“Ариун сүмд очицгооё,” Лиахона, 2022 оны3/4-р сар.
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой: Итгэлтэй эмэгтэйчүүд
Ариун сүмд очицгооё
Намайг хадам ээждээ хэрхэн туслахаа мэдэхийн төлөө залбирах үед, ариун сүмийн тухай бодол орж ирэв.
КОВИД-19 цар тахлын үед Колумбын Богота ариун сүм хаагдсан юм. Иймээс ариун сүмд орох боломжгүй болсон тул хааяа би бодолдоо ариун сүм дотор алхаж байгаагаар төсөөлөн, тэнд хийсэн үйлчлэлээ дурсан санадаг байлаа.
Колумбад КОВИД-19-ийн хөл хорио тогтоосны дараахан хадам ээж маань хүндээр өвдөв. Би түүнд хэрхэн туслахаа мэдэхээр залбирахад, ариун сүмийн тухай бодол орж ирэв.
Ийнхүү ариун сүмийн талаар бодож байхдаа би “дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгд” хамтдаа төсөөлөлдөө зочлохыг хүсэж байгаа эсэхийг түүнээс асуу гэсэн Ариун Сүнсний өдөөлтийг мэдэрлээ.
Тэр сулхан хоолойгоор “Тэгье” гэж хариулсан юм.
Бид түүний Мэдэллин дэх гэрээс гараад, Богота дахь манай гэрээр орж, дараа нь ариун сүмд очиж байна гэж төсөөлөв. Бид ариун сүмд орж, үйлчилж, тэгээд селестиел өрөөнд хамтдаа суугаад, Их Эзэнд талархан залбирч байна гэж төсөөлсөн.
Үүний дараа бид Тэнгэрлэг Эцэгээс Өөрийн хүслийн дагуу хадам ээжийг маань эдгээж, ариун сүмд биечлэн очих боломжтой болгож өгөхийг гуйв. Энэ бол түүнийг хүчирхэгжүүлж, урамшуулсан онцгой, ариун туршлага байлаа.
Аврагчийн тухай надад хамгийн их сэтгэгдэл төрүүлдэг түүхүүдийн нэг Капернаум хотод болсон. Их Эзэн хүмүүсийг гэр бүлийн гишүүд, найз нөхдийнх нь тусламжтайгаар адисалж, эдгээж чадна гэдгийг энэ түүх бидэнд заадаг.
Капернаум дахь хүмүүс Есүсийг нэгэн байшинд байгааг дуулаад, саа өвчтэй хүнийг түүн дээр авчирсан.
“Хурсан олноос болж Түүнд хүрэх боломжгүй байсан тул тэд Түүний байсан газрынх нь дээврийг хуулж, цоолоод, дэвсгэрийг хэвтээ өвчтөнтэй нь доош буулгав.”
Есүс тэдний итгэлийг хараад саа өвчтөнд “Бос, дэвсгэрээ аваад гэртээ харь” гэв. (Марк 2:1–11-ийг үзнэ үү.)
Саа өвчтэй хүний нэгэн адил хадам ээж маань санваарын адислал, өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө итгэл, Аврагчийн хүчээр эдгэрсэн.
Эдгээр тодорхойгүй цаг үед бид тусламж хэрэгтэй хүмүүсийг хүчирхэгжүүлэх мөн урамшуулах удирдамж хүлээн авч чадна гэдгийг би мэднэ. Хэрэв бид Тэнгэрлэг Эцэгт хандаж, Түүнийг болон Түүний Хүүг үргэлж санавал амар амгалан, найдвар, эдгэрлийг олж авч чадна.