“2 Нифай 17–19: Есүс Христийн нэр ба үүрэг,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“2 Нифай 17–19,” Мормоны Номын багшийн гарын авлага
2 Нифай 17–19
Есүс Христийн нэр ба үүрэг
Ямар учраас Аврагч Есүс Христ таны итгэж болох хүн бэ? Эдгээр бүлэгт Их Эзэн хүчирхэг армиудаар заналхийлэгдсэн хоёр хааныг Өөрт нь итгэхэд урамшуулан дэмждэг. Дараа нь Исаиа Аврагч Есүс Христийн талаар бошиглож, Түүний хэд хэдэн нэр, зан чанарыг дурдсан. Энэ хичээл Есүс Христийн зан чанар, нэрийг судлах замаар Есүс Христэд итгэхэд нь суралцагчдад туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эдгээр нэрээс юуг сурч мэдэж болох вэ?
Та дараах хүмүүстэй өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй боловч нэрийг нь мэднэ гэж төсөөл.
-
Эмч
-
Цагдаагийн офицер
-
Бишоп
-
Залуу эмэгтэйчүүдийн ерөнхийлөгч
-
Хэрэв хэн нэгэн таныг дээрэмдэхээр оролдвол та эдгээр хүний хэнд нь хандах вэ? Хэрэв эрүүл мэндийн хүнд асуудал тулгарсан бол? Сүнсний зөвлөмж авахаар бол?
-
Бусад ямар нөхцөлд эдгээр хүн туслах онцгой чадвартай байж болох вэ?
-
Тэдний нэр цолыг мэдэх нь юунд туслах чадвартайг нь ойлгоход хэрхэн тусалдаг вэ?
Тулгарч болох тусламж хэрэгтэй нөхцөл байдал, сорилт бэрхшээлийн талаар тунгаан бодоход хэсэг хугацаа зарцуул.
Есүс Христ олон нэр, үүрэгтэй. Эдгээр нь тус бүрдээ Түүний тухай, мөн Түүний бидэнд туслах чадварын талаар ямар нэг чухал зүйлийг илэрхийлдэг. Өнөөдрийн хичээлийн явцад Түүний нэр, үүргийг олж мэдэн, Тэрээр хэрхэн танд туслах онцгой чадвартай болохыг тунгаан бод.
Их Эзэний Иудагийн хоёр хаанд хэлсэн үг
Исаиагийн үед Иудагийн хаан Ахаз, дараа нь түүний хүү Хезекиа нар хүчирхэг улсууд өөрсдийг нь довтлохоор заналхийлсэн маш хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарчээ. Энэ хоёр тохиолдолд, Их Эзэн хаад, тэдний хүмүүсийг бусад үндэстэнтэй холбоо тогтоохын оронд Өөрт нь итгэхийг уриалсан. Дараах шүлгийг уншаад, Их Эзэн тэднийг Өөрт нь итгэхэд уриалсан хэллэгүүдийг олж мэд.
-
2 Нифай 17:3–7. Ахаз хаан шинэ хааныг хаан ширээнд суулгахаар төлөвлөж байсан Сирийн хаан Резин, Израилын хаан Пека нарын аюул заналхийллийг мэдэрч байв.
-
2 Нифай 18:11–13, 17. Ассиричууд Хезекиа хааныг довтолсон бөгөөд түүний арми тэднийг зогсоох хангалттай хүчтэй биш гэдгийг тэрээр мэдэж байв. (Холбоотон гэдэг үг нь өөрсдийгөө хамгаалахын тулд бусад улс оронтой холбоо тогтоохыг хэлнэ.)
-
Та юу олж мэдсэн бэ?
-
Ямар учраас хаан ба түүний ард түмэн өөр үндэстэнтэй эвсэхгүйгээр Их Эзэнд итгэх нь хэцүү байх вэ?
-
Их Эзэнд итгэхийн тулд тэд Түүний талаар юу мэдэх хэрэгтэй вэ?
Үргэлжлүүлэн судлахдаа өөрт тулгарсан тодорхой сорилтуудад Их Эзэнд итгэх нь юу гэсэн үг болохыг тунгаан бод.
Аврагчийн цол хэргэм
Таны судалсан шүлэгт Исаиа Есүс Христэд зориулж тодорхой цол хэргэм ашигласан бөгөөд хэрэв ойлгож чадвал дээрх хаад, тэдний ард түмэнд Түүнд итгэхэд туслах юм. 2 Нифай 18:13-ыг уншаад, нэрийг тэмдэглэж авч болно.
Аврагчийн нэрийг мэдэж, ойлгох нь амьдралдаа Түүнийг илүү их таньж мэдэж, хайрлаж, Түүнд итгэхэд бидэнд тусална. “Түмэн цэргийн эзэн” нэрийг ойлгохын тулд Судруудын удирдамж эсвэл Библийн толь бичиг-ээс утгыг олж харна уу.
-
Та Есүс Христийн талаар юу мэдэж авсан бэ?
-
Эдгээр хаанд болон хүмүүст нь бусдын арми заналхийлсэн үед туслах энэ онцгой үүргийг Аврагч хэрхэн хангах вэ?
Исаиагийн бошиглолууд
Мөн Аврагч мэндэлсэн тухай, мянган жилийн засаглалын талаар Исаиа эдгээр хаанд болон ард түмэнд нь бошиглосон. 2 Нифай 17:14–15; 19:2, 6–7-г уншихдаа Есүс Христийн тухай, ялангуяа Түүний нэрийн талаар Исаиагийн сургаалыг олж мэд.
Хэрэв та Мормоны Номд өнөөг хүртэл тэмдэглэгдсэн Аврагчийн бусад нэрийг олж мэдэхийг хүсвэл дараах шүлгүүдийн заримыг унш. 1 Нифай 10:4–6; 12:18; 13:41; 15:14–15; 17:30; 19:12; 2 Нифай 1:10; 2:6, 10; 9:5, 46; 10:3, 14; 15:16. Мөн Судруудын удирдамж зэрэг судрын эшлэл, бүтээлүүд бий.
Өөрийнхөө илүү ихийг мэдэхийг хүсэж буй Аврагчийн нэг нэрийг сонго. Дараа нь доорх зүйлсийг хий.
-
Энэ нэр танд ямар утга учиртайг тайлбарла. (Нэрийг Судруудын удирдамж-аас эвсэл Библийн толь бичиг-ээс харж болно. Хэрэв нэр жагсаалтад ороогүй бол Есүс Христийн ерөнхий нэрийг судалж, таны сонгосон нэр Түүний зан чанар, зорилттой хэрхэн холбогдож болохыг тунгаан бод. Мөн нэрийн тодорхойлолтыг ердийн толь бичгээс хайж болох юм.)
-
Аврагч таны сонгосон үүргийг хэрхэн гүйцэтгэж буйг харуулсан түүхийн талаар бод эсвэл зургийг нь ол.
-
Энэ нэр Аврагч гэж хэн болохыг, Түүний зорилго, хайр, хүч чадлын талаар юуг илэрхийлж буйг тайлбарла.
-
Энэ үүрэг нь Аврагчийн таны амьдралд туслах онцгой шалгуурыг хэрхэн хангаж буйг буюу ямар учраас та Түүнд итгэхээ тайлбарла. (Үүнд Аврагч таны амьдралд аль хэдийн хэрхэн тусалсныг оруулж болно.)
Их Эзэнд итгэх
Харамсалтай нь, Ахаз хаан, мөн Иудагийн олон хүн Исаиагийн үгэнд итгэхгүй байх замыг сонгож, Их Эзэний хамгаалалтад итгээгүй. Түүний ард түмэн халдлагад өртөж, олонх нь олзлогдон, боолчлогджээ. (2 Хаад 16; 2 Шастир 28-ыг үзнэ үү.) Эцгээсээ ялгаатай нь Хезекиа хаан Их Эзэнд итгэж, Исаиагийн зөвлөгөөг дагахыг сонгосон. Үүний үр дүнд Их Эзэн довтолж байсан армийг устгахаар тэнгэр элч илгээснээр Иерусалим дахь хүмүүсийг хамгаалсан. (2 Хаад 19:15–20, 32–35-ыг үзнэ үү.)
Энэ хичээлээр Есүс Христийн тухай юу сурч мэдэж, мэдэрсэн тухайгаа тунгаан бод. Түүнд итгэх итгэлээ хэрхэн нэмэгдүүлэх талаар судлах тэмдэглэлдээ бич. Түүний тодорхой нэр, үүрэгт, мөн Түүний энэ үүрэгт хэрхэн илүү их итгэхийг хүсэж байгаагаа жагсааж бичиж болно.