2022
Та өдөр бүр Христийг эрэлхийлж байна уу?
2022 оны 3-р сар


“Та өдөр бүр Христийг эрэлхийлж байна уу?,” Лиахона, 2022 оны3/4-р сар.

Залуучуудад зориулав

Та өдөр бүр Христийг эрэлхийлж байна уу?

Ариун сүм дэх туршлага маань намайг өдөр бүр Христийг эрэлхийлэх хэрэгтэйг ойлгоход тусалсан юм.

Зохиогч нь Гватемалд амьдардаг.

Нээлттэй цонхны дэргэд судар уншиж буй залуу

Би бага байхдаа “Ариун Сүнс ярьдаг болов уу?”, “Би тэнгэрт очоод Бурханыг харах болов уу?” гэж өөрөөсөө асуудаг байлаа.

Одоо эргээд харахад Тэнгэрлэг Эцэг намайг үргэлж удирдаж, Өөрийгөө байгааг нотлон үзүүлдэг байсан боловч Түүний амьдралд маань үзүүлсэн нөлөөг би зарим үед анзаараагүй явжээ. Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээнд суурилсан гэр оронд өссөн маань адислал байсан хэдий ч би удаан хугацааны турш бусдын гэрчлэлээр амьдарч байв. Бурхан үнэхээр байдаг гэдэгт итгэх нь надад тун хэцүү байсан юм.

Намайг 15 настай байхад бишоп маань нэг өдөр ариун сүмийн аяллын талаар зарлав. Би аль хэдийн гэр бүлтэйгээ ариун сүмд очдог байсан учраас үүнийг тийм ч том асуудал гэж бодсонгүй. Би хэзээ ч онцгой зүйлийг мэдэрч байгаагүй ба ариун сүмд хийгддэг гэрээ, ёслолуудын ач холбогдлыг ойлгодоггүй байлаа.

Товлосон өдөр болоход би ариун сүмд орж, цагаан өмсгөлөө сольж өмсөв. Толины хажуугаар өнгөрөхдөө би цагаан хувцастай, нүүрэндээ инээмсэглэл тодруулсан өөрийгөө зурвасхан харлаа. Тойргийнхоо бусад гишүүнийг хүлээх зуураа би гүн гүнзгий мэдрэмжийг мэдрэв. Баптисмын усан сан болон уран зургуудын гоо үзэсгэлэнгийн талаар бодож байтал гэнэт Сүнс миний зүрх сэтгэлд зөөлнөөр хүрэхийг мэдэрлээ.

Тэр үед миний бодолд “Орсон, энэ бол Их Эзэний өргөө. Тэр чамд хайртай бөгөөд чамайг амьдралаа өөрчилж, бага багаар илүү сайн хүн болохын төлөө хичээгээсэй хэмээн хүсэж байна” гэсэн үгс орж ирснийг би хэзээ ч мартахгүй.

Би эдгээр үгээс маш их хайрыг мэдэрсэн боловч гэнэт гэм буруугийн мэдрэмж намайг бүрхэн авсан. Тэр өдрийг хүртэл би ариун сүмд хайнга хандаж байжээ. Би дотроо залбирч, намайг өршөөхийг Тэнгэрлэг Эцэгээс гуйлаа.

Би зүрх сэтгэлдээ ихээхэн амар амгаланг мэдэрсэн учраас Тэр миний залбирлыг сонссон гэдгийг мэдэв.

Тэр өдөр би итгэлээ гүнзгийрүүлж, хүсэн хүлээж байсан сайн мэдээнийхээ жинхэнэ гэрчлэлийг хүлээн авсан ба Иоханы хоёр шавь шиг “Би Мессиаг оллоо” (Иохан 1:41-ийг үзнэ үү) гэж баттай хэлж чадсан.

Холбогдох энгийн арга замууд

Энэ туршлагаас хойш би өдөр бүр Есүс Христийг эрэлхийлэх замаар Тэнгэрлэг Эцэгийн нөлөөг амьдралдаа илүү сайн таньж мэдэхийг хичээдэг болсон. Заримдаа дэлхийн зүйлс Аврагчийн дуу хоолойг сонсоход саад болдог ч Тэр үнэхээр бодит бөгөөд надтай хамт байгааг би мэднэ.

Бидний ихэнхэд маань тэнгэрт ердийнхөөс арай илүү ойртсоноо мэдэрдэг өдрүүд тохиодог. Мөн бид хэчнээн хичээсэн ч Түүний нөлөөг мэдрэхэд хэцүү өдрүүд эсвэл Түүнийг эрэлхийлэх хангалттай цаг завгүй өдрүүд бидэнд тохиолддог. Гэхдээ хэрэв бидэнд Аврагчийг эрэлхийлэх чин хүсэл байвал бид амьдралдаа Түүний мутрыг харах болно гэдгийг би мэднэ.

Аврагчаас хол мэт санагдах үедээ “Би өдөр бүр Мессиаг олохоор хичээж байна уу?” гэж өөрөөсөө асуугаарай.

Эрт цагийн Төлөөлөгчдийн адилаар, загасны тор (Матай 4:20-ийг үзнэ үү), бусад үүрэг хариуцлага, ашиг сонирхлоо орхиод, Түүнд хандах цаг гаргах үедээ бид Түүнийг олох болно.

Бидэнд туслах сүнслэг хүч чадлын эх сурвалжууд бий. “Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг” (Алма 37:6) хэмээн бошиглогч Алма бидэнд сануулсан. Бидний өдөр тутамдаа хийдэг итгэлийн жижиг үйлдэл, сүнслэг туршлагууд амьдралдаа Их Эзэнийг таних чадварыг маань нэмэгдүүлэхэд тусалдаг.

Эдгээр сүнслэг аргын зарим нь дараах зүйлс байж болно. Үүнд:

  • Итгэлээр залбирах

  • Судруудыг зорилготой, утга учиртай судлах

  • Бусдад харамгүй үйлчлэх

  • Гэрчлэлээ найзтайгаа хуваалцах

  • Сүмийн дуулал эсвэл урам зориг өгөх дуу хөгжим сонсох

  • Институтэд оролцох

  • Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих

  • Мацаг барих

  • Ариун сүмд тогтмол орох

Олон зүйл бидэнд Есүс Христийг олоход тусалж чадах ч, хамгийн гол нь Түүнийг үргэлжлүүлэн эрэлхийлэх юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Есүс Христийн шавь нарын хувьд бид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыг хичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үг, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээл зүтгэл гаргах шаардлагатай” 1 хэмээн заасан.

Та өнөөдөр Түүнийг олсон уу?

Та одоо хайж буй бүх хариултаа аваагүй байлаа ч гэсэн, үргэлжлүүлээрэй! Христийг эрэлхийлж, Түүнд итгэх итгэлтэй байхыг сонго. Та өдөр бүрийн жижиг үйлдлээрээ дамжуулан Түүнийг олохоор хичээх юм бол тэнгэрээс илгээх Түүний тэврэлтийг мэдрэх болно гэдгийг би мэднэ. Би үүнийг мэдэрсэн учраас энэ нь үнэн гэдгийг мэднэ.

Тэнгэрлэг Эцэг бидний хичээл зүтгэлийг үнэлдэг. Хэрэв бид өдөр бүр тууштай бөгөөд итгэлтэйгээр “Өнөөдөр би Мессиаг оллоо!” гэж хэлж чадаж байвал, сүнсээ сэнхрүүлэхийн тулд бидний хийж буй зүйлсийн тоо хэмжээ Түүнд чухал биш юм.

Би та бүхнийг өдөр бүр Аврагчийг мэдэж, Түүнийг хайрлаасай хэмээн залбирч байна. Ингэснээр бид Моронайн уриалсны дагуу “Есүсийг эрэлхийлэх” (Ифер 12:41) болно. Өдөр бүрийнхээ төгсгөлд та, бид бүгдээрээ Мосе болон бусад бошиглогчийн бичиглэсэн тэрхүү Назарын Есүсийг олох болтугай. Христийг эрэлхийлснээр бид Бурханы мутрыг амьдралдаа харах болно. Өдөр бүр Түүнийг эрэлхийлснээр бид Түүнийг олж, Түүний дуу хоолойг таньж, Тэр биднийг амьдралын маань туршид удирдан чиглүүлж байсныг ойлгох болно.

Эх сурвалж

  1. Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109.