“Алма 37–38: ‘Насны залууд суралц,’” Мормоны Номын багшийн гарын авлага (2024)
“Алма 37–38,” Мормоны Номын багшийн гарын авлага
Алма 37–38
“Насны залууд суралц”
Та нар ямар сургамжийг эцэг, эх, Сүмийн удирдагчдаас авсан бэ? Та хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болох үедээ тэдэндээ ямар зүйлийг зааж өгөхийг хүсэж байна вэ? Эцэг эхчүүд хүүхдүүдээ сургах ариун үүрэгтэй гэдгийг Алма ойлгов. Алма зорамчуудад номлосныхоо дараа хөвгүүддээ зааж, урамшуулан дэмжихийн тулд цуглуулав. Тэрээр тэдэнд Бурханы зарлигуудыг дагахыг зөвлөжээ. Энэ хичээл одоо зарлигуудыг дагаж амьдрах нь таныг насан туршид тань адислах болно гэдгийг сурч мэдэхэд танд тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Эцэг эхийн зөвлөгөө
Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) дараах түүхийг хуваалцсан.
Үндэсний сэтгүүлд нийтлэгдсэн ярилцлагад олны танил, Америкийн Үндэсний Коллежуудын Спортын Холбооны сагсан бөмбөгийн тоглогч, сүмийн гишүүн Жабари Паркер ааваасаа авсан хамгийн сайн зөвлөгөөгөө хуваалцсан байна. Жабари “[Миний аав], харанхуйд ч гэсэн гэрэлд байдаг шигээ хүн бай гэж хэлсэн” хэмээн хэлжээ. Бид бүгдэд … маш их хэрэгтэй чухал зөвлөгөө юм шүү. (Томас С.Монсон, “Хүчтэй бөгөөд зоригтой бай,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 87)
Танаас ярилцлага авч байна гэж төсөөл. Ярилцлага авч буй хүн танаас дараах асуултуудыг асууна.
-
Эцэг эхээсээ эсвэл Сүмийн удирдагчаас авч байсан хамгийн сайн зөвлөгөө тань юу вэ?
-
Энэ зөвлөгөө таныг хэрхэн адисалсан бэ?
Алма 36–42-д Алмагийн, зорамчуудад номлолоо дуусгасныхаа дараа хөвгүүддээ өгсөн зөвлөгөөг тэмдэглэсэн байдаг. Та түүний хүү Хиламандаа заасан зүйлсийн ихэнхийг аль хэдийн судалсан (Алма 36–37). Энэхүү хичээлээр та түүний хүү Хиламандаа өгсөн зөвлөгөөний үлдсэн хэсгийг мөн хүү Шиблондоо заасан зарчмуудыг судлах болно (Алма 38). Алма 37–38-ыг судалж байхдаа, амьдралдаа ашиглаж болох эсвэл бусад өсвөр үеийнхэнтэй хуваалцаж болох Алмагийн зөвлөгөөг олж мэд.
“Насны залууд мэргэн ухаанд суралц”
Алма 37:35-ыг уншаад, Алма Хиламаныг насны залууд юуг сураасай гэж хүсэж байсныг олж мэд. Олж мэдсэн зүйлээ тэмдэглэж ав.
-
Алма Хиламаныг юуг мэдэж мөн хийгээсэй гэж хүссэн бэ?
-
Та яагаад нас ахих хүртлээ хүлээхийн оронд “Насныхаа залууд Бурханы зарлигуудыг сахихад суралцах” нь дээр гэж бодож байна вэ?
Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли (1910–2008) мод тарих талаар дараах туршлагыг хуваалцжээ.
Би [модоо] хавцлаас зүүн тийш салхи хамгийн хүчтэй үлээж байсан буланд тавьсан. Би нүх ухан, нүцгэн үндсийг суулгаад, эргэн тойронд нь хөрс асгаж, услаад бараг л мартаж орхив. Энэ бол ганцхан нарийхан, голчоороо инчийн дөрөвний гурвын хэмжээтэй саваа байв. Тэр модыг би хаашаа ч нугалж болохоор тийм туяхан байв. Он жилүүд улиран өнгөрөх тусам би модондоо улам бага анхаарал тавьдаг болсон.
Тэгтэл нэгэн өвлийн өдөр … мод баруун тийшээ нахийж, хэлбэргүй, тэнцвэрээ алдсан байхыг би анзаарав. … Би гарч, модыг биеэрээ тулан, тэгшлэхээр түлхэв. Гэвч мод одоо голчоороо бараг тохой орчим болсон байлаа. Миний хүч тамир хүрэхээргүй болсон байв. Би багажийн хайрцгаасаа хаалт, багаж гарган авав. Нэг үзүүрийг модонд, нөгөө үзүүрийг нь сайн бэхэлсэн шонд бэхлээд, олсыг татав. Дамар нь бага зэрэг хөдөлж, модны их бие үл ялиг чичирч байв. Ингээд л болов. …
Би эцэст нь цөхрөнгөө барсандаа хөрөөгөө барьж аваад, баруун талын том хүнд мөчрийг нь тасалж орхив. Хөрөөгөөр 8 инч гаруй урттай муухай гэгчийн сорви үлдээжээ. Би нэг алхам ухарч, юу хийж орхисноо шинжлэн харав. Би модны ихэнх хэсгийг огтолжээ. Зөвхөн нэг мөчир л тэнгэрт өөд ургасаар байв. …
Энэ модыг анх тарих үед жижигхэн уяа л үүнийг салхины хүчнээс хамгаалж чадах байсан юм. Би өчүүхэн хүчин чармайлт гарган модыг уяж болох байв. Тэгэх ч ёстой байсан. Гэвч би тэгээгүй бөгөөд мод өөрийнх нь эсрэг ирсэн хүчнүүдэд бөхийжээ. (Gordon B. Hinckley, “Bring Up a Child in the Way He Should Go,” Ensign, Nov. 1993, 59)
-
Зарлигуудыг дагах нь салхинаас үл хамааран шулуун, хүчтэй ургах залуу модыг дэмжихтэй ямар байдлаар адил байх вэ?
-
Амьдралынхаа хожуу үе хүртэл зарлигуудыг үл тоомсорлох нь бидэнд хэрхэн нөлөөлж болох вэ?
ChurchofJesusChrist.org дээрээс Амлалт ба гэрээнийхээ дагуу тууштай байх нь видеог цагийн код 7:29-өөс 8:25 хүртэл үзнэ үү. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Роналд А.Расбанд Бурханы зарлигуудыг насны залуудаа хэрхэн дагахаар шийдсэн талаараа хуваалцжээ.
Бурханы зарлигуудыг дагах талаар олж мэдсэн зүйлээ тэмдэглэлдээ бичихэд хэдэн хормыг зарцуул. Зарлигуудыг дагасныхаа төлөө хэрхэн адислагдсанаа мэдэхийн тулд залбирч эрэлхийл.
Өсвөр насандаа Их Эзэний зарлигуудад дуулгавартай байдлаа сайжруулах нэг арга зам бол зорилго тавих юм. Энэ зорилгоо биелүүлэхдээ Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл.
Өсвөр үеийнхэнд зориулсан зөвлөгөө
Алма бидэнд тустай байж болох нэмэлт зөвлөгөөг хөвгүүддээ өгчээ.
Дараах судрын хэсгүүдийг судал. Өнөөгийн өсвөр үеийнхэнд, тэр тусмаа өөрт тань тустай гэж бодож байгаа зөвлөгөөг тэмдэглэж ав. Доорх асуултуудад хариулт бэлд.
-
Алма 37:33–37 (“даруу, номхон дөлгөөн байх” = даруу, дуулгавартай, зөв шударга)
-
Алма 38:1–5 (“түүний дэргэдээс тусгаарлагдах” = бие махбодын болон сүнслэг байдлын хувьд Бурханаас тусгаарлагдах)
-
Алма 38:6–9 (“Бурханаар төрөх”= Их Эзэний Сүнс хүний зүрх сэтгэлд хүчтэй өөрчлөлтийг бий болгох)
-
Алма 38:10–15 (“өөрийгөө захирах чадвар” = хүлээцтэй байдал эсвэл өөрийгөө хянах чадварыг харуулах; “дээрэлхэх” = давамгайлах зан үйл; “хазаарлах” = хянах)
-
Алмагийн хөвгүүдээрээ хийлгэхийг эсвэл тэдэнд мэдүүлэхийг хүсдэг байсан нэг зүйл юу вэ? Та үүнийг аль шүлгээс олж мэдсэн бэ?
-
Энэ зарчмыг мэдэх эсвэл дагах нь өсвөр үеийнхэнд Есүс Христийг илүү сайн дагахад хэрхэн туслах вэ?
-
Энэ сургаал өсвөр үеийнхний амьдралд хэрхэн хэрэгжиж болох вэ? Танд үүнийг өөрийн амьдралдаа ашиглаж байсан ямар нэг жишээ бий юү? (Хэт хувийн шинжтэй зүйлийг бүү хуваалц.)
Хэсэг хугацаанд тунгаан бодож, өнөөдөр сурч мэдсэн зөвлөгөөгөө ашиглах нэмэлт аргуудын талаар төрсөн бодол, сэтгэгдлээ тэмдэглэ. Жишээлбэл: Эцэг эх эсвэл Сүмийн удирдагч таныг хийж эхлэхийг эсвэл зогсоохыг саяхан урамшуулан дэмжсэн ямар нэг зүйлийн талаар та бодож магадгүй юм. Эсвэл та Их Эзэнтэй зөвлөлдөж, Түүний удирдамжийг эрэлхийлэхийг хүсэж болно.