Семинар
1 Нифай 2: “Чи намайг хичээнгүйлэн эрэлхийлсэн”


“1 Нифай 2: ‘Чи намайг хичээнгүйлэн эрэлхийлсэн,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“1 Нифай 2,” Мормоны Номын багшийн гарын авлага

1 Нифай 2

“Чи намайг хичээнгүйлэн эрэлхийлсэн”

Зураг
Голын хажууд залбирч буй Нифай

Их Эзэн заримдаа бидэнд ойлгоход эсвэл хийхэд хэцүү зүйлийг хийхийг тушаадаг. Лихай Иерусалимын хүмүүсийг наманчлахыг уриалсныхаа дараа гэр бүлээ аглаг буйд руу нүүлгэх илчлэлтийг дуулгавартай дагасан. Нифай Лемен, Лемүел хоёр шиг бувтнахын оронд илүү сайн ойлгохын тулд Их Эзэнд хандаж, зүрх сэтгэлээ зөөлрүүлсэн. Энэ хичээл нь Их Эзэн танаас хийхэд хэцүү зүйлийг хийхийг хүсэх үед Түүн рүү хандах илүү агуу хүслийг мэдрэхэд туслах зорилготой.

Хууль тогтоогчийг дурсан санах Бурханы хууль, тушаалыг заах үедээ хууль тогтоогчийн талаар заахаа мөн мартаж болохгүй. Бурханы ямар тушаал Өөрийнх нь тухай, мөн тэднийг чиглүүлж, адислах хүсэл, тэднийг гэх хайрынх нь тухай заасан талаар бодож үзэхэд суралцагчдад тусал. Суралцагчдыг Түүнтэй мөн Түүний Хайрт Хүүтэй илүү адил болоход нь туслахын тулд Тэнгэрлэг Эцэгээс өгсөн хуулийг ойлгоход нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Найз эсвэл гэр бүлийн гишүүнээсээ “Хэцүү байсан ч гэсэн та Их Эзэний үгэнд итгэж, дагахын тулд Түүний тусламжийг хэзээ хайж, хүлээн авсан бэ?” гэж асуу.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэний бошиглогчдод хариулах

Суралцагчдад дараах жишээ болон асуултуудыг өг. Үүнд: Суралцагчдад асуултад хэрхэн хариулах талаар тунгаан бодож, ярилцах хангалттай хугацаа өг.

Та Ерөнхий чуулганыг сонсож байна, Сүмийн ерөнхийлөгч танд дагахад хэцүү байх болно гэж бодож байгаа зөвлөгөөг өгч байна гэж төсөөл. Чуулганы дараа та Сүмийн бусад гишүүн түүний зөвлөгөөний талаар гомдоллож, яагаад бошиглогч биднээс ийм зүйл хийхийг хүссэнийг нэг нэгнээсээ асууж байгааг сонсоно. Эдгээр маргааныг сонсох явцдаа та яах тухайгаа бодож эхэлнэ.

  • Гишүүдийн гомдол, шүүмжлэлд сөрөг байдлаар хариу үйлдэл үзүүлэх ямар арга зам байж болох вэ?

  • Энэ нөхцөл байдалд хандах ямар эерэг арга зам байна вэ? Юу Их Эзэний таалалд нийцэх вэ?

1 Нифай 2 дээр та Лихайн хүүхдүүд Бурханы тэдэнд бошиглогчоороо дамжуулан өгсөн хэцүү тушаалд өөр өөр байдлаар хариулж байгааг харах болно. Суралцах явцдаа, бошиглогчийг дагахад хэцүү санагдах үед тань туслах зарчмыг хайж ол.

Их Эзэн Лихайд Иерусалимаас явахыг тушаасан.

Иерусалимын ард түмэн нүглээ наманчлахгүй бол устгагдах болно гэдгийг анхааруулахыг Их Эзэн Лихайд тушаасан гэдгийг та санаж байгаа байх. 1 Нифай 2:1–5-ыг уншаад, Лихайг нүглээ наманчлахыг номлосны дараа Их Эзэний түүнд өгсөн зөвлөгөөг хайж ол.

Дараах газрын зургийг харуулж болно. Суралцагчдад Лихайн гэр бүлийн аялсан зайг төсөөлөхөд нь туслахын тулд таны болон суралцагчдын тань байрлаж байгаа газраас ойролцоогоор 200 миль (320 км) зайд орших газрын жишээг өгч болно.

Зураг
Лихайн гэр бүлийн цөлд хийсэн аяллын замын газрын зураг

Лихайн гэр бүлийнхэн Иерусалимаас Улаан тэнгисийн хил хүртэл 200 миль (320 километр) явсан байх боломжтой. Тэдний аялал олон хоног үргэлжилж, бэлтгэлгүй аялагчдыг дээрэмдэхээр отдог хулгайч нараараа алдартай халуун, үржил шимгүй орон руу тэднийг хөтөлсөн.

  • Хэрэв та Лихайн хүүхдүүдийн нэг байсан бол ийм нөхцөл байдалд яаж хандах байсан гэж бодож байна вэ? Яагаад?

  • Танд ямар асуулт байж болох байсан бэ?

  • Иерусалимаас явах тухай тушаал зарлигтаа Их Эзэн өршөөл нигүүлслээ хэрхэн харуулсан гэж та харж байна вэ?

Суралцагчдад энэ бүлгийг судлахад туслах нэг арга зам бол Лемен, Лемүел хоёрын хариултыг Нифай, Сам хоёрын хариулттай харьцуулахад нь туслах явдал юм. Судрууд дахь хүмүүсийг харьцуулж, жиших нь суралцагчдад Бурханыг дагах өөрсдийн хичээл зүтгэлийн талаар эргэцүүлэн бодоход туслах судар судлах ур чадвар юм. Дараах хүснэгтийг самбар дээр хийж, суралцагчдад энэ чадварыг дадлага хийлгэж болно. Суралцагчдыг өөрсдийн тодорхойлсныг самбар дээр бичихэд урь. Үүнийг судрыг биечлэн судлахдаа ашиглаж болох судар судлах ур чадвар гэж тэмдэглэх нь бас тустай байж болох юм.

Лемен, Лемүел хоёрын хариулт

Нифай, Сам хоёрын хариулт

Лемен, Лемүел хоёрын хариулт

1 Нифай 2:11–13

Нифай, Сам хоёрын хариулт

1 Нифай 2:16–21

  • Та Лемен, Лемүел хоёрын үйлдлийг Нифай, Сам хоёрын үйлдэлтэй харьцуулж байхдаа юу анзаарсан бэ?

    Суралцагчдыг сурч мэдсэн зүйлээ нэгтгэн дүгнэхэд урих нь тэдэнд судраас зарчмуудыг олж тогтоох боломжийг олгох сайн арга байж болох юм. Суралцагчид багшийн гарын авлага дээр байдаг зарчмуудтай адил зарчмыг ихэнхдээ олдог. Хэрэв суралцагчид гарын авлага дээр байгаагаас өөр үнэнийг хуваалцвал тэдний нээлт нь тэдэнд илүү утга учиртай болж болох юм. Ангийнхантай ярилцаж, ямар зарчим хамгийн их ач холбогдолтой болохыг тодорхойлохын тулд Ариун Сүнснээс удирдамж эрэлхийл.

  • Лемен, Лемүел хоёрын жишээнээс та юу сурч мэдсэнээ нэг өгүүлбэрээр хураангуйлж илэрхийл. Нифай, Сам хоёрын жишээнээс та сурч мэдсэн зүйлээ хэрхэн тоймлох вэ?

Юу бичсэнээ эргэж нягтлах цаг гарга. Аль үйлдэл эсвэл сэдэл таныхтай ижил байна вэ? Энэ харьцуулалтыг хийхэд танд ямар хүсэл, бодол, мэдрэмж төрж байна вэ?

Лемен, Лемүел хоёроос та Их Эзэний үйлдлийг мэдэхгүй, Түүний бошиглогчдод итгэхгүй байх нь биднийг бувтнахад хүргэдэг гэдгийг олж мэдсэн байх. Нифайгаас та Бид Их Эзэний зарлигуудыг ойлгохыг хичээнгүйлэн эрэлхийлэх үед Тэр бидэнд итгэж, дуулгавартай дагахад туслахын тулд бидний зүрх сэтгэлийг зөөлрүүлдэг гэдгийг сурч мэдсэн байх.

Их Эзэн “зүрх сэтгэлийг минь зөөллөсөн” (1 Нифай 2:16) гэсэн Нифайн үг Лемен, Лемүел хоёрынхтой адил энэ нь түүнд дуулгавартай дагахад амар зарлиг байгаагүйг харуулж байна. Ийм нөхцөл байдалд Их Эзэнд хандах Нифайн шийдвэр түүний амьдралын үлдсэн хугацаанд хэрхэн нөлөөлсөн байж болох талаар бод. Хэрэв Лемен, Лемүел хоёр Нифайн үлгэр жишээг дагасан бол амьдрал нь хэрхэн өөр болж болох байсныг бод.

  • Нифайн үлгэр жишээг дагаснаар танд ямар ямар нөхцөл байдал тулгарч байгаа эсвэл тулгарч болох вэ?

  • Ийм нөхцөл байдалд үл итгэн, гомдоллохын оронд Их Эзэнийг даруухнаар эрэлхийлэх нь одоо болон ирээдүйд таны амьдралд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Бурхан танаас ямар нэг хэцүү зүйл хийхийг хүсэхэд бувтнахгүй байж чадах талаар та юу ойлгож мэдсэн бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн бид Их Эзэний бошиглогчийн зөвлөгөөг тэр даруй ойлгохгүй эсвэл санал нийлэхгүй байх үедээ юу хийж болох тухай ийн хуваалцсан.

Заримдаа та нарын үзэл бодол Их Эзэний бошиглогчийн сургаалтай эхэндээ бүрэн дүүрэн нийцэхгүй байвал битгий гайхаарай. Энэ нь суралцах, даруусах, өвдөг сөхрөн залбирах мөч юм. Цаг хугацаа өнгөрөхөд бид Тэнгэрлэг Эцэгээсээ сүнслэг байдлын илүү тодорхой байдлыг их хүлээн авах болно гэдгээ мэдэж, Бурханд итгэж, итгэлээр урагш алхдаг. Нэг бошиглогч Аврагчийн зүйрлэшгүй бэлгийг ‘Хүүгийн таалал Эцэгийн таалалд багтах’ [Moзая 15:7] явдал гэж дүрсэлсэн байдаг. Өөрсдийн хүслийг Бурханы хүсэлд багтаана гэдэг нь үнэндээ ялагдал огтхон ч биш, харин гайхамшигт ялалтын эхлэл юм. (Нийл Л.Андэрсэн, “Бурханы бошиглогч,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 31)

  • Та Есүс, Нифай хоёрын адилаар Тэнгэрлэг Эцэгт хүслээ орхихыг эрэлхийлснээр ямар адислал танд ирсэн бэ?

Бодол санаа, сүнслэг мэдрэмжээ бичих цаг гарга. Та юу сурснаа санаж байхыг хүсэж байна вэ? Та өнөөдөр судалсан зүйл дээрээ тулгуурлан амьдралдаа ямар өөрчлөлт хийх урам зориг авч байна вэ?

Хэвлэх