Семинар
Алма 13: “Та нар түүнчлэн уг амралтад орж болохын тулд”


“Алма 13: ‘Та нар түүнчлэн уг амралтад орж болохын тулд,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 13,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 13

“Та нар түүнчлэн уг амралтад орж болохын тулд”

Аврагч

Энэ амьдралд бидэнд санаа тавих мөн асуудал болох ч зүйл олон бий. Их Эзэн бидэнд туслахад бэлэн бөгөөд биднийг Өөрийнхөө амралтад оруулахыг хүсдэг. Их Эзэн хүмүүст зарлигуудыг заах, ёслолуудыг гүйцэтгэх дээд санваартнуудыг томилсон бөгөөд ингэснээр хүмүүс Их Эзэний амралтад орох боломжтой гэдгийг Алма тайлбарлажээ. Энэ хичээл танд Их Эзэний амралтад орох нь ямар утга учиртай болох, та үүнийг хэрхэн хийж болохыг ойлгоход тусална.

Суралцагчдад Есүс Христийг зааж буй бэлгэдлийг ойлгоход нь туслах. Судруудад Есүс Христийг зааж буй бэлгэдэл дүүрэн байдаг. Суралцагчдад тэдгээр бэлгэдлийг олж танихад нь туслах асуулт тавьж, боломжтой бол бошиглолын тайлбарыг дурд. Бэлгэдэл нь Аврагчийн тухай юу зааж байгааг ярилц.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Сүмийн удирдагчаар дамжуулан эсвэл сайн мэдээний ёслолд оролцсоноор хэрхэн адислагдсан тухайгаа бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Их Эзэний амралт

Дараах үйл ажиллагааны зорилго бол суралцагчдыг Их Эзэний амралтыг ойлгоход бэлтгэх юм. Та мөн суралцагчид амралтын үр шимийг хүртсэн туршлагаа хуваалцаж болно.

  • Та хэзээ амралтаас үр шим хүртсэн бэ?

Судрууд дээр үргэлж Их Эзэний амралтын тухай өгүүлдэг. Их Эзэний амралтыг “түүний алдар суугийн бүрэн байдал” (Сургаал ба Гэрээ 84:24) гэж дурддаг. Их Эзэний амралтыг мөн “сэтгэлийн түгшүүр хийгээд шаналлаас чөлөөтэй байж амар амгаланг эдлэх гэсэн байдаг. Ийм амралтыг Их Эзэн энэ амьдралын хугацаанд өөрийн итгэлтэй дагалдагчдад амлажээ. Тэрээр түүнчлэн дараагийн амьдралд ч тэдэнд зориулан амрах газрыг бэлтгэсэн билээ” (Судруудын удирдамж, “Амралт,” scriptures.ChurchofJesusChrist.org) гэсэн байдаг.

Сэтгэлийн түгшүүр хийгээд шаналлаас чөлөөтэй байж амар амгаланг эдлэх гэдэг нь амьдрал ямар ч сорилтгүй байх болно гэсэн үг биш билээ. Матай 11:28–30-ийг уншаад, Их Эзэн амьдралын хүнд хэцүүг туулах үедээ Өөрийн амралтын талаар юу заасныг олж мэд.

Суралцагчдад Их Эзэний амралтаас яг одоо амьдралдаа хэрхэн үр шим хүртэж болохоо эргэцүүлэн бодох хугацаа өг. Тэд зарим бодлоо судлах тэмдэглэлдээ бичиж болох юм.

Одоогийн нөхцөл байдлынхаа талаар бод.

  • Их Эзэний амралтад орсноор та хэрхэн үр шим хүртэж болох вэ?

Алма Аммонайхагийн хүмүүсийг наманчилж, зүрх сэтгэлээ хатууруулахгүй байхад урьсан ба ингэснээр тэд өршөөгдөж, Их Эзэний амралтад орох боломжтой болно (Алма 12:33–37-г үзнэ үү). Алма 13-ыг судлахдаа Их Эзэн энэ болон ирэх амьдралд амралтад нь ороход тань туслахын тулд юу өгснийг олж мэд.

Ангийнхныг хоёр хэсэгт хуваарилж, нэг хэсгээр санваарын удирдагчдын тухай Алма 13:1–2, 6-г, нөгөө хэсгээр санваарын ёслолын тухай Алма 13:16-г судлуулахаар оноож өг. Энэ нь суралцагчдад хоёр зарчмыг ангиараа ярилцахаас өмнө хурдан тодорхойлж, самбар дээр жагсааж бичихэд тусална. Өөр нэг арга нь суралцагчдын юу сурч мэдсэнийг бусдад нь тайлагнахаасаа өмнө тэдэнд хоёр хоёроороо юм уу бүлгээр суралцахад нь зориулж зарчим бүрээс агуулга бэлтгэх юм. Энэ нь хичээл дээр Алма 13:27–30-ийг ярилцах цаг гаргаж өгч магадгүй.

Санваарын удирдагчид Их Эзэний амралтад ороход бидэнд тусалдаг.

Аммонайхагийн хүмүүс өөрсдийгөө “Нихорын жаяг мөн бишрэлийн дагуу” (Алма 14:16) гэж үзэж байв. Үүний улмаас тэд Есүс Христийн Цагаатгалгүйгээр аврагдана гэж итгэн, санваарыг Алмагийн нэрлэснээр “санваараар мэргэших” (Алма 1:3–4, 12, 16-г үзнэ үү) хэмээх хуурамч жаягаар солив. Тэдний хуурамч итгэлийг зөв болгохын тулд Алма тэдэнд хэрхэн “Их Эзэн Бурхан ариун жаягийнхаа дагуу санваартнуудыг томилсныг” (Алма 13:1) заав.

Алма 13:1–2, мөн 6-г уншаад, Их Эзэн яагаад санваарын удирдагчдыг томилсон болохыг олж мэд.

  • Бурхан ямар шалтгаануудын улмаас санваарын удирдагчдыг дуудсан бэ?

Эдгээр шүлгээс бид Аврагч гэтэлгэлийн төлөө Өөр рүү нь харахад туслуулахаар мөн Түүний амралтад орж болохын тулд зарлигуудыг бидэнд заалгахаар санваарын удирдагчдыг дууддаг гэдгийг мэдэж авдаг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд ийнхүү заасан.

Цагаатгагч золиослолынхоо ачаар Есүс Христ бүх хүн төрөлхтнийг гэтэлгэх хүч, эрх мэдэлтэй байдаг. Тэрбээр Өөрийн цагаатгагч хүчийг хүртээлтэй болгохын тулд дэлхий дээрх эрэгтэйчүүдэд Өөрийн хүч, эрх мэдлийн зарим хэсгийг итгэмжлэн олгосон. Энэхүү итгэмжлэн олгосон хүч, эрх мэдлийг санваар гэдэг. (Дэйл Г.Рэнланд, “Санваар ба Аврагчийн цагаатгагч хүч,” 60)

  • Энэ эшлэл яагаад Бурхан өнөө үед санваар атгах хүмүүсийг үргэлжлүүлэн дууддагийг ойлгоход тань хэрхэн туслах вэ?

Алмагийн хэлсэн дээд санваартнууд “… тэдний үлэмжийн итгэл хийгээд сайн үйлүүдээс үндэслэн дэлхийн үүслээс дуудагдсан мөн бэлтгэгдсэн” (Алма 13:3) байсан билээ. Үүний зэрэгцээ бусад зарим нь “зүрх сэтгэл нь хатуугийн … учир Бурханы Сүнсийг эсэргүүцдэг” (Алма 13:4).

Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Ням гаргийн ангийн удирдагчид зэрэг Сүмийн бусад удирдагч итгэмжлэн олгогдсон санваарын эрх мэдлээр үйлчилдэг. Тэд санваарын удирдагчидтай мөр зэрэгцэн үйлчилснээр хувь хүмүүс, гэр бүлүүдийг Христэд ирэхэд нь удирдахад тусалж чадна.

Дараагийн асуултад хариулахын тулд суралцагчид ангиараа жагсаалт үүсгэж эсвэл жижиг бүлгүүд болон хариулж болно. Мөн та орон нутгийнхаа Сүмийн нэг удирдагчийг бусдад Есүс Христийг харахад нь туслахын тулд юу хийдгээ ангийнхантай хуваалцахад урьж болох юм.

  • Сүмийн удирдагчдын бидэнд Есүс Христийг харж, Түүний амралтад ороход тусалдаг ямар ямар арга зам байдаг вэ?

Санваарын ёслол биднийг Их Эзэний амралтад ороход тусалдаг

Алма дээд санваартнуудын зөв шударга үлгэр жишээнүүдийг мөн тэд хэрхэн “ариусгагдан” (Алма 13:11), “цэвэршигдэж мөн Их Эзэн Бурханыхаа амралтад орсон” (Алма 13:12) болохыг эш татав. Дараа нь Алма зөв шударга санваарын удирдагчийн жишээ болгон Мелкизедекийг тусгайлан эш татав. Мелкизедекийн хүмүүс ч бас эхэндээ Аммонайхагийн хүмүүс шиг ёс бусчууд байсан гэдгийг анхаар (Алма 8:9; 13:17-г үзнэ үү).

Алма 13:14–19-ийг уншаад, Мелкизедекийн хүмүүстээ хэрхэн үйлчилж байсныг олж мэд.

  • Та Мелкизедек, Есүс Христ хоёроос ямар адил зүйл олж харсан бэ?

  • 16-р шүлэг-т цэдэглэснээр, санваарын ёслолуудын нэг зорилго юу вэ?

16-р шүлэг-ээс бид санваарын ёслолууд нь бидэнд нүглүүдээсээ ангижирч, Их Эзэний амралтад орж болохын тулд Есүс Христ рүү хандахад тусалдаг гэдгийг мэдэж авдаг.

Санваарын ёслолоор үйлдэж буйг харуулсан янз бүрийн зураг харуулж, тэд “Бурханы Хүүг хүсэн хүлээх” (Алма 13:16)-д маань бидэнд хэрхэн тусалдаг болохыг ярилцах нь тустай байж болох юм. Ёслолд оролцож байсныгаа мөн тэд Аврагчийн амралтыг хэрхэн мэдэрснээ эргэцүүлэн бодоход суралцагчдад тусал.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон зарим санваарын ёслол бидэнд хэрхэн Есүс Христ рүү хандахад тусалдаг талаар заасан. ChurchofJesusChrist.org  

2:3

Сайн мэдээний амин чухал ёслолууд Цагаатгалыг бэлгэддэг. Усанд умбуулах баптисм нь үхэл, оршуулга, Гэтэлгэгчийн Амилалтыг бэлгэддэг. Ариун ёслолоос хүртэх нь баптисмын гэрээг мөн бидний төлөө урсгасан Аврагчийн цус, шархадсан биеийн тухай бидний дурсамжийг шинэчилдэг. Ариун сүмийн ёслолууд Их Эзэнтэй нийцэхийг бэлгэддэг ба гэр бүлүүдийг үүрд мөнх лацдан холбодог. (Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)

  • Та ерөнхийлөгч Нэлсоноос санваарын ёслолын талаар юу сурч мэдсэн бэ?

  • Та санваарын ёслолд оролцсоны үр дүнд Аврагчид ойр байгаагаа хэзээ мэдэрсэн бэ?

Та нар түүнчлэн Түүний амралтад орж болохын тулд

Алма 13:1–19-т дүрслэгдсэн санваартнуудын адил Алма хүмүүст Их Эзэний амралтад ороход бэлтгэхэд нь туслахыг хичээнгүйлэн эрэлхийлэв. Тэрээр Их Эзэн удахгүй ирнэ гэдгийг тэдэнд сануулав (Алма 13:21–26-г үзнэ үү). Алма “бүр өвдөлтийг мэдрэх агуу зовнилоор, та нар [түүний] үгсийг сонсоосой” (Алма 13:27) хэмээн хүссэн.

Алма 13:27–30-ийг уншаад, Алма хүмүүсийг юу хийхэд урьсан болохыг олж мэд.

  • Алмагийн аль урилга (тодорхой нэг урилга сонгоно уу) бидэнд Их Эзэний амралтад ороход тусалж чадна гэж та бодож байна вэ?

    Та мөн суралцагчдыг Алмагийн сургаалуудын тухай хүссэн асуултаа тавихад урьж, хариулахын тулд ангиараа хамтарч ажиллаж болно.

    Дараах асуултууд нь хувьдаа эргэцүүлэн бодоход чиглэсэн болно. Суралцагчдыг өөрсдөд нь хамгийн их тусалж чадна гэж бодож байгаа урилгын дагуу үйлдэж, ингэх нь Их Эзэний амралтыг хүлээн авахад хэрхэн туслахыг олж мэдэхэд урь.

  • Та Алма 13-аас яг одоо амьдралд тань тус болох юуг сурч мэдсэн бэ?

Их Эзэний амралтад орохын тулд сурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхээр юу хийхээ мэдэхийн тулд Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.

Тулгарсан асуудалдаа санаа зовниж буй найзтайгаа ярилцаж байна гэж төсөөл. Та Их Эзэний амралтад ороход нь найздаа туслахын тулд Алма 13-аас судалсан ямар зүйлээ хуваалцах вэ? Хариултдаа Алма 13-аас дор хаяж нэг шүлгийг багтаа.