“Moзая 2:19–41: “Бүх зүйлд адислагдсан,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Мозая 2:19–41,” Мормоны Номын багшийн гарын авлага
Moзая 2:19–41
“Бүх зүйлд адислагдсан”
Та төгсгөлгүй аз жаргалыг хүлээж авахын тулд юу хийхэд бэлэн байна вэ? Хаан Бенжамин өөрийн хүмүүсийг зөв шударга амьдрал, Бурханд үнэнч байх замаар аз жаргалыг эрэлхийлэхэд урьсан. Энэ хичээл “Бурханы зарлигуудыг сахидаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг” (Мозая 2:41) эрэлхийлэхэд тусалж чадна.
Адислал бүрээ тоол
“Адислал бүрээ тоол” (Дуулал, ду. 125) дууллыг дуулах буюу үгийг нь унш. Эдгээр үгийн талаар мөн таны амьдралтай хэрхэн холбоотой байгаа талаар бод.
Судлах тэмдэглэлдээ нэгээс хоёр минутад Бурханаас танд өгсөн адислалуудын тухай жагсаалт гарга.
-
Та адислалуудаа жагсаан бичихдээ юу анзаарсан эсвэл олж мэдсэн бэ?
Хаан Бенжамин үйлчлэлийн талаар заасныхаа дараа нифайчуудыг Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг хэрхэн эрэлхийлж, хүлээн авах талаар бодоход урьсан. Өнөөдөр суралцах явцдаа Түүний зарлигуудыг сахихыг хичээх үед Их Эзэн таныг аль хэдийн хэрхэн адисалсан байдгийг тунгаан бод.
Мозая 2:19–25-ыг уншаад, дараах асуултуудын аль нэгийнх нь хариултыг хайж ол.
-
Бурхан нифайчуудыг ямар ямар арга замаар адисалсан бэ? Тэдэнд байх адислалууд танд мөн байвал тэмдэглэ.
-
Биднийг зарлигуудыг нь дуулгавартай сахивал Бурхан юу хийдэг вэ? Тэрээр үүнийг хэр хурдан гүйцэтгэдэг вэ?
-
Эдгээр шүлэг Бурханы талаар танд юу заадаг вэ?
Нифайчуудад адислалуудыг танихад тусалсныхаа дараа хаан Бенжамин өөрийн хүү Мозаяг тэдний шинэ хаан болохыг зарлав. Тэрээр хүмүүс маргаан, зөрчил, бослого, Бурханы зарлигуудыг зөрчих гэх мэт олон арга замаар адислалаа алдаж болох талаар сануулсан. Мөн тэрээр эдгээр үйлдлийн мөнхийн үр дагаврыг зааж, зарлигуудыг сахидаг хүмүүст амлалт өгсөн. (Мозая 2:29–40-ийг үзнэ үү.)
Адислагдсан мөн баярт байдал
Мозая 2:41-ийг уншиж, хаан Бенжамины өгсөн амлалтыг ол.
-
Та шүлэг 41-ийг үнэний зарчимд хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?
Мозая 2:41-д хэлсэн амлалтуудын нэг нь хэрэв бид Бурханы зарлигуудыг сахивал Бурхан биднийг биеийн мөн сүнслэг байдлаар адисална. Гэсэн хэдий ч үг хэллэг бүрийг тусад нь судалснаар бид энэ шүлгээс илүү их зүйлийг сурч мэдэх болно.
Биеийн адислалууд нь бие махбодын эрүүл мэнд, хөгжил цэцэглэлт эсвэл мөнх бус амьдралтай холбоотой бусад адислалыг агуулж болно. Сүнслэг адислал бол мөнхийн зүйл юм. Үүнд бидний гэрчлэл, Бурхантай болон гэр бүлтэйгээ харилцах харилцаа, нүглийн өршөөл, Ариун Сүнснээс авах удирдамж гэх зэрэг орно.
Тунгаан бод
Суралцах үйл ажиллагаа дууссаны дараа ч “[өөрийн] адислагдсан мөн баярт байдлын” талаар бодоход хэдэн минут зарцуул. Бурханд хандах хандлагаа болон Түүний зарлигуудыг дагах тухайгаа тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бич. Та Түүний адислалуудыг хүлээн авах итгэлээ хэрхэн үргэлжлүүлэн хөгжүүлж, хэрэгжүүлэх боломжтойг оруул. Бурханы зарлигуудыг сахиснаар таны амьдралд хэрхэн нөлөөлөх талаар эргэцүүлэн бод.