Семинар
Алма 1:19–33: Хавчин гадуурхах үед итгэлтэй хэвээр байж, Христээс амар амгаланг олох нь


“Алма 1:19–33: Хавчин гадуурхах үед итгэлтэй хэвээр байж, Христээс амар амгаланг олох нь,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 1:19–33,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 1:19–33

Хавчин гадуурхах үед итгэлтэй хэвээр байж, Христээс амар амгаланг олох нь

Зураг
аз жаргалтай номлогчид нэгэн эмэгтэй, хүүхэд хоёрт зааж буй нь

Бүх хүн өөрсдийн ухамсрын дагуу Бурханыг шүтэн бишрэх эрхтэй гэдэгт бид итгэдэг (Итгэлийн тунхаг 1:11-ийг үзнэ үү). Гэвч бусад хүн таны итгэл үнэмшлийг хавчин гадуурхвал яах вэ? Бусад хүн таны итгэл үнэмшлийг шүүмжилбэл та хэрхэн хариулж, амар амгаланг олох вэ? Алмагийн үед хүмүүс “Бурханы сүмд харьяалагддаг хүмүүсийг хавчин гадуурхаж эхэлсэн” (Алма 1:19-ийг үзнэ үү). Энэ хичээл танд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсныхаа төлөө хавчин гадуурхагдаж байсан ч итгэлтэйгээр хариу үйлдэл хийж, амар амгаланг мэдрэхэд тусалж чадна.

Суралцагчдад судар судлах чадварыг хөгжүүлэхэд нь тусал. Судруудаас жагсаалтыг хайх нь багш, суралцагчдад түлхүүр санаануудыг тодорхойлоход тусалдаг. Суралцагчид суралцаж буй зүйлээ ойлгоход туслах холбогдох бодол, санаа, зааврын жагсаалтыг гаргаж болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг итгэл үнэмшилд нь сорилт бэрхшээл тулгарсан амьдралынхаа үеийг бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Итгэл үнэмшлийнхээ төлөө хавчин гадуурхагдах нь

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах үгийг хуваалц. Эсвэл суралцагчдыг итгэл үнэмшлийнхээ төлөө хавчин гадуурхагдаж байгаа дүрд хувирахад урь.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Сүмийн өсвөр үеийнхэнд ийн зөвлөсөн. “Шавь байхын адислал ба төлөөс” цагийн код 0:25-аас 2:05 хүртэл үз ChurchofJesusChrist.orgэсвэл доорх тайлбарыг унш.

Би энэхүү хожмын өдрүүдэд гуйвшгүй бат бөх зогссон хэвээр үлдэх тэр бүх хүнд, тэр тусмаа Сүмийн өсвөр үеийнхэнд хандан, өмнө нь та нарт тохиолдож байгаагүй байж болох ч гагцхүү Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас та нарт өөрсдийн итгэлийг хамгаалахаар дуудагдах, магадгүй бүр хувь хүний хувьд гутаан доромжлуулах өдөр ирэх болно гэдгийг хэлье. Энэ үед та нар зоригтой бас найрсаг байх хэрэгтэй.

Жишээлбэл: Саяхан нэгэн номлогч эгч надад бичихдээ “Хамтрагч бид хоёр хотын төв гудамжны сандал дээр нэгэн эрэгтэй үдийн хоолоо идэж байхыг харсан юм. Биднийг дөхөж очих үед тэрээр дээш харан, бидний номлогчийн энгэрийн тэмдгийг олж хараад бидэн рүү муухай харж, үсэрч босоод, гар далайн, намайг цохих гэсэн. Би амжиж зайлсхийсэн боловч тэр өөрийнхөө идэж байсан хоолыг над руу нулимж, биднийг маш муухай үгээр харааж эхэллээ. Бид юу ч хэлэлгүй түүнээс холдов. Би нүүрэн дээрх хоолны үлдэгдлийг арчин цэвэрлэж байхдаа ар дагзанд маань овоорсон төмсний нухаш онохыг мэдэрч билээ. Зарим үед номлогч байх үнэхээр хэцүү, яагаад гэвэл яг тэр үед би тэр жижиг биетэй эрэгтэй дээр очин заамдаж аваад, “УУЧЛААРАЙ” гэж хэлүүлэхийг үнэхээр их хүсэж байсан. Гэвч би тэгээгүй” гэжээ (Жэффри Р.Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19)

Суралцагчдаас дараах асуултуудын заримыг эсвэл бүгдийг нь асууж, өөрсдийн мэдрэмжийг эргэцүүлэн бодоход нь тусал.

  • Хэрэв та ийм нөхцөлд номлогч байсан бол ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бэ?

  • Яагаад Христийнхтэй адил хариу үйлдэл үзүүлэхэд хэцүү байж болох вэ?

  • Та хэзээ итгэл үнэмшлийнхээ төлөө гадуурхагдаж, хавчигдаж байсан бэ?

  • Ирээдүйд итгэл үнэмшлийнхээ төлөө хавчин гадуурхагдаж болзошгүй ямар нөхцөл байдал байж болох вэ?

Та Мормоны Ном дахь Христийн Сүмийн гишүүдийн жишээг судлахдаа хавчлагын үеэр гуйвшгүй байж, Есүс Христээс амар амгаланг олох арга замуудыг олж мэд.

Мормоны Ном дахь хавчлага

Алма ерөнхий шүүгч байх үедээ ихээхэн сорилт бэрхшээлтэй тулгарсан. Нихор Гидеоныг хөнөөж, үхэх ял авсны дараа зарим хүн Нихорын сургаалуудад үргэлжлүүлэн итгэсээр байв. Алма 1:19–24-ийг уншаад, нифайчуудад тулгарч байсан сорилт бэрхшээлийг олж мэд.

  • Та нифайчуудад тулгарч байсан зүйл, таны туршлага хоёрын хооронд ямар төстэй зүйл харж байна вэ?

  • Сүмийн гишүүдийн ямар үйлдэл эдгээр сорилт бэрхшээлд нөлөөлсөн бэ (22-р шүлэг-ийг үзнэ үү)?

Та суралцагчдад Аврагч зөрчилдөөнийг буруу, чөтгөрийн зүйл гэж заасныг онцолж болно (3 Нифай 11:29–30-ийг үзнэ үү). Энэ нь таны зааж буй зүйл үнэн, зөв байх үед хамаарна.

Алма 1:25–28-ыг уншаад, Сүмийн зөв шударга гишүүд юу хийснийг хайж ол. Судалж буй зүйлээ цэгцлэхийн тулд хүмүүсийн хийсэн зүйлийн жагсаалтыг гарга. Та үүнийг судлах тэмдэглэлдээ хийж болно эсвэл судраас олж мэдсэн зүйлээ тэмдэглэж болно.

Суралцагчдад жагсаалт гаргах ур чадварыг судлах-судрыг зааж өгч болно. Тэд судруудыг өөрсдөдөө ойлгомжтой байдлаар тэмдэглэж болно. Зарим суралцагч “Хавчигдан гадуурхагдсан үед хэрхэн амар амгалан байх вэ?” гэх мэт гарчиг эсвэл судартаа өөр гарчиг нэмэхийг хүсэж болно.

Суралцагчдыг жагсаалтаасаа нэг зүйлийг сонгоод, өрөөгөөр явж, доорх асуултуудад аль болох олон суралцагчтай хамт хариулахад урьж болно.

  • Сүмийн гишүүд хавчлагад ямар арга замаар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

Дараах үг хэллэгийг нифайчуудаас суралцсан жишээгээр гүйцээ.

… нь Аврагчид итгэснийхээ төлөө хавчигдаж байсан ч тасралтгүй амар амгаланг нь мэдрэхэд бидэнд тусалж чадна.

  • Та эдгээр арга замаар хариулах нь хэн нэгэнд Аврагчийн амар амгаланг мэдрэхэд хэрхэн тусална гэж бодож байна вэ?

  • Хэрэв та итгэл үнэмшлийнхээ төлөө хавчигдвал эдгээр шүлгээс эсвэл жагсаалтаасаа юуг хамгийн их санахыг хүсэж байна вэ? Яагаад?

Хэрэв цаг үлдвэл 3 Нифай 12:10–12, 43–45 дээрх хавчлагыг тэвчих талаарх Аврагчийн сургаалын заримыг ярилцах талаар бодож үз.

Суралцагчдаас чанга хариулахыг хүсэхийн оронд дараагийн асуултын талаар тунгаан бодоход урих нь тустай байж болох юм. Ингэснээр Ариун Сүнс тэднийг хувийн зүйлсээ хуваалцахыг шаардаж байгаа мэт санагдахгүй бөгөөд биечлэн чиглүүлэх боломж олгоно.

  • Есүс Христийн санал болгож буй амар амгалан хэрэгтэй гэдгийг таны амьдралын ямар туршлага мэдрүүлдэг вэ?

Амар амгалангаас илүү

Амар амгаланг мэдрүүлэхээс гадна Тэнгэрлэг Эцэг итгэлтэй нифайчуудыг өөр арга замаар адисалсан. Алма 1:29–32-ыг уншаад, хүнд хэцүү үедээ гуйвшгүй байж үлдсэн нифайчуудад Тэнгэрлэг Эцэгийн өгсөн адислалуудыг олж мэд.

  • Та эсвэл таны мэдэх бусад хүн хавчлагын үеэр итгэлтэй хэвээр үлдсэнийхээ дараа Тэнгэрлэг Эцэгийн адислалуудыг хэрхэн харсан бэ?

Их Эзэн таныг эсвэл таны мэдэх хэн нэгнийг хавчлагын үеэр итгэлтэй хэвээр үлдсэний төлөө хэрхэн адисалсан тухай хувийн туршлагаа хуваалц.

Хавчлагыг үл тоон бүх хүнд хайр, энэрэнгүй сэтгэлийг харуулсан итгэлтэй нифайчуудын хийсэн үйлдлүүдээс дор хаяж хоёрыг сонго (Алма 1:25–30-ийг үзнэ үү). Бидний өдрүүдэд хэн нэгэн үүнтэй ижил зүйлийг хэрхэн хийж болохыг дүрсэл.

Суралцагчдаас хариултуудаа хуваалцахыг хүс.

Аврагч хавчлага дарамттай үед ч гэсэн Өөрт нь тууштай үлдэхэд нь тэдэнд тусална гэдэгт итгэлтэй байгаагаа суралцагчдад хуваалц. Тэднийг өөрсдийнхөө эсвэл ангийнхаа хэн нэгний хуваалцсан зүйлийн дагуу ажиллахад урь.

Хэвлэх