“2 Нифай 2:26–30: Сонгох эрх чөлөөтэй,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 2:26–30,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 2:26–30
Сонгох эрх чөлөөтэй
Амьдралынхаа туршид та сонголтуудтай тулгарна. Таны хийх зарим сонголт удаан хугацааны заримдаа бүр мөнхийн үр дагавартай байдаг. Есүс Христийн ачаар хүн бүр “эрх чөлөө болон мөнх амьдрал” эсвэл “боолчлол болон үхлийг сонгох эрхтэй” (2 Нифай 2:27) гэж Лихай заасан. Энэ хичээл Есүс Христийг дагахын тулд сонгох эрхээ ашиглахад тань тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сонголт хийх
Бусад хүн яагаад дараах зүйлийг хийх эсвэл хийхгүй байх шийдвэр гаргаж болохыг бодож үз.
-
байнга залбирах
-
сүмийн цуглаанд явах
-
наманчлах
-
Мэргэн ухааны үгийг дуулгавартай дагах
-
бусдыг уучлах
Эдгээр үйлдлийг хийх эсвэл хийхгүй байх шалтгаанаа эргэцүүлэн бод. Мөн Есүс Христийн сайн мэдээнд багтсан бусад зарлигийг эргэцүүлэн бодоорой. Та энэ хичээлийг судлахдаа Их Эзэний зөвшөөрсөн арга замаар сонгох эрхээ хэрхэн ашиглаж, сайжруулахыг хүсэж байгаагаа ойлгохын тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийл.
Сонгох эрх чөлөөтэй
Амьдралынхаа сүүлийн өдрүүдэд бошиглогч Лихай гэр бүлдээ Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний гол хэсгүүдийн талаар заажээ. Түүний сургаалд Уналт, Аврагчийн Цагаатгал, сонгох эрх зэрэг багтана.
2 Нифай 2:26-г уншаад Лихай энэ гурван хэсгийн талаар юу заасныг олж мэд.
-
Та юу сурч мэдсэн бэ?
-
Уналт, мөн Аврагчийн Цагаатгал хэрхэн биднийг сонгох эрхтэй болгосон бэ?
2 Нифай 2:27-г унш. Шүлэг юу зааж байгааг харуулахын тулд энгийн бүдүүвч зураг зурж эсвэл үүнийг өөрийн үгээр дүгнэн хураангуйлж бич.
Дараах нь энэхүү шүлгийг илэрхийлэх нэг арга юм.
27-р шүлэг дээрх Аврагчийн сургаалыг нэгтгэн дүгнэх нэг арга бол бид Есүс Христээр дамжуулан эрх чөлөө болон мөнх амьдралыг эсвэл боолчлол болон үхлийг сонгох эрхтэй.
“Сонгох эрх чөлөөтэй” гэсэн гарчигтай нүдний яг дээрх сумууд хоорондоо ойрхон эхэлж байгааг анхаар. Зарим хүн Есүс Христийг дагахаар сонгох эрхээ ашиглах нь бидний сонголтыг хязгаарлаж, эрх чөлөөг маань үгүй болгодог гэж бодож магадгүй.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэнд дуулгаваргүй байх нь биднийг яагаад эрх чөлөөгүй болгодог болохыг ийн тайлбарласан.
Сатан … Ариун Сүнсний нөлөөг өөрийн ноёрхлоор сольж, бидний сонгох эрх чөлөөг хязгаарлах зан үйл, сонголтыг дэмждэг (С&Г 29:40; 93:38–39-ийг үзнэ үү). Түүний сорилтод автагдах нь сонголтыг улам бүр цөөрүүлж, сүүлдээ бүр огт сонголтгүй болгож, биднийг эсэргүүцэх арга, чадалгүй болгодог донтолтод хүргэдэг. (D. Todd Christofferson, “Moral Agency,” Ensign, June 2009, 49)
2 Нифай 2:28–30-ийг уншаад, сонгох эрхээ хэрхэн сонгохоо эргэцүүлэн бодоход хэсэг хугацааг зарцуул.
Дараах асуултуудад хариулах хариултаа бод.
-
Есүс Христийг дагах сонголт нь таныг хэрхэн эрх чөлөө болон мөнхийн амьдралд хүргэх вэ? Их Эзэн хичээл зүтгэлийг тань хэрхэн адисалсан бэ?
-
Таны зарим сонголт хэрхэн таныг боолчлолд хөтөлж болох вэ? Таны өөрчлөх эхний алхам юу байж болох вэ? Их Эзэн танд хэрхэн тусалж болох вэ?