“Алма 20–22: ‘Мөнх амьдралыг авч болохын тулд би юу хийх билээ?’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 20–22,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 20–22
“Мөнх амьдралыг авч болохын тулд би юу хийх билээ?”
Танд бүхнээс илүү Бурханыг дагахад юу тусалж болох вэ? Хаан Лемонайн эцэг нэгэн цагт ёс бус хүн байсан боловч бидний Аврагчийн тухай, мөн Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний талаар чухал үнэнийг мэдсэний дараа түүний хүсэл эрс өөрчлөгдөж эхэлсэн. Энэ хичээл дэлхийн санал болгож буй бүх зүйлээс илүү Бурханы зүйлсийг хүсэхэд тань тусална.
Та хүсэлтэй байна уу?
Зарим нөхцөл байдал таны ямар нэг зүйлийг хийх хүсэлд чинь нөлөөлж болохыг та анзаарч байсан уу?
Жишээлбэл: Дараах зүйлийг хийхэд хүсэлтэй байх нөхцөл байдлын тухай бод. Дараа нь таныг эдгээрийг хийх хүсэлгүй болгох нөхцөл байдлын тухай бод.
-
Унтлагын өрөөгөө цэвэрлэ.
-
Ном унш.
-
Хол алх.
Зарим зүйл бидэнд Бурханыг дагахад урам зориг болдог.
Бурханыг дагах хүслээ бодох цаг гарга. Хэрэв та Түүнийг дагахыг хүсэж байгаа бол тэрхүү хүслийг мэдрэхэд танд юу тусалсан бэ? Хэрэв танд одоогоор Түүнийг дагах хүсэл байхгүй бол ийм мэдрэмжтэй байхад юу нөлөөлсөн гэж та бодож байна вэ?
Өнөөдөр та Бурханыг дагах хүсэл нь богино хугацаанд мэдэгдэхүйц нэмэгдсэн хүний тухай судлах болно. Судалж байхдаа энэ өөрчлөлтөд хүргэсэн зүйлийг анхаар. Бурханыг дагах, зөвхөн Түүний санал болгож чадах адислалуудыг хүлээн авах илүү их хүсэлд тань туслах сургаалуудыг олж мэд.
Аммон, Лемонай хоёр Лемонайн эцэгтэй уулзсан нь
Аммоныг Ишмэилийн нутагт Лемонай хааны хүмүүст үйлчилж, зааж байх үед Их Эзэн Аммонд Аароныг болон тэдний бүлгийн бусад хүнийг Миддонай нутагт хоригдсон гэдгийг илчилсэн. Аароныг болон бусад хүнийг чөлөөлөхөөр Аммон, хаан хоёр тэр нутаг руу явахаар төлөвлөв. Тэд замдаа бүх нутаг даяарх хаан байсан Лемонайн эцэгтэй тааралддаг (Алма 20:1–8-ыг үзнэ үү).
Алма 20:13–28-ыг уншаад, Аммон, Лемонай, Лемонайн эцэг гурвын хоорондох харилцааг олж мэд.
-
Аммон, Лемонай нартай харилцах явцад Лемонайн эцгийн хүсэл өөрчлөгдөж байгааг та хэрхэн анзаарсан бэ?
-
Энэ өөрчлөлтөд ямар зүйл нөлөөлсөн бэ?
23-р шүлэг-т Аммон хэрвээ амийг нь өршөөх юм бол Лемонайн эцэг юугаа өгөхөд бэлэн байсныг тэмдэглэж ав. Та энэ шүлэгт өгсөн түүний хариу үйлдлийг дараа нь хичээл дээр судлах бусад шүлэг дэх хариу үйлдэлтэй нь харьцуулж болно.
Аарон Лемонайн эцэгт заав
Аарон ба түүнтэй хамт байсан хүмүүс шоронгоос суллагдсаныхаа дараа Аммон, хаан Лемонайн хамт Ишмэилийн нутагт буцаж ирэв. Аарон Сүнсээр Нифайн нутаг тийш, Лемонайн эцэг уруу удирдагдсан (Алма 22:1-ийг үзнэ үү).
Алма 22:2–6-г уншаад, Лемонайн эцэг Ааронтой уулзах үеэр асуусан асуултуудыг олж мэд.
-
Та 5–6-р шүлэг дэх хааны асуултад хариулахдаа Тэнгэрлэг Эцэгийн тухай, мөн Түүний төлөвлөгөөний талаар юу хуваалцаж болох вэ?
Алма 22:7–14-ийг уншаад, хааны асуултуудад Аароны хэрхэн хариулсныг олж мэд. 14-р шүлэг дэх хүртэх гэсэн үг “олж авах, хүртэх” гэсэн утгатай болохыг анхаар.
-
Хаан Бурханы тухай болон Түүний төлөвлөгөөний талаар юу мэдэж авсан нь түүний амьдралыг үзэх үзэлд нөлөөлсөн байж болох вэ?
-
Бурханы тухай болон Түүний төлөвлөгөөний талаар Аароны сургаалд итгэж, ойлгох нь бидэнд хэрхэн нөлөөлж чадах вэ?
Алма 22:15–18-ыг уншаад, Аароныг хаанд заасны дараа хаан юу хүсэж, хийхэд бэлэн байсныг олж мэд.
-
Миддони хүрэх замдаа Аммон, Лемонай нартай уулзсанаас хойш хааны хүсэл нь өөрчлөгдсөнийг харахад ямар үг, хэллэг танд тусалдаг вэ?
-
15, 18-р шүлэг дээр хаан юунд бууж өгөхөд бэлэн гэж хэлсэн бэ?
-
Алма 20 ба 22-ыг судалж олж мэдсэн зүйл дээрээ тулгуурлахад, хааны өөрчлөлтөд нөлөөлсөн хүчин зүйлсийн зарим нь юу байсан бэ?
Энэ түүхээс бидний сурч мэдэж болох нэг үнэн бол Есүс Христ бидэнд хэрэгтэйг ойлгох үед Түүнийг дагах, бидэнд санал болгож чадах адислалуудыг нь хүлээн авах хүсэл маань нэмэгддэг.
-
Аврагч бидэнд хэрэгтэйг ойлгох нь яагаад бидний хүсэлд болон үйлдэлд ийм том нөлөө үзүүлж чадна гэж та бодож байна вэ?
-
Танд Есүс Христ хэрэгтэйг илүү сайн ойлгоход юу тусалж чадах вэ?
Бидний зөв шударга хүсэл бидэнд хэрхэн нөлөөлж чадах вэ
Хааны Ааронтай хийсэн туршлага нь хаанд болон түүний хүмүүст гүн нөлөө үзүүлсэн. Хаан, түүний хатан, түүний бүх гэрийнхэн болон бусад олон лемен хүн Их Эзэнд хөрвүүлэгдэж, бүх амьдралынхаа туршид Түүнд үнэнч байв (Алма 22:23; 23:6-г үзнэ үү).
15–18-р шүлэг дээр хааны юу хүсэж байгаагаа хэлснийг эргэн сана. Үүнд:
-
Мөнх амьдралын адислалууд (15, 18-р шүлэг);
-
“Энэ ёс бус сүнсийг [түүний] цээжнээсээ үндсээр нь сугалуулан, мөн Бурханаар төрж болохын тулд” (15-р шүлэг);
-
Ариун Сүнсийг хүлээн авч (15-р шүлэг);
-
баяслаар дүүргэгдэж болохын тулд (15-р шүлэг); болон
-
Бурханыг мэдэх (18-р шүлэг).
-
Эдгээрийг байнга хүсэх нь таны амьдралд ямар өөрчлөлт авчирна гэж та бодож байна вэ?
-
Бид эдгээр адислалыг хүлээн авахын тулд юуг орхиж эсвэл өөрчлөх шаардлагатай вэ?
Та өнөөдөр судалсан зүйлээсээ юу олж мэдэж, мэдэрснээ тунгаан бод. Тэнгэрлэг Эцэгийн танд өгөхийг хүсдэг адислалыг илүү бүрэн дүүрэн хүсэхийн тулд юу хийж болох талаар эргэцүүлэн бод. Эдгээр адислалыг хүлээн авахын тулд юу хийх эсвэл юу хийхгүй байх хэрэгтэй талаар бод. Төрсөн бодол, сүнслэг сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.