“2 Нифай 2:17–26: ‘Уналтаас гэтэлгэгдсэн нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 2:17–26: ‘Уналтаас гэтэлгэгдсэн нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 2:17–26
“Уналтаас гэтэлгэгдсэн нь”
Та хэдэн мянган жилийн өмнө хийсэн Адам, Ева хоёрын сонголт одоог хүртэл танд нөлөөлж болох талаар бодож үзсэн үү? Лихай хүүхдүүддээ Адам, Ева хоёрын уналтын үр нөлөөний талаар мөн бид Аврагчийн тусламжтайгаар мөнх бус байдлын бүх сорилтыг даван туулж чадахыг заасан. Энэ хичээл танд Адам, Ева хоёрын уналтыг ойлгохын хэрээр Аврагчид болон Түүний Цагаатгалд улам их талархалтай байхад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Ойлголт нь талархал руу хөтөлдөг
Дараах асуултуудыг тунгаан бод:
-
1-10 хүртэлх оноогоор авч үзвэл (1 “огт биш” ба 10 “бүрэн”) та Аврагч Есүс Христийг болон Түүний таны төлөө гаргасан золиосыг ойлгож, үнэлж байгаагаа хэр их мэдэрч байна вэ? Яагаад?
-
Хэрэв хэн нэгэн танаас Есүс Христийн Цагаатгалыг ойлгож, талархахын тулд юу хийх ёстой болохыг асуувал та юу гэж хариулах вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Аврагчийн Цагаатгалыг илүү сайн ойлгоход зайлшгүй шаардлагатай нэг алхмыг онцолсон. Та “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа” видеог цагийн код 6:51-ээс 7:26 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болох юм.
Бид Христийн Цагаатгал ба Амилалтыг бүрэн ойлгож чадахгүй мөн Түүний төрөлт эсвэл үхлийн онцгой зорилгыг бодитой үнэлж дүгнэх боломжгүй гэдэг нь энгийн нэгэн үнэн юм. … Едений цэцэрлэгт унасан Адам, Ева хэмээх бодит хүмүүс байсныг мөн тэдний уналтын бүх үр дагаврыг ойлгохгүйгээр хангалттай үнэлж чадахгүй. (Жэффри Р.Холланд, “Шударга ёс, хайр, нигүүлсэл хамтдаа,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 93)
Адам, Ева хоёрын уналтын талаар хэр ихийг мэдэж байгааг тань үнэлэхэд туслах тул дараах асуултуудыг бод.
-
Адам, Ева хоёрын уналт гэж юу вэ?
-
Уналт нь дэлхийд мөн танд ямар нөлөө үзүүлсэн бэ?
-
Яагаад Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд Уналт багтсан бэ?
-
Уналт танд Есүс Христийг болон Түүний таны төлөө гаргасан золиосыг ойлгож, үнэлэхэд хэрхэн тусалсан бэ?
Судлах үедээ та эдгээр асуултын хариултыг хайж, эдгээрийг ойлгох нь танд хэрхэн тусалж болох талаар тунгаан бод.
Адам, Ева хоёрын уналтын нөлөө
Лихайн үхэл ойртох тусам тэрээр хүү Иаковдаа Адам, Ева хоёрын уналтын талаар дэлгэрэнгүй ярьж өгсөн. Адам, Ева хоёр, мөн дэлхий дээрх бүх л амьд бие мөнхийн төлөвт оршиж байсан бөгөөд тэд үхэлд хараахан захирагдаагүй, Бурханы оршихуйд байсан. Энэ л төлөвт тэд өвдөж эсвэл үхдэггүй мөн цэцэрлэг тэднийг хоол хүнсээр хангадаг байсан тул заавал үүний төлөө хөдөлмөрлөх шаардлагагүй байв. Тэд мөн гэр бүлтэй болдоггүй байсан. Их Эзэн тэдэнд хэрэв сайн, муу мэдлэгийн модноос жимс идвэл аажмаар үхэх болно (Мосе3:16–17; Абрахам 5:12–13-ыг үзнэ үү) гэж анхааруулсан. Адам, Ева хоёр уг жимсийг идэхээр шийдсэнийг мөн тэдэнд болоод дэлхийн бусад амьтанд тохиолдсон үр дагаврыг Уналт гэж нэрлэдэг.
2 Нифай 2:19–23, Алма 42:6–9 зэргийг уншаад Уналтын үр дагаврыг хайж ол. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.
-
Хэрэв та Адам, Ева хоёрын оронд эдгээр үр дагаврыг туулсан бол танд ямар санагдах вэ?
-
Та эдгээр нөлөөг сайн, муу эсвэл аль аль нь гэж бодож байна уу? Яагаад?
2 Нифай 2:24–25-ыг уншаад, та эдгээр шүлгийг хэрхэн өөрийн үгээр хураангуйлах талаар бод.
Лихайн заасан нэг үнэн бол Уналт Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний салшгүй хэсэг байсан явдал юм.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын төлөөлөгч, ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн энэ мэдэгдлийг уншаад, яагаад Уналт нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байсан болохыг эргэцүүлэн бодох цаг гарга.
Уналт бол Тэнгэрлэг Эцэгийн бурханлаг төлөвлөгөөний салшгүй хэсэг мөн. Үүнгүйгээр Адам, Ева хоёрт ямар ч мөнх бус хүүхэд төрөхгүй байсан ба хүмүүний гэр бүлд эсрэг тал, өсөлт хөгжил, ёс суртахууны сонгох эрх, амилуулалтын баяр баясал, гэтэлгэл, мөнх амьдрал гэж байхгүй байх байсан” [2 Нифай 2:22–27; Мосе 5:11-ийг үзнэ үү]. (Jeffrey R. Holland, “The Atonement of Jesus Christ,” Ensign, Mar. 2008, 35)
-
Яагаад Уналт Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний салшгүй хэсэг байсан бэ?
Бидэнд тусламж хэрэгтэй хэвээрээ байна
Хэдийгээр Уналтын үр дагавар нь бидний Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөний нэг хэсэг боловч энэ нь биднийг өсөж хөгжихөд туслах зорилготой бөгөөд тэнгэрлэг тусламжгүйгээр бид жинхэнэ баяр хөөрийг мэдэрч чадахгүй билээ.
2 Нифай 2:26-г сайтар уншаад, хэрхэн Уналтын нөлөөг даван туулж, баяр хөөрийг мэдрэх боломжтой болохыг олж мэд. Дараа нь Мосе 5:10–11-ийг уншиж, аль үнэн Адам, Ева хоёрыг баярлуулахад хүргэсэн болохыг анзаар.
-
Та юу сурч мэдсэн бэ?
-
Адам, Ева хоёр Уналтын тухай, Есүс Христийн Цагаатгалын талаар мэдсэнийхээ дараа яагаад баярласан гэж та бодож байна вэ?
Найзтайгаа ярилцаж байхдаа та түүнийг Аврагчийг эсвэл Түүний Цагаатгалыг үнэлдэггүй болохыг анзаарсан гэж төсөөлье.
-
Адам, Ева хоёрын уналтын талаарх ямар мэдлэг түүнд Аврагчийг болон Түүний Цагаатгалыг үнэлэхэд тусалж чадах вэ?