Семинар
3 Нифай 11:12–17: “Над дээр нааш ирэгтүн”


“3 Нифай 11:12-17: ‘Над дээр нааш ирэгтүн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 11:12-17,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 11:12-17

“Над дээр нааш ирэгтүн”

Зураг
Есүс Христ гарын шархаа нифай эмэгтэйд үзүүлж буй нь

Тэнгэрлэг Эцэгийн Хайртай Хүү хэмээн танилцуулагдсаны дараа Есүс Христ дэлхийн гэм нүглийн төлөө Өөрийгөө алагдсан гэдгийг гэрчлэхэд хүмүүсийг урьсан. Тэд нэг нэгээрээ Түүнд хүрч, Түүний хавирган дээрх сорви, Түүний гар, хөл дээрх хадаасны ормыг тэмтэрчээ. Энэ хичээл танд Есүс Христ таны төлөө зовж, нас барсан гэдэг гэрчлэлийг олж авахад эсвэл баталгаажуулахад тусална.

Гэрчлэлээ хамгаал

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах урилга танд хэрхэн хамаатайг бодоорой.

Би та нараас гэрчлэлээ хамгаалаарай хэмээн гуйж байна. Үүний төлөө зүтгэ. Үүндээ хариуцлага хүлээ. Үүнд анхаарал тавь. Гэрчлэл тань хүчирхэгжиж болохын тулд тэтгэ. Үүнийг үнэнээр тэжээ. Гэрчлэл тань суларсныг дараа гайхаж суухгүйн тулд итгэлгүй хүмүүний хуурамч гүн ухаанаар үүнийг бүү булингартуул. (Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн сонголтууд” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15], ChurchofJesusChrist.org)

  • Хүн бүр гэрчлэлээ “хамгаалах” нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Бидний гэрчилж чадах хамгийн чухал үнэний нэг бол Есүс Христ бол Бурханы Хүү бөгөөд дэлхийн Аврагч мөн гэсэн үнэн юм. Хүмүүсийн Түүний энэ талаар мэдэх хэрэгтэй шалтгааныг тунгаан бод. Та эдгээр шалтгааны заримыг харахын тулд Иохан 14:6 болон Moзая 3:17-г уншиж болно.

Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудыг хариулж, Есүс Христэд итгэх итгэл, Түүний талаарх мэдрэмжээ үнэлж дүгнэх цаг гарга.

  • Та өөрийгөө Есүс Христийг Бурханы Хүү, дэлхийн Аврагч гэсэн гэрчлэлтэй гэж бодож байна уу?

  • Танд Аврагчийн талаар ингэж мэдрэхэд юу нөлөөлсөн бэ?

Өнөөдөр та Есүс Христийн нифайчуудтай харьцсан ариун харилцааг судлах болно. Суралцах явцдаа Есүс Христийн талаарх гэрчлэлээ олж авах эсвэл хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар бодож үз.

Есүс Христ нифайчуудыг Өөрийн шархны сорвийг тэмтэрч үзэхэд урьсан

Зураг
Христ Өгөөмөр нутагт нифайчуудад үзэгдсэн нь

Бүлэг нифайчуудыг Өгөөмөр нутагт цуглаж байх үед Амилсан Их Эзэн тэнгэрээс бууж ирснийг сана. Тэрээр Өөрийгөө Есүс Христ бөгөөд дэлхийнхний нүглийн төлөө зовж шаналан, Эцэгийг алдаршуулсан гэдгээ тунхагласан (3 Нифай 11:1–11-ийг үзнэ үү). Олон тооны эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүдээс бүрдсэн 2500 орчим хүн байв (3 Нифай 17:25-ыг үзнэ үү).

3 Нифай 11:12–15-ыг уншаад, амилсан Их Эзэний хүмүүст зориулсан анхны урилгыг олж мэд. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Jesus Christ Appears in the Ancient Americas (Есүс Христ эртний Америкт үзэгдэв)” видеог цагийн код 13:29-16:03 хүртэл үзэх боломжтой.

Судалж байхдаа та өөрийгөө олны дунд байсан гэдгээр төсөөл. Судруудын үйл явдлуудыг эсвэл санаануудыг дүрслэн бодсоноор Ариун Сүнсийг хичээлдээ урих боломжтой. Суралцаж, тунгаан бодож, төсөөлж байхдаа өөртөө ирж буй бодол, мэдрэмжээ тэмдэглэ.

Зураг
Аврагчийн гарт хэн нэгэн хүрч буй нь
  • Хүмүүс Аврагчийг хараад, Түүнтэй “нэг нэгээрээ” харилцаж байхдаа юу мэдэрч байсан гэж та бодож байна вэ? (3 Нифай 11:15).

  • Энэ цэдгийн ямар хэсгийг та төсөөлөхөөр сонгосон бэ? Үүнийг хийж байхад танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

  • Эдгээр шүлэг Аврагчийн бидний хүн нэг бүрийн төлөөх хүслийн талаар танд юу зааж байна вэ?

Энэ ариун цэдгээс бидний сурч мэдэх нэг зарчим бол: Есүс Христ Өөрийгөө дэлхийн Аврагч гэсэн хувийн гэрчлэлийг хүлээн авахад намайг урьж байна. Энэ зарчмыг та судар эсвэл судлах тэмдэглэл дээрээ бичих талаар бодож үз.

Тэргүүлэх бишопын зөвлөлийн бишоп Жэралд Коссэй Аврагчийн хувийн урилга, Түүний нифайчуудын дунд хийсэн тохинууллын талаар ярихдаа дараах зүйлийг заажээ:

Энэ гайхамшигт үйл явдал бол Мормоны Номын хамгийн оргил хэсэг билээ. Сайн мэдээний бүх “сайхан мэдээ” хүн бүрийг Аврагчид ирж, Түүний Цагаатгалын адислалуудыг хүлээн авахад урихаар “нигүүлслийн мутраа” [Алма 5:33] энэрэнгүйгээр сунгах Түүний энэ дүр төрхөд агуулагддаг.

… Есүс нифай үндэстний шавь бүрийг Өөрийн шархан дээр хүрч үзэхэд урьсан шиг, хүн нэг бүрийн төлөө таныг эсвэл намайг дэлхий дээрх цорын ганц хүн юм шиг бидний төлөө үхсэн билээ. Тэрээр биднийг Өөр дээр нь ирж, Цагаатгалынх нь гайхамшигт адислалуудаас хүртэх урилгыг өгдөг. (Жэралд Коссэй, “Амьд Христийн амьд гэрч,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган)

  • Бидэнд Есүс Христ бол дэлхийн Аврагч гэсэн гэрчлэлээ олж авах ямар ямар арга зам байна вэ?

“Хосанна!”

Нифайчуудад Аврагчтай хийсэн хувийн харилцаа нь гүнзгий нөлөөлсөн.

3 Нифай 11:16-17-ийг уншаад, амилсан Их Эзэнд тохиосон туршлагынхаа тухай олон түмэн хэрхэн хариулсныг олж мэд.

Хосанна гэдэг нь “одоо авраач”,“биднийг аварна уу” гэсэн утгатай еврей үг гэдгийг мэдэх нь тустай байж болно. Энэ нь сударт магтаал, гуйлтын илэрхийлэл болгон хэрэглэгддэг бөгөөд бүх цаг үед Мессиагийн баяр болж ирсэн (Библийн толь бичиг, “Хосанна”; Судруудын удирдамж, “Хосанна,” scriptures.ChurchofJesusChrist.org үзнэ үү).

Дараах нь танд Аврагчийн талаарх сэтгэгдлээ илэрхийлэх эсвэл Түүний тухай гэрчлэлээ хуваалцсан бусад хүний талаар судлах цаг гаргахад тусална.

  1. Дараах үйл ажиллагаануудаас нэгийг нь сонго:

  1. Есүс Христийн тухай хувийн гэрчлэлээ хуваалцаж, үүнээс тус болно гэж бодож байгаа хүндээ захидал бич.

  2. Есүс Христ гэж хэн бэ, Тэр чиний төлөө юу хийсэн тухай өөрийн мэдрэмжийг дүрсэлсэн судрын шүлгийг эсвэл дууллыг сонго. Энэ шүлэг эсвэл дуулал яагаад таны хувьд утга учиртай болîõ талаар товч тайлбар бич.

  3. Есүс Христийн талаарх өөрийн мэдрэмжийг дүрсэлсэн шүлэг эсвэл дууны үг бич.

  4. Есүс Христийн тухай өөр хүний гэрчлэлийг судал. Юу судалсан, тэр цэдэг танд ямар сэтгэгдэл төрүүлснийг дүгнэ. Жишээнд Алма 26:1–16, 35–37-г эсвэл “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл” (ChurchofJesusChrist.org)-ийг оруулж болно.

Хэвлэх