Юуны учир ариун сүмүүд байдаг вэ?
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүд бол мөнхийн асуултуудад хариу өгдөг ариунбайгууламжууд юм.
Ариун сүм бол амьдралын тухай бидний асуултуудад мөнхийн хариулт өгдөг газар мөн
Бясалгалын нам гүмхэн цагт амьдралын сонин нууцуудын тухай тунгаан боддоггүй хүн гэж байдаг болов уу?
“Би хаанаас ирсэн юм бол?” Яагаад би энд байгаа юм бол? Эндээс би хаашаа явах бол? Би Бүтээгчтэйгээ ямар холбоотой юм бол? Үхэл намайг амьдралдаа эрхэмлэдэг зүйлсээс салгах уу? Би гэр бүлтэйгээ ямар холбоотой юм бол? Энэ амьдралын дараа өөр амьдрал гэж байдаг болов уу? Хэрэв байдаг бол бид тэнд бие биенээ таних болов уу?” гэж асуудаггүй хүн байдаг болов уу?
Эдгээр асуултуудад дэлхийн мэргэн ухаан хариулж чаддаггүй. Эдгээр асуултын хариуг гагцхүү Бурханы илчилсэн үгнээс олж болно. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн ариун сүмүүд бол үүрд мөнхийн бусад асуултуудад хариу өгдөг ариун байгууламжууд юм. Ариун сүм бүрийг Их Эзэний өргөө, дэлхийгээс амар амгаланг олох ариун газар хэмээн үзэж онцгойлон адисалдаг. Тэнд үнэнийг зааж, мөнхийн юмсын тухай мэдлэгтэй болгодог ёслолуудыг гүйцэтгэн, бид бол Бурханы өв залгамжлагч хүүхдүүд гэдгээ болон мөнх амьдарч чадах хувь тавилангаа ойлгож амьдрахад нь ёслолуудыг хүлээн авагчдад тусалдаг билээ.
Ариун сүм бусад бүх шашны барилга байгууламжуудаас зорилго, үйл ажиллагаагаараа хосгүй өвөрмөц юм
Ариун сүмүүд нь дэлхий даяарх байнгын ажиллагаатай Сүмийн шүтлэг бишрэлийн мянга мянган байраас ялгаатай бөгөөд бусад бүх шашны барилга байгууламжуудаас зорилго, үйл ажиллагаагаараа хосгүй өвөрмөц юм. Энэхүү өвөрмөц онцлог нь ариун сүмүүдийн хэмжээ, уран барилгын нүд хужирлам гоё сайханд биш, харин дотор нь гүйцэтгэдэг ажилд байдаг.
Ердийн шүтлэг бишрэлийн газруудаас ялгарсан, онцгой ёслолууд гүйцэтгэх зориулалттай ийм барилга шинэ зүйл биш. Энэ бол ард түмэн нь синагогуудад шүтэн биширдэг байсан эртний Израилын зан үйл байлаа. Тэдний анхны ариун газар бол цөлд бэдрэн амьдарч байсан үеийн Ариунаас Ариун табернекл байсан бөгөөд дараа нь ариун сүм бий болжээ. Зөвхөн тодорхой шаардлагуудыг хангасан хүмүүс л ариун сүмд эдгээр ёслолуудыг гүйцэтгэдэг байжээ.
Өнөөдөр ч ийм байгаа билээ. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм ариун сүмийг онцгойлон адислахын өмнө өрөө танхим, бүтцийн хэсгүүдийг нь олон нийтэд үзүүлдэг. Гэвч ариун сүм онцгойлон адислагдаж, Их Эзэний өргөө болсноор зөвхөн Сүмийн идэвхтэй гишүүд л орохыг зөвшөөрдөг ариун байдалтай болдог. Энд ямар нэг нууцалдаг зүйл байхгүй, харин ариун байдлын асуудал юм.
Ариун сүмийн ажил Бурханы мөнхийн гэр бүлийн гишүүн бид бүгдийн төлөө санаа тавьдаг
Ариун сүмүүдэд гүйцэтгэгддэг ажил нь Бурханы хүүхэд бас Түүний бүтээл болох хүмүүнд Бурханы мөнхийн зорилгуудыг танилцуулдаг. Ариун сүмийн ажлын ихэнх нь гэр бүл болон Бурханы мөнхийн гэр бүлийн гишүүд, түүнчлэн дэлхийн гэр бүлийн гишүүд бид бүгдийн төлөө санаа тавьдаг юм. Ариун сүм гэрлэлтийн гэрээ болон гэр бүлийн харилцааны ариун нандин, мөнхийн мөн чанарт анхаарал төвлөрүүлж,
дэлхийд төрсөн эрэгтэй, эмэгтэй хүн бүр Бурханы хүүхэд гэдгийг гэрчилж, Түүний тэнгэрлэг чанараас ямар нэг зүйлийг өвлөн авдаг билээ. Эдгээр гол тулгуур сургаалуудыг давтан заах нь тэдгээрийг хүлээн авсан хүмүүст ашиг тусаа өгдөг. Учир нь уг сургаалыг сэтгэлд хоногшим, сонсголонт сайхан хэлээр тодорхой таниулахад эрэгтэй, эмэгтэй хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн хүүхэд , хүн бүр Бурханы гэр бүлийн гишүүн, иймээс хүн бүр хоорондоо ах, эгч, дүүс гэдгийг ёслолд оролцогч ойлгодог.
“Ямар тушаал нь бүхний эхэнд байх вэ?” гэж хуулийн багш асуухад Аврагч хариулсан нь, Эхнийх нь,“Чи өөрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчээрээ хайрлагтун гэсэн нь юм.
“Чи хөршөө өөр шигээ хайрла гэсэн нь хоёр дахь нь юм” (Maрк 12:28, 30–31).
Орчин үеийн ариун сүмүүдэд заадаг сургаалууд нь Бүтээгчийнхээ болон хөршүүдийнхээ өмнө бидний хүлээсэн үүргийн тухай энэхүү тулгуур үзэл баримтлалд онцгой анхаарал хандуулдаг. Ариун ёслолууд нь Бурханы гэр бүлийн энэхүү өргөмжлөгч үзэл санааг өргөжүүлэн хөгжүүлдэг билээ. Эдгээр сургаал бидний доторх сүнс үүрд мөнх оршдог, харин бие нь мөнх бус юм гэдгийг заадаг. Ариун сүмд заагддаг сургаалууд зөвхөн эдгээр агуу үнэнүүдийн тухай ойлголтыг өгдөг төдийгүй ёслолуудыг хүлээн авагчдад Бурханыг хайрлах хайрыг өдөөж, бидний Эцэгийн бусад хүүхдүүдийг хөршөө гэж үзэн агуу хайраар хандахад дэмждэг билээ.
Хүн бүр Бурханы хүүхэд гэдэг үзэл санааг хүлээн авснаар мөнх бус амьдралд бурханлиг зорилго бий гэдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Дахин хэлэхэд Их Эзэний өргөөнд илчлэгдсэн үнэн заагддаг юм. Дэлхийн амьдрал бол мөнхийн аяллын хэсэг мөн. Бид дэлхийд ирэхээсээ өмнө сүнсэн хүүхдүүд болон амьдарч байсан билээ. Энэ тухай судрууд гэрчилдэг. Иеремиад хандан Их Эзэний хэлсэн дараах үгсийг анхааралтай ажигла: “Эхийн хэвлийд бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдсэн бөгөөд төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, чамайг үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон томилсон юм” (Иеремиа 1:5).
Гэр бүлийн амьдралын эрхэм үнэ цэнэтэй харилцаа ирэх дэлхийд үргэлжилж болно
Бид энэ амьдралд мөнх бус эцэг эхийн хүүхдүүд, гэр бүлийн гишүүд болон төрсөн юм. Эцэг эхчүүд бол Бурханы мөнхийн зорилгуудыг хэрэгжүүлж, хүүхдүүдийг нь өсгөн хүмүүжүүлэхэд Түүнтэй хамтран ажиллагч түншүүд юм. Тиймээс гэр бүл бол мөнх бус амьдралд ч, үүрд мөнхөд ч хамгийн чухал бурханлиг байгууллага мөн.
Ариун сүмүүдэд хийгддэг ажлын ихээхэн хэсэг нь гэр бүл дээр төвлөрдөг. Ариун сүмийн ажлын утга учрыг ойлгоход, бид энэ дэлхийд төрөхөөсөө өмнө Бурханы хүүхдүүд болон оршиж байсныг мөн үхлийн дараа үргэлжлэн амьдрах болно гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал зүйл мөн. Гэр бүлд илэрдэг мөнх бус байдлын хамгийн эрхэм ариун, сайн сайхан харилцаа ирэх дэлхийд үргэлжилж болно.
Эрэгтэй, эмэгтэй хоёр Их Эзэний өргөөнд гэрлэснээр зөвхөн мөнх бус амьдралдаа төдийгүй, бүх үүрд мөнхөд нэгдэн нийлдэг. Тэд зөвхөн хорвоог орхих хүртлээ улс орныхоо хуулийн дагуу нэгдэн нийлдэг төдийгүй, дэлхий дээр холбогдсон зүйлийг тэнгэрт холбодог Бурханы мөнхийн санваараар хамт лацдан холбогддог билээ. Ариун сүмд гэрлэсэн хос өөрсдийнх нь болон хүүхдүүдтэйгээ харилцах харилцаа нь үхлээр төгсөхгүй харин энэхүү адислалыг авахуйц зохистой амьдарсан тохиолдолд үүрд үргэлжлэх болно гэдэгт бат итгэлтэй байдаг.
Нэгэн эмэгтэйг эсвэл нэгэн эрэгтэйг жинхэнээр хайрлаж, үхлийн дараа гэр бүлийн харилцаа нь үргэлжлэхийн төлөө чин сэтгэлээсээ залбирдаггүй эрэгтэй эсвэл эмэгтэй хүн байдаг гэж үү? Үр хүүхдээ алдсан эцэг эхчүүд хайрт үр нь ирэх дэлхийд дахин тэднийх байгаасай гэсэн итгэл хүсэлгүйгээр үр хүүхдээ оршуулдаг гэж үү? Тэнгэрийн Бурхан Өөрийн хөвгүүд, охидод өгдөг амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйл болох гэр бүлийн харилцаанд илэрдэг хайранд эргэлздэг хүн мөнх амьдралд итгэж чадна гэж үү? Үгүй, Бурхан бидэнд хайртай учраас үхлийн дараа гэр бүлийн харилцаа үргэлжлэх учир шалтгаан бий. Хүмүүний зүрх сэтгэл үхлийн дараа амьдрал үргэлжлэхийг эгээрэн хүсдэг бөгөөд тэнгэрийн Бурхан үүнд хүрэх арга замыг илчилсэн юм. Их Эзэний өргөөнд гүйцэтгэдэг ариун ёслолууд үүнийг хангадаг.
Ариун сүмийн адислалууд хүн бүхэнд боломжтой
Гэвч ариун сүмийн адислалууд зөвхөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтүүдийн Сүмийн гишүүдэд боломжтой бол энэ чинь шударга бус хэрэг болно биз дээ. Ариун сүмд орж адислалуудыг нь хүртэх боломж сайн мэдээг хүлээн авч Сүмд баптисм хүртсэн бүх хүмүүст боломжтой юм. Энэ шалтгааны улмаас Сүм дэлхийн ихээхэн хэсэгт номлолын ажлын өргөн цар хүрээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хөтөлбөрийг боломжийнхоо хэрээр өргөжүүлэх болно. Сайн мэдээг бүх үндэстэн, ястан, хэлтэн болон хүмүүст заах нь бурханлиг илчлэлтийн дор үүрэг хариуцлага хүлээдэг ажил юм.
Гэвч сайн мэдээг сонсох боломж огт олдоогүй, олон сая хүмүүс дэлхий дээр амьдарч байсан буюу амьдарч байгааг тооцохгүй байж болохгүй. Их Эзэний ариун сүмүүдэд санал болгодог адислалуудыг тэд хүртэх ёсгүй гэж үү?
Нас барагсдын өмнөөс амьд хүмүүс төлөөлөн гүйцэтгэх ёслолуудыг хийлгэснээр дээрх ёслолууд хорвоог орхисон хүмүүст боломжтой болдог. Сүнсний дэлхийд эдгээр хүмүүс өөрсдөд нь зориулан дэлхий дээр гүйцэтгэсэн ёслолуудыг, түүний дотор баптисм, гэрлэлт, гэр бүлийн харилцаагаа лацдуулахыг хүлээн зөвшөөрөх буюу эсэргүүцэх нь тэдний хэрэг юм. Их Эзэний ажилд албадлага гэж байдаггүй, харин боломжийг санал болгодог.
Нас барагсдын төлөө Ариун сүмд хийдэг ажил бол амьд хүмүүсийн хувьд хайрын үйлс мөн
Нас барсан хүмүүсийн төлөө амьд хүмүүсийн юутай ч зүйрлэшгүй хайрын үйлс бол энэхүү төлөөлөн гүйцэтгэх ёслол юм. Энэ ёслол биднээс өмнө хорвоог орхисон хүмүүсийг олж тогтоохын төлөө гэр бүлийн түүхийн өргөн цар хүрээтэй ажил хийх үүрэг хариуцлагыг оногдуулдаг. Сүм энэхүү судалгааны ажилд туслахын тулд гэр бүлийн түүхийн хөтөлбөрийг зохицуулж, бүх дэлхий даяар өөр хаана ч байхгүй судалгааны ажил хийж байна. Сүмийн Архив олон нийтэд нээлттэй бөгөөд өвөг дээдсээ олж тогтоохын төлөө Сүмийн гишүүн биш олон хүн энэ архивыг ашиглаж байна. Дэлхий дахины угийн бичиг судлаачид энэ хөтөлбөрийг магтан сайшааж байгаа бөгөөд олон үндэстний хүмүүс өөрсдийнхөө цэдгийн чухал эх сурвалж гэж үзэн ашигладаг юм. Гэвч судалгааны ажлын үндсэн зорилго бол өвөг дээдсээ олж тогтоон, хүртэх ёстой адислалуудыг тэдэнд эдлүүлэхэд хэрэгтэй эх сурвалжуудаар Сүмийн гишүүдийг хангах явдал мөн. Тэгвэл тэд, “Хэрэв би эхнэр, хүүхдүүдээ мөнх амьдрахын төлөө хайрын дээдээр хайрлавал, өөд болсон өвөг эцэг, элэнц эцэг, бусад өвөг дээдэс маань энэхүү үүрд мөнхийн адислалуудыг хүртэх боломжтой байх бус уу? хэмээн өөрсдөөсөө асууж мэднэ.
Ариун сүмүүд амьдралын үнэнхүү чухал зүйлсийг мэдэх боломжийг олгодог
Иймээс эдгээр ариун барилгууд бол аугаа үйл ажиллагаа анир чимээгүйхэн, гүн хүндэтгэлтэйгээр өрнөдөг газар юм. “Цагаан дээлтэй эдгээр хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? … гэсэн Илчлэгч Иоханы үзэгдлийн хэсгийг ариун сүмүүд бидэнд санагдуулдаг.
“Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бөгөөд тэд Хурганы цусаар дээлээ угааж, цагаан болгожээ.
“Тиймээс тэд Бурханы сэнтийн өмнө байдаг бөгөөд Түүний сүм дотор өдөр шөнөгүй Түүнд үйлчилдэг юм” (Илчлэлт 7:13–15).
Эдгээр ариун өргөөнд ирдэг цагаан хувцастай хүмүүс дотор нь болдог ёслолуудад оролцдог. Тэд зохистой байдлыг нь гэрчилсэн Сүмийн орон нутгийн эрх баригчдын олгосон зөвшөөрлийн бичгийг авчирдаг. Бурханы ариун сүмд тэднийг бие, сэтгэл, хувцаслалтаараа цэвэр ариун хүрч ирэхийг хүсэн хүлээдэг билээ. Тэднийг ариун сүмд ирэхдээ дэлхийг ардаа орхиж, бурханлиг зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэхийг хүсэн хүлээдэг.
Хэрэв үүнийг дасгал гэж үзэх юм бол, энэ нь хүнийг өргөмжлөн дээдлэгч үйлдэл юм. Ороо бусгаа энэ цаг үед дэлхийгээс тусгаарлагдаж, Их Эзэний өргөөнд орж, Бурханы мөнхийн зүйлсийн тухай нам гүмхэн байдалд тунгаан бодох боломж хүмүүст байхгүй гэж үү? Ариун сүмүүд амьдралын амин чухал зүйлсийг мэдэж, тунгаан бодох өөр хаана ч байдаггүй боломж—Бурхантай харилцах бидний харилцаа, мөнх бус байдлын өмнөх оршихуйгаас энэ амьдралд, бас ирээдүйн мөнх амьдрал уруу хийх аяны тухай мэдэх боломжийг санал болгодог. Ирээдүйн мөнх амьдралд бид хайртай хүмүүстэйгээ түүний дотор бие махбод, оюун ухаан, сүнсээ өвлөн авсан өвөг дээдсээ мэдэж, тэдэнтэйгээ учран золгох болно.
Бурханы үүрдийн адислалуудын тухай амлалт бидэнд ариун сүмүүдэд өгөгддөг
Ариун сүм аливаа хосгүй өвөрмөц барилгуудын тоонд ордог бөгөөд заавар өгдөг өргөө юм. Энэ бол гэрээ, амлалтуудын өргөө. Биднийг ариун сүмийн тахилын ширээний дэргэд өөрсдийн Бүтээгч, Бурханы өмнө өвдөг сөгдөхөд Түүний үүрдийн адислалуудын амлалт өгөгддөг билээ. Ариун сүмийн доторх хамгийн ариун газруудад бид Түүнтэй харилцаж, бид бүгдийн төлөө золиослол хийж, бидний хүн нэг бүрийн төлөө үйлчилсэн, өөрсдийн Аврагч, Гэтэлгэгч, Их Эзэн Есүс Христийн тухай тунгаан боддог. Бид энд аминч үзлээ хойш тавьж, өөрсдийнхөө төлөө үйлчилж чадахгүй хүмүүсийн төлөө үйлчилдэг. Бид энд Бурханы үнэн санваараар хүмүүний харилцааны хамгийн ариун нандин холбоо—эхнэр, нөхөр, эцэг эх, үр хүүхдийн хоорондын устаж үгүй болохгүй, үхэл ч тасалдуулж үл чадах холбоогоо лацдуулдаг билээ.
Хожмын Үеийн Гэгээнтнүүдийг зогсолтгүй хөөж туун, мөрдөн хавчиж байсан хүнд хэцүү жилүүдэд ч ариун сүмүүдийг барьсаар байлаа. Ядуу тарчиг амьдарч байх үедээ ч, хөгжил цэцэглэлтийн үедээ ч эдгээр ариун барилгуудыг барьсаар байна. Амьд Бурхан, амилсан Их Эзэн, бошиглогчид болоод бурханлиг илчлэлтийн тухай, зөвхөн Их Эзэний өргөөнд гүйцэтгэгддэг үүрд мөнхийн адислалуудаас ирдэг амар амгалан, итгэл найдварын тухай гэрчилдэг бөгөөд тоо нь улам өсөн нэмэгдэж байгаа хүмүүсийн гандан бууршгүй итгэлийн үр дүнд ариун сүмүүд сүндэрлэн босдог юм.