Семинар
Төгс эзэмших сургаал: Алма 34:9–10—“Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой.”


“Төгс эзэмших сургаал: Алма 34:9–10—‘Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Төгс эзэмших сургаал: Алма 34:9–10,” Мормоны Номын багшийн гарын авлага

Төгс эзэмших сургаал: Алма 34:9–10

“Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой.”

Загалмай дээрх Христ

Өмнөх хичээлээр та Есүс Христийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгалын талаар сурч мэдсэн. Энэ хичээл Алма 34:9–10 дээрх төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд мөн сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит амьдралын нөхцөл байдалд ашиглахад тань тусална.

Суралцагчдад “сүнслэг мэдлэг олж авах зарчмууд”-ыг ашиглах дадлага хийхэд тусал. Суралцагчид ангийн ярилцлагад хэзээ, хэрхэн хамрагдаж байгаагаа шууд таньж мэдэж болохын тулд зарчмуудыг нэрээр нь дурдахыг хичээ.

Суралцагчийн бэлтгэл: Алма 34:9–10 дээр заасан үнэнүүд, мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь нүглийнхээ төлөө уучлагдах боломжгүй гэж боддог хүмүүст хэрхэн тусалж болох талаар бодоход суралцагчдыг урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Энэхүү төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх хичээлийг Алма 34:9–10-ын төгс эзэмших сургаалын судрын хэсгийн хам сэдвийн “Алма 34:1–17”-р хичээлийн дараа заахад зориулсан болно. Хэрэв төгс эзэмших сургаалын энэ хичээлийг өөр долоо хоног руу шилжүүлэх шаардлагатай бол холбогдох хам сэдэв бүхий хичээлийг нь тухайн долоо хоногт нь заасан байхад анхаар.

Тайлбарлах ба цээжлэх

Та ямар нэг зүйлийг үгээр тайлбарлахаас илүү оюун ухаандаа ойлгох нь илүү хялбар байж болохыг анзаарч байсан уу? Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын хэсгүүдийг өөрийн үгээр тайлбарлах боломжийг танд олгох юм.

Хамгийн сүүлд судалсан Алма 34:9–10-аас та Есүс Христийн хэмжээлшгүй хийгээд мөнхийн Цагаатгал байгаагүй бол бүх хүн төрөлхтөн үүрд төөрөлдөх байсан гэдгийг сурч мэдсэн.

Суралцагчдад дараах зааврыг хуваалцан, Алма 34:9–10 дээр заасан сургаалыг өөрсдийн үгээр тайлбарлах боломж олго.

Танд Есүс Христийн талаар маш бага мэддэг нэгэнд Алма 34:9–10-ын утгыг тайлбарлах боломж олдсон гэж төсөөл. Эдгээр шүлгийг давтах цаг гаргаж, тэр хүнд ойлгуулахыг хүссэн үг, хэллэгээ тэмдэглэж эсвэл бич.

Суралцагчдад бэлдэх хангалттай цаг гаргасны дараа тэднийг хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгүүдэд хуваарилж, суралцагч бүрийг тайлбараа хуваалцах дадлага хийхэд урь.

  • Та Алма 34:9–10 дээрх сургаалыг хэрхэн өөрийн үгээр тайлбарлах вэ?

Алма 34:9–10 хувьд судрын түлхүүр үг хэллэг нь: “Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой” юм.

Суралцагчдад энэ судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тусал. Ангийнхныг хоёр хоёроор нь баг болгон хуваарил. Эхний хагасыг нь нэг суралцагч, хоёр дахь хагасыг нь нөгөө суралцагч давтаж болно. Дараа нь судрын эшлэлийг хамтдаа хэлж болно. Үүнийг хэдэн удаа гүйцэтгэсний дараа суралцагчид солигдож, хэллэгийн нөгөө хагасыг давтаж болно.

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслахын тулд хэллэгийн энэ хэсгийг цээжлэх хүртлээ цаасан дээр “Цагаатгал хийгдэх ёстой, …” гэж хэд хэдэн удаа бич. Дараа нь хэллэгийн хоёр дахь хэсэг болох “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой” дээр мөн адил бич. Хоёр дахь хэсгийг цээжилсний дараа судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг бүгдийг нь цээжилтлээ давт.

Дадлага хийх үйл ажиллагаа

Та сүнслэг мэдлэг олж авах гурван зарчмын нэрийг санаж байна уу? Харахгүйгээр давтаж чадах эсэхээ үз. Хэрэв танд тусламж хэрэгтэй бол Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал (2022)-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–12-р догол мөр-ийн эдгээр зарчмыг судлан давтаж болно. Та хичээлийн үеэр эдгээр зарчмыг давтаж, хэрэгжүүлэх дадлага хийх боломжтой байх болно.

Дараах жишээг хуваалцахаасаа өмнө суралцагчдаас сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг цээжээр нэрлэхийг хүс. Суралцагчид хэлж байх хооронд зарчим бүрийг самбар дээр бич. Тэдэнд хичээлийн үеэр эдгээр зарчмыг давтаж, хэрэгжүүлэх дадлага хийх боломж гарна гэдгийг тайлбарла.

Дараа нь суралцагчид үйл ажиллагааг гүйцэтгэх үед жишээг харуулж эсвэл тэдэнд эшлэлийн хуулбарыг тарааж өг.

Танаас Ням гаргийн анги дээр Есүс Христийн Цагаатгалын талаар хичээл заахыг хүссэн гэж төсөөл. Бэлтгэлийнхээ нэг хэсэг болгон та тойргийнхоо Олив хэмээх залуу эмэгтэйтэй холбоо барьж, Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан түүний амьдралыг хэрхэн адисалсан талаарх бодлоо хуваалцахыг түүнээс хүс.

Оливын хариулт таныг гайхшируулах болно. Тэрээр “Үнэнийг хэлэхэд, Есүс Христийн Цагаатгал ихэнх хүний хувьд агуу зүйл гэж би боддог ч миний хийсэн мөн хийсээр байгаа зарим алдаанаас болоод надад одоо хэр зэрэг үйлчилж байгааг би сайн мэдэхгүй байна. Хэзээ нэгэн цагт даван туулж чадах эсэхээ ч мэдэхгүй зарим нүгэл надад бий” гэжээ.

Та хичээлээ үргэлжлүүлэн бэлдэж байхдаа Оливын хэлсэн үгийг байнга бодож, түүнд туслахыг хүснэ. Алма 34:9–10 дээрх сургаалууд мөн сүнслэг мэдлэг олж авах зарчмууд нь Оливын асуудалд хэрхэн тусалж болохыг бод.

Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваарилаад, бүлэг тус бүр төвлөрөх сүнслэг мэдлэг олж авах зарчмуудын нэгийг оноож өг. Суралцагчид Оливын нөхцөл байдалд тэр зарчим тусалж болох бүх арга замын жагсаалтыг цаасан дээр эсвэл самбар дээр бичиж болно. Дараа нь бүлэг бүрийн суралцагчдыг ярилцсан зүйлээ ангидаа хэлэхийг урьж болно.

Шаардлагатай бол дараах асуултуудыг бүлгүүдтэй хуваалцаж, ярилцлагынхаа нэг хэсэг болгон ашиглаж болно.

Итгэлээр үйлд

  • Таны бодлоор Оливд тусалж болох ямар тодорхой итгэлтэй үйлдэл байна вэ?

  • Та Оливд итгэлээр үйлдэхэд нь тусалж болох Есүс Христийн тухай, Түүний Цагаатгалын талаар юу зааж өгч чадах вэ? Алма 34:9–10 дээрх сургаалууд хэрхэн тусалж болох вэ?

Олив хэрхэн итгэлээр үйлдэж болох талаар бусад санааг олж авахын тулд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 5–7-р догол мөр-ийг уншиж болно.

Утга санаа, асуултыг мөнхийн талаас нь шинжлэн судлах

Энэ хэсгийг заах өөр нэг арга зам бол Есүс Христ мөн Түүний Цагаатгалын тухай, Аврагчийн нигүүлслийг хүртэхэд Оливын гүйцэтгэх үүргийн талаарх түүний зарим буруу ойлголтыг самбар дээр жагсаан бичихэд суралцагчдыг урих явдал юм. Дараа нь суралцагчдыг Есүс Христ мөн Түүний Цагаатгалын тухай, Аврагчийн нигүүлслийг олж авахад оролцох бидний үүргийн талаар ойлгодог үнэнээ хуваалцаад, Оливыг асуудлаа өөрөөр илэрхийлэхэд (эсвэл өөрөөр харахад) нь туслахыг урь.

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр Оливынх шиг асуудлыг юу гэж үзнэ гэж бодож байна вэ?

  • Аврагчийн Цагаатгал “хэмжээлшгүй хийгээд мөнхийн” (Алма 34:10) гэдгийг санах нь Оливын хувьд яагаад чухал вэ?

  • Аврагчийн Цагаатгал байгаагүй бол бүх хүмүүн унасан, төөрсөн гэдгийг санах нь түүнд асуудлаа өөрөөр харахад хэрхэн тусалж болох вэ?

Олив хэрхэн утга санаа, асуултуудыг мөнхийн талаас нь шинжлэн судалж болох талаар бусад санааг олж авахын тулд та Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 8-р догол мөр-ийг уншиж болно.

Тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар дамжуулан илүү их ойлголт олж авахаар эрэлхийлэх

  • Та Оливд удирдамж, чиглэл хүлээн авахад нь туслахын тулд тэнгэрээс томилогдсон ямар эх сурвалжийг санал болгох вэ? Яагаад?

  • Алма 34:9–10-аас гадна, танд Оливтой хуваалцаж болох ямар судар эсвэл Сүмийн удирдагчийн мэдэгдэл байна вэ? Энэ нь түүнд хэрхэн туслах вэ?

Олив хэрхэн тэнгэрээс томилогдсон эх сурвалжаар илүү гүн гүнзгий ойлголт олж авахыг эрэлхийлж болох талаар бусад санааг олж авахын тулд Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал-ын “Сүнслэг мэдлэг олж авах нь” хэсгийн 11–12-р догол мөр-ийг уншиж болно.

Суралцагчдыг өөрсдийнхөө эсвэл таньдаг хүмүүсийнхээ амьдралыг адисалж болох өнөөдөр сурч мэдсэн, мэдэрсэн зүйлийнхээ талаар бодоход урь. Тэднийг сүнслэг мэдлэг олж авах зарчим, судруудад заасан сургаалыг тулгарсан нөхцөл байдалдаа ашиглах боломжийг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

Төгс эзэмших сургаалын давтлага

Дараа орох хичээлд, суралцагчдад Алма 34:9–10-ын “Цагаатгал хийгдэх ёстой, … хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослол байх ёстой” хэмээх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг давтахад тусал.

Үүнийг хийж гүйцэтгэх нэг арга зам бол эшлэл, түлхүүр үг хэллэгийн эхний үсгийг самбар дээр бичээд, суралцагчдыг үсэг бүрийн хойноос орох үгсийг санахыг оролдоход урих явдал юм. Үүнийг суралцагчдыг судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжээр хэлдэг болтол хэд хэдэн удаа давт.