“Хамгийн түрүүнд над руу залгаарай,” Лиахона, 2022 оны3/4-р сар
Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой: Итгэлтэй эмэгтэйчүүд
Хамгийн түрүүнд над руу залгаарай
Миний тусламж хэрэгтэй ч надад хэрэгтэй байсан тэр эгчид туслах боломжоо алдаагүйдээ би үнэхээр их баярладаг.
Анхны хүүхдээ төрүүлэх үед нөхөр маань коллежид сурч байв. Бид амьдралаа авч явахын тулд хоёулаа цагийн ажил хийдэг байлаа.
Хүсэн хүлээсэн амралтынхаа өдөр би зурагтаар хуучны нэгэн кино үзэхээр төлөвлөв. Энэ бол DVD болон дамжуулалтын үйлчилгээ гарахаас ч өмнөх үе юм.
Кино хамгийн тохиромжтой үе, өглөөний 10.00 цагт буюу хүү маань унтдаг цагаар эхлэх байв. Миний хамгийн дуртай Америкийн кино оддын нэг Кэри Грант уг кинонд тоглосон байв.
Хүлээсэн өдрийн маань өмнөх орой, тойргийн Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч над руу залгалаа. Тал цус харвасан манай тойргийн нэгэн эгчийг хүү нь ажлаасаа тарж иртэл асрах хүн хэрэгтэй болжээ.
Ерөнхийлөгч маань “Би уг нь очмоор байв ч манайх зочидтой байгаа юм” гэв. Надаас өөр асуух хүн байхгүй гэдгээ тайлбарлаад, тэр эгчийг асарч байх хооронд хүүг маань харж өгөх санал тавилаа. Би дурамжхан зөвшөөрөв.
Маргааш өглөө нь би хүүгээ тэднийд орхиод, нөгөө эгчийнд очихоор явлаа. Түүний нэрийг Лүис гэдэг байсан ба түүнийг хармагцаа би асар их хайрыг мэдэрсэн. Тэр саяхан нас барсан эмээтэй маань ойролцоо насных байв.
Би түүнийг хувцаслаж, түүнд өглөөний цай бэлдэж өгөв. Тэр сандал дээр суугаад зурагтаа асаалаа. Удахгүй 10:00 цаг болох гэж байв. Лүис удирдлагаа аваад суваг сольж байхдаа “Зурагтаар үзэх юм юу ч алга” гэж хэлэв.
Би эргэлзэж байснаа “11-р суваг дээр Кэри Грантын тоглосон кино гарна” гээд хэлчхэв.
“Тийм үү?” “Би Кэри Грантад үнэхээр дуртай!” гэж тэр хариулав.
Бид уг киног хамтдаа таалан үзлээ. Дараа нь тэр миний насан дээр байсан үеийнхээ талаар надтай хуваалцсан юм. Тэр надад хүүгийнхээ талаар ярьж, би ч түүнд хүүгийнхээ тухай ярив. Тэр мөн Сүмийг маш их үгүйлж байгаагаа хэлсэн.
Хүүг нь тарж ирэхэд, би дахиж тэднийд зочлохоо амлав. Би Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчдөө Лүист хэн нэгний тусламж хэрэгтэй болбол хамгийн түрүүнд над руу залгаарай гэж хэлсэн.
Хоёр долоо хоног орчмын дараа, түүнтэй дахин уулзах боломж гарахаас өмнө Лүис дахин цус харваж, өөд болсон юм. Бид ердөө кино үзэж, есхөн цагийг хамтдаа өнгөрүүлсэн атал тэр миний хайртай найз болсон байв. Би түүний тухай үргэлж боддог.
Миний тусламж хэрэгтэй ч, надад хэрэгтэй байсныг нь би анзаараагүй тэр эгчид туслах боломжоо алдаагүйдээ би үнэхээр их баярладаг.