2010
Ариун сүмийн адислалууд
2010


Ариун сүмийн адислалууд

Ариун сүм бидний амьдралын зорилгыг гүйцэлдүүлдэг. Ариун сүм бидний бодгальд хүмүүн өгч чадахгүй амар амгаланг, Бурханы Хүүгийн амласан амар амгаланг өгдөг, “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амгалангаа та нарт өгнө” хэмээн Тэрбээр айлдсан юм.

Ариун сүмд бид Их Эзэнд ойр байгаагаа мэдэрдэг

Би Их Эзэний ариун сүмд байгаа үедээ Түүнд илүү ойрхон байгаагаа мэдэрдэг. Дэлхийд ийм газар өөр хаана ч байхгүй гэж боддог. Нэг яруу найргаас эш татъя:

Тэнгэр хэр зэрэг хол байдаг вэ?

Тэртээ алс холд биш.

Бурханы ариун сүмүүдэд,

Бидний байгаа газарт байдаг юм.

Их Эзэн ийн хэлжээ:

“Газар дээр өөрсдөдөө эд баялаг бүү хураа. Тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэг, хулгайч эвдэж ороод хулгайлан авдаг.

“Харин тэнгэрт эд баялгийг өөрсдөдөө хураа. Учир нь тэнд хивэн хорхой болоод зэв идэж сүйтгэдэггүй, хулгайч эвдэж ордоггүй, хулгайлдаггүй.

“Та нарын эд баялаг хаана байна, зүрх сэтгэл чинь бас тэнд байх болно.”1

Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд ариун сүмүүд бол дэлхий дээрх хамгийн ариун газар юм. Энэ бол Их Эзэний өргөө, ариун сүмүүдийн гадна талд бичсэн байдаг лугаа адил ариун сүм бол “Эзэнд ариуныг” юм.

Ариун сүм бидэнд сүнслэгээр нөлөөлж, биднийг өргөмжилдөг

Ариун сүмд Бурханы үнэт төлөвлөгөө заагддаг. Зөвхөн ариун сүмд л мөнхийн гэрээнүүд хийгддэг. Ариун сүм бидний санаа сэтгэлийг өргөж, өргөмжлөн, хүн бүхэнд сүнслэгээр нөлөөлж, селестиел алдар суу уруу удирдан хөтөлдөг билээ. Энэ бол Бурханы өргөө. Ариун сүм дотор болдог бүх зүйл биднийг өргөмжлөн, тэнгэрлэг чанарыг мэдрүүлдэг юм.

Ариун сүм гэр бүлүүдэд гол анхаарлаа төвлөрүүлдэг бөгөөд мөнх бус байдалд бидэнд заяасан дээдийн дээд үнэт эрдэнэ юм. Их Эзэн эцгүүдэд хандан нэн тодорхойгоор эхнэрүүдээ бүх зүрх сэтгэлээрээ хайрлаж, тэднийгээ болон үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хариуцлагатайг тодорхой өгүүлсэн билээ. Тэрээр эцэг эх бидний хийж чадах хамгийн агуу ажил гэр оронд байдгийг заагаад, ялангуяа бид гэрлэлтээ Бурханы өргөөнд лацдуулсан бол гэр орон маань тэнгэр лүгээ адил байж болохыг заасан юм.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын гишүүн асан, талийгаач Ахлагч Маттью Каули нэг удаа бямба гарагийн үдээс хойш болсон явдлын тухай хүүрнэжээ. Тэрээр бяцхан ач охиноо төрсөн өдрөөр нь амьтны хүрээлэн, кинонд биш харин ариун сүмийн гаднах талбай уруу хөтөлж1 очсон гэдэг. Тэр хоёр сахиулаас зөвшөөрөл авч, ариун сүмийн том хаалга уруу хүрч очжээ. Тэрээр ач охиндоо ариун сүмийн бат бөх хананд, дараа нь аварга том хаалганд гараа хүргэж үз гэж. Тэгээд өвөө нь ач охиндоо “Ариун сүмд гараа хүргэж үзсэн энэ өдрийг санаж яв. Нэг өдөр чи дотор нь орж үзэх болно” гэжээ. Бяцхан ач охиндоо өвөөгийнх нь өгсөн бэлэг чихэр, мөхөөлдөс байсангүй харин Их Эзэний өргөөг гайхан бишрэх илүү чухал, үүрд мөнхийн туршлага байлаа. Бяцхан охин ариун сүмд гараа хүргэсэн бол ариун сүм түүнд нөлөөлсөн юм.

Ариун сүм бидний бодгальд амар амгаланг авчирдаг

Ариун сүмд орж, үүнийг хайрласнаар бидний итгэл амьдралд маань нөлөөлөх болно. Бид ариун өргөөнд орсноор тэнд хийсэн гэрээнүүдээ санаж, аливаа зовлон зүдгүүр, уруу таталт бүрийг даван туулах хүч чадалтай болно. Ариун сүм бидний амьдралын зорилгыг гүйцэлдүүлдэг. Ариун сүм бидний бодгальд хүмүүн өгч чадахгүй амар амгаланг, Бурханы Хүүгийн амласан амар амгаланг өгдөг. “Амар амгаланг Би та нарт үлдээнэ. Би Өөрийн амгалангаа та нарт өгнө. Ертөнцийн өгдгөөс өөр юмыг Би та нарт өгч байна. Та нар зүрхээ бүү зовоо. Бүү ай” хэмээн Тэрбээр айлджээ.2

Хожмын Үеийн Гэгээнтнүүд бол агуу итгэлтэй хүмүүс. Бид Түүний зарлигуудыг дагадаг уу, Назарын Есүсийн замнасан замыг дагадаг уу, Их Эзэнийг бүхий л зүрх сэтгэл, хүч, оюун хийгээд чадлаараа хайрладаг уу? хөршүүдээ өөр шигээ хайрладаг бил үү? хэмээн эргэцүүлэн бодох боломжийг Их Эзэн бидэнд олгодог.3

“Бүх зүрхээрээ ЭЗЭНд итгэ. Өөрийн ойлголтод бүү түшиглэ. Өөрийн бүх замаараа Түүнийг таньж мэд. Тэр чиний замыг шулуун болгоно” гэсэн сургаалт зүйрлэлд би итгэдэг.4

Үргэлж ийм байсан. Цаашид ч үргэлж ийм байх болно. Хэрэв бид үүргээ биелүүлж, Их Эзэнд бүрэн итгэх юм бол зөвхөн өөрсдийнхөө төлөөх ёслолын ажлаар төдийгүй бусдын төлөө ёслолуудыг гүйцэтгэх онцгой боломжоороо Түүний ариун сүмүүдийг бүрэн дүүргэх болно. Бид тахилын ариун ширээний дэргэд төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг гүйцэтгэхээр өвдөг сөгдөж, эхнэр, хүүхдүүдтэйгээ гэр бүлээрээ үүрд мөнхөд лацдан холбуулах болно. 12 нас хүрсэн зохистой залуу эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд баптисмын адислалгүйгээр нас барсан хүмүүсийн өмнөөс төлөөлөн гүйцэтгэх ёслол хийлгэж болно. Үүнийг бидний Тэнгэрлэг Эцэг та нараас бас надаас хүсэн хүлээдэг билээ.

Гайхамшиг тохиов

Олон жилийн тэртээ даруухан, итгэлтэй патриарх Перси К.Фицер ахыг Төмөр хөшигний (нэг коммунист орон) цаана амьдарч байсан Сүмийн гишүүдэд патриархын адислал өгүүлэхээр дуудсан ажээ.

Фицер ах тэрхүү хүнд хэцүү үед Польшид очсон гэнэ. Улсын хил хаалттай, иргэдийг хилийн дээс алхаж гадагшаа явахыг зөвшөөрдөггүй байв. Фицер ах Дэлхийн II Дайны дараа улсын хил шинээр тогтоогдоход Польшийн хэсэг болсон нутагт амьдарч байсан бөгөөд тэндээс гарч явах боломжгүй болсон Зүүн Германы Гэгээнтнүүдтэй уулзжээ.

Германы тэдгээр Гэгээнтнүүдийн удирдагч нь тэнд эхнэр хүүхдүүдтэйгээ амьдарч байсан Эрик П.Кониец ах байлаа. Фицер ах Кониец ах, эгч хоёр болон тэдний том хүүхдүүдэд патриархын адислал өгчээ.

Фицер ахыг Нэгдсэн Улсад эргэж ирэхэд нь надтай ирж уулзахыг түүнээс хүссэн юм. Тэрээр миний өрөөнд орж ирж сууснаа, учиргүй уйлж гарав. “Монсон ах аа, би Кониецын гэр бүлийн гишүүдийн толгой дээр гараа тавьж адислал өгөх үедээ биелэгдэшгүй юм амлачихжээ” гэж тэр хэллээ. Би Кониец ах, эгч хоёрт тэд төрөлх эх орон Германдаа эргэж ирэн, эзлэн түрэмгийлэгч орны эрхшээлд боолчлолын байдалд байхаа больж, Их Эзэний өргөөнд гэр бүлээрээ лацдан холбуулах өдөр ирэх болно гээд амлачихлаа. Тэдний хүү бүрэн цагийн номлолд үйлчлэх болно, охин нь Бурханы ариун сүмд гэрлэх болно гээд амлачихсан. Хил хаалттай учраас тэдэнд эдгээр адислалууд бүрэн биелэгдэх боломжгүйг та бид хоёр мэдэж байгаа шүү дээ. Би юу хийчих нь энэ вэ?”

“Фицер ах аа, Тэнгэрлэг Эцэг танаар хийлгэхийг хүссэн тэр зүйлийг л та зохих ёсоор хийснийг би мэдэж байна” гэв. Бид хоёр ширээний дэргэд өвдөг сөгдөн зүрх сэтгэлийнхээ хүслийг Тэнгэрлэг Эцэгтээ уудлан илчилж, тэрхүү агуу итгэлт гэр бүлд өгөгдсөн ариун сүмтэй холбоотой болон бусад адислалуудын амлалтууд тухайн цаг үед биелэгдэх боломжгүй байгааг хэлэв. Бидэнд хэрэгтэй байсан гайхамшгийг гагцхүү Тэр л тохиолгож чадах байлаа.

Тэрхүү гайхамшиг тохиосон юм. Өмнө дурдсан нутагт хашигдсан германчуудыг Баруун Германд шилжин суурьшихыг нь зөвшөөрсөн гэрээнд Польшийн засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын удирдагчид гарын үсэг зурсан билээ. Кониец ах эгч хоёр хүүхдүүдтэйгээ Баруун Германд шилжин ирж, Кониец ах оршин суугаа тойргийнхоо бишоп болсон ажээ.

Кониецынхон гэр бүлээрээ Швейцарь дахь ариун сүмд оров. Тэдэнд баяр хүргэж, гараа алдлан угтсан, цагаан костюмтай, ариун сүмийн ерөнхийлөгч хэн байсан гэж санана? Тэдэнд нөгөөх сайхан амлалтыг өгсөн патриарх Перси Фицерээс өөр хэн байхав! Тэрээр Швейцарийн Бернийн ариун сүмийн ерөнхийлөгчийн эрх мэдлээр тэднийг Их Эзэний өргөөнд баяр хүргэн угтаж, өгсөн амлалтаа гүйцэлдүүлж, эхнэр нөхөр хоёрыг болон хүүхдүүдийг эцэг эхтэй нь лацдан холбосон ажээ.

Отгон охин нь Их Эзэний өргөөнд гэрлэсэн гэнэ. Бага хүү нь номлолын дуудлагаа авч, бүрэн цагийн номлолд үйлчилжээ.

“Бид тантай ариун сүмд уулзана аа!”

Бидний заримд нь ариун сүм уруу явах аян зөвхөн хэдхэн байрны цаана байдаг. Харин бусдад нь Бурханы ариун сүмд орохын тулд тэнгис далай гаталж, олон километр хол явах хэрэгтэй болдог.

Хэдэн жилийн өмнө Өмнөд Африкт ариун сүм баригдаж дуусахаас өмнө би Родезийн Салисбурид болсон дүүргийн чуулганд оролцох үеэрээ дүүргийн ерөнхийлөгч Режинальд Ж.Ниелдтэй танилцав. Намайг цуглааны байранд ороход тэрээр эхнэр, цэцэг шиг сайхан охидынхоо хамт угтав. Тэд Их Эзэний өргөө уруу аялах тэр нэгэн өдөрт бэлтгэхийн тулд мөнгөө хэрхэн хадгалж байгаагаа тайлбарлав. Ариун сүм үнэхээр хол байлаа.

Тэдэнтэй танилцсаны эцэст, тэдний дөрвөн сайхан охин ариун сүмийн тухай надаас баахан асуулт асуув: “Ариун сүм ямархуу байдалтай вэ? Бид бүгдээрээ зургийг нь л харсан.” “Ариун сүм дотор орсон үед ямар санагдах бол?” “Бид юуг нь хамгийн их санах бол?” Их Эзэний өргөөний тухай дөрвөн охинтой бараг цаг орчим ярилцах завшаан надад олдсон юм. Намайг нисэх онгоцны буудал уруу явах үед тэд гараараа даллан, отгон охин нь “Бид тантай ариун сүмд уулзана аа!” гэж билээ.

Жилийн дараа би Ниелдийнхэнтэй Солт Лейкийн Ариун сүмд уулзлаа. Лацдан холболтын нам гүмхэн өрөөнд Ниелд ах, эгч хоёрыг энэ амьдралд болон үүрд мөнхөд лацдан холбох онцгой боломж надад тохиосон юм. Дараа нь хаалга нээгдэж, цасан цагаан хувцастай, нөгөөх сайхан охид өрөөнд орж ирлээ. Охид ээжийгээ, дараа нь аавыгаа тэврэв. Тэдний нүдэнд нулимс цийлэгнэж, зүрх сэтгэл нь баяр талархлаар бялхан байлаа. Бид чухамдаа тэнгэрт оччихсон юм шиг байлаа. “Одоо бид мөнхийн гэр бүл боллоо шүү дээ” гэж тэд бие биедээ хэлж болохоор байлаа.

Энэ бол ариун сүмд ирдэг хүн бүгдийг хүлээж байдаг гайхамшигтай адислал мөн. Ариун сүм бидний амьдралд, бидний гэр бүлүүдэд нөлөөлөхийн тулд цэвэр гар, цэвэр ариун зүрх сэтгэлтэйгээр зохистой амьдарцгаая.

Тэнгэр хэр зэрэг хол байдаг вэ? Ариун сүмүүдэд буюу тэнгэр газар хоёр нэгдсэн эдгээр ариун газруудад бидний Тэнгэрлэг Эцэг хүүхдүүддээ Өөрийн хамгийн агуу адислалуудыг өгдгийг би гэрчилж байна.

Ютагийн Сейнт Жоржийн ариун сүм. 1877 оны 4-р сарын 6-нд онцгойлон адислагджээ. 1975 оны 11-р сарын 11-нд дахин онцгойлон адислагдсан ажээ.

Филиппиний Манилын Ариун сүм. 1984 оны 9-р сарын 25-нд онцгойлон адислагджээ.

Ютагийн Баунтифул Ариун сүм. 1995 оны 1-р сарын 8-нд онцгойлон адислагджээ.

Швейцарийн Бернийн Ариун сүм. 1955 оны 9-р сарын 11-нд онцгойлон адислагдсан байна. 1992 оны 10-р сарын 23-нд дахин онцгойлон адислагджээ.

Солт Лейкийн Ариун сүмийн лацдан холболтын өрөө.