“Бишрэл хүндэтгэл гэж чухам юу вэ?,” Лиахона, 2022 оны3/4-р сар.
Бишрэл хүндэтгэл гэж чухам юу вэ?
Бишрэл хүндэтгэлийн тухай ойлголтоо тэлснээр бид хамгийн тааламжгүй нөхцөл байдалд ч бишрэл хүндэтгэлтэй байх чадвараа нэмэгдүүлдэг.
Өөрт тохиолдсон зарим өвөрмөц туршлагын улмаас би бишрэл хүндэтгэлийн утга учрын талаар тунгаасаар байв. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, ерөнхийлөгч Даллин Х.Өүкс үүнийг хэрхэн тодорхойлсныг энд дурдъя:
“Шүтлэг бишрэл ихэнхдээ үйлдлээр илэрдэг. Харин жинхэнэ шүтлэг бишрэл нь үргэлж оюун санааны тодорхой хандлагыг агуулж байдаг.
“Шүтлэг бишрэл нь бишрэх, дээдлэн хүндлэх гүнзгий мэдрэмжийг төрүүлдэг. Шүтлэг бишрэл нь хайр болон бидний сэтгэл санааг Бурханд улам ойртуулдаг бишрэл хүндэтгэлийн цогц юм. 1
Бишрэл хүндэтгэлийн тухай бодоход юу санаанд тань ордог вэ? Дараах үйл явдлуудаас алийг нь ариун ёслолын цуглаанд бишрэл хүндэтгэлтэй эсвэл хүндэтгэлгүй хандсан гэж үзэх вэ?
-
Буддаг номон дээрээ зурж буй хүүхэд.
-
Ариун ёслолыг түгээж байхдаа чихэвч зүүсэн залуу эрэгтэй.
-
Үсэрч цовхчин, гараа галзуу мэт савчуулж буй эрэгтэй.
-
Утсан дээрээ тоглоом тоглож буй эмэгтэй.
-
Санаандгүй орилох номлогч.
-
Ариун ёслолын танхим руу огт оролгүйгээр байнга үүдний танхимд суудаг эмэгтэй.
-
Ариун ёслолын сандал дээр хэвтэж буй эрэгтэй.
-
Дохио зангаа үзүүлж, шуугилдаж байгаа гишүүд.
-
Сандал доор сууж буй өсвөр насны охин.
-
Ариун ёслолын танхимын ард нааш цааш алхлах эмэгтэй.
Ариун ёслолын цуглаан дээр номлогч хашхирах нь өөрсдийгөө завгүй байлгахын тулд зураг зурж буй хүүхдүүдээс хамаагүй бишрэл хүндэтгэлгүй гэдэгтэй бидний ихэнх санал нийлэх байх. Сүмийн цуглаан дээр гардаг эдгээр 10 бодит үйл явдлыг авч үзэнгээ бишрэл хүндэтгэлийн талаарх өөрсдийн ойлголтыг эргэн харах цаг гаргацгаая.
-
Сүм дээр зураг зурж буй хүүхэд. Ийм явдал маш их тохиолддог бөгөөд бараг бүх гишүүн үүнийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв энэ нь бидний анхаарлыг сарниулаагүй л бол ихэвчлэн үүнийг бишрэл хүндэтгэлгүй гэж үзэхгүй.
-
Чихэвчээрээ хөгжим сонсонгоо ариун ёслолыг түгээж буй эрэгтэй. Энэ нь ихэнх тохиолдолд үнэхээр зохисгүй юм. Гэхдээ би “түүхийн нөгөө талыг” хуваалцъя. Би хүчирхэг гэрчлэлтэй, номлолд үйлчилж, олон төрлийн дуудлага хүлээн авсан нэгэн залууг мэддэг байлаа. Гэвч саяхан тэр шизоаффектив эмгэгтэй гэж оношлогджээ. Чихэвчээр аядуу, намуухан хөгжим сонсох нь түүний оюун санаанд үргэлжлэх дуу хоолойг хаахад тусалдаг байв. Тэрээр чихэвчнийхээ тусламжтайгаар Сүнсийг мэдэрч, бусдад бишрэл хүндэтгэлтэйгээр үйлчилж чаддаг байлаа.
-
Үсэрч цовхчин, гараа галзуу мэт даллаж байгаа залуу эрэгтэй. Түүхийн нөгөө тал: Аутизмтай, хэлгүй энэ ах бишопыг индэр дээр гарахыг харах бүрдээ сэтгэл нь хөөрдөг байлаа. Тэрээр сэтгэл хөдлөлөө гараа дэвэх, үсрэх замаар илэрхийлдэг.
-
Утсан дээрээ тоглоом тоглож байгаа залуу эмэгтэй. Түүхийн нөгөө тал: Энэ эгч утсан дээрх тоглоомоо чимээгүйхэн тоглож нийгмээс түгших эмгэгтэйгээ тэмцдэг. Үнэндээ түүний сэтгэлийн түгшүүр өөр зүйлд ингэж төвлөрч байгаа тул тэр үг хэлэгчийн захиасыг илүү бишрэл хүндэтгэлтэйгээр сонсож, хүлээн авч чаддаг байна.
-
санаандгүй хашхирч байгаа номлогч Түүхийн нөгөө тал: Намайг номлогчийг бэлтгэх төвд байхад манай бүсийн нэгэн номлогч Туреттын синдромтой байсан. Тэр үе үе хичээл, хоолны танхим, Сүмийн цуглаан дээр хашхирдаг байв. Бид түүнийг бишрэл хүндэтгэлгүй бус, харин үйлчлэхэд бэлэн, сайн мэдээг хуваалцах хүсэл эрмэлзэлтэй, Сүнсээр дүүрэн байгааг төвөггүйхэн харсан.
-
Долоо хоног бүр ариун ёслолын танхимд огт оролгүй, үүдний танхимд суудаг эмэгтэй. Түүхийн нөгөө тал: Намайг Солт Лэйк Сити дэх Сүмийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст үйлчлэх албанд ажиллаж байхад нэгэн эгч цэргийн албанаасаа болж гэмтлийн дараах сэтгэл зовнилын эмгэгтэй болсон тухайгаа бидэнд хандан бичсэн юм. Гар утасны дуу эсвэл гэнэтийн бусад чимээ түүнийг цочроож магадгүй тул санаандгүй байдлаар хэн нэгнийг гомдоохгүй байх үүднээс тэр ариун ёслолын танхимд хэзээ ч ордоггүй байлаа.
-
Танхимын сандал дээр хэвтэж буй залуу. Түүхийн нөгөө тал: Намайг шинэ тойрогт нүүж ирэхэд тэнд эмнэлгийн түрдэг ортой нэг ах байхыг хараад ихэд гайхаж билээ. Тэр хүн олон хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байсан бөгөөд зөвхөн ийм маягаар Сүмд явах боломжтой байв. Энэ нь манай тойргийн хувьд ердийн зүйл болохыг би ойлгож, хурдан дасан зохицсон. Тэр тэнд байсан нь бишрэл хүндэтгэлгүй бус үнэндээ эсрэгээрээ байв. Эцэстээ, Аврагч олон хүнтэй байшинд найзуудаараа буулгуулсан дэвсгэртэй хүнийг эдгээгээгүй гэж үү? (Лук 5:18–20-ийг үзнэ үү).
-
Дохио зангаа үзүүлж, шуугилдаж байгаа бүлэг гишүүн. Түүхийн нөгөө тал: Сонсголтой гишүүдийн хувьд сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн цуглаан “шуугиантай” санагдаж болох юм. Сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд хэн нэгэн дуу чимээ гаргах, инээх, чангаар ханиалгах нь хүндэтгэлгүй бус, харин гишүүд ариун ёслолын цуглааны үеэр дэлхийн зүйлийн талаар дохиж зангах нь хүндэтгэлгүйд тооцогддог.
-
Сандал доор сууж буй өсвөр насны охин. Түүхийн нөгөө тал: Намайг өсвөр насандаа байхад миний үеийн охидын нэг нь ангид үргэлж сандлынхаа доор суудаг байсан. Тэр залуухан эгч олон асрамжийн газар дамжиж өссөн бөгөөд зөвхөн хаалттай газар л өөрийгөө аюулгүй гэж мэдэрдэг байв. Тэр цагаас хойш би оюутнуудыг стрессийн нөхцөл байдалд сурна гэж найдаж болохгүй, тэд амар тайван нөхцөлд суралцаж, хамгийн чухал нь Аврагчийн хайрыг мэдэрдэг байх ёстой гэдгийг ойлгосон.
-
Ариун ёслолын танхимын ард нааш, цааш алхлах эмэгтэй. Түүхийн нөгөө тал: Үнэндээ энэ бол би юм. Би арав гаруй жилийн турш сэтгэлийн түгшүүр, эрүүл мэндийн бусад асуудалтай тэмцсээр ирсэн. Энэ хугацаанд Сүмд явах цорын ганц арга нь хөдөлгөөн хийх байлаа. Алхалж эсвэл гаран дахь эвлүүлдэг тоглоомоороо тоглох нь заримдаа үг хэлэгчдийн ярианд анхаарлаа хандуулж, Сүнсийг мэдрэх цорын ганц арга зам болдог байв.
Түүхийн нөгөө тал буюу бусад ах эгч нар маань өдөр бүр ямар бэрхшээлтэй тулгардгийг тэр бүр мэддэггүй байдлыг маань Сатан түлхүү ашигладаг. Тэрээр ихэнх гишүүн бусдад ямар харагдахыг үл анхааран, чадах бүхнээ хийж байгаа гэдгийг бидэнд мартуулахыг хүсдэг. Миний дээр дурдсан үйл явдлууд ховор тохиолдож болох ч энэ нь манай гишүүдийн Сүмд явахын тулд хийж буй олон хувийн тэмцлийн илэрхийлэл юм.
Сатан бидэнд бусдын тэмцэл, ялгаа эсвэл сул дорой байдлаас болж сүсэг бишрэл маань саатуулагдана гэж итгүүлэхийг хүсдэг гэдэгт би итгэдэг. Бодит байдал дээр, яг л саад учруулж буй мэт санагдах эдгээр мөчид би Аврагчийнхаа хайрыг хамгийн ихээр сурдаг болохоо олж мэдсэн.
Бишрэл хүндэтгэлийн талаар миний сурч мэдсэн зүйлс
1. Бишрэл хүндэтгэл бол сонголт ба ур чадвар юм.
Бишрэл хүндэтгэлийг мэдрэх эсэх нь надаас шалтгаалдаг. Сатаарчихдаг учраас би бишрэл хүндэтгэлийг байнга мэдрээд байдаггүй. Би сүнслэг сахилга батаа хөгжүүлж, хамгийн чухал зүйлд төвлөрөхөөр сүнсээ сургахын хэрээр Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаандаа бүрэн хариуцлага хүлээх чадвартай болдог.
2. Бишрэл хүндэтгэлийн илэрхийлэл бүх хүнд адилгүй.
17 жил шоронд хоригдсон гэр бүлийн найз маань цаасаар ариун сүмийн барилгын загваруудыг урласнаар Сүнсийг гэртээ урьжээ. Бид Сүнсийг урьж л байгаа бол ямар ч нөхцөл байдалд бишрэл хүндэтгэл оршиж болно.
3. Бишрэл хүндэтгэлийг уриалж болох ч энэ бол хувь хүний сонголт юм.
Бишрэл хүндэтгэл нь “шүтлэг бишрэлийн хандлагыг” төлөвшүүлэх хувийн амлалтаас үүдэлтэй. Энэ нь бид Их Эзэнийг болон бусад гишүүнийг хайрлах хайраа чин сэтгэлээсээ мэдэрч, харуулах үед тохиодог. Аав маань нэг удаа хэлэхдээ, бид бишрэл хүндэтгэлдээ хүлээх өөрсдийн хариуцлагыг ухамсарлах үед үзэл бодол маань “Та энд миний шүтлэг бишрэлийг алдагдуулж байна!” гэдгээс “Зүгээр дээ. Та энд тавтай морилно уу. Би хүндэтгэлтэй байхыг сонгосон учраас та миний бишрэл хүндэтгэлийг алдагдуулаагүй” болж өөрчлөгддөг гэж билээ. Дараа нь бид Аврагч, Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах бидний хувийн харилцаанд бусдын үйлдэл саад болохгүй гэдгийг ухаардаг. Мэдээж, бид бишрэл хүндэтгэлдээ өөрсдөө хариуцлага хүлээдэг гэсэн нь бидний зан байдал бусдад хэрхэн нөлөөлж болзошгүйг үл тоох гэсэн үг биш юм. Бишрэл хүндэтгэлтэй байх бидний хичээл зүтгэл нь ах, эгч нараа хайрлах хайрыг маань нэмэгдүүлж чадна.
Аврагчийн тохинуулал
Тохинууллын нэгэн сайхан жишээнд Аврагч чөтгөрт эзэмдүүлсэн хүнийг өрөвдөж энэрсэн талаар гардаг. Хэдий тэр хүн орилж хашхиран, хувцас хунаргүй байсан ч Есүс түүнийг эдгээхээс татгалзаагүй юм. Тэр хүн эдгэрснийхээ дараа “хувцаслаж, эрүүл саруул болоод, Есүсийн хөлд сууж” Түүнтэй хамт үлдэхийг гуйсан. (Лук 8:27–39; мөн Марк 5:1–20-ийг үзнэ үү.)
Үүний нэгэн адил, Есүс бузар сүнстэй хүүг эдгээхээсээ өмнө түүнийг хөлбөрч тийчлэн, хөөс цахруулж, шүдээ хавирахаа боль гэж хэлээгүй (Марк 9:17–27-г үзнэ үү). Тэр эдгээр нөхцөл байдлыг сүнсний эмгэг бус, харин мөнх бус туршлага гэж үзсэн. Зөвхөн фарисайчууд л өөрсдийгөө зөвтгөх болон бардамнахаасаа болж эдгэрч чадаагүй юм.
Бид бүхэн бишрэл хүндэтгэлийн тухай ойлголтоо тэлснээрээ Аврагчийн арга замаар илүү сайн зааж, тохинуулах боломжтой болно. Бид “бодгалийн үнэ цэн Бурханы мэлмийд агуу гэдгийг сана[х]” (Сургаал ба Гэрээ 18:10-ыг үзнэ үү) болно. Бид хамгийн тааламжгүй нөхцөл байдалд ч бишрэл хүндэтгэлтэй байх боломжтой болно.
Их Эзэний мэлмийд бишрэл хүндэтгэлтэй байх гэдэг нь анир чимээгүй сууж, намуухан ярихаас илүү оюун санаагаараа тайван, зүрх сэтгэлдээ зөөлөн байхыг хэлж байж болох юм.
Зохиогч нь АНУ-ын Тэксас мужид амьдардаг.