Семинар
Алма 36: “Би өвчнөө цаашид санаж чадсангүй”


“Алма 36: ‘Би өвчнөө цаашид санаж чадсангүй,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)

“Алма 36,” Мормоны Номын багшийн гарын авлага

Алма 36

“Би өвчнөө цаашид санаж чадсангүй”

Зураг
баяр баясгалантай залуу эмэгтэй

Хайртай хүмүүстэйгээ намуун зөөлөн сүнслэг туршлагаа хуваалцах нь тэдний болон бидний хүч чадлын эх үүсвэр болж чадна. Алма хүү Хиламантайгаа ярилцахдаа, тэнгэр элчтэй уулзаж, нүглийнхээ нь тарчлалыг мэдэрч, Есүс Христээр дамжуулан чөлөөлөгдсөн тухайгаа ярив. Энэ хичээл Есүс Христ рүү итгэлээр эргэж, Түүний авралын баяр баясгаланг мэдрэхэд тань туслах зорилготой юм.

Суралцах ур чадвар—хэсгүүдийг тэмдэглэх. Судрууд дээр тэмдэглэх нь утга учиртай холбоо үүсгэж, сурч мэдсэн зүйлээ мартахгүй байхад суралцагчдад тусалж чадна. Тэд түлхүүр үг, хэллэгийн доогуур зурж, сүүдэрлэж эсвэл тоймлож болно. Судруудын цахим хувилбарууд нь судар дээр тэмдэглэхэд туслах хэрэгслүүдийг агуулдаг.

Суралцагчийн бэлтгэл: Хэсэг хугацаанд зовж шаналсныхаа дараа Христ дотор амар амгаланг олсон хэн нэгний жишээг хуваалцахаар бэлтгэлтэй ирэхэд суралцагчдыг урь. Амар амгаланг олоход нь уг хүнд юу тусалсан бэ?

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эсрэг тал

Энэ хичээлийг эхлүүлэхийн тулд сүнслэг өөрчлөлтийн тухай болон үүнийг юу хөнгөвчлөх талаар бодоход суралцагчдад тусал. Үүнийг хийх нэг арга бол дараах үгсийг самбар дээр бичиж, суралцагчдаас тус бүрийнх нь эсрэг үгийг бичихийг хүсэх явдал юм.

Дараахыг судлах тэмдэглэл дээрээ хуул. Сумны ард үг тус бүрийн эсрэг үгийг юу гэж бодож буйгаа бич.

  • Өвдөлт →

  • Харуусал →

  • Гуниг →

Та хэзээ нэгэн цагт нүгэл үйлдэн, зүүн талд жагсаасан мэдрэмжүүдийг мэдэрсэн эсэхээ тунгаан бод. Тэр мэдрэмж баруун талд жагсаасан мэдрэмжүүдийн нэг болон хувирч байсан уу? Энэ шилжилтийг бий болгохын тулд ямар үйл явдал болсон бэ?

Дээр дурдсан зүйлсийг ярилцсаны дараа та сөрөг мэдрэмжүүд нүглээс үүдэлтэй бол зөвхөн Их Эзэн л бидэнд эдгээр мэдрэмжийг эерэг эсрэг тал болгон өөрчлөхөд тусалж чадна гэдгийг онцолж болно.

Нүгэл үйлдсэн үед өөрчлөгдөхөд нь Их Эзэн хэрхэн тусалсан талаар чимээгүй эргэцүүлэн бодох боломжийг суралцагчдад олго. Дараах өөрийгөө үнэлэх дасгалыг үзүүлж, суралцагчдаас эргэцүүлэн бодох явцад төрсөн сэтгэгдлээ тэмдэглэлдээ бичихийг хүс. Эдгээр нь асуулт, мэдрэмж эсвэл үйлдэл хийх өдөөлт байж болно.

Сөрөг мэдрэмжүүд нүглээс үүдэлтэй бол зөвхөн Их Эзэн л бидэнд эдгээр мэдрэмжийг эерэг эсрэг тал болгон өөрчлөхөд тусалж чадна.

Дараах мэдэгдлүүд таны хувьд хэр үнэн болохыг тунгаан бод. Тухайлбал:

  • Би нүгэл үйлдсэн үедээ өршөөл, амар амгалан, итгэл найдварыг хүлээн авахын тулд Их Эзэнд хэрхэн хандахаа мэддэг.

  • Би Их Эзэний тусламжтайгаар өөрчлөгдөж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг.

  • Би энэ тусламжийн төлөө Их Эзэнд байнга ханддаг.

Өнөөдөр та Залуу Алмагийн нүглээс үүдэлтэй гүн шаналал Аврагч руу тусламж хүсэн хашхирч байхад нь хэрхэн баяр баясгалан, амар амгалангийн мэдрэмж болж хувирсныг судлах болно. Судлах явцдаа нүгэл, мөн үүний үр дагаврыг ялан дийлэхийн тулд Их Эзэний тусламжийг хэрхэн эрэлхийлэхийг, мөн Есүс Христээр дамжуулан баяр баясгаланг хэрхэн мэдрэхийг олж мэд.

Алмагийн аугаа өөрчлөлт

Зорамчууд өөрсдөд нь заасан сайн мэдээг эсэргүүцсэнийхээ дараа леменчүүдтэй нэгдэн, тэдний нифайчуудын эсрэг уур хилэнг нь өдөөсөн юм. Дараа нь зорамчууд ба леменчүүд нифайчууд руу довтолж, агуу дайнд хөтлөв. Бурханы үгийн эсрэг, нифайчуудын олонхынх нь “зүрх сэтгэл нь хатуурч эхэлсэн” (Алма 35:15). Нифайчуудын сүнслэг доройтлын хариуд Алма тэдэнд тус тусад нь, “зөв шударгад хамаарах зүйлүүдийн талаар өөрийн захиасыг өгч болохын тулд хөвгүүдээ цугларах болгов” (Алма 35:16). Тэрээр эхлээд хүү Хиламантайгаа ярилцаж, хөрвөлтийн туршлагынхаа талаар ярив.

Дараах зургийг үзүүл. Суралцагчдыг дараах асуултад хариулахын тулд хамтрагчтайгаа хамтран ажиллахад урь.

Өөр нэг сонголт бол дараахтай төстэй үгсийг самбар дээр бичих явдал юм: Алма, Мозаягийн хөвгүүд, сүмийг устга, тэнгэр элч, гурван өдөр. Дараа нь хамтрагчдаас үг, хэллэг бүрийг ашиглан түүхийг дахин өгүүлэхийг хүс.

Зураг
Залуу Алмагийн хөрвөлт
  • Та Залуу Алмагийн талаар юу санаж байна вэ? Энэ зураг дээр юу дүрслэгдсэн байна вэ?

Алма 36:6–11-ийг уншаад, орхигдсон байж болох дэлгэрэнгүй зүйлийг олж мэд.

  • Тэнгэр элчийн үгс Алмад яагаад ийм хүчтэй нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

  • Хэн нэгэн өөрийгөө өөрчлөх хэрэгтэй гэдгээ ухаарахад тэнгэр элчийг харахаас гадна юу нөлөөлж болох вэ?

Та суралцагчдад судруудыг тэмдэглэхийн үнэ цэнийг ойлгоход нь тусалж, энэ хичээлийн үеэр тэр ур чадвараа ашиглахад нь урамшуулан дэмжиж болно. Хэрэв боломжтой бол судруудын цахим хувилбарыг эсвэл цаасан багц судрыг үзүүлж, судрын хэсгүүдийг тэмдэглэх арга замуудыг харуул.

Дараах үйл ажиллагаанд суралцагчдыг үг, хэллэгийг янз бүрийн аргаар тэмдэглэхэд урь. Үйл ажиллагааны жишээ болгон эхний багц шүлгийг ангиараа судал. Дараа нь суралцагчид хоёр, гурав дахь багц шүлэг дээр бие даан ажиллаж болно. Тэд дууссаныхаа дараа юу олж мэдсэнээ, мөн хэрхэн тэмдэглэснээ хамтрагчдаа эсвэл ангийнхандаа хуваалцаж болно.

Судрын хэсгүүдийг тэмдэглэх нь судрууд юу зааж байгааг илүү сайн ойлгож, тэдгээрийг санахад тань тусалж чадна. Энэ нь судруудын зүй тогтол буюу харьцуулалтыг илүү хялбар төсөөлөхөд тусалдаг. Мөн чухал хэсгүүдийг дараа нь хайж олоход хялбар болгодог. Тэмдэглэгээ нь үг, хэллэгийн доогуур зурах, дугуйлах, тодотгох зэргийг багтааж болно.

Алма гурван өдрийн турш хөдөлж чадахгүй байсан үедээ мэдэрсэн зүйлийнхээ талаар хэрхэн дүрсэлснийг дараах шүлгүүдээс уншина уу. Санал болгож буй зүйлийг тэмдэглэ.

Алма 36:12–16: Алма нүглийнхээ талаар хэрхэн мэдэрснийг дүрсэлсэн үг эсвэл хэллэг

Алма 36:17–18: Алмаг өөрчлөлтөд хөтөлсөн түүний юу санаж, юу хийснийг илтгэсэн үг эсвэл хэллэг

Алма 36:19–21: Алмагийн анх мэдэрсэн зүйлийнхээ эсрэг буюу эрс ялгаатай зүйлийг мэдэрч байгааг дүрсэлсэн үг эсвэл хэллэг

Суралцагчдад 12–21-р шүлэг-ийг судалж байхдаа анзаарсан эсвэл сурч мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг олго. Шаардлагатай бол “Алмагийн өөрчлөлтийн өмнөх болон дараах сэтгэл хөдлөлийг харьцуулснаар та юу анзаарсан бэ?” гэх мэт асуултыг тавь. Та дараах асуултуудыг тавьж болно.

  • Алмаг өөрчлөлтөд хүргэсэн зүйл танд ямар сэтгэгдэл төрүүлж байна вэ?

  • Бид түүний туршлагаас ямар үнэнийг сурч мэдэж болох вэ?

Бид Есүс Христэд биднийг нүглийн зовлонгоос ангижруулж, баяр хөөрөөр дүүргэх хүч бий гэсэн нэг үнэнийг сурч мэдэж болно.

  • Алма Аврагчийн авралын хүчийг хэрхэн урьсан бэ?

Дараах мэдэгдлүүд нь зоримог үнэнийг ойлгоход суралцагчдад тусалж чадна. Та мөн 24–26-р шүлэг-ийг судалж, Алмагийн Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлсэн арга замуудыг олж мэдэхэд суралцагчдыг урьж болно.

Дараах мэдэгдлүүдийг уншаад, Алмагийн туршлагаас сурч мэдсэн үнэнээ ойлгоход тэдгээр мэдэгдэл танд хэрхэн тусалж байгааг бод. Та санаж байхыг хүссэн хэллэгээ судрынхаа тэмдэглэл эсвэл захын хэсэгт нь хуулж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) ийн тайлбарласан.

Цагаатгалын хүч та нарын төлөө ажиллаж эхлэхээс өмнө бүхнийг мэдэх хэрэггүй. Христэд итгэлтэй бай, тэгвэл хүссэн өдрөөс тань энэ нь ажиллаж эхлэх болно! (Boyd K. Packer, “Washed Clean,” Ensign, May 1997, 10)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэн ийн заасан.

Бид нүглээ шударгаар хүлээж, гомдоосон хүмүүстээ хохирлыг нь чадлынхаа хэрээр барагдуулж, зарлигуудыг сахих замаар нүглээ орхих юм бол уучлалыг хүлээн авах үйл явцад байгаа нь тэр. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бидний гэмшил илааршиж, “бидний зүрх сэтгэлээс гэмийг зайлуулан авч”, “дотор сэтгэлд амар амгалан” ирэх болно. (Нийл Л.Андэрсэн, “Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)

  • Та мэдэгдлүүдээс ямар нэмэлт ойлголт авсан бэ?

Есүс Христээс тусламж хүсэх тэрхүү мөчөөс эхэлж болох боловч наманчлах, уучлагдсаныг мэдрэх үйл явц нь аажмаар явагддаг гэдгийг тэмдэглэх нь тустай байж болох юм.

Суралцагчдыг дараах нөхцөл байдалд хэрхэн хариулах талаар жижиг бүлгүүдээр эсвэл хоёр хоёроор нь ярилцуул.

Та дараах өсвөр насныханд юу гэж хэлэх байсан бэ?

  • Нүглийнхээ төлөө маш их харамсаж, шаналж байгаа.

  • Гэм нүгэл хийх нь тийм ч аймшигтай зүйл биш бөгөөд цаг хугацааны явцад наманчлахгүйгээр өөрөө шийдэгдэх болно гэж боддог.

Өөрийн нөхцөл байдлын талаар, мөн өнөөдрийн хичээл амьдралд тань хэрхэн хэрэгжиж болох талаар эргэцүүлэн бодох цаг гарга. Аврагч руу хандаж, Түүний авралын хүчийг амьдралдаа урихын тулд өнөөдөр хийж болох нэг зүйлийг бод.

Аврагчийн эдгээх хүчээр хэрхэн адислагдсан тухай өөрийн гэрчлэлийг болон суралцагчдынхаа амьдралд амар амгалан, баяр баясгаланг авчрах Түүний хүсэлд итгэх итгэлийнхээ талаар хуваалц.

Хэвлэх