Семинар
2 Нифай 12–15: “Улиран тохиох дор эцсийн өдрүүдэд”


“2 Нифай 12–15: ‘Улиран тохиох дор эцсийн өдрүүдэд,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“2 Нифай 12–15,” Мормоны Номын багшийн гарын авлага

2 Нифай 12–15

“Улиран тохиох дор эцсийн өдрүүдэд”

Уул ба галан багана

Зарим бошиглогч сэтгэлийг тань хөндсөн байдлаар ярьж, зааж, бичдэгийг та анзаарсан уу? Нифайн хувьд Исаиа тийм байсан. “Бодгаль минь түүний үгсэд баясах бөлгөө” хэмээн Нифай (2 Нифай 11:2) бичсэн. Та бүхэн ч бас Исаиагаар дамжуулан эцсийн өдрүүдийн талаар Их Эзэний илчилсэн зүйлсэд баясаж болно. Энэ хичээл суралцагчдад Исаиагийн бэлгэдлийн бошиглолуудыг ойлгож, эдгээр бошиглол амьдралд нь хэрхэн тусалж болохыг тунгаан бодоход тусална.

Бэлгэдлийг ойлгох. Сайн мэдээний бэлгэдэл нь сүнслэг үнэнийг илэрхийлэгч эд зүйл, үйл явдал, үйлдэл эсвэл сургаал байж болно. Бэлгэдлүүд нь авралын төлөвлөгөөний тухай үнэнүүдэд, мөн Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёртой харилцах харилцааныхаа талаарх үнэнд оюун ухаанаа чиглүүлснээр Бурханы зүйлсийг ойлгоход тусалдаг. Бид өөрсдийн суралцах ажиллагаа, мөн Ариун Сүнсний хүчээр бэлгэдлүүдийн утга учрыг ойлгон, суралцаж чадна.

Суралцагчийн бэлтгэл: Нифай Исаиагийн бошиглолын олон бүлгийг өөрийн цэдэгт бичсэн бөгөөд Исаиа маш их бэлгэдэл ашигласан гэдгийг суралцагчдад онцолж хэл. Суралцагчдыг 2 Нифай 12:1–3-ыг эсвэл 2 Нифай 14:5–6-г уншиж, эдгээр шүлгийн утга санааг тунгаан бодохыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Хамгийн шилдэг ба хамгийн муу

Хэдэн суралцагчаас дараах мэдэгдлүүдэд хариултаа хуваалцахыг урь.

  • Эцсийн өдрүүдэд амьдрахын хамгийн сайн тал нь …

  • Эцсийн өдрүүдэд амьдрахын хамгийн муу тал нь …

Дараах асуултуудыг тунгаан бод. Хичээлийн төгсгөлд энэ асуултуудад эргэн хариулах болно.

  • Ямар учраас Их Эзэн эцсийн өдрүүдийн амьдралын тухай адислал, сэрэмжлүүлгийг илчилсэн байх вэ?

  • Энэ нь танд Түүний талаар юу заадаг вэ?

  • Эдгээр зүйлийг мэдэх нь танд ямар тустай вэ?

Энэ хичээлийн явцад эдгээр асуултад хариулахад туслах Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Бидний өнөөгийн сорилт бэрхшээл

Эцсийн өдрүүдийн тодорхой зан үйл, хандлагаас Исаиа биднийг сэрэмжлүүлсэн. Дараах багц шүлгийг уншиж, Исаиагийн бошиглолыг олж мэд.

  • 2 Нифай 12:7–11 (Ихэмсэг гэж бардам занг харин ядруу гэж нэр төр муу, дорд хүн байхыг хэлдэг.)

  • 2 Нифай 13:5, 9, 15–17 (Содом бол ёс бус, ёс суртахуунгүй газар байсан. Садар гэдэг нь шунал тачаалыг илэрхийлдэг.)

  • 2 Нифай 15:20–23

  • Танд юу нь онцгой санагдсан бэ?

  • Өнөөгийн дэлхий дээрх эдгээрийн ямар зарим жишээ байна вэ?

  • Их Эзэн бидэнд эдгээр зүйлээс болгоомжил гэж хэлсэн нь яагаад адислал вэ?

Та үргэлжлүүлэн суралцах явцдаа эцсийн өдрүүдэд Их Эзэний өгсөн адислалуудыг эрэлхийл. Исаиагийн урьдчилан харсан сорилтуудтай тулгарахад эдгээр адислал бидэнд хэрхэн тусалж болохыг тунгаан бод.

Самбарын нэг талд уул зурж, доор нь 2 Нифай 12:1–3 гэж бич. Самбарын нөгөө талд нь галан багана зурж, 2 Нифай 14:5–6 гэж бич. Суралцагчдаас аль нэг бэлгэдлийг сонгон, харгалзах шүлгийг уншихад урь. Дараа нь бэлгэдлийн утга учир юу болохыг, эдгээр эцсийн өдөрт өөрсдөд нь туслах ямар зарчмыг суралцаж болохыг суралцагчдаас асуу. Дараах мэдээллийг ашиглаж болно.

Их Эзэний өргөөний уул

Исаиа зөгнөлдөө олон бэлгэдлийг ашигласан. Судраас хувийн утга учраа олж авахад тустай эдгээр бэлгэдэл юуг төлөөлөх тухай тунгаан бод.

2 Нифай 12:1–3-ыг уншихдаа, Исаиагийн “Улиран тохиох дор эцсийн өдрүүдэд” (2 Нифай 12:2) юу болохыг заасан гол бэлгэдлийг эрэлхийл.

  • Таны бодлоор “Их Эзэний өргөөний уул” гэж юуг илэрхийлж байна вэ? Яагаад?

Энэ тохиолдолд уулын бэлгэдэл бусад сударт чухал ач холбогдолтой байсан эсэхийг тунгаан бодох нь тустай. Жишээлбэл: Мосе, мөн бусад бошиглогч Их Эзэнийг мэдэхээр, Түүнээс удирдамж тушаал авахаар уул руу явсан (Египетээс гарсан нь 320-ийг үзнэ үү). Заримдаа уул нь ариун сүмтэй ижил төстэй үүрэг гүйцэтгэнэ.

  • Уул хэрхэн ариун сүмтэй адил байх вэ?

Үүний боломжит хариулт нь уул ч, ариун сүм ч аль аль нь биднийг ертөнцөөс тусгаарлан, илүү сайн харах боломжийг бидэнд олгодог. Мөн аль аль нь үзэсгэлэнтэй бөгөөд өөртөө эргэцүүлэл хийх сэдэл болгож, Бурханд бодлоороо хандан мөн зүрх сэтгэлээ илчлэлтэд нээхэд тусалдаг.

Бэлгэдлийг тодорхойлсон бол эдгээр шүлгийг дахин уншиж, Их Эзэн өргөөндөө бидний төлөө юу хийдгийг олж мэд.

2 Нифай 12:3-аас суралцагчдын олж мэдэж болох нэг үнэн бол биднийг ариун сүмд шүтэн бишрэх үед Их Эзэн бидэнд Өөрийн арга замыг зааж, Түүний замаар алхахад туслах болно гэх үнэн юм.

  • Ариун сүмд шүтэн бишрэх (эсвэл ариун сүмд орохоор бэлтгэх) нь Их Эзэний арга замын талаар суралцах буюу Түүний замаар алхахад хэрхэн тусалсан бэ?

  • Эцсийн өдрүүдийн сорилтой тулгарахад ариун сүм бидэнд хэрхэн туслах вэ?

Үүл ба гал

Исаиа өөр нэг зөгнөл хэлсэн. 2 Нифай 14:5–6-г уншихдаа Их Эзэн Өөрийн хүмүүст хэрхэн туслахыг олж мэд. Дараах мэдээлэл танд тустай байж болно.

  • Амьдарч буй газар бол орон гэр юм.

  • Сион уулын чуулганууд нь гадас, тойрог, салбарын адилаар Их Эзэний хүмүүс цугладаг газар юм.

  • Хуучин Гэрээний үед, асар гэдэг нь олон зуун жилийн турш израилчуудад ариун сүм болж ирсэн зөөврийн майхныг онцгойлон хэлнэ. Үүгээр өнөөгийн ариун сүмийг эсвэл мөргөлийн газрыг төлөөлж болно.

  • Нуувч гэдэг нь халхавч, хоргодох газар юм.

  • Таны бодлоор, өдрийн үүл, шөнийн дүрэлзсэн гал юуг бэлгэдэх вэ?

    Суралцагчдаас эдгээр зураг дээрх судруудад бичигдсэн чухал байсан газрын талаар бодож чадах эсэхийг асууж болно.

  • Мосед болон Израилын хөвгүүдэд үүл ба гал хэр чухал байсан бэ? (Гэтлэл 13:21-ийг үзнэ үү).

  • Энэ ойлголтоор, 2 Нифай 14:5–6-д, Их Эзэн Өөрийн хүмүүсийн төлөө юу хийнэ гэж амласан гэж та бодож байна вэ?

Их Эзэн биднийг гэртээ, Сүмийн цуглаанд болон ариун сүмд цугларах үед маань удирдаж, хамгаалах болно гэсэнтэй төстэй зарчмыг суралцагчид олж мэдэж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд үүнтэй ижил утгатай амлалтыг өгчээ.

Есүс Христийн тухай бидний гэрчлэл, гэр орон, гэр бүл, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм дэх гишүүнчлэл маань биднийг хүрээлэн авч, хилэнцэт нэгний хүчнээс хамгаалах хувийн цайз болдог. (Роналд А.Расбанд, “Сүнслэг байдал болоод хамгаалалтынхаа төлөө цайз босго,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 131)

  • Танай гэр, дүүрэг, салбар эсвэл ариун сүм таны хувьд хэрхэн сүнслэг хамгаалалт, хоргодох газар болдог вэ?

  • Эцсийн өдрүүдийн сорилттой тулгарахад эдгээр амлалт бидэнд хэрхэн тусалж чадах вэ?

Исаиагийн үг таны амьдралд

Хичээлийн эхэнд тунгаан бодсон гурван асуултдаа хариулах цаг гарга. Их Эзэний тухай мөн эдгээр бошиглол танд хэрхэн тусалж болох талаар сурч мэдсэн зүйлээ судлах тэмдэглэлдээ тэмдэглэх талаар бод. Та зайлсхийхийг хүсэж буй зан байдал, хандлагаасаа гадна гэр, дүүрэг, салбартаа эсвэл ариун сүмд Их Эзэнээс сүнслэг тусламж эрэлхийлж болох арга замуудыг тусгаж болно.