Семинар
Алма 34:17–41: Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе юм


“Алма 34:17–41: Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе юм,” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 34:17–41,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 34:17–41

Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе юм

Зураг
элсэн цаг

Та энэ амьдралын дараа Тэнгэрлэг Эцэгтэй уулзвал ямар байх бол гэж бодож байсан уу? Амюлек зорамчуудад “энэ амьдрал бол … Бурхантай уулзахаар бэлтгэх үе юм” (Алма 34:32) гэдгийг сануулж, наманчлах өдрөө хойшлуулахгүй байхыг тэднээс гуйсан. Энэ хичээл Бурхантай уулзахаар бэлтгэх хичээл зүтгэлд тань туслах зорилготой.

Суралцагчдад сайн мэдээний зарчмууд тэднийг Есүс Христ рүү хэрхэн чиглүүлж байгааг олж харахад тусал. Сайн мэдээний сургаал, зарчмуудыг заахдаа эдгээр үнэнийг Тэнгэрлэг Эцэг, Есүс Христтэй холбо. Сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрах нь суралцагчдад Аврагчийн хүч, нигүүлсэл, ач ивээлийг олж авахад хэрхэн тусалж болох жишээг өг. Тэднийг итгэлээр үйлдэж, эдгээр үнэнээр амьдрахыг сонгоход урамшуулан дэмж.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Алма 34:32-ыг уншаад, шүлэг дэх зөвлөгөөг дагах арга замуудын талаар бодоход урь. Тэд Бурханы оршихуйд эргэж очиход бэлтгэх зарим арга замыг болон илүү сайн бэлтгэлтэй байхад нь тусалж болох өөрчлөлтүүдийг бичиж болно.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бэлтгэлийн ач холбогдол

Шалгалт, тоглолт, спортын арга хэмжээ зэрэг амьдралдаа бэлдэх шаардлагатай байсан зүйлийнхээ талаар бод.

Суралцагчдыг дараах асуултуудыг хамтрагчтайгаа эсвэл жижиг бүлгээрээ ярилцахад урь.

  • Бэлтгэлтэй байхад тань тусалсан ямар арга хэрэглэсэн бэ?

  • Бэлтгэлийг хэцүү болгосон эсвэл хэцүү болгох зарим зүйл нь юу байсан бэ?

Ядуугаасаа болж сүмээс хөөгдсөн хэсэг зорамчуудад Алма, Амюлек хоёрын номлож байсныг сана. Эдгээр зорам хүн өмнө нь Есүс Христэд итгэдэггүй байсан (Алма 31:16-г үзнэ үү) учраас Алма, Амюлек хоёр Аврагчийн тухай гэрчлэлийг ургуулж болохын тулд зүрх сэтгэлдээ зай гаргаж өгөхийг тэдэнд уриалав (Алма 32:27–28; 34:4–6-г үзнэ үү). Амюлек хүмүүст зааж байхдаа бид бүгдийн бэлэн байх ёстой зүйлийг хуваалцсан.

Алма 34:32-ыг уншаад, Амюлекийн юу заасныг олж мэд.

Та дараах тодруулсан мэдэгдлийг самбар дээр бичиж болно. Суралцагчдыг 32-р шүлэг дэх үнэнийг тэмдэглэхэд урамшуулан дэмж.

Амюлекийн сургаалаас бид Энэ амьдрал бол Бурхантай уулзахаар бэлтгэх үе юм гэдгийг сурч мэдсэн.

  • Та Бурхантай уулзахаар бэлтгэж байгаа хүнээс ямар хандлага, зан авирыг хүлээж болох вэ?

Суралцагчдад дараах санаануудыг бодож, өөрийгөө үнэлэх цаг гаргаж өг. Суралцагчид бодлоо хуваалцах шаардлагагүй.

Бурханы оршихуйд эргэж очих мэдрэмжээ тунгаан бодоход хэдэн хором зарцуул. Та Түүний оршихуйд зохистой эргэж очихыг хичээж байгаа эсэхээ, тэр зорилгод тань юу саад болж болох талаар бод. Үргэлжлүүлэн судалж байхдаа Бурхантай уулзахаар илүү сайн бэлтгэхэд тань туслах Алма 34-ийн сургаалыг ашиглах арга замуудын талаар бод.

Бурхантай уулзахаар бэлтгэх арга замууд

Алма 34 дэх Амюлекийн ихэнх сургаал Бурхантай уулзахаар хэрхэн одоо бэлтгэх талаар ойлгоход бидэнд тусалдаг.

Суралцагчдыг дараах шүлгийг судлаад, Бурхантай уулзахаар бэлтгэхэд туслах сургаалуудыг олж мэдэхэд урь. Суралцагчдыг жижиг бүлгүүдэд хуваагаад, бүлэг тус бүрд хамтдаа судлах шүлгийн хэсгийг оноож өг. Жишээлбэл: Нэг бүлэг нь 17–27-р шүлэг-ийг, нөгөө бүлэг нь 28–34, өөр нэг бүлэг нь 37–41-ийг судалж болно.

Дараах шүлгүүдээс дор хаяж гурвыг нь сонгон судлаад, Бурхантай уулзахаар бэлтгэхэд туслах сургаалыг олж мэд.

Алма 34:17–27

Алма 34:28–29

Алма 34:30–31

Алма 34:33–34

Алма 34:37–39

Алма 34:40–41

Эдгээр шүлгийг судалж байхдаа юу сурч мэдсэн талаар нь суралцагчидтай ярилц. Дараах асуултуудыг ярилцлагынхаа нэг хэсэг болгон ашиглаж болно.

  • Амюлек эдгээр шүлэгт Бурхантай уулзахаар бэлтгэхэд тань туслах юуг заасан бэ?

  • Эдгээр сургаалыг дагах нь Бурханы оршихуйд үнэ цэнтэйгээр эргэж очиход хэрхэн илүү бэлтгэж, тусалдаг вэ?

  • Та эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын зан чанар, хүслийн талаар юу сурч мэдсэн бэ?

Жишээлбэл: Суралцагчид өмнөх асуултад “бид хаана ч байсан, юу хүсэхээс үл хамааран Бурханд хандаж болно” (17–27-р шүлэг-ийг үзнэ үү) хэмээн хариулж болно. Мөн биднийг наманчлахад Аврагч тэр даруй адислахыг тэд онцолж болно (31-р шүлэг-ийг үзнэ үү).

Наманчлахаа бүү хойшлуул

33-р шүлэг дэх Амюлекийн хэлсэн “эцсийг хүртэл наманчлалын өдрөө бүү хойшлуулаасай” хэмээх мэдэгдлийг үзнэ үү. Судар дээрээ энэ үг хэллэгийг тэмдэглэж ав.

  • Зарим хүн яагаад наманчлалаа хойшлуулахад уруу татагддаг вэ?

Алма 34:33–35-ыг уншаад, Амюлек биднийг наманчлахаа бүү хойшлуулаасай гэж хүссэн шалтгааныг олж мэд.

Суралцагчдыг эдгээр шүлгийг уншсаны дараа хэн нэгэнд төрөх асуулт, санаа зовоосон асуудлыг тодорхойлоход урих нь тустай байж болно. Суралцагчдын хариултыг самбарт жагсаан бич. Суралцагчид дараах эх сурвалжийг судлахдаа тэдгээр асуулт, санаа зовоосон асуудлыг шийдэхэд туслах сургаалуудыг тодорхойлж болно.

Бидэнд сүнсний дэлхийд наманчлах боломжтой гэж заасан (Сургаал ба Гэрээ 138:31, 33, 58-ыг үзнэ үү). Гэвч бид мөнх бус амьдралд наманчлах нь ямар чухал болохыг судрын болон хожмын үеийн бошиглогчид онцолсон байдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Мэлвин Ж.Баллард [1873–1939] дараах удирдамжийг өгсөн.

Махан бие, сүнс хоёр нэгдмэл байх үед ялан дийлж, Их Эзэнд үйлчлэхэд илүү амар хялбар байдаг. Энэ үед хүн илүү зөөлөн, мэдрэмтгий байдаг юм. … Энэ амьдрал бол наманчлах хугацаа болой. (Melvin J. Ballard: Crusader for Righteousness (1966), 212–213-ыг Даллин Х.Өүкс, “Наманчлалаар цэвэршүүлэгдсэн нь,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 111-д эш татсан)

  • Наманчлахаа хойшлуулах ёсгүйг ойлгоход танд 33–35-р шүлэг болон энэ мэдэгдэл хэрхэн тусалж байна вэ?

Наманчлах нь Бурханы оршихуйд эргэж очиход бэлтгэх чухал хэсэг юм. Зарим нүглээ ялан дийлэхэд хэцүү байсан ч наманчлахыг хичээдэг хүмүүст Их Эзэн хайраар дүүрэн нигүүлсэл үзүүлдгийг сана.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Заримдаа бид наманчлалдаа болон Христтэй улам илүү адилхан болох өдөр тутмын хүч чармайлтдаа адил нийтлэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. … Санаагаар бүү уна. Хэрэв та наманчлахыг чармайж, хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөж байгаа бол, наманчлах үйл явцад байгаа нь тэр. (Нийл Л.Андэрсэн, “Наманчил….” би та нарыг эдгээж болохын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)

Дараах асуултуудыг асуухаасаа өмнө суралцагчдыг ичиж зовсон эсвэл өөрчлөгдөх хүсэлгүй байгаа зэрэг янз бүрийн шалтгааны улмаас наманчлахаас зайлсхийдэг найзтай байна гэж төсөөлөхөд урь.

Эдгээр асуултыг ангиараа ярилцахын өмнө суралцагчид судлах тэмдэглэл дээрээ асуултад хариулж бодлоо цэгцлэх нь тустай байж болно.

  • Та Алма 34:30–38 дээрх Амюлекийн сургаалаас амьдралынхаа төгсгөлд наманчилж, өөрчлөгдөхийг хүсэж буй хүнд тусалж болох юуг хуваалцаж болох вэ?

  • Энэ хүн үүнийг хийхгүй байх шалтгаан байж болох ч гэсэн наманчлалыг яагаад үнэ цэнтэй гэж та бодож байна вэ?

  • Энэ хүнийг эртхэн, үе үе наманчлахад урамшуулж чадах Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар та юу мэдэх вэ?

Суралцагчдыг Бурхантай уулзахад илүү бэлтгэлтэй байхыг хичээх үед Аврагчийн тэдэнд өгч чадах тусламжийн мөн өнөөдөр ярилцсан үнэнүүдийн талаар гэрчил.

Бурхантай уулзахаар бэлтгэж мөн наманчлахаа хойшлуулахгүй байх талаар өнөөдөр сурч мэдэж, мэдэрсэн зүйлээ эргэцүүлэн бод. Та өнөөдөр сурч мэдсэн зүйлийнхээ ачаар юу хийхийг хүсэж байгаагаа бод. Төрсөн бодол, сэтгэгдлээ судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэ.

Хэвлэх