“Алма 14: ‘Энэ нь Их Эзэний тааллын дагуу байг,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 14,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 14
“Энэ нь Их Эзэний тааллын дагуу байг”
Бид унасан дэлхийд аж төрж байгаа учраас олон хүн хатуу ширүүн, шударга бус байдалтай тулгардаг. Алма, Амюлек хоёрыг Аммонайха хотод Есүс Христийн сайн мэдээг зааж явахад нь ёс бусчууд итгэгчдийг тарчлааж, галд шатаан хөнөөв. Алма, Амюлек хоёр шоронд хоригдож, асар ихээр хавчигдан гадуурхагдав. Энэ хичээлийн зорилго бол зовлон бэрхшээл, шаналал, шударга бус явдалтай тулгарах үед Их Эзэнд итгэхэд тань туслах явдал юм.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Мөнх бус сорилт бэрхшээл
Далын ахлагч Антони Д.Пөркинсийн дараах мэдэгдлийг унш.
Таны хаана амьдарч байгаагаас үл шалтгаалан янз бүрийн зовлон зүдгүүр, мөнх бус амьдралын сул доройн улмаас бие махбодын эсвэл оюун санааны хувьд зовж шаналах үе одоо эсвэл хэзээ нэг өдөр таны амьдралын нэг хэсэг байх болно. (Антони Д.Пөркинс, “Ай бидний Бурхан Та, зовсон гэгээнтнүүдээ санаач,” Лиахона, 2021 оны 11-р сар, 53)
-
Бид сорилтод хариу үйлдэл үзүүлэх ямар ямар арга зам байдаг вэ?
Алма 14 бол хүнд сорилт бэрхшээл туулсан зөв шударга хүмүүсийн цэдэг юм. Эдгээр зовлон зүдгүүрийн ихэнхийг сонгох эрхээ урвуулан ашигласан хүмүүс хүчээр тулгасан. Та судлах явцдаа Алма, Амюлек хоёрын мөн бусад зөв шударга хүний жишээнээс олж мэдсэн үнэнээ эргэцүүлэн бодоод, эдгээр үнэн одоо болон хожим зовлон зүдгүүрт хандах хандлагад тань хэрхэн тусалж болохыг бодож үз.
Дараах нэрсийг судлах тэмдэглэл дээрээ жагсааж бич. Сурч мэдсэн зүйлээ тохирох нэрийн хажууд бич.
Алма, Амюлек хоёр |
Зиезром |
Бурханы үгэнд итгэгчид |
Алма 14:1–9-ийг уншаад, хүмүүсийн туулсан янз бүрийн зовлон шаналлын жишээг олж мэд. ChurchofJesusChrist.org
-
Хэрэв та эдгээр хүний туулсан зовлон зүдгүүрийг туулсан бол танд ямар асуулт гарч ирэх байсан бэ?
Их Эзэнд итгэх
Бид зовлон шаналал амсахдаа эсвэл бусдын зовлон шаналлыг гэрчлэх үедээ олон янзаар хариу үйлдэл үзүүлж чадна. Алма 14:10–11-ийг уншиж, Алма, Амюлек хоёр итгэгчдийн зовлон шаналалд хэрхэн хариу үйлдэл үзүүлснийг олж мэд.
-
Та Амюлекийн адил зовлон зүдгүүрийн өвдөлтөөс өөрийгөө эсвэл бусдыг аврахыг хүсэж байсан уу? Яагаад?
-
11-р шүлэг дэх Алмагийн хариу үйлдлээс та Бурханы талаар юу мэдэж авсан бэ?
Алма 14:12–13-ыг уншиж, зовлон шаналал амсах үедээ бид ямар хариу үйлдэл үзүүлэх тухай Алмагийн заасан үнэнийг олж мэд.
-
Алмагийн үг Их Эзэнд итгэх итгэлийг хэрхэн харуулсан бэ?
-
Бид Алмагийн жишээнээс ямар зарчим сурч мэдэж болох вэ?
Бид зовлон, шаналлыг мэдрэх үедээ үр дүн нь ямар ч бай Их Эзэнд итгэхийг сонгож чадна гэсэн зарчмыг сурч болно. Судлах тэмдэглэл дээрээ энэ зарчмыг тэмдэглээд, судар дээрх “Энэ нь Их Эзэний тааллын дагуу байг” гэсэн хэллэгийг тодруул.
-
Та ямар арга замаар Их Эзэнд итгэх нь сонголт гэж бодож байна вэ?
-
“Энэ нь Их Эзэний тааллын дагуу байг” гэсэн хэллэгийг та одоогийн туулж буй зүйлдээ хэрхэн хэрэгжүүлэх вэ?
Амьдрал, нөхцөл байдлынхаа талаар бод. Та эсвэл таны хайртай нэгэн хавчлага, зовлон зүдгүүр, шударга бус зүйлтэй тулгарах үедээ юу хийдэг вэ? Дараах мэдэгдлүүдэд үргэлж, заримдаа эсвэл хэзээ ч үгүй гэж хариулна уу.
-
Би зовлон зүдгүүрээсээ ангижрахын төлөө залбирах үедээ Их Эзэний хүсэл, цаг хугацаанд итгэдэг.
-
Амьдрал шударга бус санагдах үед би тэвчээр, ойлголтыг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг.
-
Би итгэлээ өөрийн найдаж буй тодорхой үр дүнгээс илүү Есүс Христэд болон Түүний мөнхийн амлалтад төвлөрүүлдэг.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк зовлон зүдгүүр амсах үедээ Их Эзэнд итгэхэд тусалж чадах хэтийн төлөвийг хуваалцсан. ChurchofJesusChrist.org дээрх “Хувь хүний амар амгалан бол зөв шударга байдлын шагнал мөн” видеог цагийн код 9:02-оос 9:33 хүртэл үз эсвэл дараахыг унш.
Бид бүгд тэнгэр дэх зөвлөгөөнд оролцож, ёс суртахууны сонгох эрхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү сонгох эрхийг буруу ашигласны улмаас мөнх бус байдлын өвчин зовлон, үгээр хэлэхийн аргагүй эмгэнэлт явдал бидэнд тохиолдож болно гэдгийг мэдэж байсан. Энэ нь бас биднийг уурлан бухимдах, будилж төөрөлдөх, хамгаалалтгүй, эмзэг болоход хүргэж болно гэдгийг ойлгосон. Гэвч Аврагчийн Цагаатгал эдгээр мөнх бус амьдралын бүх шударга бус явдлыг даван гарч, амар амгалан болно гэдгийг бидэнд мэдүүлсэн юм. (Квинтин Л.Күк, “Хувь хүний амар амгалан бол зөв шударга байдлын шагнал мөн,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 39)
-
Та зовлон зүдгүүр амсах үедээ эсвэл бусад хүний зовж буйг мэдэх үед өөртөө туслах юуг олж мэдсэн бэ?
Хэрэв та ямар нэг байдлаар гомдсон бол эсвэл тантай зүй бусаар харьцсан бол асуудлаа шийдэхийн тулд эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас тусламж эрэх ёстой гэдгийг санах нь чухал юм. Их Эзэн чамайг хайрладаг ба чамайг амар амгалан, баяр баясгалантай байгаасай хэмээн хүсдэг.
Их Эзэнд итгэх итгэл, найдвараар үргэлжлүүлэх
Алма, Амюлек хоёрт зөв шударга итгэгчдийг шатаагдахыг хүчээр харуулсны дараа Аммонайхагийн захирагчид тэднийг шоолж, зодож, шоронд хорьсон (Алма 14:14–17-г үзнэ үү).
Алма 14:18–29-ийг уншиж, Алма, Амюлек хоёр зовж шаналах үедээ хэрхэн Их Эзэнд итгэсэн болохыг олж мэд. ChurchofJesusChrist.org
-
Алма, Амюлек хоёр сорилт бэрхшээлтэй үедээ Их Эзэнд хэрхэн үргэлжлүүлэн итгэсэн бэ?
Та хэнийг мэдэх вэ?
Зовлон зүдгүүр, сорилт бэрхшээл тулгарсан үед Их Эзэнд итгэхийг хичээдэг хэн нэгний тухай бод. Та түүний үлгэр жишээнээс юу сурч мэдэж болох вэ? Та энэ хүний хариу үйлдэл мөн Алма, Амюлек хоёрын саад тотгорт үзүүлсэн хариу үйлдэл хоёрын хооронд ямар ижил төстэй талуудыг харж байна вэ?
Танд амьдрал хэцүү эсвэл шударга бус санагдах үед Их Эзэнд илүү сайн итгэхийн тулд хийж болох тодорхой нэг эсвэл хоёр зүйлийг бич. Бичсэн зүйлээ байнга харж байх газарт байрлуул.