Ариун сүмээр жигүүрлэсэн хүмүүс
Гэртээ ариун сүмийн зургийг хүүхдүүддээ харагдахаар газарт байрлуул. Их Эзэний өргөөний зорилгуудын тухай тэдэнд заа.
Ариун сүм бол бидний гишүүнчлэлийн агуу бэлгэдэл мөн
Хувийнхаа адислалуудын төлөө ариун сүмд явах боломж бидэнд байгаа нь юутай онцгой боломж билээ. Хувийнхаа адислалуудын төлөө ариун сүмд явсны дараа биднээс өмнө хорвоог орхисон хүмүүсийн төлөө үйлчлэх нь юутай агуу онцгой боломж билээ. Ариун сүмийн ажлын энэ хэсэг бол амин хувиа үл хичээсэн агуу үйлс мөн. Бид ариун сүмд бусдын төлөө ажил хийвэл бидэнд хариуд нь ирдэг адислал байдаг. Өөрийнх нь хүмүүс ариун сүмээр жигүүрлэсэн хүмүүс байгаасай гэж Их Эзэн хүсдэг нь бидний хувьд гайхмаар зүйл биш.
Их Эзэн Өөрөө бидэнд өгсөн илчлэлтүүдээрээ ариун сүмийг Сүмийн гишүүдийн хувьд агуу бэлгэдэл болгосон билээ. Көртландын Гэгээнтнүүд ариун сүм барихаар бэлтгэж байсан үед Их Эзэн Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан тэдэнд өгсөн зөвлөгөөндөө дурдсан бидний хөгжүүлэх ёстой зөв шударга зан төлөвийн тухай бод. Энэ зөвлөгөө өнөөдөр ч чухал хэвээр байна:
“Өөрсдийгөө зохион байгуул; хэрэгтэй зүйл болгоныг бэлтгэ; мөн өргөө, бүр залбирлын өргөө, мацгийн өргөө, итгэлийн өргөө, суралцахын өргөө, алдар суугийн өргөө, дэг журмын өргөө, Бурханы өргөөг байгуулагтун” (Сургаал ба Гэрээ 88:119). Зан төлөвийн эдгээр чанарууд бидний хүн нэг бүрийн хүсэл бодол, ямар хүмүүс болохыг хүсдэгийг харуулдаггүй гэж үү?
Сүмд бидний хийдэг бүх ажил ариун сүм уруу хөтөлдөг
Сайн мэдээг тунхаглах, Гэгээнтнүүдийг төгөлдөржүүлэх, нас барагсдыг гэтэлгэх бидний бүхий л хүч чармайлт ариун сүм уруу хөтөлдөг. Учир нь ариун сүмийн ёслолууд амин чухал юм. Бид эдгээр ёслолуудгүйгээр Бурханы дэргэд буцаж очиж чадахгүй.
Өөрийнх нь хүмүүс ариун сүмээр жигүүрлэсэн хүмүүс байхыг Их Эзэн хүсдэг. Сүмийн гишүүн бүр ариун сүмд орохоор зохистой байхыг миний бие зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсдэг билээ. Насанд хүрсэн гишүүн бүр зохистой байж, ариун сүмд төлөөлөн гүйцэтгэх ёслолд ариун сүмийн бичгийг байнга хэрэглээд байхгүй ч, хүчинтэй зөвшөөрлийн бичигтэй байх хэрэгтэйд би итгэдэг.
Ариун сүм Их Эзэнд ариун юм. Энэ нь бидэнд ч бас ариун байх ёстой
Бүгдээрээ ариун сүмд ордог, ариун сүмийг хайрладаг хүмүүс байцгаая. Цаг зав, мөнгө, хувийн нөхцөл байдал боломж олгохын хэрээр ариун сүмд аль болох олон удаа ордог байцгаая. Зөвхөн нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө бус бас ариун сүмд Бурханыг хүндэтгэн бишрэхээс ирдэг адислалынхаа төлөө, энэхүү ариулан адислагдсан өргөөн доторх ариусгал хийгээд аюулгүй байдлыг мэдрэхийн төлөө ариун сүмд явцгаая. Ариун сүм бол үзэсгэлэн төгөлдөр газар, илчлэлтийн болон амар амгалангийн газар мөн. Энэ бол Их Эзэний өргөө. Энэ өргөө Их Эзэнд ариун билээ. Энэ өргөө бас бидэнд ариун байх ёстой.
Ариун сүмд төрдөг сүнслэг бодол санаагаа хүүхдүүдтэйгээ хуваалцдаг байцгаая. Их Эзэний өргөөний зорилгын тухай баяр талархалтайгаар хэлдэг зүйлсээ хүүхдүүддээ чин сэтгэлээсээ илүү ая тухтай орчинд заадаг байцгаая. Гэртээ ариун сүмийн зургийг хүүхдүүддээ харагдахаар газарт байрлуул. Их Эзэний өргөөний зорилгыг тэдэнд заа. Бага насандаа ариун сүмд орох төлөвлөгөөг тэднээр гаргуулж, ариун сүмийн адислалд тэнцэхээр зохистой байлга.
Бид ариун сүмд орохоор зохистой байвал Их Эзэн баярладаг
Манай залуучууд зохистойгоор ариун сүмд явж, амьд байхдаа баптисм хүртэх боломж олдоогүй хүмүүсийн өмнөөс төлөөлөх баптисм гүйцэтгэдэг байвал Их Эзэн баяртай байна. Бид ариун сүмд зохистойгоор орж, гэр бүлийн хосууд болон гэр бүлүүдийн хувьд лацдан холбуулж Түүнтэй гэрээнд ордог байвал Их Эзэн баяртай байх болно. Бид нас барсан хүмүүсийн төлөө авралын ёслолуудыг гүйцэтгэхийн тулд ариун сүмд зохистойгоор ордог байвал Их Эзэн баярлана. Тэднээс олон нь өөрсдийнхөө төлөө эдгээр ёслолуудыг хийгээсэй гэж тэсч ядан хүлээж байгаа билээ.
Ариун сүм үнэхээр бидэнд бэлгэдэл байхын тулд бид үүнийг хүсэх ёстой. Бид ариун сүмд орохоор зохистой амьдрах ёстой. Бид Их Эзэнийхээ зарлигуудыг сахих ёстой. Хэрэв бид амьдралаа Эзэний загварт байлгаж, Түүний сургаал, үлгэр жишээг өөрсдөдөө хамгийн дээд загвар болгох юм бол ариун сүмд орохоор зохистой, мөнх бус амьдралынхаа алхам бүрд хувиршгүй бөгөөд үнэнч шударга байх нь бидэнд хэцүү биш болж, биеэ авч явах болон итгэл үнэмшлийнхээ ариун жишигт тууштай байх болно. Бид гэртээ, худалдаа үйлчилгээний газарт, сургууль дээрээ эсвэл сургууль төгсөөд удсан, цор ганцаараа буюу олон хүнтэй хамт ажиллаж байна уу ялгаагүй бидний явах зам, баримтлах жишгүүд тодорхой байх болно.
Баримталдаг зарчмууддаа итгэлтэй байх, итгэлийнхээ дагуу тууштай зарчимч байдлаар амьдрах чадвар амин чухал юм. Хувийн амьдралд, гэр бүлдээ, тэрчлэн хаана ч байсан, бусад хүмүүстэй уулзаж, тэдэнд нөлөөлдөг бүх газарт үнэн зарчимд бие сэтгэл бүхнээ зориулахыг Бурхан биднээс туйлын ихээр хүсдэг билээ. Энэ нь Бурханы өгсөн зарлигууд дахь үнэн гэдгийг нь бидний мэддэг зарчмуудад нэгэн үзүүрт сэтгэлээр, чин үнэнээсээ, үүрдийн шийдвэр төгс байдлаар хандахыг шаарддаг билээ. Хэрэв бид Их Эзэний зарчмуудад үнэнч итгэлтэй байвал ариун сүмд ороход үргэлж зохистой байх болно. Ингэснээр Их Эзэн болон Түүний Ариун сүмүүд, Түүний шавь нар бидэнд агуу бэлгэдэл байх болно.