“3 Нифай 1: ‘Бошиглогчдын бошиглолууд гүйцэлдэж эхлэв,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 1,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 1
“Бошиглогчдын бошиглолууд гүйцэлдэж эхлэв”
Есүс Христийн төрснийг зарласан одыг хүлээж, харах нь ямар байх байсан бол? Итгэгч нифайчууд лемен үндэстэн Самуелын бошиглосон тэмдгүүдийг биелэхийг хүлээж байсан ч (Хиламан 14-ийг үзнэ үү) үл итгэгчид хэрвээ тэмдэг үзэгдэхгүй бол тэднийг хөнөөх болно хэмээн заналхийлэв. Энэ хичээл Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан хэлсэн Өөрийн бүх үгээ гүйцэлдүүлэх болно гэдэгт илүү их итгэлтэй болоход тань туслах зорилготой.
Итгэлээр хүчирхэгжсэн нь
-
Тав нь хамгийн хүчтэй гэж үзээд, нэгээс тавын хооронд үнэлбэл та Бурхан бошиглогчдынхоо үгсийг гүйцэлдүүлдэг гэдэгт итгэх итгэл үнэмшлийн түвшнээ хэрхэн үнэлэх вэ? Яагаад?
Лемен үндэстэн Самуел нифайчуудын дунд ирээд, “Дахин таван жил өнгөрөхөд, мөн болгоогтун, тэгэхэд Бурханы Хүү ирэх болно” (Хиламан 14:2) хэмээн бошиглов. Бошиглогчид олон мянган жилийн туршид Есүс Христийн ирэлтийн талаар бошиглосон бөгөөд хүсэн хүлээсэн Түүний төрөх цаг болжээ. 3 Нифай ном нь тэрхүү таван жилийн төгсгөлд эхэлдэг.
-
Хэрэв та Самуелд итгэсэн хүмүүсийн нэг байсан бол энэ удаад юу мэдрэх байсан гэж бодож байна вэ?
Та энэ хичээлийг судалж байхдаа 3 Нифай 1 дэх нөхцөл байдал, бидний үеийн нөхцөл байдлын хоорондын ижил төстэй байдлыг олж мэд. Та Бурханд итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлэх утга учиртай үгс, хэллэгийг мөн Түүний бошиглогчдын үгсийг тэмдэглэж болно.
Итгэгч нифайчууд
3 Нифай 1-ийн эхэнд бид Хиламаны хүү Нифай нутгаасаа гарч одсон бөгөөд түүний хүү Нифай нь одоо нифайчуудын дунд бошиглогч болсныг ойлгож мэдсэн.
3 Нифай 1:4–9-ийг уншаад, итгэгч нифайчууд энэ удаад ямар сорилттой тулгарсныг олж мэд.
-
Зарим хүнд үхлийн аюул заналхийлсэн ч “тууштайгаар ажиглах” (8-р шүлэг) боломжийг юу олгосон гэж та бодож байна вэ?
Дараа нь юу тохиолдсоныг сурч мэдэхийн тулд 3 Нифай 1:10–14-ийг унш.
-
Та Нифайг Их Эзэний дууг сонсох үедээ ямар мэдрэмж мэдэрсэн гэж төсөөлж байна вэ?
-
Их Эзэн Нифайд болон хүмүүст юу ойлгуулахыг хүссэн гэж та бодож байна вэ?
-
Эдгээр шүлгээс та ямар ямар үнэнийг тодорхойлж болох вэ?
Бошиглогчдын үгс гүйцэлдэх болно
Эдгээр шүлгээс олсон хэд хэдэн үнэний дундаас бид Их Эзэн бошиглогчдоороо дамжуулан ярьсан бүх үгээ гүйцэлдүүлэх болно гэдгийг сурч мэднэ. Та 13-р шүлэг дээрх энэ үнэнийг тэмдэглэж болно.
3 Нифай 1:15–22-ыг уншаад, бошиглол гүйцэлдэх үед хүмүүс хэрхэн хүлээж авсныг олж мэд.
Таны туршлага
3 Нифай 1 дахь нифайчууд шиг бид ирээдүй нь тодорхойгүй зүйлсээр дүүрсэн мэт санагдах цаг хугацаанд амьдарч байна. Яагаад бид Их Эзэнд болон бошиглогчдоороо дамжуулан өгсөн Түүний үгэнд итгэлтэй байж болох вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн заасан:
Итгэлтэй байх нь мунхаглал эсвэл хэт улайран шүтэх явдал биш. Харин энэ нь Есүс Христэд Аврагчийнх нь хувьд болон Түүний нэрэнд мөн Түүний амлалтуудад итгэж, найдахыг хэлнэ. Бид “найдварын төгс гэрэлтэйгээр, мөн Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулан Христэд тууштайгаар итгэн урагш тэмүүлснээр” [2 Нифай 31:20] бидний мөнх бус амьдралын хязгаарлагдмал чадавхаас хамаагүй өргөн хүрээг хамардаг мөнхийн төлөвлөгөө болон алсын хараагаар адислагддаг. Ингэснээр бид “хамтдаа цуглаж, мөн ариун газрууд дээр зогсож,” [Сургаал ба Гэрээ 101:22] түүнчлэн “Их Эзэний өдөр ирэх хүртэл шилжин нүүлгэгдэхгүй” [Сургаал ба Гэрээ 87:8] байх боломжтой болно. (Дэвид А.Бэднар, “Үүгээр бид тэднийг нотлох болно,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)
Та яагаад Бурханд итгэх мөн амьдралынхаа талаар тодорхой бус байдал эсвэл айдас мэдрэх хоёрын хооронд эргэлздэг байж болох талаар бод. Эдгээр шалтгаан нь хувь хүн бүрд хувийн шинжтэй ч дараахыг багтааж болно:
-
Есүс Христэд итгэдэг итгэлийнхээ төлөө тохуурхагдах, дайралтад өртөх
-
Гэр бүл салалтын улмаас эцэг эх нь тусдаа байдаг зэрэг гэр бүлийн харилцааны асуудалтай байх
-
Сэтгэлийн түгшүүрт эсвэл сэтгэл гутралд орох
-
Ижил хүйстэндээ татагдаж буй хайртай хүмүүсийнхээ төлөө санаа зовох
-
Донтолтоос болж зовж шаналж буй эсвэл хортой зуршлыг ялан дийлэхээр тэмцэх
-
Сайн мэдээний адислалд хүрч чадахгүй гэдгээс айх
-
Үнэ цэнгүй эсвэл уучлагдашгүй гэсэн мэдрэмж төрөх
Иoхан 16:33-т Есүс Христ “ертөнцөд та нар зовлонтой байна. Гэвч зоригтой байгтун. Би ертөнцийг ялсан” хэмээн айлдсан.
Та өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ талаарх мэдрэмжээ тэмдэглэн бичиж болно. Үүнд та хийхээр өдөөгдсөн үйлдлээ эсвэл Бурхан бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үг бүрээ гүйцэлдүүлэх болно гэдгийг ойлгосноор хэрхэн хүчирхэгжиж болохыг багтааж болно.