Семинар
3 Нифай 11:18–41: Есүс Христ сургаалаа тунхагладаг


“3 Нифай 11:18-41: ‘Есүс Христ сургаалаа тунхагладаг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“3 Нифай 11:18-41,” Мормоны Номын багшийн гарын авлага

3 Нифай 11:18–41

Есүс Христ сургаалаа тунхагладаг

Христ Америк тивд зааж байгаа нь

Номлогчид зааж байгаа хүмүүстээ ямар үнэнийг хуваалцдаг талаар та бодож үзсэн үү? Тэдний хамгийн чухал захиаснуудын нэг нь мөнх амьдралын адислалуудыг хүлээн авахын тулд юу хийх ёстойтой холбоотой юм. Энэ захиасыг заримдаа Христийн сургаал гэж нэрлэдэг (2 Нифай 31:21-ийг үзнэ үү). Аврагч нифайчуудад ариун сүмд үзэгдсэнийхээ дараахан тэдэнд энэ сургаалыг заасан. Энэ хичээл танд Есүс Христийн сургаалыг илүү сайн ойлгож, тайлбарлахад тусална.

Есүс Христийн дагагч болох

Танд Сүмийг сонирхож эхэлсэн найз байна гэж төсөөлөөд үз. Найз чинь өнөөг хүртэл сурсан, мэдэрсэн зүйлийнхээ талаар сайхан мэдрэмж төрж байгаагаа хэлж байна. Тэр Аврагчийг бүрэн дагахын тулд юу хийх ёстойгоо мэдэхийг хүсдэг.

  • Та найзаа юу хийхэд урьж болох вэ? Яагаад?

“Энэ бол миний сургаал”

Амилсан Аврагч Өгөөмөр нутгийн нифайчуудад үзэгдсэнийхээ дараахан тэдэнд сургаалаа заасан. Энэ сургаалыг заримдаа “Христийн сургаал” (2 Нифай 31:21) гэдэг ба бидэнд хэрхэн Есүс Христийг дагаж, мөнх амийн адислал хүлээн авах тухай ойлгоход тусалдаг. Өнөөдөр та нар Христийн сургаалыг илүү сайн ойлгож, өөрийн үгээр тайлбарлах боломжтой болно.

  1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  1. 3 Нифай 11:31–41 дээрх Аврагчийн сургаалын талаар Түүний хичээлийг судал.

  2. Хүсвэл 2 Нифай 31:17–21-ийг эсвэл 3 Нифай 27:19–22-ыг Есүс Христийн сургаалын эсвэл сайн мэдээний талаарх нэмэлт заасан зүйлсийг судал. Та мөн Сайн мэдээний номын сан апп болон ChurchofJesusChrist.org дээрээс “Христийн сургаалыг” хайж болно.

  3. Христийн сургаалын тухай гурваас таван минутын хичээл бэлтгэ. Өөрийн тоймыг бэлтгэхэд туслахын тулд доор өгсөн загварыг ашигла. Та өөрийгөө хэн нэгэнд заахын тулд энэ хичээлийг бэлтгэж байгаа номлогч гэж төсөөлж болно. Хэн нэгэн таньдаг хүнийхээ тухай бодоод, түүнд хичээлээ хуваалцах гэж байгаа мэт бэлд.

Христийн сургаал хичээлийн төлөвлөгөө

Мормоны Номын багшийн гарын авлага (2024)—“3 Нифай 11:18–41: Есүс Христ сургаалаа тунхагладаг”

  1. Сурсан, судалсан зүйлээсээ Христийн сургаалын хураангуйг бич.

  2. Зааж буй хүмүүстээ Христийн сургаалыг илүү гүнзгий ойлгож, эргэцүүлэн бодоход туслахын тулд асууж болох хоёроос гурван асуултыг жагсаан бич.

  3. Та яагаад Аврагчийн эдгээр сургаалыг дагах нь чухал гэж бодож байгаагаа тайлбарла. Боломжтой бол эдгээр сургаал таны амьдралыг хэрхэн адисалсныг харуулсан туршлагаа оруул.

  4. Заасан хүмүүстээ Христийн сургаалын талаар сурсан зүйлээ хэрэгжүүлэхэд нь туслахын тулд нэг юм уу хоёр урилгыг жагсаан бич.

  5. (Заавал биш) Таны зааж буй хүмүүст Христийн сургаалыг илүү сайн ойлгоход туслах ямар нэг зүйл эсвэл үйл ажиллагааны талаар бод.

Өөрөө өөрийгөө үнэлэх

Хичээлээ дуусгахдаа Христийн сургаалыг өдөр бүр амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар тунгаан бодох цаг гарга. Дараах өөрийн үнэлгээ нь таныг одоо Аврагчийн сургаалын дагуу амьдарч байгаа арга зам, сайжруулах арга замаа тодорхойлоход тусална.

Дараах мэдэгдлүүдэд “үргэлж”, “заримдаа” эсвэл “хааяа” гэсэн үгээр хариул.

  1. Би Есүс Христэд итгэх итгэлээ зарлигуудыг дагахыг хичээж, сорилт бэрхшээлийг даван туулахад минь тусалж чадна гэдэгт итгэдэг.

  2. Би алдааныхаа төлөө өдөр бүр наманчилж, Түүнтэй илүү адил болоход минь туслах Аврагчийн хүчийг эрэлхийлдэг.

  3. Би баптисмын гэрээнүүдээ сахин, ариун ёслолоос зохистой хүртэх замаар долоо хоног бүр энэ хүчин чармайлтаа шинэчлэхийг хичээдэг.

  4. Би Тэнгэрлэг Эцэгтээ тогтмол залбирснаар Ариун Сүнсийг амьдралдаа урьж, сүнслэг өдөөлтүүдийг судалж, үйлдэхийг эрэлхийлдэг.