Төгс эзэмших сургаал: Moзая 2:17—“Бурхандаа үйлчлэх нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Төгс эзэмших сургаал: Moзая 2:17,” Мормоны Номын багшийн гарын авлага
Төгс эзэмших сургаал: Мозая 2:17
“Бурхандаа үйлчлэх нь”
“Мозая 2:1–18” дахь хичээл дээр “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” (Мозая 2:17) гэдгийг сурч авсан. Энэ хичээл Мозая 2:17 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тань тусална.
Тайлбарлах ба цээжлэх
Мозая 2:17 болон Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсэг Матай 22:36–39-ийг уншаад, ижил төстэй байдлыг олж мэд.
-
Таны харж байгаагаар Матай 22:36–39 болон Мозая 2:17 хоорондоо юугаараа адил байна вэ?
-
Та эдгээр хэсгийг ашиглан, үйлчлэлийн сургаалыг хэрхэн тайлбарлах байсан бэ?
Мозая 2:17-ийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд хэдэн хором зарцуул. Тэдгээрийг цаасан дээр бич: “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” (Moзая 2:17). Судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг аль болох олон удаа давтахад хэдэн минут зарцуул.
Өдрийн турш цаасаа биедээ авч яв. Өдрийн турш та цаасыг мэдрэх, байгааг нь санах үедээ судрын түлхүүр үг хэллэг, эшлэлийг толгойдоо давт. Унтахынхаа өмнө санаж байгаагаа давтаж үз.
Дадлага хийх үйл ажиллагаа
Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-аас сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг унш. Хэсэг бүрээс онцгой утга учиртай гэж үзсэн нэг өгүүлбэрийг сонго. Эдгээр өгүүлбэрийг тэмдэглэж ав. Дараах дасгалыг хийхдээ эдгээр өгүүлбэрийг сана.
Үйлчлэл нь ерөнхийдөө оролцож байгаа болон үйлчлэл хүртэж буй хүмүүсийн хувьд эерэг туршлага болдог. Гэсэн хэдий ч үйлчлэлийн нэг хэсэг байж болох сорилт бэрхшээл бас байдаг. Өөрт тохиосон саяхны үйлчлэлийн боломжуудынхаа талаар эргэцүүлэн бод. Үйлчлэлтэй холбоотой ямар сорилт бэрхшээл тохиолдож байсан бэ? Хүмүүсийн үйлчлэхгүй байхыг сонгох зарим шалтгаан юу вэ?
Үйлчлэлд тулгарч буй сорилт бэрхшээлээ дүрслэн бич. Энд нэг жишээ дурдвал: Сүмийн удирдагчид Софиагаас Залуу эмэгтэйчүүдийн ангийн идэвх султай охинд төрсөн өдрөөр нь бэлэг дамжуулж өгөхийг хүссэн. Софиаг үүдэнд нь ирэхэд тэр Софиад тийм ч найрсаг хандсангүй. Софиа гомдон, энэ үйлчлэлийг хийсэндээ харамсаж цааш алхав.
Итгэлээр үйлдэх
-
Сорилт бэрхшээлийг үл харгалзан үйлчлэх нь хэрхэн итгэлээр үйлдэх үйлдэл болох вэ?
-
Мозая 2:17-д заасан сургаал хэрхэн энэ нөхцөлд байгаа хүнд итгэлээр үйлдэхэд туслах вэ?
Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах
-
Жишээг мөнхийн талаас нь харахад юу өөрчлөгдөж байна вэ?
-
Энэ хүнд Мозая 2:17-д заасан сургаал хэрхэн мөнхийн талаас нь харахад тусалж чадаж байна вэ?
-
Аврагч ийм нөхцөл байдалд байсан бол яах байсан гэж бодож байна вэ?
Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх
Хүсэл эрмэлзэлтэй хүнд үйлчлэхэд нь туслахын тулд хуваалцаж болох нэмэлт судар эсвэл Ерөнхий чуулганаас хэлсэн үгийг ол. Үүнийг хийхийн тулд Gospel Library аппликэйшнаас “үйлчлэл” гэж хайгаад, гарч ирж буй судруудыг эсвэл чуулганы үгсийг хар. Мөн та Topical Guide эсвэл Судруудын удирдамжийн “Үйлчлэл”-ийг харж болно.