“Иаков 2:1–21: ‘Энэ бардамнал бодгалийг тань устгахыг бүү зөвшөөр,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Иаков 2:1–21,” Мормоны Номын багшийн гарын авлага
Иаков 2:1–21
“… Энэ бардамнал бодгалийг тань устгахыг бүү зөвшөөр”
Нифайчууд өөрсдийн нүгэлд зовж байсныг Иаков Бурханаас ирсэн илчлэлтээр мэджээ. Эдгээр нүглийг ойлгуулахаар тэрээр бардамналын нүглийн тухай сургасан сургаал номлолыг ариун сүмд айлджээ. Бид бүгд заримдаа бардам зантай тулгардаг. Энэ хичээл суралцагчдад бардамналын нүглийг таньж, даван туулснаар Есүс Христтэй илүү адил болоход тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Бардамнал
-
Багийн гишүүн нь тоглолтын үеэр алдаа гаргавал Кожи өөрөө илүү их тоглоно гэж найдаж байна.
-
Силвиа бусдад илүү сайн буюу илүү чухал харагдахын тулд ололт амжилтаа хэтрүүлэн хэлдэг.
-
Жэнс талархал илэрхийлдэггүй мөн бусдын сайн сайхныг хүлээн зөвшөөрдөггүй.
-
Эми бусдыг басамжилж, араар нь шоолдог.
-
Та нар бардамналын ямар нотолгоог олсон бэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.
Бардамнал гэх нүглийг бусдаас олж харах амархан ч өөрсдөдөө байгааг хүлээн зөвшөөрөх нь ховор. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 235)
Одоо Аврагчийн тухай бод. Тэрээр олон ололт амжилт, чадвартай ч үргэлж номхон даруу байсан (Матай 11:29-ийг үзнэ үү). Суралцах явцдаа, бардамнал таны амьдралд ямар нөлөө үзүүлсэн талаар бод. Энэ хичээл танд бардамналын нүглийг таньж, даван туулснаар Есүс Христтэй илүү адил болоход тусална.
“… Энэ бардамнал бодгалийг тань устгахыг бүү зөвшөөр”
Их Эзэн бошиглогч Иаковт хүмүүсийн санаа бодлыг мэдэхэд нь тусалж, түүнд ариун сүмд очиж, бардамналын гэм нүгэл зэрэг тэдний нүглийн эсрэг гэрчлэхийг тушаасан (Иаков 2:1–13-ыг үзнэ үү).
Судлах тэмдэглэлийн голд босоо шугам татна. Хуудасны зүүн дээд тал дээр “Бардамналын илрэл” гэж бичнэ. Баруун дээд тал дээр “Бид Аврагч шиг байж чадах, бардамналыг эсэргүүцэх арга замууд” гэж бичнэ.
Иаков 2:12–16-г уншиж, бардамналын илрэлийг олж мэд. Тэдгээрийг дэвтрийнхээ зүүн талд нэмнэ. ChurchofJesusChrist.org
Энэ догол мөрөөс бид бардамнал бодгалийг устгадаг гэсэн үнэнийг олж мэдэж болох юм (Иаков 2:16).
-
Бардамнал яагаад бидний бодгалийг устгах хүчтэй гэж та бодож байна вэ?
-
Иаковын эдгээр анхааруулга өнөөгийн цаг үед хэр хамаатай гэж та бодож байна вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан ахлагч Дийтр Ф.Угдорф, ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) нар бидний амьдралд бардамнал илэрч болох нэмэлт нөхцөл байдлуудыг хуваалцсан. Тэдний үгнээс олж мэдсэн зүйлсээ тэмдэглэлийн зүүн талд нэмнэ.
Энэрлийн том дайсан нь бардамнал. Бардамнал нь гэрлэлт, гэр бүлүүдийн бэрхшээл зовлонтой тулгардаг хамгийн гол шалтгаануудын нэг юм. Бардам зан нь цухалдуу, бүдүүлэг, атаа жөтөөч байдаг. Бардам зан нь өөрийн хүч чадлыг өөгшүүлэн, бусдын ариун журмыг үл тоомсорлодог. Бардам зан нь хувиа боддог бөгөөд амархан өдөөн хатгагддаг. Бардам зан нь ямар ч хорон санаа байгаагүй үед байна гэж боддог ба хуурамч дүр үзүүлэн сул дорой талаа нуудаг. Бардам зан нь эрээ цээргүй, гутрангуй, уур уцаартай, тэвчээргүй байдаг. Энэрэл нь Христийн цэвэр хайр юм бол бардам зан нь Сатаны гол зан чанар юм. (Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 63)
Бидний ихэнх маань бардамналыг баян тарган, эрдэм мэдлэгтэй гэх мэт дээд түвшний хүмүүс үлдсэн биднийгээ дээрээс доош харж буй нүгэл гэж үздэг. (2 Ниф. 9:42-ыг үзнэ үү.) Харин ч доороос дээш харах бардамнал бидний дунд түгээмэл оршдог. Энэ нь өө сэв хайх, хов жив ярих, араар муулах, бувтнах, боломжоосоо хэтрүүлэн амьдрах, атаархах, шунах, хэн нэгэнд урам дэм өгч болох талархал, магтаал сайшаалын үг хэлэхгүй байх, өршөөж уучлахгүй байх, атаархах гэх мэт маш олон байдлаар илэрдэг. (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 235)
-
Өнөө үед дэлхийд бардамнал илэрч буй ямар нэмэлт нөхцөл байдлыг та харж байна вэ?
-
Бардам зан нь хэрхэн Есүс Христийн зан чанарын эсрэг байдаг вэ?
Түр азнаж, өөрийн бодол, үйлдлээ тунгаан бод. Та бардамналын гэм нүгэлтэй заримдаа ямар арга замаар тэмцдэг вэ? Бардам байдлын эдгээр илрэл таны харилцаа, аз жаргалд хэрхэн нөлөөлж байна вэ? Та юуг өөрчлөхийг хүсэж байна вэ? Яагаад?
Бардамналыг ялан дийлэх
Иаков бидэнд хэрхэн Христэд итгэх итгэл найдварыг олж авч, бардамналын нүглийг эсэргүүцэхийг заасан.
Иаков 2:17–21-ийг уншихдаа бардамналын нүглээс зайлсхийх аргуудыг эрэлхийл. Эдгээрийг хуудасныхаа баруун талд нэм. ChurchofJesusChrist.org
-
Иаковын зөвлөгөөг дагах нь бидэнд хэрхэн бардамналыг эсэргүүцэж, Христэд итгэх найдвар олж авахад туслах вэ?
-
Эдгээр шүлэгт тайлбарласан арга замуудаар бардамналыг эсэргүүцэж чадсан хэн нэгний сайн жишээг та нар мэдэх үү? Тэд юу хийдэг вэ?
-
Бардамналаас зайлсхийхэд туслах Христийнхтэй адил ямар зан чанарыг бид анхааран, хөгжүүлж болох вэ? Эдгээр шинж чанар ямар учраас эсвэл хэрхэн туслах вэ?
Амьдралдаа бардамналын нүглийг таньж мэдэн, эсэргүүцэх хэрэгцээгээ эргэцүүлэн бод. Бардамнадаг тодорхой нөхцөл байдал эсвэл харилцааныхаа талаар бод. Бардам зан таны харилцаанд хэрхэн нөлөөлж болохыг ойлгохыг хичээ. Дараах замаар бардамналаа эсэргүүцэн, Аврагчтай илүү адил болохын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл.
-
Энэ удаад даван туулахад анхаарлаа төвлөрүүлэх урам зоригийг мэдэрч байгаа бардамналын нэг илрэлийг тэмдэглэлийнхээ зүүн талаас сонго.
-
Судлах тэмдэглэлийнхээ баруун талаас бардамналын илрэлийг эсэргүүцэх нэг арга замыг сонго. Христийнхтэй адил зан чанаруудын талаар бодож, хийж болох тодорхой үйлдлүүдээ бич.