2022
Дайснуудаасаа Бурханы төрхийг олж харах нь
2022 оны 3-р сар


“Дайснуудаасаа Бурханы төрхийг олж харах нь,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Дайснуудаасаа Бурханы төрхийг олж харах нь

Эхлэл номон дахь зөрчилдөөнийг даван гарах эдгээр сургамж нь бидний амьдралд загвар болох боломжтой.

олс таталтын тэмцээнд олс татаж буй хоёр хүний гар

Зургийг Дэвид Грийн

Зөрчилдөөний мэргэжилтний хувьд би Шинэ Гэрээн дэх Есүс Христийн үлгэр жишээ, сургаалаас хэрхэн зөрчилдөөнийг хувиргаж, эвлэрлийг авчрах талаар маш их мэргэн ухаан олж авсан. Гэхдээ Шинэ Гэрээ бол намайг мэргэжлийн минь туршид удирдсан цорын ганц судрын ном биш юм. Хор хөнөөлтэй зөрчилдөөнд автсан үед бидэнд туслах зарим гайхалтай гүн гүнзгий ойлголт Хуучин Гэрээнд бий.

Хор хөнөөлтэй зөрчилдөөн гэж юу вэ? Хор хөнөөлтэй зөрчилдөөний үед бид асуудлыг бусадтай хамтран шийдвэрлэх чадваргүй болж, бусдыг эсвэл өөрийгөө хохирооход хүргэдэг.

Хор хөнөөлтэй зөрчилдөөнийг хүлээлт болон зөрчилдөөний хор уршгаас үүссэн шаналлын айдас, хайрлагдахгүй эсвэл харагдахыг хүсдэг байдлаар маань биднийг харахгүй байх айдас, бидний өмнө тулгарч буй асуудлуудын шийдлийг олохгүй байх айдсууд дагалддаг. Айдаст биднийг захирах боломж олгосноор, бид тулгарсан асуудлаа шийдэх чадваргүй болж, ихэвчлэн цөхрөл, ичгүүр, сул дорой байдлыг мэдэрдэг.

Иймэрхүү маягийн зөрчилдөөн ихэнх хүнд аюултай санагддаг тул бид зайлсхийх, орхих, өрсөлдөх гэх мэт зөрчилдөөний ашиг тусгүй аргуудыг эцэст нь хэрэглэдэг байна. Харамсалтай нь, хор хөнөөлтэй зөрчилдөөнд эдгээр шийдлийн аль нь ч амжилт үзүүлэхгүй.

Тийм ээ, бид зөрөлдөөнөөс зайлсхийх ёстой (3 Нифай 11:29-ийг үзнэ үү). Гэхдээ бид зөрчилдөж буй хүмүүсээсээ хэзээ ч зайлсхийж, бууж өгч эсвэл тэдэн рүү дайрах ёсгүй. Харин бид зөрчилдөж буй хүмүүсээ хайрлаж сурах хэрэгтэй. Энэ үед бид дайснууддаа Христийн цэвэр хайр болох энэрлээр хандах хэрэгтэй болдог (Моронай 7:47-г үзнэ үү).

Та нарыг хайрладаг тэднийг хайрлах амархан хэмээн Есүс заасан. Тэр мөн “Харин би та нарт хэлье, дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө сайныг үйлд” (Maтай 5:44) хэмээн заасан. Аврагч биднээс Өөр шиг нь хайрлаж, төгс байхыг хүсдэг (Иохан 13:34; 3 Нифай 12:48-ыг үзнэ үү). Энэ нь ийм хайр хэдий эрсдэлтэй санагдсан ч бусдыг хайрлах хүсэлтэй байх гэсэн утгатай болов уу. Бид төрөлхийн шинжээрээ аюулаас зайлсхийдэг тул эргэлзэж болох юм. Гэхдээ биднийг гомдоож болзошгүй хүмүүсийг хайрлахаар шийдэх нь өнгөрсөн айдсаа дарж, энэрлээр дүүргэгдэх боломжийг бидэнд олгодог.

Энэ төрлийн хайр нь зөрчилдөөний өмнө айдасгүй байхыг шаарддаг. Энэ нь биднээс зөрчилдөж буй хүмүүстээ “удаан тэсвэрлэдэг, мөн сайхан сэтгэлтэй, … өөрийнхийгөө эрэлхийлдэггүй, амар өдөөн хатгагддаггүй, ямар ч хилэнцтийг боддоггүй, … бүх зүйлийг хүлцдэг, бүх зүйлд итгэдэг, бүх зүйлд найддаг, бүх зүйлийг тэвчдэг” байдлаар өөрсдийгөө нээхийг хүсдэг. Энэрэл хэзээ ч дуусдаггүй” (1 Коринт 13:4–5, 7–8). Зөрчилдөөний нөгөө талд байгаа хүмүүс биднийг хайрлах нь баталгаагүй ч энэрэл нь ийм хайрыг үзүүлдэг.

Хайр нь бидэнтэй зөрчилдөж буй ах эгч нар биднийг хэрхэн харж байгаагаас үл хамааран тэдний хэрэгцээ, хүслийг өөрсдийнх мэт тодорхой харах боломжийг бидэнд олгодог. Бид тэдний болон өөрсдийн хэрэгцээнд тохирох шийдлийг олтлоо чадах бүхнээ хийх болно.

Хуучин Гэрээний дараах хоёр түүх бол ийм хайрын гайхалтай жишээ юм.

Есав, Иаков хоёр

Есав, Иаков хоёр уулзаж байгаа нь

Esau and Jacob Embracing [Есав, Иаков хоёр тэврэлдэж байгаа нь], Робэрт T.Баррэтт

Бид Эхлэл 25-аас Исаакийн хөвгүүд болох Есав, Иаков хоёрын хооронд гэр бүлийн зөрчилдөөн үүссэн талаар уншдаг. Есав аяга шөлнөөс ууган хүүгийн эрхээ Иаковт худалджээ (Эхлэл 25:30–31-ийг үзнэ үү). Хожим нь ээжийнхээ зөвлөгөөг дагаж, Исаакийн эцсийн адислалыг авахын тулд Иаков Есавын дүрд хувилсан Эхлэл 27:6–29-ийг үзнэ үү).

Есав Иаковыг үзэн ядаж, түүнийг ална гэж тангараглав. Иаков нагац ах Лабаныдаа амьдрахаар зугтаажээ. (Эхлэл 27: 41–45-ыг үзнэ үү.) Эцэст нь Иаков нагац ахтайгаа муудалцаж, гэртээ харихаар боллоо (Эхлэл 31-ийг үзнэ үү). Иаков өөрөөс нь олон цэрэгтэй Есавыг тайвшруулах хэрэгтэй гэдгээ мэдэж байлаа. Тэр өөрийн болон гэр бүлийнхнийхээ амь насны төлөө эмээж байв (Эхлэл 32:7–8-ыг үзнэ үү).

Түүнтэй уулзах өдрөө Иаков олон тооны ямаа, тэмээ, үхэр, хонь, илжгийг эв нэгдлийн бэлэг болгон илгээв. Дараа нь ах руугаа дөхөж очихдоо долоон удаа газарт мөргөв. Есав Иаковын төсөөлөөгүй байдлаар хариу үзүүлэв. Тэр уйлж, дүүгээ тэврэн эв нэгдлийн бэлэг өгөх шаардлагагүй гэж хэлэв.

Есавын хайранд Иаковын сэтгэл хөдөлж, ийнхүү хариулав.

“Үгүй. Хэрэв би таны таалалд багтсан бол энэ бэлгийг гараас минь авна уу? Тэгээд ч тантай нүүр тулах нь Бурхантай нүүр тулах мэт ажээ. Та ч намайг таалсан билээ.

“Бурхан надад нигүүлсэнгүй хандсан бөгөөд миний эд хөрөнгө хангалттай учир танд зориулж авчирсан бэлгийг минь хүлээн авна уу? гэж хичээнгүйлэн гуйсанд тэр зөвшөөрчээ” (Эхлэл 33:10–11).

Амар тайван амьдрахад хэрэгтэй гурван зүйл

Бидний буруутгасан эсвэл биднийг буруутгасан хүмүүстэй эвлэрэхэд хамгийн үр дүнтэй гэж миний олж мэдсэн арга болох хайрын загварыг Иаков ашигласан юм.

Дуулал 85:10-т “Энэрэл хайр ба үнэн хамтдаа уулзжээ. Зөвт байдал ба амар тайван бие биенээ үнсжээ” хэмээн эвлэрлийн нөхцөлүүдийг дурджээ. Иаков, Есав хоёрын эвлэрэл Дуулал номд гарсан нөхцөлүүдтэй тохирдог.

Дайснууд биш харин ах дүүс гэдэг үнэнийг хүлээн зөвшөөрөхөд Иаков, Есав хоёрт зориг хэрэгтэй байв. Бие биеэ уучлахад нигүүлсэл хэрэг болов. Иаковын хувьд ерөөгдсөн зүйлийнхээ нэг хэсгийг Есавт өгөх зөвт байдал буюу бидний эсвэл бусдын хийсэн буруу зүйлийг залруулдаг шударга ёс хэрэгтэй байв. Эдгээр гурван зүйл бүгд бүрэлдсэнээр энэ нь тэдэнд амар тайван амьдрах боломжийг олгосон юм.

Бид энэ загварыг амьдралдаа мөрдөж болно.

Хор хөнөөлтэй зөрчилдөөнд автсан үед зөрчилдөөнөөс юм уу бусдаас айх нь биднийг хэвийн бус бодож үйлдэхэд хүргэж эсвэл нөхцөл байдлыг улам дордуулах зүйл рүү аваачиж орхидог. Хор хөнөөлийн явцын эсрэг бидний хийх зүйлс үр дүнгээ өгөхгүй гэж бид ихэвчлэн таамагладаг. Бид хүмүүс өөрчлөгдөж чадна гэдэгт итгэхээ байдаг.

Гэсэн хэдий ч Иаковын жишээ бидэнд ийм төрлийн зөрчилдөөнийг даван туулах арга замыг санал болгодог. Иаков ахаасаа айх мөн түүнтэй зөрчилдөх айдастайгаа нүүр тулсан юм. Тэр тухайн мөчид “өөрийгөө хамгаалах” гэхээсээ илүү “өөрсдийгөө хамгаалах” талаар илүүтэй санаа зовж байсан тул ахдаа хандаж, хийсэн аливаа буруу зүйлийнхээ төлөө үнэн бөгөөд шударга ёсыг харуулсан. Нэгэн цагт Иаковыг алахаар шийдэж байсан Есавын зүрх зөөлөрч; нигүүлсэл ба амар амгалангаар дүүргэгджээ. Иаков дайснаа хайрлах аргыг олсон ба ийнхүү үйлдэхэд тэрээр өөр лүү нь харах “Бурханы төрхийг” олж харжээ.

Ийм аргаар зөрчилд хандах нь бидэнд түгшүүртэй санагдаж болох ч энэ нь зөрчилдөөнийг хувиргахад өөр аргуудаас хамаагүй үр дүнтэй байдаг. Христийнхтэй адил хайр нь биднийг болон бидэнтэй тэмцэж буй хүмүүсийг сууриар нь өөрчилдөг арга замаар харах орон зайг үүсгэдэг.

Иосеф ах дүүсийнхээ хамт

Египетийн Иосеф ах дүүстэйгээ эвлэрсэн нь

Joseph of Egypt [Египетийн Иосеф] Майкл Т.Малм

Иаковаас хойш нэг үеийн дараа буюу Иаковын отгон хүү Иосефоос бид хайрын бас нэгэн хүчирхэг жишээг олж хардаг.

Иосефт атаархсан ах нар нь түүнийг багад нь боол болгон худалджээ. Есавын нэгэн адил Иосефын ах нар аавыгаа дүүг нь илүү их хайрладаг гэж бодож байв. Ах нар нь түүнийг хорлосны улмаас Иосеф маш их зовж шаналав. Тэрээр олон жил гэр бүлээсээ хол зарцлагдаж, хэсэг хугацаанд шоронд хоригджээ. Эцэст нь Их Эзэн түүнд саад бэрхшээлээ даван туулахад нь тусалсан бөгөөд тэрээр Египетийн хүчирхэг захирагч болжээ. (Эхлэл 37–45-ыг үзнэ үү.)

Түүний ах нар бас зовж шаналан, өлсгөлөнд нэрвэгдэн, бэрхшээлдээ ялагдаж, Египетэд ирэв. Тэд Иосефтой уулзахдаа түүнийг таниагүй бөгөөд түүнээс тусламж гуйсан.

Иосеф тэдний дээр шударга ёсыг хангахын тулд ах нараа шоронд хорих бүрэн эрхтэй байв. Хийсэн үйлдлийнхээ учир тэд үүнийг хүртэх ёстой байлаа. Гэвч Иосеф үүний оронд ах нараа нигүүлсэж, уучилж, хайрлахыг сонгосон.

Тэр тэдэнд “Надад ойрт” гэсэнд, тэд ойртон очжээ. Тэгээд Иосеф — Би та нарын Египет уруу худалдсан тэр дүү Иосеф чинь байна.

Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ (Эхлэл 45:4–5) гэв.

Иосеф ах нараа уучилсан төдийгүй тэдний зөрчилдөөнд үр дүнтэй зорилго агуулагдаж байсныг олж харсан. Тэрээр Бурханы мутар бүх зүйлийн дээр байгаа бөгөөд тэд бүгд зовж шаналж байсан ч “Бурхан их авралаараа та нарыг амь хэлтрүүлж, үр удмыг чинь газар дэлхий дээр үлдээхээр та нараас өмнө намайг илгээжээ (Эхлэл 45:7) гэдгийг ойлгосон.

суларсан олс барьсан гар

Дахин хэлэхэд, бид шийдэл олохоор хамтдаа хөдөлмөрлөж, зөрчилдөөний шаналал нь гэр бүл, хамт олноо хүчирхэгжүүлэх үр дүнд хүргэж чадна гэдгийг хүлээн зөвшөөрөх аваас үүнтэй төстэй зүйл бидний амьдралд тохиолдох боломжтой.

Бид бүгд зөрчилдөөнтэй тулгарах болно. Энэ нь биднийг өвтгөнө. Заримдаа бүр асар их. Би зөрчилдөөнтэй тулах үедээ, ялангуяа хайртай хүмүүстэйгээ зөрчилдөх үедээ тэдний мэдэрч буй өвдөлтөөс үргэлж түгшдэг. Гэсэн хэдий ч тэрхүү өвдөлт, айдас нь түүхийн төгсгөл байх албагүй.

Бид зөрчилдөөнийг болон зөрчилдөж буй хүмүүсээ Иосеф шиг өөрөөр харахыг сонгож болно. Бид уур уцаар, дургүйцэл, буруушаалтаа хаяж, дайснуудаа тэврэхийг сонгож болно.

Иаков, Есав, Иосеф болон түүний ах нарын хийсний адилаар бид айдсаас дээгүүрт хайрыг сонгож, дайснуудаа өөрийн ах, эгч гэдгийг олж харж чадна. Тэдэнтэй эвлэрэхийг хичээснээр бид ч бас Бурханы царайг харж чадна.