“Суралцахуйгаа үнэлэх нь 5: Мозая 18–Алма 16,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Суралцахуйгаа үнэлэх нь 5,” Мормоны Номын багшийн гарын авлага
Суралцахуйгаа үнэлэх нь 5
Энэ хичээл танд Мормоны Номыг судлах үедээ тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эргэж харах ба урагш тэмүүлэх
Явган аялалд гарсан, дугуй унасан, тодорхой газар луу аялсан тухайгаа бодоход цаг гарга. Таныг урагш тэмүүлэн, аялж эхлэхэд танд маш бага ахиц дэвшил гарч байгаа мэт санагдаж магадгүй. Өмнө нь хаана байсан гэдгээ хэсэг зуур эргэн харах мөчид юу болох вэ? Та өөрийгөө бодсоноосоо ч илүү хол явсан гэдгийг анзаарах болно.
-
Өөрийгөө хаана байсныг, хаашаа явж байгаа гэдгээ мэдэх нь ямар тустай вэ?
Бидний амьдралыг аялалтай харьцуулж болно. Аялалд гарахдаа хаана байсан, хаашаа явж байгаа гэдгээ эргэцүүлэн бодох нь хувь хүнийхээ хөгжлийн төлөө тавьсан зорилгынхоо талаар үе үе эргэцүүлэн бодохтой адил байж болно.
-
Зорилго, ахиц дэвшлээ үнэлэхэд цаг хугацаа зарцуулах нь танд хэрхэн тус нэмэр болж байсан бэ?
Энэ хичээл танд Есүс Христийн шавийн хувьд аялалдаа гаргасан ахиц дэвшлээ үнэлэхэд тань тусална. Ахиц дэвшлээ эргэцүүлэн бодохдоо Ариун Сүнсний өдөөлтийг эрэлхийл.
Есүс Христийн шавь болох
Гэрээний зам, Есүс Христийн шавь болох аялал хоёрыг харуулсан зам зур. Замын төгсгөлд Селестиел хаант улсыг оруул. Өөрийгөө замын голд байгаагаар зур.
Мормоны Номоос судалсан зүйлсээ мөн юу сурч мэдсэнээ эргэн санахад тань туслах судлах тэмдэглэл дэх тэмдэглэлээ уншиж давт. Өөрийнхөө зурсан зургийн ард Есүс Христийн шавь болоход тусалсан Мормоны Номын эхний хагасыг судлахдаа сурч мэдсэн зүйлсээ бич. Та олж авсан мэдлэг, хөгжүүлж буй хандлага эсвэл хүсэл юм уу хийсэн үйлдлээ оруулж болно.
Судлах тэмдэглэлийнхээ зургийг дахин хар. Таныг илэрхийлсэн зургийн урдах зам дээр Есүс Христтэй адил болохыг хичээхдээ хийхийг эсвэл үргэлжлүүлэхийг хүсэж буй үйлдлүүдээ бич.
-
Та Мормоны Номын дараагийн хагасыг судлахдаа юу сурч мэднэ гэж найдаж байна вэ?
-
Мормоны Номын хоёр дахь хагасыг судалсныхаа үр дүнд жилийн эцэст та юу мэдэж, мэдэрч эсвэл хийнэ гэж найдаж байна вэ?
Та зурсан зургаа Есүс Христийг дагахаа үргэлжлүүлэн хичээхийг тань сануулах газарт байрлуулаарай.
Зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн нь
Сүүлийн үед та зүрх сэтгэлийн өөрчлөлтийг мэдэрсэн олон хүний тухай уншсан. Жишээлбэл: Залуу Алмагийн болон Мозаягийн хөвгүүдийн өөрчлөлт маш хурдан бөгөөд гайхалтай байсан. Харин Амюлекийн болон Лимхайн хүмүүсийн хувьд зүрх сэтгэлийн өөрчлөлт цаг хугацааны явцад болсон.
Алма Зарахемлагийн хүмүүсээс “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?” (Алма 5:14). Хэрэв тийм бол “та нар одоо тийн мэдэрч чадна уу?” хэмээн асуусан. (Алма 5:26). Зүрх сэтгэлийнхээ өөрчлөлтийн ахиц дэвшлийг тунгаан бод. Заримдаа Их Эзэн өөрчлөгдөхөд тань хэрхэн тусалж байгааг олж танихад хэцүү байдаг уу? Та судалж байсан зарим түүхээсээ өөрийгөө ямар байдлаар харсан бэ?
Алма 5:14–19, 26–29-ийг уншаад, Алмагийн асуултуудыг залбирч тунгаан бод.
Магадгүй та тэдгээр шүлгийг анх судлах үедээ судлах тэмдэглэл дээрээ Алмагийн асуултуудад хариулж бичсэн байх. Өмнө бичсэн хариултаа болон одоо хариулах харилтуудаа харьцуул. Та юу анзаарсан бэ? Таныг хариултуудаа харьцуулсны дараа Тэнгэр дэх Эцэг тань таныг юуг танин мэдэж, мэдэрч эсвэл хийхийг хүснэ гэж та бодож байна вэ?
Шинэ хариултаа эсвэл ахиц дэвшлийнхээ талаарх мэдрэмжээ бичиж ав.
Есүс Христийн Цагаатгалын сургаалыг тайлбарлах нь
Есүс Христийн Цагаатгалын тухай мэдэх нь хэн нэгэнд тус болох жишээ эсвэл нөхцөл байдлыг бич. Жишээлбэл: Өөрийгөө уучлагдах болов уу хэмээн тунгаан бодох залуу эмэгтэй эсвэл зовлон зүдгүүр туулах үедээ ганцаардаж буй залуу эрэгтэй байж болно. Эсвэл нөхцөл байдлыг бичихийн оронд та Аврагчийн Цагаатгалын тухай таны эсвэл өөр нэгний асууж болох асуултыг бичиж болно.
Мормоны Номыг судлахдаа Есүс Христийн Цагаатгалын тухай юу сурч мэдсэнээ бод. Тэмдэглэсэн судрууд эсвэл судлах тэмдэглэл дээрх тэмдэглэлүүдээ хар. Та Мозая 26 эсвэл Алма 7 (2 Нифай 9; Мозая 14–16-г мөн үзнэ үү)-оос судлахдаа зарим судрыг тэмдэглэж эсвэл тэмдэглэл үлдээсэн байж болох юм.
Нөхцөл байдалд эсвэл асуултад хэрхэн хариулах байснаа бич. Есүс Христийн Цагаатгалыг ойлгох нь тус нөхцөл байдалд эсвэл асуултад хариулахад хэрхэн туслах талаар тайлбарла. Мормоны Номоос нэг юм уу хэд хэдэн хэсгийг ашиглахыг хичээ.