“Хиламан 13–16: Их Эзэний бошиглогчдыг ойлгох нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Хиламан 13–16,” Мормоны Номын багшийн гарын авлага
Хиламан 13–16
Их Эзэний бошиглогчдыг ойлгох нь
Хүмүүсийн бошиглогчдын талаар санаа зовж, шүүмжилж байхыг сонсоход танд ямар санагдсан бэ? Лемен үндэстэн Самуел хэрмэн дээр зогсоод, хүмүүсийг наманчлахад дуудах үед тэд түүний үгсийг янз бүрээр хүлээж авав. Хүмүүс өнөө үеийн бошиглогчдод ижил төстэй хариу үйлдэл үзүүлдэг. Энэ хичээл бошиглогчдын үүргийг мөн тэд бидэнд хэрхэн тусалж чадахыг ойлгоход тань тусална.
Их Эзэний бошиглогчид итгэх нь
Судлах тэмдэглэлдээ дараахыг зур.
Бүлэг тус бүрийг төлөөлж буй зургийн эргэн тойронд хүмүүс яагаад бошиглогчдод итгэж, дагадаг болохыг эсвэл итгэдэггүй, бүр тэднийг шүүмжилдэг зарим шалтгааныг жагсааж бич.
Таныг болон бусад хүнийг бошиглогчдыг Бурхан дуудсан гэдэгт итгэхэд тусалж чадах бошиглогчдын талаар аль хэдийн сурч мэдсэн зүйлээ тунгаан бодох цаг гарга. Жишээлбэл: Та Хиламан 7–10-аас Нифайн талаар судлах явцдаа бошиглогчдын тухай үнэний жагсаалтыг гаргасан байж болох юм.
Хиламан 13-т Их Эзэн лемен үндэстэн Самуелыг нэмж бошиглогчоор илгээв. Энэ хичээл түүний сургаалуудын тойм юм (Хиламан 13–16-г үзнэ үү). Та судлах явцдаа бошиглогчдын тухай үнэний жагсаалтаа нэмж болох юм. Итгэхэд хэцүү байгаа хэн нэгэнд тусалж болох ойлголтыг эрэлхийл.
Самуел нифайчуудад номлосон нь
Хиламан 13:1–7; 14:9-ийг уншаад, Самуелын юу нь таны сэтгэлийг хөдөлгөж байгааг олж мэд.
-
Самуелын жишээнээс та бошиглогчдын талаар юу сурч мэдсэн бэ? (Олж мэдсэн аливаа үнэнээ жагсаалтдаа нэмж бич.)
Таны тодорхойлсон үнэнүүдийн нэг нь бошиглогчийн захиас түүнийх байдаггүй, энэ нь Их Эзэнээс ирдэг хэмээх үнэн байж болох юм. Энэ үнэнийг дэмжсэн Хиламан 13:5, 7; 14:9 дээрх үг хэллэгийг тэмдэглэж ав. Та Хиламан 7:29, Сургаал ба Гэрээ 1:38; 21:4–5-ыг уншиж, Хиламан 13 дахь шүлгүүдтэй холбож болно.
-
Энэ үнэнийг ойлгох нь бошиглогчдыг сонсох бидний арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?
-
Тэдэнд эргэлзэхэд эсвэл шүүмжлэхэд уруу татагдах үед энэ нь хэрхэн тусалж болох вэ?
Бошиглогчийн хэлсэн саяхны Ерөнхий чуулганы хэлсэн үгээс хэсэгчлэн давтахад хэдэн хором зарцуул. Их Эзэний тухай болон Түүний таныг гэх санаа бодлын талаар бод. Хэлсэн үгийг Их Эзэний захиас хэмээн бодож уншихыг эрэлхийл. Дараахаас аль нэгийг нь бэлд.
-
Их Эзэнээр өдөөгдсөн гэдэгт итгэдэг тодорхой үг хэллэгийг эсвэл сургаалыг ол. Яагаад гэдгийг хуваалц.
-
Бошиглогчийн захиас Их Эзэнээс ирсэн гэсэн хувийн гэрчлэлийг хүлээн авахын тулд та юу хийж чадахаа тайлбарла.
Нифайчууд бошиглогчдод хариулсан нь
Хиламан 13:24–29; 14:10-ыг уншаад, нифайчуудын бошиглогчдод хандсан хандлагыг олж мэд.
-
Та эдгээр шүлгээс бошиглогчдын талаар ямар үнэнийг тодорхойлж чадах вэ?
Та дараахтай төстэй үнэнийг тодорхойлсон байж болох юм: Их Эзэний бошиглогчид ёс бус хүмүүсийн дунд нэр хүндтэй байдаггүй. Та энэ үнэнийг эдгээр шүлгийн ойролцоо бичиж болох юм.
-
Та энэ үнэнийг өнөө цаг үед ямар арга замаар олж хардаг вэ?
-
Бошиглогчдыг шүүмжилж, эсэргүүцдэг хүмүүс хэрхэн “мунхаг мөн харалган удирдагчидтай” байх вэ? (Хиламан 13:29).
-
Хэрэв бид наманчилж мөн сайжрахын төлөө Аврагч дээр ирэхгүй бол хэрхэн “гэрлээс илүүтэйгээр харанхуй”-г сонгохтой адил байж болох вэ? (Хиламан 13:29).
Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл (1895–1985) ийн заасан.
Бошиглогчид … зөвхөн хүмүүсийн сэтгэл санаанд нийцүүлэхийн тулд Их Эзэний захиасыг өөрчлөх боломжгүй. Тэд тийм харгис хэрцгий болж чадахааргүй дэндүү эелдэг хүмүүс. Бошиглогчид нэр алдрыг хүсдэггүйд би маш их талархаж байна. (Spencer W. Kimball, “Listen to the Prophets,” Ensign, May 1978, 77)
“Зүрх сэтгэлийнхээ хүссэн юуг ч боловч үйлдэх” (Хиламан 13:27) боломжтой байх ёстой гэдэгт итгэдэг хүнийг төсөөл. Үр дүнд нь бошиглогч тэднийг наманчлахад урихад тэд сэтгэл дундуур байдаг. Та сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэн энэ асуудал эсвэл шүүмжлэлд өгөх хариулт бэлд.
Их Эзэн Самуелыг хамгаалдаг
Хичээлийн эхэнд харуулсан зургийг анхааралтай ажигла. Энэ нь Самуелын номлолын төгсгөлд юу болсныг дүрсэлдэг.
Хиламан 16:1–8-ыг уншаад, Бурханы хүч Түүний бошиглогчидтой хамт байдаг гэсэн үнэний нотолгоог олж мэдэн, тэмдэглэ. (Энэ үнэнийг жагсаалтдаа нэмж бич.)
-
Бурхан Самуелтай хамт байсан гэсэн ямар нотолгоог та харсан бэ?
Хэдийгээр бүх бошиглогчийг ийм замаар хамгаалдаггүй боловч Бурхан Өөрийн бошиглогчдыг ажлаа дуусгах хүртэл нь хамгаалдаг (Мозая 13:1–4; Сургаал ба Гэрээ 122:9-ийг үзнэ үү).
Судруудаас эсвэл Сүмийн түүхээс нэг бошиглогчийг сонго. Бурхан тухайн бошиглогчтой хамт байсан гэх нотолгоог жагсааж бич. Ноа, Мосе, Петр нарын мөн Иосеф Смитийн дараах жишээнүүдийг эшлэн, ашиглаж болно.
(Эхлэл 7:7, 10–13, 17, 23-ыг үзнэ үү)
(Гэтлэл 14:21–30-ыг үзнэ үү)
(Үйлс 12:4–11-ийг үзнэ үү)
(Иосеф Смит—Түүх 1:15–25-ыг үзнэ үү)
Одоо Бурхан Өөрийн орчин үеийн бошиглогчидтойгоо хамт байгаа гэх нотолгоог мөн жагсааж бич. Орчин үеийн бошиглогчдын сургаал эсвэл урилга нь өнөө цаг үеийн бэрхшээлийг даван туулахад хэрхэн тусалсан тухай жишээг оруулж болно.
-
Эдгээр нотолгоог санаж байх нь хэрхэн тустай байж болох вэ?
Нифайн хүмүүсийн нэгэн адил бидэнд ч мөн бошиглогчийн сургаалыг хүлээн зөвшөөрөх үү эсвэл шүүмжлэл, уур хилэнгээр хариу үйлдэл үзүүлэх үү гэдгээ сонгох хүч бий. Судлах тэмдэглэл дээрээ бошиглогчдын талаар сурч мэдсэн зүйлээ болон тэдний талаар ямар бодолтой байгаагаа тэмдэглэж бич. Та лемен үндэстэн Самуелын юу заасныг энэ долоо хоногт үргэлжлүүлэн судлахдаа түүний сүнслэгээр өдөөгдсөн сургаалаас суралцаж, хэрэгжүүлэхийг залбиран эрэлхийл.