсан үед тэд ариун сүмд орохоор явдаг нь нийтлэг зүйл юм. Ариун сүм бол сэтгэл санааны зовиураа тайлах аятай сайхан газар юм. Бид ариун сүмд сүнслэг хэтийн төлөвийг хүлээн авч чадна. Ариун сүмийн үйлчлэлийн үед бид “дэлхийнх биш” байдаг.

Заримдаа бидний оюун санаа янз бүрийн асуудалд дарагдаж, анхаарал тавих шаардлагатай өдий төдий асуудалтайтулгарсан үед бид юмсыг тод томруунаар бодож, тодорхой харж чаддаггүй. Ариун сүмд анхаарал сарниулах зүйлс алга болж, манан будан арилах лугаа адил бид өмнө нь харж чадахгүй байсан юмыг “харж,” урьд нь мэдэхгүй байсан асуудлуудаа шийдэх аргыг олж чаддаг.

Биднийг ариун сүмийн ёслолуудын ариун нандин ажилд оролцоход Их Эзэн адислах болно. Адислалууд нь бидний хийсэн ариун сүмийн үйлчлэлээр хязгаарлагдахгүй. Бид бүхий л ажил үйлстээ адислагдах болно.

Ариун сүмд хийдэг ажил бидэнд хамгаалалт хуяг болно

Сүмийн ивээн тэтгэж, дэмждэг ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлаас илүү энэ Сүмд хамгаалалт болдог ажил байхгүй. Сүнслэг байдлыг үүнээс илүү бэхжүүлдэг ажил гэж үгүй. Бидэнд үүнээс илүү хүч чадлыг өгдөг ажил гэж үгүй. Зөв шударга байдлын илүү өндөр жишгийг биднээс шаарддаг өөр ажил гэж үгүй.

Ариун сүмд бидний хийдэг ажил хүн нэг бүрд бас нийтэд нь хамгаалалт, хуяг дуулга болдог билээ.

Иймээс ариун сүмд ирцгээ, адислалуудаа авцгаа. Энэ бол ариун ажил.

Панамын Панам хотын Ариун сүм. 2008 оны 8-р сарын 10-нд онцгойлон адисалжээ.

Японы Токиогийн Ариун сүм. 1980 оны 10-р сарын 17-нд онцгойлон адисалжээ.

Бразилын Куритиба Ариун сүм. 2008 оны 6-р сарын 1-нд онцгойлон адислагджээ.