Семинар
Төгс эзэмших сургаал: Мозая 2:17—“Бурхандаа үйлчлэх нь”


Төгс эзэмших сургаал: Moзая 2:17—“Бурхандаа үйлчлэх нь,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Moзая 2:17,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Мозая 2:17

“Бурхандаа үйлчлэх нь”

Ахмад настан дээр айлчилж буй залуу эрэгтэйчүүд

Мозая 2:1–18” дахь хичээл дээр “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа юм” (Мозая 2:17) гэдгийг сурч авсан. Энэ хичээл Мозая 2:17 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тань тусална.

Жишээ ашиглах нь. Бодит амьдралын нөхцөл байдлыг эсвэл жишээнүүдийн талаар ярилцах нь суралцагчдад сайн мэдээний үнэн өдөр тутмын амьдралд хэрхэн хамаатай болохыг илүү сайн ойлгоход тусалж чадна. Суралцагчдыг өөрсдийн амьдралд тохиолдсон нөхцөл байдлын талаар эргэцүүлэн бодохыг урамшуулж, дараа нь асуултуудаа шийдвэрлэх боломжуудыг олж мэдэхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг хэрэгжүүлэхэд урь.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ангидаа ирэхдээ сорилт бэрхшээлтэй үйлчлэлээ эсвэл үйлчлэх боломж олдсон ч хийхийг хүсээгүй үеэ бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг Мозая 2:17 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн “Мозая 2:1–18”-р хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Мозая 2:17 болон Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын хэсэг Матай 22:36–39-ийг уншаад, ижил төстэй байдлыг олж мэд.

Мөн өөрөөр, суралцагчдыг хоёр хоёроор нь хуваарилж, судрын хэсгүүдээс нэгийг уншуул. Дараа нь тэднийг дараах асуултуудыг ярилцахыг урь.

  • Таны харж байгаагаар Матай 22:36–39 болон Мозая 2:17 хоорондоо юугаараа адил байна вэ?

  • Та эдгээр хэсгийг ашиглан, үйлчлэлийн сургаалыг хэрхэн тайлбарлах байсан бэ?

Суралцагчдад судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд нь туслахын тулд ангийг хоёр хувааж болно. Ангийнхны хагаст дээрх хэллэгийн “Та нар бусдадаа үйлчилж байгаа нь” гэсэн эхний хэсгийг оноож өг. Ангийнхны үлдсэн хэсэгт хэллэгийн “та нар зөвхөн Бурхандаа үйлчилж байгаа” гэсэн хоёр дахь хэсгийг оноож өг. Эхний бүлэг рүү зааж, тэднээс оноогдсон хэллэгээ давтахыг хүс. Дараагийн бүлэгт мөн адил давт. Хоёр хэллэгийг давтсаны дараа ангиараа “Мозая 2:17” гэж хэл. Та үйл ажиллагааг давтаж болно. Гэхдээ ангийн хоёр хэсгийг давтсан хэллэгээ солихыг хүс. Суралцагчдад Бурханы тухай ярихдаа хүндэтгэлтэй байхыг сануул.

Дадлага хийх үйл ажиллагаа

Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг давтах зорилго нь суралцагчдад сүнслэг асуултуудтай тулгарах үед тэдгээрийг амьдралдаа хангалттай сайн ашиглаж мэдэхэд туслах явдал гэдгийг сана. Суралцагчдын зарчмын талаарх мэдлэгийг үнэлэхийн тулд эдгээр давтах дасгалуудыг ашигла. Шаардлагатай үед тэдгээрийг тохируулан ашигла эсвэл давт.

Суралцагчдыг гурваар нь бүлэг болгон хуваарилж, Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022) дээрх итгэлээр үйлдэх, утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах, тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү гүн гүнзгий ойлголттой болохыг эрэлхийлэх гэсэн зарчмуудын аль нэгийг суралцагч бүрд оноож өг. Суралцагч бүрийг оногдсон хэсгээс ойлгоход ач холбогдолтой гэж бодсон хоёр өгүүлбэрийг тодорхойлоход урь. Сонгосон өгүүлбэрүүдээ бүлэгтээ хуваалцаж, яагаад тэднийг сонгосноо тайлбарлахыг тэднээс хүс.

Дараах үйл ажиллагааг ганцаарчлан, хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр явуулж болно. Суралцагчид жишээ бичихээр болбол жишээндээ сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын хүрээнд харж болох сорилт, зөрчилдөөнийг оруулах ёстой. Суралцагчдыг өөр хоорондоо жишээгээ солилцохыг хүс. Дараа нь хүлээн авсан жишээндээ хариу өгөхийн тулд сүнслэг мэдлэг олж авах зарчмууд дээр ажиллахад тэднийг урь. Шаардлагатай бол хэсэг тус бүрд жагсаасан асуултуудыг суралцагчдад өг.

Үйлчлэл нь ерөнхийдөө оролцож байгаа болон үйлчлэл хүртэж буй хүмүүсийн хувьд эерэг туршлага болдог. Гэсэн хэдий ч үйлчлэлийн нэг хэсэг байж болох сорилт бэрхшээл бас байдаг. Өөрт тохиосон саяхны үйлчлэлийн боломжуудынхаа талаар эргэцүүлэн бод. Үйлчлэлтэй холбоотой ямар сорилт бэрхшээл тохиолдож байсан бэ? Хүмүүсийн үйлчлэхгүй байхыг сонгох зарим шалтгаан юу вэ?

Үйлчлэлд тулгарч буй сорилт бэрхшээлээ дүрслэн бич. Энд нэг жишээ дурдвал: Сүмийн удирдагчид Софиагаас Залуу эмэгтэйчүүдийн ангийн идэвх султай охинд төрсөн өдрөөр нь бэлэг дамжуулж өгөхийг хүссэн. Софиаг үүдэнд нь ирэхэд тэр Софиад тийм ч найрсаг хандсангүй. Софиа гомдон, энэ үйлчлэлийг хийсэндээ харамсаж цааш алхав.

Итгэлээр үйлдэх

  • Сорилт бэрхшээлийг үл харгалзан үйлчлэх нь хэрхэн итгэлээр үйлдэх үйлдэл болох вэ?

  • Мозая 2:17-д заасан сургаал хэрхэн энэ нөхцөлд байгаа хүнд итгэлээр үйлдэхэд туслах вэ?

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

  • Жишээг мөнхийн талаас нь харахад юу өөрчлөгдөж байна вэ?

  • Энэ хүнд Мозая 2:17-д заасан сургаал хэрхэн мөнхийн талаас нь харахад тусалж чадаж байна вэ?

  • Аврагч ийм нөхцөл байдалд байсан бол яах байсан гэж бодож байна вэ?

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

Суралцагчдад мэдэгдэл олоход нь туслахын тулд “Мозая 2:1–18” хичээлийн “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэг дэх эшлэлийг үзүүлж болно.

Хүсэл эрмэлзэлтэй хүнд үйлчлэхэд нь туслахын тулд хуваалцаж болох нэмэлт судар эсвэл Ерөнхий чуулганаас хэлсэн үгийг ол. Үүнийг хийхийн тулд Gospel Library аппликэйшнаас “үйлчлэл” гэж хайгаад, гарч ирж буй судруудыг эсвэл чуулганы үгсийг хар. Мөн та Topical Guide эсвэл Судруудын удирдамжийн “Үйлчлэл”-ийг харж болно.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Та суралцагчдыг үйлчлэхэд нь саад болж буй саад бэрхшээлийг даван туулахыг хичээхэд урамшуулан төгсгөж болно. Мозая 2:1–18-ыг судалж байхдаа хийсэн үйлчлэлийн төлөвлөгөөг болон өдөр бүр бусдад үйлчлэх боломжууд эргэн тойронд нь байдгийг сануул.

Төгс эзэмших сургаалын давтлага

Судрын эшлэл, судрын түлхүүр үг хэллэгийг самбар дээр бичээд, суралцагчдыг ангиараа чанга уншин давтахад урь. Хэдэн үгийг арилгаад, суралцагчдыг бүрэн эшлэл, үг хэллэгийг дахин давтахад урь. Бүх үг арилтал уг үйл явцыг давтсанаар суралцагчид судрын эшлэл, үг хэллэгийг бүхэлд нь цээжээрээ хэлж чаддаг болно.