“3 Нифай 27, Хэсэг 2: Есүс Христээр дамжуулан ариусгагдах нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“3 Нифай 27, Хэсэг 2,” Мормоны Номын багшийн гарын авлага
3 Нифай 27, Хэсэг 2
Есүс Христээр дамжуулан ариусгагдах нь
Танд сүнслэг байдлын хувьд илүү цэвэр болохыг хүсэж байсан үе бий юү? Есүс Христ эртний Америк тив дэх шавь нартаа заахдаа Өөрийнх нь сайн мэдээг дагадаг хүмүүст ил боломжтой чухал адислалууд, тэр дундаа Ариун Сүнсээр дамжуулан ариусгагдах тухай тайлбарласан. Энэ хичээл Аврагчийн сайн мэдээгээр амьдрахын тулд хичээл зүтгэл гаргахдаа Түүний ариусгах хүчийг хэрхэн хүлээн авахыг ойлгоход тань тусална.
Цэвэр бус
Далын ахлагч Аллэн Д.Хэйни бага насныхаа тухай дараах түүхийг хуваалцсан.
Намайг есөн настай байхад, буурал үстэй, 150 см өндөртэй ээжийн талын эмээ маань бидэнтэй хамт хэдэн долоо хоног байхаар манайд ирсэн юм. Түүнийг байх үеэр нэгэн өдөр би хоёр ахтайгаа хамт гэрийнхээ эсрэг гудамжны талбай дээр нүх ухахаар шийдэв. Бид яагаад үүнийг хийх болсноо ойлгодоггүй. Хөвгүүд зүгээр л нүх ухах дуртай байдаг шүү дээ. Бид бага зэрэг халтартсан болохоос биднийг асуудалд оруулах зүйл болоогүй байлаа. Хөрш айлын хөвгүүд нүх ухах нь сонирхолтой байгааг хараад, бидэнд тусалж эхлэв. Дараа нь бид бүгдээрээ халтар болсон байлаа. Газар хатуу байсан учраас бид зөөллөхийн тулд цэцгийн талбайн хуванцар хоолойг чирж авчран, нүхний ёроолыг бага зэрэг услав. Хэдийгээр бид халтартсан ч нүх улам гүнзгий болсон байв.
Хүүхдүүдийн нэг нь нүхээ усан сан болгох санал гаргаснаар бид нүхээ усаар дүүргэв. Би хамгийн бага нь байсан бөгөөд бусдадаа таалагдахын тулд, тийшээ үсэрч, туршиж үзэхээр болов. Үүний дараа би улам халтар болов. Би шавартай холилдох бодолгүй байсан ч, эцэст нь ийм үр дүнд хүрсэн билээ.
Сэрүүн болж эхлэхэд би гэртээ очих санаатай гудамж хөндлөн гарав. Эмээ надтай урд хаалган дээр тааралдаж, намайг гэрт орохыг зөвшөөрсөнгүй. Хэрэв намайг оруулах юм бол би түүний дөнгөж сая цэвэрлэсэн байшин дотор мөр гаргана гэж тэр хэлэв. Тиймээс би ямар ч есөн настнуудын адилаар арын хаалга руу гүйж очсон ч эмээ маань миний төсөөлснөөс илүү хурдан байлаа. Би багтартлаа уурлаж, хөлөө дэвсэлж байшиндаа орохыг хүссэн ч хаалга нээгдсэнгүй.
Би нойтон, шавартай бас даарч байсан болохоор хүүхэд насныхаа төсөөллөөр арын хашаандаа ингээд үхдэг байжээ гэж бодож билээ. Эцэст нь, би гэртээ орохын тулд юу хийх ёстойгоо эмээгээсээ асуусан юм. Юу болохыг бүрэн ойлгож амжихаас өмнө эмээ намайг арын хашаанд усаар шүршиж байлаа. Мөнх мэт санагдсан энэ үйл явдлын дараа эмээ намайг цэвэр болсон гэж хэлээд, гэрт оруулсан. Гэрт дулаахан байсан бөгөөд би хуурай, цэвэрхэн хувцас өмсөх боломжтой болсон юм. (Аллэн Д.Хэйни, “Хэнд итгэснээ санагтун,” 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117)
-
Та ахлагч Хэйнигийн түүх, өөрсдийн амьдрал хоёрын хооронд ямар сүнслэг харьцуулалт хийж чадах вэ?
3 Нифай 27-д Аврагч Өөрийн сайн мэдээний талаар нифай шавь нартаа хэлсэн үгийнхээ нэг хэсэг болгон нүглийн үр дагавруудыг болон бид тэдгээрийг хэрхэн даван туулж, сүнслэг байдлын хувьд цэвэр болох талаар заасан.
3 Нифай 27:19-ийг уншаад, Аврагчийн юу заасныг олж мэд.
-
Энэ шүлэг танд Есүс Христ болон Түүний Цагаатгал хэрэгтэй байгаа талаар юу зааж байна вэ?
Есүс Христ чамайг нүглийн толбоноос цэвэрлэж, ариун болоход тусалж чадна. Нүглээсээ ариусах хэрэгтэй байгаа, сүнслэг байдлын хувьд цэвэр байх нь ямар мэдрэмж төрүүлж болох ба төрүүлдэг талаар бодож үз. Та өнөөдөр суралцаж байхдаа Аврагчийн ариусгагч хүчийг амьдралдаа хэрхэн олж авч болохыг илүү сайн ойлгоход тань туслах сургаалуудыг олж мэд.
Есүс Христ бид Ариун Сүнсээр дамжуулан хэрхэн ариусгагдаж болохыг тайлбарласан байдаг
3 Нифай 27:20–22-т, Аврагч бидэнд Өөрийнх нь ариусгах хүчийг хүлээн авч, мөнх амьдралд орохын тулд юу хийж болохыг заасан. Эдгээр шүлгийг ойлгоход тань туслах дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуул.
Зарлиг |
Адислал |
---|---|
3 Нифай 27:20–22-ыг уншаад, олж мэдсэн зүйл дээрээ үндэслэн хүснэгтийг гүйцээ.
-
Та 20-р шүлэг дэх Аврагчийн сургаалыг хэрхэн үнэний мэдэгдэл болгож, нэгтгэн дүгнэх вэ?
Бидний сурч мэдэж болох нэг үнэн бол хэрвээ бид наманчилж, баптисм хүртсэнээр Есүс Христэд ирвэл Ариун Сүнсийг хүлээн авснаар ариусгагдаж, эцсийн өдөр Түүний өмнө толбогүй зогсож чадна гэсэн үнэн юм.
Ариусгагдана гэдэг нь “Есүс Христийн цагаатгалаар нүглээс ангид, ариун, цэвэр ариун болох явц” (Судруудын удирдамж, “Ариусгал,” scriptures.ChurchofJesusChrist.org) гэсэн үг юм.
Ариун Сүнсээр дамжуулан ариусгагдах
Есүс Христийн 20-р шүлэг дэх үг нь биднийг ариусгагдахад тусалдаг Түүний арга зам нь Ариун Сүнсийг хүлээн авснаар болдог гэдгийг заадаг.
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Аврагчийн Цагаатгал, Ариун Сүнсний ариусгагч нөлөө хоёрын хоорондын хамаарлын талаар заасан.
Хэрэв та өнөөдөр Ариун Сүнсний нөлөөг мэдэрсэн бол үүнийг Цагаатгал таны амьдралд үйлчилж буйн нотолгоо гэж үзэж болно. Энэ шалтгааны учир мөн бусад олон шалтгааны учир та Ариун Сүнсний өдөөлтийг урьдаг газар, ажил үүрэгт өөрийгөө байлгахын тулд илүү сайн хичээх ёстой. Ариун Сүнсний нөлөөг мэдрэх нь хоёр арга замаар илэрдэг: Ариун Сүнс зөвхөн ариун нандин Сүмд оршдог бөгөөд Ариун Сүнсийг хүлээн авах нь биднийг Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэршүүлдэг. (Henry B. Eyring, “Gifts of the Spirit for Hard Times,” Ensign, June 2007, 23)
Аврагчийн сургаалыг амьдралдаа хэрэгжүүлэх нь
Таны өнөөдөр судалсан үнэн энгийн боловч тууштай дагаж мөрдөхөд нэн чухал бөгөөд ингэснээр та Бурханы оршихуйд буцан очиход зохистой байж чадна. Сурч мэдсэн, мэдэрсэн зүйлээ амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар бодож үз. Та дараах сонголтуудын аль нэгийг эсвэл хэд хэдийг сонгож эсвэл эдгээр сургаалыг хэрэгжүүлэх өөр арга замыг сонгож болно.
-
Өдөр бүр наманчлах зорилго тавьж, Аврагчийг бүрэн дүүрэн дагах шийдвэр гарга.
-
Ариун ёслолын ёслолд оролцох оролцоогоо Ням гаргийн шүтлэг бишрэлийнхээ илүү утга учиртай хэсэг болго.
-
Таны Ариун Сүнстэй харилцах харилцааг хязгаарлаж буй нүглийг эсвэл сатааруулах зүйлийг олж тодорхойл. Тэрхүү нүглийг эсвэл сатаарлыг амьдралаасаа зайлуулахын тулд шаардлагатай арга хэмжээ ав.
-
Ариун Сүнсний нөхөрлөлийг илүү их мэдрэх боломжийг танд олгох ямар нэг зүйлийг хийж эхлээрэй.