Семинар
Алма 23: Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”


“Алма 23: Тэд ‘хэзээ ч итгэл алдраагүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 23,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 23

Тэд “хэзээ ч итгэл алдраагүй”

Зураг
итгэлтэй өсвөр үеийнхэн

Өнөө үед дэлхий дээр итгэлийг тань үгүй хийж, Их Эзэнээс холдуулахыг эрэлхийлж буй олон хүчин зүйлийн талаар бод. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд та юу хийж чадах вэ? “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” хэдэн мянган лемен хүний “хэзээ ч итгэл алдраагүй” (Алма 23:6) жишээнээс бид суралцаж болно. Энэ хичээлийн зорилго Их Эзэнд илүү бүрэн дүүрэн хөрвөгдөх хүсэлтэй болоход тань туслах бөгөөд энэ хөрвөлтөд саад болж буй зүйлсийг олж тогтооход оршино.

Суралцагчдыг Есүс Христийг дагахыг хичээхэд урамшуулан дэмж. Суралцагчдад Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрахыг хичээснээр тэд Аврагчтай илүү адил болж, шавь байх үедээ баяр баясгаланг олж чадна гэдгийг ойлгоход нь тусал.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг “Их Эзэнд хөрвүүлэгдэх” (Алма 23:6) гэдэг нь юу гэсэн үг болохыг, Түүнд хөрвүүлэгдэх нь яагаад ач холбогдолтой болохыг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд урь. Тэдэнд тусламж хэрэгтэй бол Судруудын удирдамжийн “Хөрвөгч, хөрвүүлэг” хэсгээс лавлаж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Итгэл дүүрэн байх

Энэ хичээл болон Алма 24-ийн хичээл нь суралцагчдад хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд нь тусалж чадна. Энэ хичээл суралцагчдад хөрвөлтөд нь саад болж буй зүйлийг олж тогтооход тусалж чадна. Дараагийн хичээл эдгээр саад бэрхшээлийг даван туулахад туслах зорилготой.

Дараах үйл ажиллагааг хийхэд сайн дураараа оролцох хоёр суралцагчийг урь. Хэт хүчлэхгүй байхыг тэдэнд сануул.

Боломжтой бол нэг хөл дээрээ 30 секунд зогс. Нэг хөл дээрээ зогсож байхад нь хэн нэгэн түлхвэл зогсоход ямар хэцүү байх талаар бод.

Одоо хоёр хөл дээрээ зогсоод, хэн нэгэн таныг түлхвэл зогссон хэвээрээ байхад хэчнээн хялбар байгаа талаар бод.

Заримдаа судар Их Эзэнд итгэлтэй байхыг гуйвшгүйгээр зогсохтой (Мозая 4:11; Алма 1:25-ыг үзнэ үү) мөн Их Эзэнээс холдохыг унахтай адилтгадаг (2 Нифай 18:15; Хиламан 5:12-ыг үзнэ үү).

  • Есүс Христэд болон Түүний Сүмд итгэл алдрах ямар шалтгаан хүмүүст байдаг вэ?

Суралцагчдад тунгаан бодох боломж олгохын тулд та эдгээр асуултыг харуулахыг хүсэж болно.

Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Хэрэв та одоо байгаа шигээ үргэлжлүүлэн амьдарвал Их Эзэнд болон Түүний Сүмд илүү ойртоно эсвэл итгэл алдарч эхэлнэ гэж бодож байна уу? Яагаад?

  • Та Их Эзэнээс болон Түүний Сүмээс итгэл алдрахыг хүсэхгүй болгох юуг мэдэх вэ?

Та “итгэл алдраагүй” (Алма 23:6) хүмүүсийн талаар судлахдаа Тэнгэрлэг Эцэгт залбирч, Ариун Сүнсний сүнслэг нөлөөгөөр дамжуулан ойлголтыг олж, амьдралынхаа удирдамжийг эрэлхийл.

Их Эзэнд хөрвөгдөв

Мозаягийн хөвгүүд сайн мэдээг аюулгүйгээр номлож болохын тулд леменчүүдийн хаан хөрвөгдсөнийхөө дараа тус нутагт шашны эрх чөлөөг тунхаглав.

Алма 23:3–5-ыг уншаад, номлох нь хүмүүст хэрхэн нөлөөлснийг олж мэд.

Суралцагчдаас ямар үг хэллэг онцгой санагдсаныг асуу.

Заримдаа судрууд бидний ойлгосон байвал зохих хэллэгүүдийг давтдаг. Алма 23:6–13, 15-ыг уншаад, эдгээр мянга мянган хөрвөгч яагаад “хэзээ ч итгэл алдраагүй” (6-р шүлэг) гэсэн үг хэллэгийг олж мэд. Давтагдсан үг хэллэгүүдийг тэмдэглэж ав.

Суралцагчдыг олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь. Алма 23:6, 8, 13-т “Их Эзэнд хөрвүүлэгдсэн” гэх үг хэллэг давтагдсан ба Алма 23:7, 13-т “тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан билээ,” “тэд эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьсан” гэсэн үгс тус тус байдаг.

Эдгээр шүлгээс бидний сурч мэдэж болох нэг үнэн бол бид Их Эзэнд хөрвөгдөж, эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих үед Түүнд үргэлж итгэлтэй байж чадна гэсэн үнэн юм.

  • Их Эзэнд хөрвөгдсөн гэдэг нь юу гэсэн үг вэ? (Алма 23:6). Хэрэв тустай бол Судруудын удирдамж-аас “Хөрвөлт, хөрвүүлэгдэх”-ийг судал.

  • Номлогчид эсвэл тодорхой нэг сургаалд биш харин “Их Эзэнд” хөрвөгдөх нь яагаад чухал вэ?

Суралцагчдыг дараахыг хийхэд урихдаа Аврагчийн зургийг үзүүл.

Зураг
Аврагч

Аврагчийн талаар юу мэддэгээ бодоод, яагаад амьдралынхаа туршид Түүнд хөрвөгдсөн хэвээр байхыг хүсэж байгаагаа тунгаан бод. Танд туслах дараах шүлгүүдийн заримыг уншина уу:

Иохан 14:6

Омнай 1:26

Хиламан 5:12

Ифер 12:27

Суралцагчдыг бодол санаа, олж мэдсэн зүйлээ хуваалцахад урь.

  • Таныг болон таны мэддэг хүмүүсийг Их Эзэнд илүү хөрвөгдөхөд юу тусалсан бэ?

Эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавьж байна

Их Эзэнд үнэхээр хөрвөгдөж, хэзээ ч итгэл алдрахгүйн тулд бид эсэргүүцлийн зэр зэвсгээ доош тавих хүсэлтэй байх ёстой. Леменчүүдийн эсэргүүцлийн зэр зэвсэг нь шууд утгаараа бас бэлгэдлийн чанартай байв. Гэхдээ бидний хувьд эдгээр зэр зэвсэг нь зөвхөн бэлгэдлийн шинж чанартай байдаг.

Самбарт дараах мэдэгдлийг бич.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бидний эсэргүүцлийн зэр зэвсэг бол “хувиа хичээсэн байдал, бардамнал, дуулгаваргүй байдал” байж болох юм гэж заасан (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130-ийг үзнэ үү). Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд бидний эсэргүүцлийн зэр зэвсэг бол “Аврагчид аргамжиж тогтооход саад болж, гэрээний замыг дагахтай нийцэхгүй хувийн хүслүүд” болохыг заасан (“Есүс Христэд гуйвшгүй үнэнч байх нь,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22).

Дараах үйл ажиллагаа нь суралцагчдад өнөө үед хамааралтай эсэргүүцлийн зэр зэвсгийн жишээг олж тогтооход туслах зорилготой. Ангийнхныг жижиг бүлгүүдэд хуваарил. Хангалттай хугацаа өнгөрсний дараа бүлэг бүрээс эсэргүүцлийн зэр зэвсгийг зурж, ангилах гишүүнийг самбарт гарган, өөр нэг гишүүн дараах асуултуудад бүлгийн хэдэн хариултыг товч танилцуулахад урь. Тэднийг хуваалцах үед суралцагчдыг судруудыг өнөө үетэй хамааруулж байгаад сайшааж, хичээл зүтгэл гаргасанд нь талархах арга замыг хайж ол.

Судлах тэмдэглэлдээ эсвэл цаасан дээр хоёр энгийн зэр зэвсэг (сэлэм, жад эсвэл бусад зэвсэг) зур. Зэр зэвсэг бүрийн хажууд эсвэл дээр нь өнөө үеийн өсвөр насныханд тохиолдож болох Есүс Христийн сайн мэдээний эсрэг хандлагын эсвэл үйлдлийн тодорхой бодит жишээг бич. Жишээлбэл: Бардам зантай хэн нэгэн эцэг эхийнхээ зөвлөгөөг сонсохгүй байх эсвэл бошиглогчдыг дээр үеийн, ач холбогдолгүй хэмээн мэдэрч байж болно. Эсвэл өөр нэгэн нь Бурханы зарлигуудыг хэтэрхий хязгаарладаг гэж бодсон учраас тодорхой нүгэл үйлдэж байж болно.

  • Эдгээр хандлага эсвэл үйлдэл нь энэ хүнийг Их Эзэнд хөрвөгдөхөд хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Эдгээр хандлага, үйлдлээ орхиж, доош тавьснаар Их Эзэнд илүү хөрвөгдөхөд хэрхэн тусалж болох вэ?

Таны эсэргүүцлийн зэр зэвсэг

Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагаануудыг хийхэд суралцагчдыг урь.

Энэ хичээлийг дуусгахдаа та ямар зэр зэвсэгтэй байж болохоо тодорхойлохын тулд Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Хэрэв та нэгийг тодорхойлсон бол түүнийгээ судлах тэмдэглэлдээ бичиж, хажууд нь зэр зэвсэг зур.

Эсэргүүцлийн зэр зэвсгээ хаяхын тулд юу хийж болох, энэ тууштай байдал нь Их Эзэнд хөрвүүлэгдэж, хэзээ ч итгэл алдрахгүй байхад тань хэрхэн тусалж болохыг тунгаан бод.

Энэ хичээл дээр заасан зарчмуудын тухай гэрчлэлээ хуваалц.

Хэвлэх